Шадар сайд У.Хүрэлсүх НҮБ-ын III бага хуралд оролцож байна
2015/03/15
“Гамшгийн эрсдлийг бууруулах дэлхийн гуравдугаар бага хурал 2015 оны 03 дугаар сарын 13-18-ны өдрүүдэд Япон улсын Сэндай хотноо болж байна.
НҮБ-ын Гамшгийн аюулыг бууруулах газраас зохион байгуулж байгаа энэ хуралд дэлхийн 20 гаруй орны төр засгийн удирдагчид, 100 гаруй сайд, 20 гаруй олон улсын байгууллага, НҮБ-ын 15 төрөлжсөн байгууллага, 200 гаруй төрийн бус байгууллагын өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчид оролцож байна. Монгол Улсаас Шадар сайд У.Хүрэлсүх, ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Бадрал тэргүүтэй Монгол улсын төлөөлөгчид оролцож байгаа юм.
Бага хурлыг нээж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн үг хэллээ. Тэрээр дэлхий дахинаа гамшиг болон гарч буй гамшгаас хамгаалах асуудал тулгамдсан зүйл болоод байгааг онцолсон. Тухайлбал өнгөрсөн шөнө гэхэд хар шуурганы аюул нэг улсад гамшиг учруулсан. Энэ мэтчилэн байгалийн гамшиг хүн төрлөхтний анхаарал татах хэмжээнд хүрсэн. Тиймээс НҮБ-ын Гамшгийн аюулыг бууруулах газар дэлхийн улс орнуудтай хамтран дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах төрийн бодлого, хөтөлбөр, онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын чадавхийг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж ирснийг ноён Бан Гим Мүн үгэндээ дурьдсан юм.
Бага хурлын даргаар Японы гамшгийн удирдлагын төрийн сайд хатагтай Эрико Яаматани сонгогдсон. Японы ерөнхий сайд Шинзэ Абэ бага хурлын нээлтэн дээр үг хэлж, цог жавхлант эзэн хаан , хатан нар нээлтэн дээр морилж, бага хурлын төлөөлөгчдөд хүндэтгэл үзүүллээ.
Бага хурлын үеэр Гамшгийн эрсдлийг удирдах нь: Тулгамдаж буй хүндрэл бэрхшээлийг даван туулах нь, Гамшгийн эрсдэлийг бууруулах хүрээний баримт бичгийн хамтын ажиллагаа, Хот суурин газрын гамшгийн эрсдлийг бууруулах, гамшгийн дараах сэргээн босголт зэрэг сэдвээр сайд нарын дугуй ширээний ярилцлага болно. Мөн эрсдлийг тооцсон аөрөнгө оруулалт, гамшгийн эрсдлийг бууруулахад эмэгтэйчүүдийн манлайлал, Засгимйн агзар олон нийтийн харилцаа зэрэг сэдвийн хүрээн дээд түвшний хэлэлцүүлэг зохион байгуулагдах юм.
Шадар сайд У.Хүрэлсүх бага хурлын эхний өдөр үг хэллээ. Тэрээр, Монгол улсын хувьд гамшгаас хамгаалах салбарт урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг тэргүүлэх чиглэл болгон ажиллаж байгааг мэдээллээ. Гамшгийн аюулаас иргэдээ, улс орноо хамгаалах чиглэлээр Монгол улсын Засгийн газар шат дараатай арга хэмжээ авч байгаа талаар шадар сайд хэлээд хурлаас гарах баримт бичигт тусгах саналуудаа танилцууллаа.
Гамшгийн эрсдийг бууруулах үйл ажиллагаанд хүүхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүд болон эмзэг бүлгийнхний гамшигт өртөмтгий байдлыг бууруулах, олон нийтийг аюулгүй амьдрах уламжлалт арга ухаанд сургах зэрэг санэалыг тэрээр илэрхийлсэн. Эцэст нь дэлхийн улс орнууд нэг зорилго үзэл санаанд нэгдэн, гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын тогтолцоог хүртээмжтэй болгохыг уриаллаа. Дашрамд сонирхуулахад, гамшгийн аюулыг бууруулах хоёрдугаар бага хурал арван жилийн өмнө Японы Кобе хотноо болж, 70 гаруй улс орны төлөөлөл оролцож байсан. Шадар сайд У.Хүрэлсүх онцгой байдлын асуудал эрхэлсэн анхны сайд байхдаа энэ хуралд оролцож байжээ.
Шадар сайд У.Хүрэлсүх Японы ерөнхий сайд Ш.Абэ болон Гамшгийн удирдлагын төрийн сайд Э.Яматани нартай уулзлаа
Гамшгийн эрсдэлийг бууруулах Дэлхийн гуравдугаар бага хурлын эхний өдөр шадар сайд У.Хүрэлсүх Японы гамшгийн удирдлагын төрийн сайд, хатагтай Эрико Яматанитай уулзлаа.
2011 онд Япон улсад хүчтэй газар хөдлөлт, цунами болсон. Энэхүү байгалийн гамшгийн үеэр Монголын засгийн газар, ард түмэн халуун сэтгэлийн гараа сунгаж, багагүй хэмжээний тусламж дэмжлэг үзүүлсэнд байнга талархаж явдгаа сайд, хатагтай Яматани уулзалтын эхэнд онцоллоо.
Монголын ард түмэн хандив тусламж үзүүлээд зогсохгүй Монголын онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүн аврах ажиллагаанд оролцсоныг Японы сайд зориуд талархан дурсаж, монголын аврагчид үүргээ онц сайн гүйцэтгэснийг үнэлэн хэлсэн юм.
Гамшгаас хамгаалах чиглэлээр хоёр улс хамтран ажиллах, онцгой байдлын салбарын байгууллагуудынхаа харилцааг өргөжүүлэх талаар сайд нар санал солилцсон. Тухайлбал Японы хамтын ажиллагааны нийгэмлэг /Жайка/ Монголын Онцгой байдлын албыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа. Үүнийг өргөжүүлэх асуудлыг уулзалтаар хөндөн ярилаа.
Гамшгийн эрсдлийг бууруулах дэлхийн гуравдугаар бага хурлаас гамшгийн эрсдлийг бууруулах санаачлага гаргахаар Японы тал санал болгосон. Санаачлагын хүрээнд дэлхийн улс орнууд, тэр дундаа ази номхон далайн улс орнууд хоорондоо гамшгийн эрсдлийг бууруулах техник технологи, арга туршлагаасаа хуваалцахыг Япон Улсын ерөнхий сайд Шинзо Абэ уриалсан.
Түүний энэ саналыг дэмжиж, Монгол улсыг энд хамруулах тал дээр санаачлагатай ажиллахаа Шадар сайд Хүрэлсүх ерөнхий сайд Шинзо Абэтай уулзахдаа хэллээ. Бага хурлын эхний өдөр Японы ерөнхий сайд Шинзо Абэ хуралд оролцож буй өндөр дээд хэмжээний зочдыг хүлээн авч уулзсан. Сонирхуулахад, зургаан орны шадар сайд энэ хуралд оролцож байгаа юм байна.
Монгол улс ОХУ-тай хил орчмын бүс нутгийн гамшгаас хамгаалах чиглэлээр хамтрана
“Гамшгийн эрсдлийг бууруулах дэлхийн гуравдугаар бага хуралд оролцож буй Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх ОХУ-ын иргэний хамгаалалт, онцгой байдал, байгалийн гамшгийн хор уршгийг арилгах асуудал эрхэлсэн сайд Владимир Андреевич Пучковтой уулзлаа.
1995 онд Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаварыг арилгах салбарт хамтран ажиллах тухай Монгол улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсан. Хэлэлцээрийн хүрээнд Засгийн газар хоорондын комиссын хуралдаан 13 удаа болж, бүс нутгийн хуралдааныг жил бүр 2-3 удаа тогтмол хийдэг уламжлал тогтсон байна.
Хамгийн сүүлд 13 дахь удаагийн хуралдаан 2014 оны 10 дугаар сард Монгол улсад болсон. Энэ үеэр онцгой байдал, гамшгаас хамгаалах чиглэлээр ОХУ-д улсад суралцагчдын тоог нэмэгдүүлэх, хил орчмын ой хээрийн түймрээс хамгаалах талаар манай талаас хөндөн ярьж, хойд хөршийн зүгээс ч нааштай хариу өгсөн.
Мөн өнгөрсөн 9 дүгээр сард ОХУ-ын ерөнхийлөгч Путины Монголд хийсэн айлчлалын үеэр “Ойг түймрээс хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг үзэглэжээ. Хууль эрх зүйн хувьд хоёр орны онцгой байдал, гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах баримт бичгүүд тодорхой түвшинд байгуулагдсан. Энэ хүрээнд 2009-2010 оны өвөл зудад нэрвэгдсэн Монголын малчдад туслахаар ОХУ-аас 35 чингэлэг өвс тэжээл, хүнсний тусамж илгээж байсан бол 2013 онд Алс дорнодод тохиолдсон үерийн гамшгийг арилгахад Монголын Засгийн газар 50 мянган долларын буцалтгүй тусламж үзүүлж байжээ. 2008-2015 онд онцгой байдлын 30 гаруй албан хаагч ОХУ-д суралцсан байна.
Энэ мэтээр хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаа сайн хөгжиж байгаа. Гэхдээ цаашид харилцаа хамтын ажиллагаагаа илүү хөгжүүлэх шаардлагатай байгааг шадар сайд У.Хүрэлсүх тэмдэглэлээ. Тухайлбал манай улсын хувьд хойд хөршийн тэргүүний технологиос суралцах, аврах гал унтраах тоног төхөөрөмжийн чадлаа бэхжүүлэх асуудлаар хамтран ажиллах, туслалцаа дэмжлэг авах сониорхолтой байгааг Шадар сайд илэрхийлсэн. Монголын талын саналыг дэмжиж хамтран ажиллана гэдгээ Оросын сайд хэллээ. Зөвхөн хоёр орны хэмжээнд төдийгүй дэлхий нийтийг гамшгаас хамгаалах чиглэлээр У.Хүрэлсүх сайдын бага хурал дээр хэлсэн үг, тавьсан саналыг бүрэн дэмжиж, санал нэг байгаагаа иргэний хамгаалалт, онцгой байдал, байгалийн гамшгийн хор уршгийг арилгах асуудал эрхэлсэн сайд Владимир Андреевич Пучков илэрхийлсэн юм. Мөн ”хоёр орны хувьд байгалийн гамшиг, аж үйлдвэрийн ослын үед хамтран ажиллаж ирсэн туршлагатай. Шинээр хөдөө аж ахуйн салбар болон халдварт өвчнөөс үүдэлтэй хор хохирлыг арилгах асуудал дээр хамтран ажиллая. Үер усны аюул, гал түймэр, газар хөдлөлт хил орчмын бүс нутагт гамшгаас сэргийлэх, хамгаалах чиглэлээр ч хамтрая” гэсэн саналыг сайд Пучков тавьсан.
“Хил орчмын бүс нутагт гамшиг осол болоход бие биендээ шуурхай тусалдаг байя.Ийм тогтолцоогоо нарийн тогтоё “ гэж хэлсэн. ОХУ-ын сайд Пучков ирэх 5 дугаар сард Москвад Монгол, Оросын аврагчдын хамтарсан сургуулилт хийхэд Шадар сайдыг хүрэлцэн ирэхийг урилаа. “Гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах чиглэлээр хамтран ажиллая. Өмнө байгуулсан гэрээ хэлэлцээрээ дараагийн түвшинд гаргах цаг болсон” гэдгийг шадар сайд У.Хүрэлсэх хариуд нь хэллээ. Уулзалт хоёр орны нөхөрлөлийг дурссан халуун дотно уур амьсгалд өрнөсөн. “Хүний амь аврахын төлөө явдаг онцгой байдлын салбарт ажиллана гэдэг бол эр зоригтнуудын ажил. Эх орон эр зоригтнууд дээр тогтдог юм” гэж Шадар сайд У.Хүрэлсүх хэлээд Оросын мэргэжил нэгтнүүдийнхээ цаашдын ажилд нь амжилт хүслээ.
Шадар сайд У.Хүрэлсүх Японы парламентын гишүүн Никай Тошихиротой уулзлаа
Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Япон улстай мэргэжилтэн харилцан солилцох, техник технологиос нь суралцах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтийг манай талаас тавьсан. Энэ саналыг хүлээн авч, ажил хэргээ эхлүүлье хэмээн Японы парламентын гишүүн Никай Тошихиро Монгол Улсын Шадар сайдтай уулзахдаа хэллээ.
Техник технологи ч юм уу Монголд байдаггүй юм Японд бий. Үүнтэй адилаар Японд байхгүй зүйлс ч Монголд бий. Үүнийгээ харилцан солилцох, онцгой байдлын салбарт эдийн засгийн харилцааг бий болгох асуудлыг тэрээр хөндөн тавьсан юм.
Японд хөрсний гулгалт нэлээд болдог. Монголд ч бас үер усны гамшигтай холбоотой хөрсний гулгалт тохиолддог. Энэ чиглэлээр хамтран ажиллах асуудлыг хариуцан ажиллахаа Японы парламентын гишүүн илэрхийлсэн.
Сэндай орчмоос сонгогдсон парламентын гурван гишүүн энэхүү уулзалтанд хамт оролцсон юм. Саяхан Японы парламент Цунамигаас урьдчилан сэргийлэх өдөртэй болох хууль батлан гаргасан. Энэ хуулинд Япон хүн бүрийг гамшгаас өөрийгөө хамгаалах, гамшгийн үед бие биендээ туслах, аврах, гамшгийн дараа сэргээн босголтонд гар бие оролцох асуудлыг онцгойлон тусгасан гэдгийг Японы парламентын гишүүн, Либерал намын бодлогын зөвлөлийн дарга Никай Тошихиро шадар сайд Хүрэлсүхтэй уулзахдаа хэлээд, “дэлхийн цунамигийн өдөр бий болгох” Японы санаачлагыг Монгол улс дэмжихийг хүслээ. Цунамигийн аюулыг хүн төрлөхтөнд сануулах, урьдчилан сэргийлэх зорилгоор жил бүрийн 11-р сарын тавныг “дэлхийн цунамигийн өдөр” болгох саналыг Японы тал гаргасан. Цунамигийн гамшгийн талаар олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, улс орнуудын хамтын ажиллагааг өрнүүлэх, харилцан мэдлэг солилцох, туршлага, технологио хуваалцах хамтын чармайлтыг нэгтгэхийн тулд ийм өдөртэй болохыг санаачилсан. “Дэлхийн цунамигийн өдөр” гэж бий болгох санаачлага гаргасан гэдгээ тэрээр тайлбарласан юм.