Шинэчлэл нэрээр дахиад л цагдааг бужигнуулах нь
2015/05/11
-Д.Дорлигжав сайд цагдаад хийх бүтцийнхээ бүдүүвчийг хэдийнэ гаргасан гэнэ-
Цагдаа дахиад л бужигнах нь. Бүтэц зохион байгуулалтыг нь шинэчлэх нэрээр 2012 оноос хойш баахан л нааш цааш болгов. Газрыг нь алба, албыг нь хэлтэс нэртэй болгоод л гоё гоё гуншин оноож, дарга нарыг нь сольж, энд тэндээс нэр нь тодроогүй “баатрууд”-ыг олж ирэн цагдаад хийх шинэчлэлийг гардагчид болгон өргөмжилж байлаа. Гэвч шинэчлэлийн нэртэй Засгийн газар унаж Ерөнхий сайд Н.Алтанхуягтай хамт хууль зүйн салбарын шинэчлэлийн түүчээ хэмээн өөрийгөө өргөмжилсэн Х.Тэмүүжин сайдын албаа өгч сул гишүүн болсон. Х.Тэмүүжинтэй хамт хуулийн салбарын шинэчлэл ч төрхөмдөө буцах нь тодорхой болж байх шиг байна. Энгэрийн тэмдэг шиг ээлжлэн солигдож байдаг сайдын албатай хамт цагдаа хүчний байгууллагад холио солио хийх нь хэр уршигтай вэ.
Уг нь хууль, хүчний байгууллагууд тэр дундаа цагдаа, тагнуулыг улс төрөөс хараат бус байлгаж, ажилтнуудыг нь хуулийн дагуу өндөр ур чадвартай ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлж өгөх нь төр засгийн үүрэг. Сайд хэн байхаас шалтгаалж савлаад байдаг бодлого энэ салбарт эм биш хор болно. Харамсалтай сүүлийн жилүүдэд эдгээр байгууллага үргэлж улс төрийн нөлөөнд байж, улстөрчдийн дохио зангаагаар хөдөлж ирсэн. Нэг сайд гарч ирээд л салбарынхаа дотоодод сэлгий хийж буй нэрээр өөрийн хүнээ томилоод, нөгөөдүүл нь дотроо бужигнуулсаар байгаад одоо бол олигтойхон боловсон хүчин ч байхгүй болов.
Тэдгээрээс Х.Тэмүүжингийн шинэчлэл бүр ч илүү самарсан. Сургуулийн ширээнээс дөнгөж салсан амных нь салиа арилж амжаагүй жаахан дэслэгч шинэчлэлийн буянаар том албан тушаалд очиж, насаараа ажилласан хурандаагийн орон тоог эзлээд зогсохгүй цолыг нь зүүж хэсэгтээ л гангарсан. Д.Дорлигжав харин сайд болоод юутай ч цолны асуудлыг нь шийдээд албан тушаалыг нь дагаж өөрчлөгддөг жишгийг халж орхисон. Үүнд нь цагдаагийн хуучин бурхинууд тун ч баяртай байгаа.
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгыг оффис болгоно хэмээн зөрүүдэлсэн Х.Тэмүүжингийн алдааг зассан. Согтуурч солиорсон нэгний архийг гаргаж эрүүлжүүлэх үүргийг цагдаагаас салгаж эрүүл мэндийн салбарт өгсөн нь эмнэлгийн ачааллыг нэмж, энгийн иргэдэд эмчлүүлэх боломж хумигдсан хэмээн нийгэм нийтээрээ шүүмжилж байсныг ч мөн Д.Дорлигжав сайд болоод буцааж голдиролд нь оруулсан. Энэ мэтээр өмнөх сайдын алдааг засах ажлуудыг эрчтэйхэн хийж эхэлсэн шинэ сайд эрх зүйн орчны шинэтгэл буюу хуулийн шинэчлэл дээр анхаарал хандуулж байгаа. Гэхдээ мөн л өмнөх сайдын өргөн барьсан, цаг гарган, хөрөнгө хүч зарж байж боловсруулсан, бүр парламентад өргөн барьсан хуулиудыг ч буцаан татаж, төсөв мөнгөгүй хоцорч, цаашид яах нь тун ч тодорхойгүй үлдэх дээрээ тулаад байсан Тахарын албаны эрх үүргийг нэмж өгөхөөр хуульд өөрчлөлт оруулахаар болсон. Ингэхдээ Цагдаагийн албаны тухай хуульд Х.Тэмүүжингийн шигтгэсэн заалтуудыг цэг таслал ч үлдээлгүй түүх гэнэ.
Мөрдөх албаны тухай гэх том нэртэй хулийн хувь заяа ч бүрхэгшиж ирсэн. Уг нь энэ хуулийг баталбал хууль сахиулах байгууллагуудын үндэстэн дамнасан, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх алба, тасаг, хэлтсүүдийг нийлүүлж дахин нэг тусгай агентлаг бий болгох тухай ярьж байв. Гэхдээ энэ бүгд цаасан дээрээ үлдэж, одоогийн бүтэц буюу Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газрыг нэгтгэсэн Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт ч ямар нэг өөрчлөлт хийж магадгүй бололтой.
Энэ бүхэнтэй уялдуулах Д.Дорлигжав сайдын шинэчлэлийн шуурга тун удахгүй цагдаагийн байгууллагад дэгдэнэ Тэрбээр цагдааг өөр бүтцээр ажиллуулна хэмээж буй бөгөөд шинэ бүтцийнхээ бүдүүвч зургийг нь гаргаад дахиад л халаа сэлгээ хийж, өнөө хэдэн цагдаагаа нааш цааш болгох сураг буй гэнэ. Тиймээс гурван жил хүрэхгүй хугацаанд гурван ч даргын нүүр үзээд амжсан цагдаагийн байгууллагын 8000 гаруй албан хаагч хэн ирж, хэн явах бол хэмээн сураг тавьж суух шинэ ажилтай болчихоод байна.
Д.ЖАВХЛАН
Зочин · 2015/05/11
цагдаа гэж та нарын гарын аясаар тоглодог хотны мануухай ю****** хувцасын тайлаад цолын хураагад янзбүрийн алиалагч шиг хувцас өмсгөөд л хөөрхий цагдаа нар амьгүй албат нар болжээ