Өнгөрч буй долоо хоногт өрнөсөн үйл явдлын тоймыг хүргэе.

 

-Австрали эмч нар түлэгдсэн хүмүүст үнэ төлбөргүй үзлэг, хагалгаа хийнэ-

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхий, нөхөн сэргээх мэс заслын тасгийнхан энэ онд Австрали улсын “Интер пласт” олон улсын байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ ажлын хүрээнд Австралийн түлэнхий, пластик мэс заслын нарийн мэргэжлийн баг энэ сарын 20-25-нд ГССҮТ-ийн Түлэнхий, нөхөн сэргээх мэс заслын тасгийн түлэгдсэн болон түлэнхийн дараах сорвитой өвчтөнүүдэд үзлэг, оношилгоо хийхээр болжээ.

Дээрх эмч нарт үзүүлэх, оношлуулах шаарддагатай, хүсэлтэй байгаа хүүхэд, насанд хүрэгсдийг ГССҮТ-ийн Түлэнхий, нөхөн сэргээх мэс заслын тасагт бүртгэж байгаа аж. Харин амбулаторийн үзлэгийг зөвхөн энэ сарын 20-ны өдөр хийгдэх бөгөөд үзлэгийн тоо хязгаартай болохыг албаны хүмүүс хэлсэн. Мэргэжлийн баг үзлэг хийсэн өвчтөнүүдээс шаардлагатай өвчтөнгүүдийг сонгон авч, түлэгдсэн үеийн болон түүний дараах нөхөн сэргээх хагалгааг үлдсэн өдрүүдэд үнэ төлбөргүй хийхээр төлөвлөсөн байна.

-Хордсон хүү 40 ширхэг эмийг чихэртэй андуурч иджээ-

Эмнэлгийн байгууллага, эмч, эм зүйчийн буруугаас хүүхдүүд эмэнд хордсон. Энэ мэдээлэл намжаагүй байхад дахин "хүүхэд", "эм" гэсэн асуудал сөхөгдлөө. 

Хэд хоногийн өмнө хоёрхон ой өнгөрч буй бага насны хүүхэд эмэнд хордож, ЭХЭМҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт иржээ. Хүү одоогоор Дотрын хоёрдугаар тасагт хэвтэн эмчлүүлж буй бөгөөд биеийн байдал хүнд байгаа гэдгийг албаны эх сурвалж мэдээлж байна. Хүүгийн хувьд том хүний доз буюу нэг нь 400 мг-тай үрэвслийн эсрэг ибупрофен /ibuprofen/ гэх эмийг 40 ширхэгийг уусан байжээ. Улмаар эмнэлэгт ухаангүй ирсэн байна. Хүүгийн уусан  эм бол харагдах байдал нь ягаан өнгөтэй, жаахан хүүхдүүд чихэр, бохь гэж андуурч авч идэхээр л эм аж. Тэгэхээр ийм төрлийн эмээ ил задгай, хүүхдийн гар хүрэх газар тавьсан эцэг эхийг нь буруутгах шалтгаан болоод байна.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар эцэг эхчүүдийн хараа хяналтгүйгээс болж бага насны хүүхдүүд эм болон янз бүрийн химийн бодис агуулсан хорт бодист хордож ирэх нь хэрээс хэтэрч байгаа аж.

/Эх сурвалж:www.24tsag.mn/

 

-“Жи эн Моторс Тур” ХХК хууль бус үйлдлээ зогсоохгүй байхаар шийдэв үү-


Зайсан толгой нь Улаанбаатар хотын өмнө талд орших толгой гэдгийг хэн хүнгүй мэднэ. Нийслэл хотын төв хэсгийг тольдон харах боломжтой, Улаанбаатарынхны чөлөөт цагаа өнгөрөөх болон жуулчдын очих дуртай газруудын нэг. Гэтэл эл газрыг тойрон баячуудын хороолол сүндэрлэсэн гэхэд хилсдэхгүй. Одоогоос 10 гаруй жилийн өмнө өндөр барилга бүү хэл намхан ч ганц ч байшин байгаагүй гэдэг. Гэтэл өдгөө амар зугаалгын бүсийг тойрсон хөл гишгэх зайгүй болтлоо орон сууц, хаус боссон. Үүгээр ч зогсохгүй Зайсан толгойг ухаж барилга барих үзэгдэл хэвийн мэт боллоо. 

Үүний нэгэн баримтыг энд дурдая, Зайсантолгой руу өгсөх замын баруун талд зөвшөөрөлгүй барилгын суурь ухаж байсан “Жи эн Моторс Тур” ХХК-ийн  хууль бус үйлдлийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар болон  “Ногоон хас” ТББ-ын төлөөллүүд газар дээр нь очиж, шаардлага хүргүүлж, хууль бус үйл ажиллагааг нь таслан зогсоолоо.  

“Ногоон хас” ТББ-ын гишүүн Б.Галсансүх:  “Энэ газрын үйл ажиллагааг албан ёсоор түдгэлзүүлэхээр болж байна. Барилгынхаа сууриа ухаад эхэлчихсэн. Газар, шорооных нь ажил хийж байх үед нь талбайн инженерт нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Жүрмэддорж байцаагч ирж шаардах хуудас өгөөд явлаа. Одоо цаашдаа яахыг харж л байя. Харин энэ барилгынхан болохоор “наад газартай чинь бид учраа олчихно” гэж байна. Учраа олно гэдэг нь ямар учиртай юм бүү мэд. Бид нар барилгынхаа ажлыг үргэлжлүүлж хийнэ, газрыг нь ухна гэсэн үг юм байлгүй” гэлээ.

Угтаа бол “Жи эн Моторс Тур” ХХК-ийн үйл ажиллагааг МХЕГ-аас түр зогсоосон шийдвэр гарсан байдаг. Тодруулбал, УИХ-ын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд ногоон байгууламж байхаар тусгагдсан Зайсан толгойн өгсөх замын баруун талд зөвшөөрөлгүй барилгын суурь ухаж байсан “Жи Эн Моторс” ХХК-ны хууль бус үйл ажиллагаанд Мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын байцаагч Жаргал анх 2014 оны 9-р сарын 29-ны өдрийн 02-07-100/394 тоот акт тавьж, “Жи Эн Моторс Тур” ХХК нь барилгын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүйгээр газар шорооны ажлыг эхлүүлсэн байгаа нь барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16-д заасан барилга угсралтын ажлыг “Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ажил эхлэх, үргэлжлүүлэхийг хориглоно гэж заасныг зөрчсөн байна” зөрчлийг арилгуулах хүртэл газар шорооны ажлыг түр хугацаагаарр зогсоосон акт авьсан боловч дээрх компани улсын байцаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, хууль зөрчин зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсаар өдийг хүрчээ. Холбогдох хууль тогтоомжоор ногоон байгууламж байхаар тогтоосон энэхүү талбайд барилгын суурь ухаж байгаа талаар иргэд оршин суугчид Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд удаа дараа гомдол шаардлагыг хүргүүлж байжээ. 

Харин Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын мэргэжилтэн, Ногоон хас ТББ-ын төлөөлөлтэй газар дээр нь очиж үйл ажиллагаагаа зогсоохыг нь дахин санууллаа. 

Ийнхүү хуулиа дээдэлдэггүй барилгын компаниудаас болж Нийслэлийнхэн бид Зайсан толгойгоо ч олж харахад хэцүү болж тэр бүү хэл хотоо тольдон харах Зайсан толгойгүй болох цаг ирсэн бололтой. 

Өнөөдөр ногоон байгууламж байх ёстой газар 10 давхар барилга барихаар улайран зүтгэж буй тус компанийн үйл ажиллагааг таслан зогсоохыг хүссэн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Баттулгын гарын үсэг тамга тэмдэгтэй шаардлагыг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-үүлд хүргүүлж байжээ. Гэтэл өнөөдрийг хүртэл ямар ч арга хэмжээ аваагүй өдийг хүргэсэн гэнэ.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, тэргүүлэгчид зураг төсөл нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраар батлагдаагүй, ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүйн улмаас мэргэжлийн хяналтын газраас акт тавьсан “Жи Эн Моторс Тур” ХХК-ны талбайд хууль бусаар барилгын суурь ухаж байгаа машин мяханизмыг эзэмшигчдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох, талбайг яаралтай чөлөөлөх болон үйл ажиллагааг нь таслан зогсоох арга хэмжээг нэн даруй авч, зөрчилтэй асуудал эцэслэн шийдэгдтэл хууль тогтоомжийн хэрэгжилтэд байнгын хяналт тавьж ажиллахыг НМХГ, Нийслэлийн цагдаагийн газар, Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст зөрчил арилгуулах тухай албан хүсэлтийг илгээгээд байгаа аж.

Мөнгөтэй хүнд хууль үйлчилдэггүй болсны жишээ гэлтэй эл явдал хэрхэн шийдэгдэх бол гэдгийг харж л сууя.

-С.Баяр, М.Энхсайхан нар Оюутолгой, Тавантолгойн талаарх шүүмжлэлийг гадаад орны захиалгатай гэв-

Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын 2015 оны хаврын чуулганы нээлтийн өмнөх өдөр ард иргэдэд хандан, мэдэгдэл хийх үеэрээ:

"Шийдлийн, эв эеийн Засгийн газар эвлэж бүрдэн ажиллаж эхэлсэн эхний 100 хоногийн хугацаанд өдөржин шөнөжин зүтгэж чармайсан нөр  ажлын үр дүнгээ гаргаж байна. Юуны өмнө, сүүлийн гурван жил гацсан Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх, сүүлийн зургаан жилийн хугацаанд саатсан Таван толгойг дэлхийн хэмжээний уурхай болгох шийдвэрүүдийг эцэслэн гаргахыг монгол хүн бүхэн хүсэн хүлээж байгаа.

Оюу толгойн далд уурхайн их ажлыг эхлүүлэх амаргүй хэлэлцээг урт удаан хугацаанд хийж явууллаа. Хоёр тал маргаантай байсан үндсэн асуудлуудаар  зарчмын үндсэн тохиролцоонд хүрч чадлаа. Одоо дотоод шат дамжлагын шийдвэрлэвэл зохих ажлаа дуусгаад, үр дүнг ойрын үед олон улсад албан ёсоор зарлах болно.

Оюу толгойн далд уурхайн ажлыг эхлүүлэх түүхэн шийдвэрийг гаргаснаар дэлхийн хамгийн том 14 банк 4,2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Монгол Улсад оруулах үүд хаалгыг нээж өгч байна. Энэ бол зөвхөн Оюу толгой компани төдийгүй Монголын хэдэн зуун аж ахуйн нэгж эх орондоо өрнөх их бүтээн байгуулалтад эрч хүчтэй оролцон ашиг орлогоо нэмэх өргөн боломж, шинэ зам нээж өгнө.

Таван толгойн төслийн хэлэлцээр төгсгөлийн шатандаа орлоо. Хоёр тал үндсэн зарчмын шийдлүүддээхүрч чадсаныг тэмдэглэхэд таатай байна. Засгийн газрын дараагийн ээлжит хурлаар хэлэлцэн зохих шийдвэрийг гаргаж, Таван Толгой төслөө албан ёсоор зарлан эхлүүлэх боломжтой боллоо.

Таван толгой төслийн их бүтээн байгуулалт зөвхөн яриа маргаан бус бодит ажил болж  эхэлснээр бүхэл бүтэн 6 жил гаруй цаасан дээрээ гацсан төмөр зам хөрсөн дээрээ баригдаж дуусна. Төсөвт зөвхөн энэ жил 200 гаруй сая ам.долларын урьдчилгаа оруулна. Төмөр замд оруулсан 300 гаруй сая доллараа эргүүлэн олж авна.

Хүмүүсийн хамгийн их асуудаг 1072 хувьцааны талаар зориуд тэмдэглэн  хэлэхэд хэрэв УИХ хэлэлцэн зөвшөөрвөл хувьцаа эзэмшиж байгаа 1 сая 800 мянган хүний ноогдол ашигт зөвхөн энэ жил  гэхэд урьдчилгаа мөнгөнөөс хүн тус бүрт 100 мянган төгрөгийг тусгай санд хуваарилах боломж байна. Цаашид 1072 хувьцааны үнэ цэнийг дээшлүүлэх зорилгоор Эрдэнэс Тавантолгой компанийн хувьцааг Эрдэнэтийн 51%, Оюу толгойн 34% багтдаг Эрдэнэс Монгол компанийн хувьцаа руу шат ахиулан хувиргах асуудлыг бид судлан шийдэх боломжтой гэж үзэж байна.

Шулуухан хэлэхэд  хоёр том төслөө хөдөлгөж байж л, араас нь залгах бусад хөрөнгө оруулалт бодитоор орж ирнэ. Монгол Улс хүндрэлээс гарах гарц нээгдэнэ.” Гэсэн юм.
Харин маргааш нь УИХ-ын дарга З.Энхболд хаврын чуулганы нээлт дээр үг хэлэх үеэрээ Засгийн  газр ын хийж буй Тавантолгойн гэрээг шүүмжлээд, хэрэв уг гэрээнд гарын үсэг зурах гэж оролдвол нэр бүхий сайд нарыг огцруулна гэдгээ мэдэгдсэн билээ.

Үргэлжлэлийг эндээс

 

-Монгол цагдаа vs Хятад дэлгүүрийн хамгаалагч=Х.Тэмүүжингийн шинэчлэл-

Хууль, эрх зүйн шинэчлэл нэрийн дор энэ салбарын ажлыг “нураасан” Х.Тэмүүжингийн балаг дуусахгүй нь.

Шинэчлэл нэрийн дор мөрдөс зүүсэн монгол төрийн цагдаадаа Турк улсад үйлдвэрлэсэн, тоос шороо их татдаг нийллэг материалтай, “барайсан хар” хувцас, бүрх малгай зэргийг  “хүчээр өмсгөчихсөн.”

Тухайн үедээ хэвлэл мэдээлэл, олон нийтийн дунд цагдаагийн шинэ хувцасны талаар багагүй маргаан, шүүмжлэл өрнөсөн ч Х.Тэмүүжин сайд “ажил үүргээ гүйцэтгэхэд нь тохиромжтой хувцас” гэсэн үгээр өнгөлөн далдлаад өнгөрсөн билээ. 

Аливаа улс үндэстний сүр сүлд нь цэрэг, арми, цагдаадаа байдаг билээ. Гэтэл мөрдөс зүүсэн монгол төрийн цагдаа Хятадын захын дэлгүүр, үйлчилгээний газрын хамгаалагч, зүгсоолын зохицуулагчтай тун төстэй харагдана. Ялгарах зүйл огтхон ч алга.

 Ингэж ч хуулийн байгууллагынхныг “хагалж” дууссан Х.Тэмүүжин монгол цагдаагийн сүр сүлдээр хүртэл “тоглоод” хаячихлаа.

Баримт зургуудыг эндээс 

-Хоёр толгойг хойш татвал од бус хог болно-

“Урьдын юм ул болж, шинэ зүйл зул болно” гэж монголчууд бид хэлэлцдэг. Энэ нь цаг өөрчлөгдөж, хүмүүсийн үзэл бодол, аливааг харах хараа, зөн билэг нь үзсэн туулснаасаа сургамж авч өөрчлөгдөж байдгийг хэлсэн биз ээ.

Үнэндээ ч өмнө нь хоёр толгойг хоргоосон хүн од болдог байлаа. Харин өдгөө хоёр толгойтой чаргуулдсан хүн хог болох шинжтэй болжээ.

Оюу толгойн орд нээгдсэн цагаасаа эхлээд дуулиан шуугиан дагуулж, 2001-2005 оны хооронд эхний хэл ам, хэрүүл шуугиан мандаж асан нь хэвлэлийн хуудаснаа үлджээ. Дараа нь Рио Тинто хэлэлцээрийн нөгөө талд орж ирснээр аанай л дуулиан үргэлжилсээр 2009 онд гэрээ батлагдаж байв. Батлагдаад байдал намжсан уу гэвэл үгүй. Харин ч нэмэгдсэн. Энэ гэрээг үгүйсгэдэг, буруутгадаг хүмүүс бүр ч мэргэшээд, гарын үсэг зурсан бэлэн зэхээний муулуулах “бай”-нуудтай болсон учраас Оюу толгойг тойрсон сэдэв үргэлжилсээр өнөөдөртэй золгожээ. Таван толгой ч ялгаагүй. Энэ ордыг тойрсон лицензтэй хүмүүсийг шүүмжилж, муулж дараа нь төр сүрээрээ далайлгаж байгаад лицензийг нь авч байлаа. Тэгээд хувьцааны гол эздэд багахан хэсгийг нь эргүүлэн өгсөн нь бөөн хэл ам авчирсан. “Өрмийг нь аваад, хусмыг нь өглөө” гээд л явж өгсөн. Толгой тойрсон хэл амууд хэзээ ч дуусахгүй мэт үргэлжилсэн хэвээрээ л байна. Оюутолгойн асуудал яах нь мэдэгдэхгүй зогсоод эхэлчихсэн энэ үед Таван толгойг сонирхох хүмүүс гарч ирсэн нь эх захгүй хэрүүл, хэл амыг гал мэт өрдсөөр. Толгойнууд тойрсон яриа хөөрөө,дагаж тодрох баатрууд урьдын адил хэвээрээ мэт боловч тэрхүү “жүжиг”-ийн өрнөлийг харж суугаа үзэгчид болох ард түмний хандлага өөрчлөгджээ.

Эхэн үедээ толгойн асуудлыг ярьж, ард түмний талд байгаа мэт харагдаж байгаа хүмүүсийг түмэн олон манай талын хүмүүс хэмээн боддог байсан байж магадгүй. Харин арав, арван таван жил өнгөрөхөд амьдрал бахь байдгаараа, толгойнуудаа “аварч” үлдлээ гээд амьдралыг нь аварч хоцорсон нь үгүй учраас хүмүүс эргэлзэж эхэлжээ. Өнгөрсөн ням гаригийн орой хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ард түмэндээ хандаж хэлсэн үгийг монголчууд чих тавин сонссон билээ. 2008 онд олимпийн аварга төрсөн үеийнх шиг, 2009 онд ардчилсан Ерөнхийлөгч ялахад л тэгж юунд ч юм итгэж, найдах сэтгэл төрж байсан байх. Хэзээ ч дуусах нь мэдэгдэхгүй хямрал гэх гацаанд орчихоод байгаа түмэн олонд гүйцэтгэх засаглалын тэргүүний хэлсэн хоёр толгойгоо урагшлуулна, хөдөлгөнө гэсэн үгс маш их урам зоригийг өгсөн. Гэвч тэр урам ердөө хэдхэн цагийн л настай байж. Маргааш өглөө нь болсон чуулганы нээлтийн үйл ажиллагаагаар тэр бүх итгэл найдвар нурж орхив. Нөгөө урмыг нь хугалахаар ууцыг нь гэгчээр юунд ч юм, итгэж найдаж байсан хүмүүс дахиад л хэрхэхээ мэдэхээ байв. Толгой тойрсон асуудлууд хэвээрээ, толгойнуудын хоёр талд гарч зогссон хүчнүүд ч хэвээрээ байгаа юм байна. Гэхдээ нэг л зүйл өөр болсон нь эдгээр үйл явдлуудыг хараад сууж байгаа хүмүүсийн үзэл бодол өөр болжээ. Өмнө нь толгойн асуудлыг хөдөлгөнө, урагшлуулна гэж байгаа хүмүүсийг гэрээ хэлэлцээр хийх давуу талаа ашиглаад гадныханд ашигтай, монголчууддаа хохиролтой зүйл заалт оруулж байгаа гэж шууд харддаг байлаа. Тийм боломжгүй гэж байсан ч тэгж л таарна гэж гөрддөг байв. Тэгээд энэхүү хардлага таамгийг хэлсэн хүнийг шударга, манай үеийн зоригт баатар гэж үзэгсэд ч цөөнгүй байлаа. Үүнийг дагаад одод ч их төрсөн дөө. Хоёр толгойг хоргоосон хүн од л болдог байлаа шүү дээ. Харин гэтэл одоо хүмүүсийн үзэл бодол, аливаад хандах хандлага нь өөр болж. Хоног эргэх тусам ард түмэн амьдралаараа мэдлэгжиж, боловсорч бас ухаажиж байна. Яагаад гэвэл тэд үзсэн харснаараа тунгааж, бас ялгаж байна л даа.

Хоёр толгойг муулаад яваад байвал нэг л их мундаг эх орончдын дүрд амархан хувилна. Бусдыгаа эрлийз хурлийз, урвагч шарваачаар нь дуудаж тодорно. Гэхдээ удалгүй тэрхүү “эх орончид” маань эрх мэдэлд хүрч, эд баялагтай болно. Харин “үзэгч-сонгогч” түмэн урьдын бахь байдгаараа ядуу, зүдүү харанхуй үлдэнэ. Өнгөрсөн жилүүдэд хүмүүс үүнийг анзаарч ялгах болжээ. Уурхай ажиллаад, бүтээгдэхүүн гаргаад байвал хүмүүс ажилтай, дагаад цалинтайн учир данс руу мөнгө ороод байна. Хүмүүс хөдөлж л байвал хөлс авдаг гэдгийг мэддэг болжээ.Харин нэгнээ муулаад, хэнийгээ ч хөдөлгөхгүй бариад байвал өөрсдөө ч урагшлахгүй гэдгийг ойлгодог болж. Мао “Ард түмэн бол цагаан цаас. Түүн дээр юу ч гэж бичиж болно” гэж хэлсэн байдаг. Харин монголчууд “Ард түмэн чинь юмыг ялгаж салгадаг улс шүү” гэж байнга ярьцгаадаг. Үнэхээр Монголын ард түмэн үзсэнээрээ туулснаараа ялгаж хараад байна. Толгойнуудаа ашиглахыгхаагаад боогоод байх тусам өөрсдийгөө хөдөлгөхгүй байгаагаа мэдэхтэйгээ “тэнэг” болжээ. Үүний энгийн нэг жишээ Говь-Алтай аймгийн орон нутгийн нөхөн сонгуулийн үр дүн байдаг. 2012 оны сонгуулийн үр дүн маргаан дагуулж улмаар шүүхээс зарим сумдад нөхөн сонгууль явуулах шийдвэр гаргасан билээ. 2014 оны нэгдүгээр сард болсон нөхөн сонгуульд аль, аль нам нь асар их хүч тавьсан. Тэр дундаа МАН-ынхан хэд дараалсан ялагдлын дараа ялалт авчрахыг мөн чиг их хүссэн. Бас М.Энхболд намын даргын албыг дөнгөж авчихаад ялагдуулдаг нэр зүүхийг бодоогүй нь харагддаг. Тухайн үед МАН-ынхан УИХ-ын гишүүдээрээ Говь-Алтайд десант буулгаж, бас АН-ыг уул уурхайг ашиглуулж, өссөн төрсөн нутгийг нь сүйтгэх гэж байна гэсэн сурталчилгааг чамгүй явуулсан билээ. Хуучин цагт сан бол энэ пи ар чухам бат араанд нь хийх сурталчилгаа байлаа. АН-ынхан нөгөө талд уурхайг ашиглаж, эргэлтэд оруулна гэдгээ мэдэгдсэн. Харин сонгуулийн үр дүнд АН ялж, МАН ялагдав. Энэ бол орон нутагт ч иргэд уурхайгаа ажиллуулбал иргэд ажилтай, жасадүлдэх юмтай, үүнийг дагаад хөгжил ирж байна гэдгийг ялгадаг болсны энгийн жишээ байв.

Ер нь Толгойн асуудлаа ашигтайгаар шийдэж, амжилтад хүргэхийг шаардах нэг хэрэг. Харин үүнийг ярьж ард түмэнд таалагдах гэж хичээдэг хүмүүс явахгүй шүү. Толгойн ажлуудаа зогсооно гэвэл түүнтэй дүйхүйц ажил бодож олохоос өөр аргагүй. Тэр хэмжээнд иргэдээ ажилтай, орлоготой болгох, улсдаа хэдэн төгрөг оруулж ирэх, олон тооны ажлын байр бий болгох ажлыг л олох хэрэгтэй болно доо. Дахин хэлэхэд толгойн ажлыг хойш татахад од болдог урьдын явдал ул болжээ.

Эх сурвалж: www.dnn.mn

-Эхлээд мөнгөө олчих, тэгээд үнээ чөлөөлье-

 

Нийтлэлч Баабарын өнгөрөгч сарын 19-нд бичсэн “Одоохон үнэ чөлөөл” гэх нийтлэл эдийн засгийн хүрээнийхний “олзлон” ярих сэдвийн нэг болоод байгаа.
Тавантолгой гэж талцах энэ нийгмийн дундуур үнийн чөлөөлөлт, цахилгаан дулааны үнэ, шатахууны үнийн өсөлт, гурил махны талаар ганц ч гэсэн хүн анхаарч бичсэн нь энэ. Нийгмийн сэхээтэнлэг давхаргын ганц нэг хүн энэ талаар анхаарал хандуулж “Үнэ чөлөөл гэснээс бусдыг нь дэмжиж байна. 

Үнэ чөлөөлөх маш аюултай. Цахилгаан, дулааны үнийг чөлөөлснөөр бүх бараа дагаад нэмэгдэнэ” хэмээжээ. Энэ хүрээнд ч жиргээчид талцан хуваагдав. Ихэнх нь ноцтой үр дагавар нь илүү, эдийн засаг тогтворгүй савалгаатай, валютын ханш тогтворгүй ийм үед барьж байсан нь гэмгүй гэдэгт санал нэгдсэн нь олзуурхууштай. Нийтлэлийн гол санаа нь төр үнийг барьснаар  ард түмнийхээ эрх чөлөөг боомилж, нөгөө талаар төрд шургалсан хувалзууд илүү их завшиж байна гэсэн утгатай. 

Тиймээс дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ буугаад байхад манай хэдэн монополь компаниуд үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд үнээ барьж байна. Хатуу бариад байгаа нь хэрхэвч зүйд нийцэхгүй асуудал гэжээ. Хөндөх ёстой сэдэв. Анхаарч ярих л асуудал. Гэвч аль талаас нь хөндөх ёстой вэ гэдгээ эхлээд бүгдээрээ ярихад гэмгүй байгаа юм. Шатахууны үнэ монголд хамаагүй байсаар олон жилийг үдэж байна. Цаашдын 20 жилд ч ийм байхыг үгүйсгэх аргагүй. Хоёр хөршөөсөө шатахуун, дулаан импортолдог манайх шиг жижиг улсын толгойн өвчин нь нефть байсаар ирсэн. 

Монополь хэдхэн компаниуд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж авсан үнээсээ хэд дахин нэмэгдүүлж зараад 17 тэрбум төгрөгийн өрөнд унаж байсан жишээ ч саяхных. Манай улсын зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүний импорт бусад үйлчилгээг явуулдаг 20 гаруй компани байдаг бөгөөд эдгээрээс шатахууны жижиглэнгийн борлуултын үйлчилгээ үзүүлдэг зургаан компани байдаг байна. 

Гэтэл ганцхан компани импортын шатахууны 40 шахам хувийг дангаараа нийлүүлдэг нь энэхүү зах зээлд өрсөлдөөн биш монополь байдалтай гэж үзэж болохоор байгаа юм. Үгсэн хуйвалдсан луйврын хэрэг өнөөдрийг хүртэл шүүхийн шатанд явж байгаа. Түүх сөхөөд үзье. Одоогоос гурван жилийн өмнө ШӨХТГ-ын дарга О.Магнай “Зууны мэдээ” сонинд ярилцлага өгчээ. Тэрбээр, “Шатахууны үнийг 230-250 төгрөгөөр нэмэх гэж байна. 

Энэ хэр үндэслэлтэй тоо юм бэ” гэсэн сэтгүүлчийн асуултад “Оросоос ирж байгаа үнэ 70 орчим ам.доллараар нэмэгдсэн. Тэгэхээр шатахууны үнэ литр тутамдаа 40-50 төгрөгөөр нэмэгдэх болов уу гэж тооцоолж сууна. 230 төгрөгөөр нэмнэ гэснийг эргэж харна, тооцоо судалгаа хийнэ” хэмээн хариулт өгч байжээ. 

Яг үүнийхээ дагуу 230 төгрөгөөр нэмсэн импортлогч компаниудад шалгалт хийж үгсэн хуйвалдсан гэх зарга үүсгээд ялж байсан удаатай. Үнэ чөлөөтэй байсны үр дүн нь энэ байсан. Ер нь Монголд хамаагүй шатахууны үнийн бууралтыг манайд хамаатай болгохын тулд эхний хийх ажил нь үнэ чөлөөлөх биш. Харин говийн нутгуудаар олдож байгаа нефтийн нөөцөө түшиглэж үйлдвэр барих мөрөөдлөө одоо л ажил хэрэг болгоё. Аж үйлдвэрийн сайдын яриад яваад байгаа хоёр үйлдвэрийг барих боломж байна уу, үгүй юу гэдэгт анхаарлаа хандуулмаар байна. 

Дэлхийд үнэ нь буурлаа гээд манайд үнэ буурчихна гэсэн “гэнэн яриа” одоо сэтгүүлзүй цаашлаад улс төр, эдийн засгийн салбарт ч хэрэггүй байгаа юм. ОХУ ч манай нефть бүтээгдэхүүний үнэ дэлхийд уначихлаа, танайх хямдралтай үнээр нь ав гэж биднийгээ башийлгах нь юу л бол. Төв суурин газар амьдраагүй хэрнээ үнээр дарамтлуулж, хээрийн нэмэгдлээр торгуулдаг нь сумдын иргэд, оршин суугчид. Өөрөөр хэлбэл, Дорнод аймгийн Халх гол сумын иргэд литр түлшийг 2420 төгрөг, Ховд аймгийн Алтай сумын иргэд 2530 төгрөгөөр тус тус худалдан авах хэрэг үү.  

Төв банкны Засгийн газартай хамтран хэрэгжүүлсэн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” тийм ч муулаад байхаар зүйл биш байсныг эдийн засагчид, энэ салбарт ажиллаж алдаа оноог нь хангалттай үзчихсэн улстөрчид хүлээн зөвшөөрдөг. МУИС, СЭЗДС-ийн олон ч эдийн засагч багш нартай энэ сэдвээр ярилцлага хийж суухад “Энэ хөтөлбөр хэрэгжээгүй бол зөвхөн 2014 оны эхний хагаст гэхэд мах, бензин шатахууны  үнэ  одоо байгаагаас 2.5-4.6 дахин  нэмэгдэх байсан” гэсэн тооцоог энгийн ойлголтоор тайлбарлаж байв. 

Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг хэрвээ үнийг чөлөөтэй орхисон бол шатахууны үнэ дэлхийн эдийн засаг дээр нефть бүтээгдэхүүний үнэ хэлбэлзсэн, валютын ханшийн сулралтай 2012-2013 онуудад 2200 ба түүнээс дээш үнэд хүрэх байсныг хэлж байсан удаатай. Ингээд харахаар харин ч дэлхийн эдийн засаг савласан, дээш доош болсон энэ үед бид зөв бодлогоор дотоодын зах зээлээ тогтвортой барьж ханшийн хэлбэлзлээс ангид байж чадсан юм биш үү гэж харагдаад байгаа юм.  Сүүлийн 2-3 жилд 30-40 хувьтай байсан ханшийн хэлбэлзэл түлш, шатахууны үнийн огцом өсөлтөд нөлөөлж чадаагүй нь тогтворжуулах хөтөлбөрийн үр дүн байсныг статистик мэдээ харуулаад байгаа.