Бид энэ сарын 26-ны өдөр төрийн тэргүүнээ сонгох хариуцлагатай, басхүү түүхэн чухал мөч. Тиймдээ ч сонгууль хаа сайгүй яригдаж, нэг ёсондоо бид сонгуулиар амьсгалж байна.

Өдөр бүр л сонгуулийн тухай яриа. Телевизээ асаалаа сонгууль, сувгаа сольлоо сонгууль, дахиад сольлоо өнөөх л сонгууль. Олон нийтийн сүлжээ сайт, фейсбүүк хуудас, твиттер гээд л бүгд л сонгууль. Нэр дэвшигч эрхмүүд цахим ертөнцийн идэвхтэй жиргээчид болж. Олон нийт ч идэвхтэй болчихож. Санал хүсэлтээ бичсэн, магтсан, сайшаасан, шүүмжилсэн маш олон сэтгэгдлүүд байх болсон.

“Төрийн төлөө оготно боож үхнэ” гэгчээр бидэнд ямар хамаа байна гэдэг үе  нэгэнт ард хоцорчээ. Одоо хүн бүр бидний төлөө, улс орныхоо төлөө ажиллах, төрийн тэргүүн шүү дээ хэмээн их л ач холбогдол өгч, хандаж байна. Мэдээж идэвхтэй хандах нь зөв. Гэтэл зарим нь бүр дэндлээ. Хэн нь сонгогч, хэн нь сонгогдогч гэдгийг ялгахад бэрх болж.

Залуус улс төрд хачин дуртай болчихож. Саяхан л гэхэд жүжигчин Г.Анхбаярыг МАН-ын сонгуулийн сурталчилгаанд удаа дараа оролцож 193 сая төгрөгийн ашиг олсон.  Тэгэхдээ “Луйварын хот”  киноны түүхээр тоглолт хийж 2009 оны нөхөн сонгуулиас хойш шоу хийж явна хэмээн “Луйварын хот” төслийн багийн ахлагч, А.Амундра, гишүүн Б.Батцэнгэл нарын 3 залуу мэдэгдэл хийж байна. Тэд “Анхаа хамт ажиллаж байсан нөхдөө муулж, тэдний өмнөөс ярьж, мөнгө нэхэж байгаад дургүйцлээ илэрхийлж байгаа аж. Г.Анхбаяр олигтой бүтээл хийж, ажиллахын оронд олон жилийн өмнөх луйвар гүтгэлэгээ сонгууль бүрээр худалдаж амьдрах аргыг гол болгож байгаа нь залуусын жигшил зэвүүцлийг хүргэж байна” хэмээн хэлж байна. Үнэн, худал аль нь ч бай чухал биш. Зүгээр л улс төр, сонгууль  юу юунаас илүүтэй хүмүүсийн сэтгэл зүйд ноёрхлоо тогтоочихож.

Сонгуулийн үеэр бүх л зүйл улс төртэй холбоотой болж, улс төрөөс ангид юм байхгүй болох юм. Найзууд уулзаад улс төрждөг, гэр бүлийн хоёр нэр дэвшигчидээс болж муудалцдаг бид ийм л “мундаг” улс төрчид болж. 

Б.Хорол