Хүний эрхийн үндэсний комиссын гомдол, хяналт шалгалт хариуцсан референт Т.Ихтамиртай ярилцлаа.

-Сүүлийн үед иргэдийн өмчлөх эрхэнд барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбардууд халдах болсон талаар мэдээлэл гарах боллоо. Энэ хэр үнэний ортой вэ?

- Ломбардны үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт гэж бий. Тодруулбал Иргэний хуульд барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааг зохицуулсан заалтууд орсноос гадна барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны тусгай стандарт хүртэл байдаг. ХЭҮК-оос эдгээр эрх зүйн зохицуулалтуудын хэрэгжилтийг шалгах үүднээс өнгөрсөн оны аравдугаар сард Улаанбаатар хотын цагдаагийн газартай хамтран нийслэлийн зургаан дүүргийн 30 гаруй ломбардны барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ буюу иргэдийн өмчлөх эрхийн хэрэгжилтийг шалгасан. Нийслэлийн хэмжээнд 330 гаруй ломбард үйл ажиллагаа явуулж байснаас түүвэрлэн сонгосон гэсэн үг. Ломбардууд эртний болон алт мөнгөн эдлэл, гар утас, 9911-тэй дугаар, зөөврийн компьютер, гэр ахуйн цахилгаан бараа, тэр бүү хэл пүүз хүртэл барьцаалан, зээл олгодог.

Наад зах нь ломбард найман м.кв талбайд үйл ажиллагаа явуулахаас гадна барьцааны эд зүйлсийн хадгалалт хамгаалалт, аюулгүйн дохиолол хамгаалалтын стандартыг хуулинд заагаад өгчихсөн. Гэсэн хэдий ч хүндрүүлэгчтэй сейфгүй, подваль, хүнсний дэлгүүрийн хажууд ломбард байх нь элбэг. Цаашилбал иргэний хуульд зааснаар барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбард хүүг иргэдтэй харилцан тохиролцоно гэсэн байдаг. Гэтэл бодит амьдрал дээр тэгдэггүй. Ломбардны тогтоосон хүүг л иргэд төлдөг. Ломбард иргэдэд зээл олгохдоо хийдэг гэрээ нь хуульд заасан шаардлагуудыг тэр бүр хангадаггүй. Хамгийн гол нь зээлийн гэрээний хугацаа дууссан тохиолдолд ломбард барьцааны эд зүйлсийг худалдан борлуулж хохирлоо гаргаж авдаг. Гэхдээ үүнээс өмнө мэдээж эздэд нь мэдэгдэх ёстой. Гэтэл ихэнх ломбардууд мэдэгддэггүй болох нь шалгалтаар тогтоогдсон. Энэ тохиолдолд 10 хоногийн дотор эздэд нь мэдэгдэж, эд зүйлсийг дуудлага худалдаагаар борлуулах ёстой. Ингэж зээлдүүлсэн мөнгөө, хүү, алдангийн хамт олж авахаар зохицуулагдсан. Харин үлдсэн мөнгийг эздэд нь буцаан олгох ёстой. Энэхүү хуулийн заалт огт хэрэгждэггүй.

-Үлдсэн мөнгийг нь иргэдэд буцаан олгоно гэснээ тайлбарлахгүй юу? Өөрөөр хэлбэл иргэд эд зүйлсээ ломбарданд тавиад эргүүлж авч чадахгүй байх нь элбэг. Тэгвэл энэ тохиолдолд тухайн эд зүйлсийг зараад олсон орлого бүгд ломбардных биш гэсэн үг үү?

-Яг тийм. Ойлгомжтой байх үүднээс жишээ авч тайлбарлая л даа. Бат 600 мянган төгрөгийн үнэ бүхий монетон гинжээ ломбарданд 200 мянгаар тавилаа гэж бодъё. Санхүүгийн боломжгүй учраас сарын дараа Бат гинжээ авах нь бүү хэл хүүг нь ч өгч чадахааргүй болсон тохиолдолд өөрт нь мэдэгдсэний үндсэн дээр дээрх эд зүйлсийг худалддаг. Манайд л хуулийн заалт нь хэрэгждэггүй болохоос ломбарданд хураагдсан эд зүйлсийг уг нь дуудлага худалдаагаар зарах ёстой. Гэхдээ л зах зээлийн ханшаас буулгалаа буулгалаа гэхэд гинжээ 400 мянган төгрөгөөр борлууллаа гэж бодвол үндсэн зээл болох 200 мянга, хүү 30 мянган төгрөгийг л ломбард авах ёстой. Алданги тооцлоо гэхэд хамгийн ихдээ 240 мянган төгрөг ломбардны орлого. Үлдсэн 160 мянган төгрөгийг Батад эргүүлэн олгох ёстой. Тэгтэл ломбарданд эд зүйлсээ тавиад алдсан иргэд энэ маягаар нөхөн төлбөр авдаггүй шүү дээ. Хугацаа хэтэрсэн тохиолдолд эд зүйлсээ авахаар очтол өөдөөс нь “Зарчихсаан” гэвэл “Өө тийм үү” л гэхээс “Тэгвэл зөрүү мөнгөө авъя. Хэдэн төгрөгөөр зараад, хүү, үндсэн төлбөр болон алдангид хэдийг суутгаад цаана нь хэд үлдсэн юм. Үлдсэн мөнгийг нь авъя” гэж хэлдэг хүн байдаггүй. Нөгөө талаас иргэдийн барьцаанд тавьсан эд зүйлсийг дуудлага худалдаагаар борлуулсан ашгаас үндсэн зээл, хүүг нь суутгаад, үлдсэн мөнгийг олгодог ломбард ч гэж байдаггүй.

-Иргэдийн барьцааны эд зүйлсийг дуудлага худалдаагаар борлуулаад, зээлсэн мөнгө, хүүг хасаад, үлдэгдлийг нь иргэдэд олгох ёстой гэлээ. Хэрэв үүнийг зөрчсөн тохиолдолд иргэд шүүхэд хандах ёстой гэсэн үг үү?

-Иргэд энэ тухай мэддэг бол анхлан зээлийн гэрээ хийхдээ л үүнийг тусгаж өгөх ёстой. Гэрээнд тусгаагүй ч гэсэн иргэний өмчлөх эрхэнд халдсан тухайн ломбардаас хохирлоо гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлээ гаргах эрх нь нээлттэй. Харамсалтай нь иргэд үүнийг тэр бүр мэддэггүй. Ломбардууд барьцааны эд зүйлсийг зах зээлийн ханшаас хэд дахин доогуур үнэлдэг учраас ломбарданд эд зүйлсээ хураалгасан тохиолдолд иргэд маш их хохирдог.

-Автомашин барьцаалан зээл олгодог ломбардууд барьцааны автомашин байршуулах дулаан гарааш, зориулалтын авто зогсоолтой байх ёстой гэдэг байх аа?

-Барьцаанд байгаа эд зүйлсийн бүрэн бүтэн байдлыг ломбардууд хариуцах ёстой. Гэтэл барьцааны автомашиныг ил зогсоол эсвэл гэр хороололд айлын хашаанд орхичихдог дутагдал түгээмэл. Будаг нь холцорч, толь нь хагарсан тохиолдолд тухайн автомашины үнэлэмж буурна. Бас автомашинаа унаад зээл авч буй иргэд тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ ломбарданд шилжүүлдэг. Өөрөө унаад яваад байгаа ч хөдлөх хөрөнгө нь ломбардны эзэмшлийнх болдог. Ингэж өмчлөх эрхийг аж ахуй нэгжид шилжүүлснээрээ тухайн машиныг захиран зарцуулах, зарах бүрэн эрх нь ломбарданд бий болно гэсэн үг. Үүнтэй холбоотой цөөнгүй маргаан холбогдох газруудад бүртгэгдсэн байсан.

-Ломбардууд энэ мэт хүний өмчлөх эрхийг зөрчиж байгаа нь тогтоогдчихож. ХЭҮК-ийн зүгээс дээрх асуудлуудыг цэгцлэх үүднээс ямар арга хэмжээ авч байна вэ?

-Одоо бол барьцаалан зээлдүүлэхтэй холбоотой эрхзүйн орчин нь бүрдсэн хэдий ч үүний хэрэгжилт хангалтгүй байгаа нь харагдаж байна. Ломбардны үйл ажиллагаанд хяналт тавих, үйл ажиллагааных нь хэрэгжилтийг хангуулах эрх бүхий субьект нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Банкны үйл ажиллагаанд Монгол банк хяналт тавьдаг бол банк бус санхүүгийн байгууллагад Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавьдаг. Гэтэл ломбардуудын үйл ажиллагаанд хяналт тавьдаг субьект байдаггүй учраас хүүгээ тохиролцдоггүй, барьцааны хөрөнгийг зарсан тохиолдолд зөрүү мөнгийг нь эзэнд нь эргүүлэн олгодоггүй.

Бас Иргэний хууль, Монгол Улсын стандартыг зөрчсөн ломбардуудад хүлээлгэх хариуцлагын механизм тодорхой биш. Иргэдийн өмчлөх эрхийг хангах үүднээс ломбард буюу барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зайлшгүй журамлах шаардлагатай гэдэг үүднээс ХЭҮК-ийн гишүүний зөвлөмжийг Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлд хүргүүлсэн. Засаг дарга зөвлөмжийг хүлээн авч, барьцаалан зээлдүүлэх журмын төслийг энэ хаврын НИТХ-аар хэлэлцүүлэх болсон тухайгаа бидэнд мэдэгдсэн. Дүүргүүдийн худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсүүд харьяаны ломбардуудад зөвшөөрөл олгодог. Энэ нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа хуулийн дагуу явуулах уу гэдгээсээ аж ахуйн талаас нь анхаарч зөвшөөрөл олгодог.

М.УУГАН-ЭРДЭНЭ