Хоол судлаачид хүний биеийн жинд хамгийн аюулгүй таван амттаныг нэрлэжээ.

Зөгийн бал

Зөгийн бал ашигтай гэдэг нь маргаангүй. Илчлэгээрээ энэ идээ элсэн чихэртэй бараг адилхан байна. Нэг цайны халбага зөгийн бал 35 ккал бол нэг халбага элсэн чихэр 30 ккал байдаг ажээ. Гэхдээ элсэн чихрээс ялгаатай нь зөгийн баланд 70 төрлийн ашигтай бодис, тэдгээрийн дотор, В2, РР, С, В6, В5, Н амин дэм, фолийн хүчил, К болон Е амин дэм, кальци, натри, магни, төмөр, йод агуулдаг байна. Тэрчлэн зөгийн баланд агуулагддаг бодисууд хооллох дуршлыг нэмэгдүүлж, хоол боловсруулах эрхтний ажиллагааг сайжруулж, хоолны шингэцийг сайжруулдаг ажээ. Мөн зөгийн бал нь ханиад томуу туссан үед хамгийн сайн эм болдог байна. Хоол судлаачийн хэлснээр, өдөрт хоолны хоёр халбага зөгийн бал идэх нь биеийн эрүүл мэндэд тустай. Үүнээс илүү гарвал хүний биеийн жин нэмэгдэх ажээ.

Хатаасан жимс

Зөгийн бал их харшил өгдөг, тийм болохоор зарим хүнд хэрэглэхийг хориглодог. Ийм тохиолдолд зөгийн балны оронд хатаасан жимс, жишээлбэл, үзэм, чангаанз, хар чавга зэргийг идэж болно. Хатаасан жимсэнд кальци, магни, натри, төмөр зэрэг хэд хэдэн эрдэс бодис агуулагддаг, тиймээс зүрхэнд тустай ажээ. Тэгээд ч хатаасан жимсээр өлөө дарахад амархан. Харин хэтрүүлэн идвэл хотдогоос илүү илчлэгтэй болохыг анхаараарай. Нэг өдөрт ердөө 30 грамм хатаасан жимс идвэл амттайн дээр биед тустай.

Бүржмэл чихэр /мармелад/

Marmelada буюу цэвэр жимсний чанамал гэсэн Португал үгнээс гаралтай үг. Бүржмэл чихрэнд жимсэнд агуулагддаг пектинүүд буюу ашигтай бодисууд байдаг. Пектинүүд нь цусан дахь холестерины хэмжээг бууруулж, ходоодны ажиллагааг сайжруулж, бие махбодиос хорт бодисыг гадагшлуулдаг. Үүний сацуу Британийн Хүнсний бүтээгдэхүүн судлалын хүрээлэнгийн мэргэжилтнүүдийн нотолж буйгаар, пектин нь хорт хавдрын эсийн өсөлтийг зогсоодог байна. Алим, чавга, тоор, нэрсэнд пектин хамгийн ихээр агуулагддаг. Тиймээс чухам эдгээр жимсээр хийсэн бүржмэл чихэр хүний эрүүл мэндэд хамгийн тустай. Гэхдээ бүржмэл чихэр болгон ашигтай биш гэнэ. Тэгэхээр бүржмэл чихэр худалдаж авахдаа түүний орцонд пектиний нэгдэл орсон эсэхийг харах хэрэгтэй. Хүн өдөрт бүржмэл чихрийг 20-30 граммаас хэтрүүлэхгүй идвэл эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө.

Пастила ба зефир

Пастила болон зефир нь пектинүүд агуулсан байдаг. Пектингүйгаэр эдгээр жимс хоосон илчлэг өгч, ямар ч ашиггүй. Тиймээс пастила эсвэл зефирийг сонгохдоо доторх орцыг нь анхаарах хэрэгтэй. Мөн өөрсдөө хийж идсэн нь дээр. Үүний сацуу пастила болон зефир нь ходоодны салстын цочролыг дардаг учраас ходоод гэдэсний замын өвчин, тухайлбал, ходоодны шархтай хүмүүст тустай. Гэхдээ өдөрт 30 граммаас ихийг идэх хэрэггүй.

Шоколад

Ашиг тустай амттануудын тавдугаарт шоколад оржээ. Гэхдээ зөвхөн хар шоколад шүү. Хар шоколад гашуун ч гэсэн амттанд тооцож болно. Шоколад гэдэг үг өөрөө тархинд “амттай байна” гэсэн мэдээлэл өгдөг. Энэ амттан даралт ихсэх үед артерын даралт хэвийн хэмжээнд очиход тус болж, зүрх болон судсыг бэхжүүлж, сэтгэлийн хямралаас гарахад тусалж, улирлын чанартай хямралд орохгүй байлгаж чаддаг. Өдөрт 30 грамм шоколад идэж болно. Энэ хэмжээ бие махбодын ачаалал ихтэй үед тохиромжтой. Ер нь бол өдөрт 10-15 грамм шоколад идэх нь биеийн жингээ хэвийн байлгахад тустай ажээ.

Амттаныг хэзээ идвэл дээр вэ?

Үдээс өмнө амттанаа идсэн нь дээр. Ялангуяа та хоолны дэглэм барьж байгаа бол шүү дээ. Өглөөгүүр идвэл таны жинд нөлөөлөх магадлал нь бага байх юм. Гэвч үдээс хойш ч амттан идмээр санагддаг. Өдрийн 16.00-18.00 цагийн хооронд биеийн цусан дахь глюкозын хэмжээ буурдаг. Та эрүүл аж төрөх хэв маягийг баримталдаг бол биедээ шаардлагатай хүнс тэжээлийг бүрэн авдаг, биеийн зохих ачаалал үүрдэг байж таарна. Тийм бол үдээс хойш амттан идэхэд гэмгүй.