Урд хөршид амиа алдсан монгол эмэгтэйн асуудлаар манай сурвалжлах баг Эрээн хотыг зориод ирлээ. Талийгаач эмэгтэйн талаар Эрээн хот дахь Монголын консулын газрын нэр бүхий албан тушаалтнаас зарим мэдээллийг авсан юм.

 

Түүний хэлж буйгаар уг эмэгтэй нөхөр, гурван хүүхдийн хамт Замын-Үүдэд амьдардаг байсан бөгөөд амьдралын хүнд нөхцлөөс болж Эрээн хот руу гарч орифлеймийн бараа бүтээгдэхүүн зарж, мөнгө олдог байжээ. Улмаар энэ сарын 12-нд Эрээн хотод очоод хэдхэн хоногийн дараа буюу  17-18-нд шилжих шөнө ийн харамсалтайгаар амиа алдсан байна.

 

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр уг эмэгтэйг биеэ үнэлэгч мэтээр мэдээлж байгаа ч талийгаач 49 настай 1966 оны 5 дугаар сарын 10-нд төрсөн эмэгтэй бөгөөд биеэ үнэлэгч биш гэдгийг Консулын газраас хариуцлагатайгаар мэдэгдсэн юм.
Гагцхүү  талийгаачийн хувьд  биеэ үнэлэгчдийн байрладаг хямдхан буудалд байрлаж бараа бүтээгдэхүүнээ зарах гэж байгаад бусдын гарт амиа алджээ. Түүний байрласан уг буудал нь маш хямд бөгөөд  энгийн буудлын нэг өдрийн төлбөрийг бараг сарын хугацаанд төлөхөөр тийм хэмжээний хямд байдаг байна.

 

Одоогоор уг эмэгтэйн аминд хүрсэн сэжигтэн залууг Хятад улс даяар эрэн сурвалжилж байгаа аж. Уг газарт ойрхон замын камерийн бичлэгийн тусламжтайгаар хар зураг гаргаж 35 орчим насны 170 см өндөр эрэгтэйг эрэн сурвалжлаад эхэлжээ.

 

Мөн биеэ үнэлэгчдийн байрладаг газраас эхлээд бүхий л  боломжтой гэсэн газруудаар сэжигтнийг илрүүлэхээр ажиллаж байгаа талаар Эрээн хотын цагдаагийн газраас тайлбарлалаа.

 

Биднийг Консулын газар очиход амиа алдсан эмэгтэйн асуудлаар тусгай комисс гарч, Хөх хотын цагдаагийн удирдлагууд хүртэл  ирж уг хэрэгт анхаарал хандуулж ажиллах талаар хуралдаж байсан юм.

 

Талийгаач эмэгтэй эгч дүүс олуулаа бөгөөд бүгд Замын-Үүдэд амьдардаг аж. Эгч, дүүсийнх нь хувьд том албаны даргаас эхлээд хувийн бизнес хийдэг хүмүүсч байдаг байна.

 

Ингээд сурвалжлах баг маань шарилыг хаана хадгалж байгаа хийгээд ар гэрийнхэнд нь хэзээ хүлээлгэж өгөх боломжтойг тодруулахад “Задлан шинжилгээ дууссаны дараа талийгаачийн шарилыг ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгөх ёстой. Ар гэрийнхнийх нь зүгээс бүтэнсайн /өчигдөр/өдөр шарилыг авч, даваа гарагт /өнөөдөр/ хөдөөлүүлэх хүсэлтээ гаргасан. Бид холбогдох газруудад нь хандаад л байж байна” гэх тайлбарыг өгөв. Эрээний дамжин өнгөрөх гол цэгүүдээр хүртэл шалгалтын өндөржүүлсэн байдалтай ажиллаж эхэлжээ.

 

Дашрамд хэлэхэд, Хятадад моорог буюу шарил хадгалах газрууд хувийнх учир маш өндөр төлбөртэй аж. Бүр тодруулбал, хоногийн 300 юан аж. Харин улсын эмнэлэгт нь албан ёсны моорог гэж байдаггүй байна.  Талийгаачийн биед энэ сарын 18-ны орой Шилийн голоос шинжээчид ирж задлан шинжилгээ хийсэн байна. Гэвч шинжилгээний хариуг холбогдох газрууд хангалтгүй гэснээр Хөх хотоос дахин шинжээчид томилогдон ирсэн талаар манай консулаас онцлов.
Ийн манай сурвалжлах баг талийгаачийн байрласан гэх хямдхан  буудлын эргэн тойронд сурвалжлагаа үргэлжлүүлэхийг хүссэн ч хүлээж аваагүй юм.  Тиймээс энэ хүрээд сурвалжлагаа өндөрлөлөө. Хэрэг хэрхэн шийдэгдэж, сэжигтэн этгээдийг баривчилсан эсэх талаар эргэн мэдээлэх болно.

Д.Ундрах