Хотын даргын хүүгийн компани иргэдийг хэдий хүртэл түрээсийн байранд амьдруулах вэ
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Сумъяабазар нар гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлаар Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзалт хийсэн юм. Уулзалтын үеэр дахин төлөвлөлтөд орсон иргэд үзэл бодлоо илэрхийлж, газар чөлөөлөх компаниудтай ойлголцолд хүрч чадахгүй байгаа хэлж байлаа.
Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо буюу Жанжин клуб орчмын гэр хорооллын зарим иргэд газраа чөлөөлсөн ч өдгөөг хүртэл байрандаа орж чадахгүй хохирч байгаа тухай мэдээлэл хэвлэл мэдээллээр гараад багагүй хугацаа өнгөрч байгаа юм. 
 
Тиймээс УИХ-ын нэр бүхий гишүүд газар дээр нь очиж байдал ямар байгааг тодруулж, иргэдийн санаа бодлыг сонссон. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо буюу Жанжин клуб орчмын гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулж, орон сууцжуулах үүргийг “Гранд лайн” компани “хүлээсэн. Анх дөрвөн компани өрсөлдсөнөөс “Гранд лайн” компанийг иргэдийн 80 хувийн саналаар сонгосон гэх. Гэсэн хэдий ч Э.Бат-Үүлийн хүү хувь эзэмшдэг учир сонгосон, хотын дарга гэр хорооллын дахин төлөвлөлтөөр бизнес хийж байна гэх мэдээлэл нэг хэсэгтээ л хэвлэлийн хуудаснаас салаагүй. Учир нь “Гранд лайн” компанид Э.Бат-Үүлийн Б.Чулуудайн компани гэдгээр давуу тал олгосон гэх хардлага олон нийтийн дунд гараад байсан юм. 

Ийнхүү хэл амтайхан гэр хороолол орон сууцжуулах эрх авсан хэдий ч 2013 оноос хойш барилгаа бариагүй гэх мэдээлэл байсаар байсан. Тиймдээ ч иргэдийн чөлөөлж өгсөн “Гранд лайн” компанийн барилга баригдаж байгаа гэх газарт очиж бодит байдал ямар байгааг судалсан юм. Тухайн газарт очиход чөлөөлсөн газрыг тойруулан хашаа барьсан байсан бөгөөд хашааны дотор талд газрыг ухаж шороо овоолсноос өөрөөр бүтээн байгуулалтын ажил явагдаагүй байв. Уг нь нь, төлөвлөгөө ёсоор 12 дугаар хорооны нутаг  дэвсгэрт  буюу  13  га  газарт  орон сууцны 35 блок барилга, олон улсын  жишигт  нийцсэн  худалдаа үйлчилгээний  цогцолбор,  тус  бүр нь  940  хүүхэд  хүлээн  авах  дунд болон  ахлах  сургууль,  цэцэрлэг, 2800   автомашины  зогсоол   бүхий хотхон барьж,    ашиглалтад  оруулах байж. Гэсэн хэдий ч өдгөө ухсан газар, хоосон хашаа л байгаа юм. Энэ газарт яагаад  бүтээн байгуулалтын ажил хийгдээгүйн шалтгааныг “Гранд лайн” компанийн ажилтан тухайн газраас хор илэрсэн учраас хоргүйжилт хийх гээд барилгын ажил зогссон хэмээн тайлбарласан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, “Гранд лайн” ХХК-ийн менежер Т.Энхболд болон иргэдийн төлөөлөлтэй ярилцлаа. 

Д.Сумъяабазар: Дахин төлөвлөлтийн явц сайн байгаа гэдэг ч бодит байдал дээр тийм биш байна 

-Гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотойгоор иргэд гүйцэтгэгч компани хоёрын хооронд зарим нэг зөрчил гараад байна гэсэн мэдээллүүд, зарим Засаг даргын тамгын газрын нөхөдтэй холбоотой өргөдлүүд ирсэн. Энэ бүгдийг үндэслээд УИХ-ын зүгээс газар дээр нь үзэж танилцах хэрэгтэй юм байна гэж бодсон. Ингээд дүүрэг бүрт ажиллаж байна. Өнөөдрийн хувьд Баянзүрх дүүрэгт ажиллаж байгаа юм. Дахин төлөвлөлтийн явц сайн байгаа гэсэн мэдээллийн удирдлагууд өгдөг ч бодит байдал дээр тийм биш байна. Миний хувьд дахин төлөвлөлтийг 100 хувь дэмжиж явдаг. Ялангуяа Улаанбаатар хот орчин үеийн шаардлага хангасан хот төлөвлөлт сайтай байхыг хүсдэг. Хотод төрж өссөн хүнийхээ хувьд хотоо өнгө үзэмжтэй байлгахын тулд санаа зовж явдаг. Харин хийж хэрэгжүүлж байгаа ажил хуулийн хүрээнд, төлөвлөгөөний дагуу өмчийн эздийн сэтгэлд хүрсэн байх ёстой. Иргэд өмчийн эзэн. Ялангуяа ганц байгаа зүйл нь амьдарч байгаа 0.07 га газар. Үүнд бид болгоомжтой хандахгүй бол Үндсэн хуулиа давсан журам гаргаад иргэдийнхээ эрх ашгийг зөрчиж байна гэсэн яриа газар авч байна. Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслүүд энэ хавар орохоор бэлтгэгдэж байгаа. Үүнд анхаарахгүй бол Үндсэн хуулиа давсан хууль УИХ гаргахвий гэсэн болгоомжлол гараад байна. Үүнийг хууль эрх зүйн талаас нь сайжруулаад ялангуяа  аж ахуйн нэгжүүд ширээний ард суух ёстой. Энэ төслийг аваад явчих хэмжээний санхүүгийн эх үүсвэр, боловсон хүчний бодлого, техник тоног төхөөрөмжтэй компаниудыг иргэд хүсч байна. Бид ч бас тийм шаардлага тавих ёстой гэж бодож байна. 

Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны иргэн Ч.Чимэд: Газраа дэмий  өгч  гэж бодох болсон 

- Анх газраа  байраар  солино  гээд  их  л баярлаж  байлаа.  Гэтэл  одоо  учир нь олдохгүй янз бүрийн зүйл ярьж байна.  

Хотын  дарга  Э.Бат-Үүл  анх “Халуун,   хүйтэн   усны   шугамыг чинь шийдээд өгнө. Та нар тэндээ юугаа  хийнэ  үү  өөрсдөө  мэд”  гэж хэлж байсан. Тухайн үед үнэхээр их баярласан ч өнөөдөр  бүтээн байгуулалтын нэг ч ажил хийгээгүй байгааг харахад урам хугарч байна. Тэр ч бүү хэл  “Гранд лайн” компани   тендерт   ялчихаад   орон сууцаа  бариагүй.  

Сүүлдээ өөрийнхөө  алгын  чинээ  газарт  хар амбаараа бариад амьдрахыг хүсдэг боллоо.  Газраа  ч  дэмий  өгч  гэж бодох болсон. Би  өндөр  настай  хүн.  Үлдсэн насандаа   үр   хүүхдүүдтэйгээ   тав тухтай  амьдрахыг  хүсч  байна.   

Т.Энхболд: Манай компани 39  өрхтэй  гэрээ байгуулсан 

-Манай  компанийн  доголдсон   нь   үнэн. Яагаад гэвэл, мэргэжлийн байгууллагаас энэ газрын хөрсөнд хорт  бодис  шингэсэн байна гэх дүгнэлт гаргаж, барилгын ажлыг зогсоосон. Хөрснөөс илэрсэн   бодисыг Монголд шинжлэх боломжгүй гэсэн учраас 2014 оны есдүгээр сард Чехээс мэргэжилтнүүд ирж шинжилсэн. Хариу нь хоёр сарын өмнө Байгаль орчны яаманд ирсэн. Тухайн газрыг хоргүйжүүлэх ажлын заавар ирсэн. Энд хор илэрсэн учраас бид шинээр газар чөлөөлөөд дахиад барилга эхэлсэн. Манай компани 39  өрхтэй  гэрээ байгуулсан.  Манайх 216 айлын орон сууц барина. Өмнө чөлөөлсөн айлуудаа энэ байр руугаа оруулах боломжтой. Тухайн айлууд түрээсийн  орон сууцад амьдарч байна. Өнөөдрийн манайд газар чөлөөлсөн  айлаас  нэг  ч  гомдол ирээгүй. Төлөвлөгөөгөөр бол өдийд ашиглалтад орох байлаа. Ирэх оны эхний  хоёрдугаар  улиралд  багтаан орон сууцаа ашиглалтад оруулахаар төлөвлөөд ажиллаж байна.   

Ямартай ч тендерт ялж, гэр хороолол орон сууцжуулах ажил авсан “Гранд лайн” өнөөг хүртэл хоёр жил иргэдийг түрээсийн байранд амьдруулсаар байна. Өнөөөдөр эхлээгүй барилгын ажил хэзээ эхэлж дээрх иргэд түрээсийн байрнаас өөрийн орон сууцанд орох нь бас л тодорхойгүй. Ийнхүү хотын даргын хүүгийн компаниас болж олон иргэн хохирч байгаа юм. Дээрх уулзалтын үеэр иргэд дахин төлөвлөлтийг болимоор байна. Хөгшин настай иргэд бид зүгээр тайван амьдармаар байна. Насаараа ажиллаж хашаа хороогоо тохижуулчихаад хэдхэн метр квадрат байраар солимооргүй байна. Үнэндээ үр хүүхэд минь хоосон үлдэх болчихоод байна хэмээн ярьцгааж байсан юм. Түүнчлэн нэгэнт дахин төлөвлөлтөд оруулах шийдвэр гарчихсан тохиолдолд тухайн ажлыг хариуцаж авсан компани аж ахуйн нэгж иргэдийг хохироолгүй ажлаа цагт нь амжуулж байвал сайн юмсан хэмээн халаглангуй ярьж байсан юм. 
 

П.ЭРДЭНЭ