Өвөрмонголын өөртөө засах орны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас энэ жил соёл урлагын салбарт Монголчуудтай хамтарч олон ажил хийхээр төлөвлөжээ. Хэдхэн хоногийн өмнө Соёлын төв өргөөнөө “Энх мэндийн хадаг” урлагын тоглолтыг зохион байгуулж, ая дууны дээжээ Монгол түмэндээ өргөн барьсан. Тэгвэл өчигдөр Хятад Монголын орчуулагчдын анхдугаар чуулганыг зохион байгууллаа.

Уран зохиол судлаач, шүүмжлэгчид, орчуулагчид гээд өргөн хүрээг хамарсан энэхүү чуулганы үеэр “Монгол хятад хэлний орчуулагчдын холбоо” нээлтээ хийлээ. Чуулга уулзалтад оролцогчид өнөөдөр оршин байгаа орчуулгын асуудлыг яаж залруулах, ташаа орчуулгыг хэрхэн багасгах, орчуулгын хоёр талын нэр томъёог яаж нэгтгэх зэрэг асуудлаар санал солилцов.

Энэхүү чуулга уулзалтад Монголын орчуулагчдын эвлэлийн дарга О.Чинбаяр “Монгол Улсын гадаад хэлний орчуулгын өнөөгийн байдал”, МУИС-ийн профессор В.Батмаа “Монгол Улсын хятад хэлний сургалтын өнөөгийн байдал”, Өвөрмонголын Их сургуулийн профессор Насан-Урт “Монгол/ крилл/-хятад хэлний машины орчуулгын тогтолцоог бүрдүүлэх нь”, СГЗ Ц.Сүрэнжав “Түүхэн сурвалжуудыг монгол хэлнээ орчуулах нь”, МУИС-ийн профессор, доктор М.Чимэдцэеэ “Орчуулахуйн үндсэн зарчим, орчуулгад оршиж буй зарим асуудал” сэдвээр тус тус илтгэл тавив.

“Монгол хятад хэлний орчуулагчдын холбоо” ТББ-ын тэргүүн Л.Баатар хэлэхдээ, “Монгол хятад хоёр улсын дипломат харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаа нэлээд хөгжиж байна. Үүнд орчуулагчид гүүр болж үүргээ сайн гүйцэтгэж ирсэн. Гэвч нэр томъёоны нэгдсэн журамгүй, буруу ташаа орчуулж ажилд саад болж байгаа учраас энэ холбоог байгуулж анх удаа чуулга уулзалт зохион байгуулж байна. Өвөрмонголд орчуулагчид их байдаг ч крилл монголоор ажилладаг орчуулагчид цөөн. Өвөрмонгол, халх монгол хэллэг ялгаатай байдаг. Хятадыг дэлхий даяар судалж байна.

Монголчууд ч гэсэн эртнээс судалж ирсэн. Энэ чуулга уулзалтаар орчин үед шинэ байдлаар хэрхэн судлах талаар орчуулагчид санал бодлоо хуваалцаж байна” гэв. Төрийн хэлний зөвлөлийн ажлын албаны дарга, орчуулагч Ж.Нэргүй ярихдаа, “Нэг хэл дагнасан орчуулагчдын холбоог анх удаа байгуулж буй нь сайн хэрэг. Хятадаас монгол хэлэнд орчуулахад хамгийн хүндрэлтэй нь хятадаас крилл рүү буулгах галиг манай монголд байдаггүй юм. 1866 онд анх Монголын нууц товчоог гадаад хэлэнд орчуулснаас хойш 150 жил болжээ. 2016 онд 150 жилийн ой нь болно.

Үүнтэй холбогдуулж би Палладий Кафаровийн Монголоор хоёр удаа аялсан аян замын тухай тэмдэглэл орчуулж дуусч байна. Манайхан крилл рүү яаж буулгах галигийг нь мэддэггүй. Эр авиа болон лаа, лээ, лөө гэсэн авиа хятадад байдаггүй. Харин монголд байдаг. Тэгэхээр яаж бичих нь зүйтэй вэ гэдгийг Палладий Кафаров анхлан буулгаж өгсөн. Манайхан үүнийг мэдэхгүйгээр хятадаас зөв орчуулга хийж чадахгүй. Өмнө нь монгол бичиг рүү яаж орчуулж байсан галиг тодорхой биш байдаг” гэсэн юм. Энэ үеэр орчуулгын ном бүтээлийн үзэсгэлэн худалдааг дэлгэсэн байлаа.