Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийн гишүүн Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хуульч, өмгөөлөгч Н.Арвинтариатай ярилцлаа.

 

-Гэр бүлийн хүчирхийллийн гаралт ихэсч байна. Манай улсад гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилт муу байгааг шүүмжлэх хүн олон. Та үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?

 

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 2004 онд баталж, хэрэгжүүлж эхэлсэн. Хуулийг дагалдаж холбогдох дүрэм, журамд ч өөрчлөлт оруулсан. Төрөөс ч Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд ач холбогдол өгч баталсан байдаг. Гэхдээ бодит амьдралд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдээ төдийлөн сайн хамгаалж чадахгүй байгаа. Хууль хэрэгжүүлж байгаа ч хохирогчоо хамгаалахгүй байна гэсэн үг л дээ. Энэ нь хуулийн зохицуулалтын сул талтай холбоотой. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг анх дангаар нь баталсан. Өөр бусад хуулиудтай уялдуулаагүй. Хэрэгжилт маш муу. Шүүхийн шийдвэр биелэхгүй цаасан дээр л үлдэж байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд хохирогчийг хамгаалж, хүчирхийлэл үйлдэгчийн эрхийг хязгаарласан зүйл заалтыг тодорхой оруулсан байдаг. Үүний дагуу хохирогч шүүхэд хандаад өөрийнхөө эрхийг хамгаалуулах шийдвэр гаргуулдаг. Гарсан шийдвэр нь шийдвэр гүйцэтгэл дээр очоод биелдэггүй. Яагаад гэвэл Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуульд хүчирхийлэл үйлдэгч нөхрийг хэрхэн хянаж, ямар хариуцлага тооцох нь тодорхойгүй байдаг. Мөн гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг гэж үздэггүй. Иргэн хоорондын маргаан гэж үзэж, Захиргааны зөрчлийн арга хэмжээ аваад явуулдаг. Тиймээс хохирогчоо давхар хохироогоод байгаа юм. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийг цагдаагийн алба хаагчид Захиргааны хариуцлагын тухай хуульд зааснаар баривчилж, торгодог. Эсвэл эрүүлжүүлэх байранд байршуулдаг. Гарсан зардал мөнгийг тухайн хохирогч төлөх ч тохиолдол бий. Тухайн гэр бүлээс зардал давхар гараад байгаа. Гэр бүлийн хүчирхийлэлд өртлөө гэх дуудлага өгснөөс гадна давхар хохироод үлддэг. Шүүхэд хандлаа гэхэд хэргийг шийдвэрлэх хугацаа хэтэрхий урт. Энэ хугацаанд хохирогч хүчирхийлэгчийнхээ гарт амь насаа ч алдаж байсан тохиолдол бий. Иргэд ч гаргасан өргөдөл, гомдлоо буцааж авдаг. Учир нь, гэр бүлийнхээ хүнийг, хүүхдийнхээ эцгийг гээд л олон зүйлээс шалтгаалаад өгсөн гомдлоо буцаадаг тал бий.

 

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр ажиллаж байгаа гэлээ. Ямар зүйл зүйл заалтыг түлхүү оруулж байна вэ?

 

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль нь хохирогчдыг хамгаалах, хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлж тухайн гэр бүлийг эвлэрүүлэн зуучлах зорилготой. Гэр бүлийн хүчирхийлэл нийгэмд байж болохгүй зан үйл гэдгийг хуульчилж өгөөгүй байдаг. Иймээс хүмүүс хүчирхийллийг байдаг л зүйл мэтээр өрөөсгөл ойлгодог. Гэр бүлийн хүчирхийлэлд ихэвчлэн хүүхэд, эмэгтэйчүүд өртдөг. Эрэгтэйчүүд өртөх нь харьцангуй бага. Эцэг, эхчүүд хүүхдээ зөв хүмүүжүүлнэ гээд зоддог нь ч хүчирхийллийн нэг хэлбэр. Тиймээс хуулийн шинэчилсэн найруулгад олон өөрчлөлт оруулж байгаа. Жишээлбэл, хүчирхийлэгч этгээдийн хийсэн хэргийг нь харгалзан шат дараалсан арга хэмжээ авах болно. Эцэг, эх байх эрхийг нь хасах, хамгийн дээд шийтгэл нь ял оноох юм. Мөн хүүхдийн хамгаалалын асуудлыг тодорхой зааж өгч байна. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд хүүхдийн талаарх тодорхой заалт байхгүй. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд хаанаас, ямар үйлчилгээ авах, холбогдох газарт хэрхэн мэдээлэх, хэн нэгэн хүүхэд хүчирхийлэлд өртсөнийг харсан хэрнээ мэдээлээгүй, хамгаалаагүй тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдгийг тодорхой зааж өгсөн. Хүүхдэд чиглэсэн олон зүйл заалтыг оруулж ирснээрээ онцлогтой.

 

-Шинэчилсэн хуулийн төсөлд хүүхдийн эрх ашгийг хамгаалах зүйл, заалтыг хэр оруулсан бэ?

 

-Хүүхдийн эсрэг хүчирхийлэл гэсэн бүлэг нэмж байгаа. Хүүхдүүд хүчирхийлэлд өртсөнөө төдийлөн мэддэггүй. Тиймээс энэ бүлэгт тухайн хүүхдийг хүчирхийлэлд өртсөнийг мэдвэл уг асуудлыг мэдээлэх нь иргэний үүрэг байхаар заасан. Нүдэн дээр нь хүүхэд хүчирхийлэлд өртөж байхыг харсан хүн холбогдох газарт заавал мэдээлэх ёстой. Хэрвээ иргэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцлага тооцно. Насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийллээс хамгаалах, хүчирхийлэлд өртөхгүй байх талаар бүтэн бүлэг оруулж байгаа. Ингэснээр, аавдаа, хойд эцэг, эхдээ зодуулдаг, дарамтлуулдаг хүүхдүүд ч эрхээ хамгаалуулах боломжтой болно. Өөрөөр хэлбэл, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг шинэ хуулийг баталснаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хэн ч байсан эрхээ хамгаалуулж, хүчирхийлэгчид хариуцлага тооцдог тогтолцоо бий болох юм.

 

-Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэнийг хамгаална гэж яриад байдаг. Нийслэлийн хэмжээнд хүчирхийлэлд өртсөн иргэдийг хамгаалаад түр байршуулах байр хангалтгүй байдаг шүү дээ?

 

-Хамгаалах байрны хувьд хангалтгүй. Олон улсын жишгээр бол 1000 хүн ам тутамд нэг хамгаалах байр байх ёстой. Гэтэл манай улсад тийм биш. Нийслэлд л гэхэд цагдаагийн газарт болон Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хамгаалах байр байдаг.

 

-Гэр бүлийн хүчирхийллийг хэд ангилж үздэг вэ. Иргэд гэр бүлийн хүчирхийллээс хэрхэн урьчилан сэргийлэх талаар төдийлөн сайн мэдлэггүй. Танай төвд энэ талаар зөвлөгөө авах хүсэлтэй иргэд хэр ханддаг вэ?

 

-Хүчирхийллийг бие махбодь, сэтгэл санаа, бэлгийн, эдийн засгийн гэж дөрөв ангилж үздэг. Бие махбодь болон бэлгийн хүчирхийллийг нотлоход харьцангуй амар байдаг. Харин сэтгэл санаа, эдийн засгийн хүчирхийлэл нь далд хэлбэрээр үйлддэг. Хамгийн их үйлдэж байгаа нь бие махбодийн хүчирхийлэл. Цагдаагийн байгууллагад мэдээлж, хэрэг үүсгэх боломжтой. Эдийн засаг, сэтгэл санааны хүчирхийллийг нотлоход тодорхой цаг хугацаа шаардлагатай болдог. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэе гэхээр нотлох баримт хангалтгүй байдаг. Манай төвд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэд хандах нь эрс нэмэгдсэн. Бид ч хамгаалах байрандаа байршуулж, хууль эрх зүй, сэтгэл зүйн зөвлөгөөг өгдөг.

 

-Өнгөрсөн онд танай төвөөр хэчнээн иргэн үйлчлүүлсэн бэ. Хамгаалах байранд хэдий хугацаагаар амьдарч болдог бэ. Дийлэнх нь ямар шалтгаанаар хандаж байна?

 

-Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд өнгөрсөн онд 2000 гаруй иргэн хандлаа. Аюултай эрсдэл, нөхцөл байдалд орсон хүмүүсийг хамгаалах байрандаа байршуулдаг. 108 хүнийг хамгаалах байрандаа тодорхой хугацаанд байр шууллаа. Үйлчлүүлэгчдийн 60 гаруй хувь нь хүүхдүүд байсан. Иргэдийн дийлэнх нь бие махбодийн бэртэлтэй, сэтгэл санааны дарамттай ирдэг. Бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон охид, эмэгтэйчүүд хандах нь эрс ихэссэн. Мөн хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настнууд ирж байна. Амь нас, эрүүл мэндэд нь эрсдэл учирч болохуйц байдалд орсон эмэгтэйчүүд, хүүхдийг 14 хоногоос гурван сар хүртэлх хугацаатай байрлуулж, бүхий л талын туслалцаа үзүүлдэг.

 

-Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд өмгөөлөгч авахад хүндрэлтэй байдаг гэдэг. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

 

-Насанд хүрээгүй хүүхдүүдэд өмгөөлөгчийн зардал олох боломж хомс байдаг. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд өмгөөлөгч олж өгөхөд манай төв анхаарч ажилладаг. Сэжигтэн, яллагдагч нарт улсаас үнэ төлбөргүй ажиллах өмгөөлөгч томилоод өгдөг. Гэтэл эмзэг бүлгийн хохирогч хүүхдүүдэд өмгөөлөгч болон зардал нь ч олдохгүй байна. Хуулийн дагуу асуудлыг шийдвэрлүүлэхэд хүндрэлтэй байдаг. Үүнд төрөөс анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай.

 

-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийг Захиргааны хариуцлагын тухай хуульд зааснаар тав, арван мянгаар торгоод явуулдаг. Эдгээр хүн торгуулиа төлчихөөд дахин хүчирхийлэл үйлддэг. Сүүлийн үед хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөх нь ихэслээ. Шинэчлэн найруулж буй хуулийн төсөлд хүүхдийг хамгаалах талд хэр анхаарал хандуулж ажилласан бэ. Тухайлбал, ямар зүйл заалтыг нэмж оруулав?

 

-Хүүхдийг хүчирхийлсэн байвал Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуульд зааснаар эцгийг тусад нь амьдруулах, хүүхэдтэй харилцаа тогтоохийг хориглодог. Гэвч хуулийн энэ заалт хэрэгжиж чадахгүй өнөөдрийг хүрсэн. Одоо шинэчлэн найруулж буй хуульд хүүхдийг зодож гэмтээвэл ямар хариуцлага хүлээлгэх талаар тодорхой зааж өгсөн. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль төдийлөн сайн хэрэгжихгүй байна. Тэгэхээр хуулиа чангатгах хэрэгтэй. Тэгвэл хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөх нь багасна. Мөн залуу гэр бүл хүүхэдтэйгээ зөв харилцаж чаддаггүй. Залуу гэр бүлд зориулсан сургалт ч зохион байгуулах шаардлагатай.

 

-Хэн нэгэн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байхад иргэд тоодоггүй. Уг нь иргэн хүнийхээ үүргийг биелүүлж, цагдаагийн байгууллагад мэдээлэх ёстой. Тэгэхээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгааг харвал хамгийн түрүүнд ямар алхам хийх хэрэгтэй вэ?

 

-Гэр бүлийн хүчирхийлэл хаа нэг газар гарч байвал та иргэнийхээ үүргийг ухамсарлаж, холбогдох байгууллагад мэдээлэх үүрэгтэй. Цагдаагийн байгууллагын 102 дугаарт залгаад гэмт хэрэг болж буй газрын хаягийг тодорхой мэдээлэх боломжтой. Цаг алдалгүй мэдээлснээр та хэн нэгэн хүний амь насыг аврах бүрэн боломжтой.

 

-Гэр бүлийн хүчирхийллийг бууруулахын тулд цаашид ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?

 

-Гадаад орнуудын жишгээс харахад гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаардаг юм байна. Дээр нь хүчирхийллийг өөгшүүлэхгүй байхад хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй. Манайд гэр бүлийн хүчирхийллийг хэвийн зүйл мэт ойлгож, хүлээж авах хандлага түгээмэл байгаа нь нууц биш. Жишээ нь, эмэгтэй хүн ажилдаа нүд нь хөхрөөд, хавдчихсан ирэхэд хэн ч тоодоггүй. Тоож анзаарлаа ч түүнийг асуудал болгон авч үздэггүй. Нөхөр нь эхнэрийнхээ ажил дээр ирээд зодоход хүртэл ажлынхан нь цагдаад мэдэгддэггүй. Хэвлэл, мэдээллийн байгууллагын үүрэг, оролцоо тун чухал. Энэ талаархи сурталчилгаа, таниулгыг сайн хийх хэрэгтэй байна. Мөн хүчирхийллийн суурь шалтгааныг багасгах хэрэгтэй. Наад зах нь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг төр, засгаас бодлогоор дэмжиж, бодит ажил хэрэг болгомоор байна. Ажилгүй байх нь эмэгтэйчүүдийг эдийн засгийн хувьд нөхрөөс нь хараат болгодог. Энэ нь эргээд дарамтад өртөх эрсдэлийг ихэсгэдэг. Ер нь нийгмийн хандлагыг өөрчлөхийн тулд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төвийг олноор ажиллуулах шаардлага бий. Түүнээс нийгмийн халамжийн хэдэн төгрөгөөр гэр бүлийн асуудлын шийдэх боломжгүй л дээ.

 

С.Ичинхорлоо