"Энэ нийгэм чинь яачихсан юм бэ" гэж та өөрөөсөө хэдэн удаа асууж байв. Монголын минь хойч үе, бяцхан үрс минь биднээс аврал ирэн уйлах цагийг бид сонгох ёсгүй. Өнөөдөр аавдаа заазуурдуулж, хэн нэгний буруутай үйлдлээс болж, төрсөн эх, эцгийнхээ гарт зодуурын амтыг амсаж өсөх гэж тэд Монгол улсын иргэн болж төрөөгүй гэдгийг ойлгох нь зүйн хэрэг. Энэ л улсынхаа төлөө зүрх нь цохилж "инээд", "аз жаргал"-тай үеэрээ дэлхийг чимэх гэж төрсөн. Хүүхэд аз жаргалтай, тайван амгалан амьдрах эрхтэй. Үүнээс ч олон эрх тэдэнд бий. Гэтэл энэ арилсан дотор хүн гэгч араатнаас болж тэд минь жаргалыг мэдрэхгүй хорвоог орхиж одож байгаад харамсаж барахгүй байна. Нийгмийг цочроосон элдэв хэргүүдийн талаар энд сөхөх гэсэнгүй. Харин энэ удаад чимээгүй хүүхдийн амийг тасалдаг нөхдийн талаар сийрүүлэхийг зорилоо. 

Хүний аминаас илүү зүйл уначихсан аятай давхих жолооч нарын буруутай үйлдлээс болж өнгөрсөн онд л гэхэд 48 хүүхэд амиа алдаж, 1164 хүүхэд гэмтжээ.  Эдгээр гэмтсэн хүүхдүүдийн  233 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэл авсан байна.

Нийслэлийн хэмжээнд 2014 онд нийт 1062 ослоор 1079 хүүхэд осолд өртөж, 10 хүүхэд амь насаа алдаж, 1069 хүүхэд гэмтсэнээс, 138 хүүхэд нь хүнд хүндэвтэр гэмтэл авчээ. Улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас 2013 онд 37 хүүхэд нас барж байсан бол 2014 онд 48 болж 11-ээр буюу 29.7 хувиар өссөн байгаа нь харамсалтай. Уг нь энэ тоо оюун ухаант хүнээс бүрэн шалтгаалж өсөхгүй байх бүрэн бололцоотой. Гэтэл томчууд тэгдэггүй, архи уусан, хэн нэгэнтэйгээ муудсан үедээ ууртай, согтуу жолооны ард сууж хурд хэтрүүлэн зэвсгээр биш дөрвөн дугуйгаараа хөнөөж байна. Энэ үг хатуухан сонсогдож байж мэднэ. Хүн хэлэхээс нааш ойлгохгүй, цаас чичихээс нааш цоорохгүй гэдэг үг бий. 

2013 онд гэмтсэн хүүхэд 197 байсан бол 233 болж 36-гаар буюу 18,3 хувиар өсчээ. Нийслэлд хүүхдийн нас баралт 7 байсан бол 10 болж, 42.8 хувиар өссөн, гэмтсэн хүүхэд 116 байсан бол 138 болж, 19 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэ оны эхний 3 сарын байдлаар улсын хэмжээнд 11 хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж, 44 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтжээ. Үүнээс нийслэлд 3 хүүхэд нас барж, 200 хүүхэд гэмтсэний, 25 нь хүнд, хүндэвтэр гэмтэл авсан байна. Осолд өртсөн хүүхдүүдийг хөдөлгөөнд оролцсоноор нь авч үзвэл 74.2 хувь нь явганаар, 24.4 хувь нь тээврийн хэрэгслээр зорчигч, 1.4 хувь нь дугуйгаар хөдөлгөөнд оролцож байсан байна. Харин насны байдлаар нь ангилан үзвэл 0-7 хүртэлх насны хүүхэд 421 буюу 39 хувийг, 8-14 насны хүүхэд 523 буюу 48.5 хувийг, 15-17 насны хүүхэд 135 буюу 12.5 хувийг эзэлж байна. Хүйсийн байдлаас нь үзэхэд 51.4 хувь нь эмэгтэй, 48.6 хувь нь эрэгтэй хүүхэд...

-Ослын шалтгаан-

Хүүхдүүд ихэвчлэн “Гэр-Сургууль-цэцэрлэг” гэсэн маршрутад, хичээл тарах, цуглах цагуудад анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцох, гарцтай, гарамтай газрын гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах, асран хамгаалагчгүй хөдөлгөөнд оролцох, ойртон ирж буй тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх, замын зорчих хэсгээр явах, утсаар ярих, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг дутмаг, сургууль, цэцэрлэг орчмын зам нь хүүхдийг хөдөлгөөнд аюулгүй оролцуулах нөхцөл бүрдээгүй, эцэг, эх, асран хамгаалагч нар нь хүүхдийнхээ хэрхэн сургууль, цэцэрлэг рүүгээ явдаг болон гэртээ харьдгийг мэддэггүй, бие даалган, харгалзах хүнгүйгээр хөдөлгөөнд оролцуулдаг, хүүхэдтэйгээ хамт явж байхдаа ч хөдөлгөөнд аюулгүй оролцох заавар зөвлөгөө өгдөггүй, өөрсдөө зөрчдөг, буруу үлгэр дуурайлал үзүүлдэг зэрэг нь хүүхэд зам тээврийн осолд өртөх, амь насаа алдах, гэмтэх нөхцөлийг бий болгож байна. Мөн хүүхдийг тээвэрлэхдээ зориулалтын хамгаалах суудал, хамгаалах бүс, суудал өндөрсгөгч, суудлын бүс тохируулагчийг хэрэглэж хэвшээгүй нь зам тээврийн ослын үед хүнд гэмтэх, амь насаа алдах, аливаа эрсдэлд орох нөхцөлийг бүрдүүлдэг. Түүнчлэн тээврийн хэрэгслийн жолооч нарын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, дүрмийн мэдлэг дутмаг, мэдсэн ч зөрчдөг, дүрмээ биелүүлдэггүй, хэнэггүй, хариуцлагагүй, сахилгагүй, соёлгүй үйлдэл нь осол гарахад хамгийн ихээр нөлөөлдөг.

Иймд хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд холбогдох байгууллагуудаас олон арга хэмжээг авч байгаа. Харин жолооч таны хариуцлага, оролцоо хамгийн чухал. 

 

Х.Даваа