Хэдэн сарын өмнө Монгол руу явахдаа дотроо их зүйл хүлээж байв. Хамгийн сүүлд би тийш 1990-ээд оны үед л очсон болохоор юмс, ахуй хэрхэн өөрчлөгдсөн бол гэхээс догдолж эхэлсэн нь тэр. Монголд анх удаа очиж буй гаднынхан өндөр шилэн барилга, сүлжээ кафенуудыг л харах бол би өнгөрснийг одоотой нь харж, харьцуулж чадах нь азтай хэрэг.

1993 онд Монголд очоод миний хамгийн анх сурсан монгол үг бол “байхгүй”. Тэр биш, бидэнд байхгүй, үгүй гэсэн утга бүхий үгсийг хамгийн их сонсдог байсан болохоор тэр. Эсвэл тэд зүгээр л толгой сэгсэрнэ.

  • Талх байна уу?
  • Байхгүй
  • Будаа?
  • Байхгүй
  • Халуун ус яасан юм?
  • Байхгүй.

Инфляци тэнгэрт хадаж, эдийн засаг доройтсон тэр үед хаана ч, хэнтэй ч иймэрхүү л харилцан яриа өрнүүлдэг байв. Доллар бол нүдний гэм. Хаа нэг байх долларын дэлгүүрээр үйлчлүүлэхэд энэ мөнгөн тэмдэгт дэлгүүрийн кассандаа ч байхгүй байсан болохоор хариулт авах болбол зүгээр л бохь өгчихдөг байсан. 1990-ээд он бол Монгол ардчиллын замд орж, бүхий л тогтолцоогоо шинээр байгуулж эхэлсэн цаг. Тэр үед ДНБ Зөвлөлтийн үеийнхээс 20 хувиар буурчихсан. Шинэ сонгосон замдаа иргэд нь ч, зах зээл нь ч огт бэлтгэлгүй болохоор бүх юм эмх замбараагүй.

Гэтэл сая намайг очиход тэндхийн гадаадуудын ихэнх нь “байхгүй” гэдэг үгийг сурч амжаагүй байсанд би баахан гайхлаа. Харин тэд “байгаа” гэдэг үгийг “сайн уу”, “баярлалаа”-тай адил амархан сурчихсан байв. Дэлгүүр хоршоо орсон ч, хүмүүстэй уулзсан ч “Бидэнд байгаа”, “Тийм”, “Тэгэлгүй яахав” гэсэн үгс хамгийн түгээмэл болжээ. Миний анх ирсэн үеийнхээс иргэдийн цалин гурав дахин өссөн тухай дуулаад арга ч үгүй юм даа гэж бодов. Монголын энэ огцом өөрчлөлтийг би эх нутагтаа байхдаа ч анзаарч байсан юм.

Жишээ нь, барууны хэвлэлээр Монголын талаар хааяа нэг нийтлэл гарах бөгөөд өнөөх л Чингис хаан, нүүдэлчин хэв маягийн талаар л байх нь элбэг. Гэтэл хэдэн жилийн өмнөөс барууны томоохон хэвлэлүүдээр Монголын тухай мэдээлэл алгасахгүй гарах болж, тэгэхдээ “Оюутолгойн далд уурхайн санхүүжилт хэзээ шийдэгдэх вэ”, “Монголын зэсийн нийлүүлэлт өслөө”, “Монгол эдийн засгийн өсөлтийн хурдаараа тэргүүлж байна” гэхчлэн солигджээ.

Харин миний анзаарснаар, нэг зүйл огтхон ч өөрчлөгдөөгүй байсан нь монголчууд юмыг хэтэрхий томоор, хэтэрхий “бөөрөнхий” зарчмаар хийх гэдэг нь. Улс төр ч тэр, эдийн засгийн асуудалд ч ялгаагүй. Жижиг зүйлс хамгийн чухал гэдгийг тэд одоо хүртэл ойлгоогүй хэвээр шиг санагдсан.

Одоо Монголын эдийн засаг хүндэрсэн гэж хүн бүр ярьж байгаа боловч энэ нь миний анх ирж байсан 1993 оныхтой харьцуулшгүй юм. Уул уурхайн их тэсрэлт болоогүй байсан цаг болохоор өөрчилье, өөдөлж хөгжье гэвч боломж нь юу вэ гэдгийн хариулт байхгүй байв.

Харин одоо Монголоор дүүрэн боломж, асар их байгалийн баялгаа ил гаргаад үүнийгээ харин хэрхэн ашиглаж, үсрэнгүй хөгжилд хүрэх тухай арга замыг эрэлхийлж байна. Хорин жил гэдэг урт, бас богино хугацаа ажээ. Нэгэнт боломж нь, түшиц нь байгаа болохоор Монгол яг одоо биш юмаа гэхэд тун удахгүй хүссэн хөгжилдээ хүрэх нь гарцаагүй. Байгалийн нөөцөөр баялаг дэлхийн олон орны туршлага дундаас тэд сайныг нь сонгоод явчихад л болох юм.

1990-ээд оны хэцүү цагт бүх юм “байхгүй” байсантай харьцуулахад одоо тэдэнд бүх юм “байна”. Монголд хөгжих ирээдүй, боломж байна уу? гэж хэн нэгэн надаас асуувал би огтхон ч эргэлзэхгүйгээр “Байна” гэж хэлэх болно.
                                                                                                Жим Андерсон
                                                                                                Blogs.worldbank.mn
                                                                                                2015 оны дөрөвдүгээр сарын 6

Засгийн газрын мэдээ