Энэ долоо хоногийн онцлох нийтлэл, үйл явдлын тоймыг хүргэж байна. Эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ цагт цөөнгүй компаниуд хаалгаа барьсан гэх мэдээлэл бий. Ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй байгаа байгууллагуудын эгнээгд Засгийн газар хүртэл нэмэгдэв.  

Дэлхийд эх орныхоо нэрийг гаргадаг уран бүтээлчдийн манлайд циркчид багтдаг билээ. Тэгвэл өдгөө "Цирк" гэх айл өнгө зүсээ алдаж өдрөөс өдөрт доройтож буй төрхийн талаар нийтлэл гарсныг энэ удаагийн онцлох нийтлэлд онцоллоо.  

Үргэлж саартай мэдээ дуулна гэж юу байхав. Манай улсын урлаг, спортынх нь өнгөрсөн сараас эхлэн баярт мэдээг ар араасаа дуулгах болсон. Тухйлбал, Авьяаслаг Азичууд шоунд "Хөсөгтөн" хамтлаг оролцож аман хүзүүдлээ.  Мөн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол улсын шигшээ баг 2 алт медаль, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлэв.

 

-Засгийн газар Монголбанкнаас мөнгө зээлж цалингаа тавьжээ-

Татварын бүрдүүлэлт хангалттай хэмжээнд хүрэхгүйн улмаас төсвийн данс улайж төрийн алба хаагчдын цалинг тавьж чадахгүйд хүрсэн тухай мэдээлэл өнгөрөгч 2014 оны сүүлийн улирлаас эхлэн тасралтгүй яригдсаар байгаа юм.Тухайлбал, өнгөрсөн саруудын төрийн албан хаагчдын цалинг олгохдоо бондын мөнгөнөөс авсан, Эрдэнэт үйлдвэрийн ган бөмбөлөг авах мөнгийг ашигласан, Нийгмийн даатгалаас мөнгө зээлэх арга замаар цалинг хугацаанд нь тавьж байсан аж. 

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж байгаачлан өнгөрөгч дөрөвдүгээр сарын төрийн албан хаагчдын цалинг тавихдаа Засгийн газар Монголбанкнаас мөнгө зээлсэн сурагтай. Сангийн сайд Ж.Эрдэнэбат, “Цалин, тэтгэвэр тавьж чадахгүй болтлоо доройтчихоогүй байна. Орлогын төлөвлөгөө 88 хувьтай байгаа тул  цагт нь санхүүжилт хийгээд явна” хэмээн мэдэгдэж байсан ч бодит байдал дээр тийм биш бололтой.

Дашрамд дуулгахад, манай улс цалин тэтгэвэр, нийгмийн халамжийн зардалд сард 260 тэрбум төгрөгийг гаргадаг аж. 

Б.Боргил         /Эх сурвалж: www.time.mn/

-Баар болсон циркийн барилгын нэг тал бие засах газар боллоо-

Дэлхийд Монголоо сурталчилдаг урлагийн авьяастнуудын тэргүүн эгнээнд циркчид багтана. Эх орондоо орох оронгүй, уран бүтээлээ үзэгчдэд толилуулах тайз, манежгүй шахам болчихоод байгаа тэд гадаадын циркэд гэрээгээр тоглож, дэлхийн шилдгүүдийн шагналыг “хамдаг”.

Харин эх оронд нь хотын төвд орших цэнхэр дээвэртэй барилга нь өнгө зүсээ өөрчилж, баар, банк, автомашины дугуйн засварын, PC тоглоомын газар болж, зарим хэсгээ түрээслүүлчихээд байгаа. Жорлон нь хүрэлцэхгүй байгаа, эсвэл төлбөртэй ариун цэврийн өрөөнд 200 төгрөг өгөхөөсөө “нарийлсан” зарим хүн түрээслүүлсэн хэсгийн эргэн тойронд “бяруугаа аргамжиж”, “морио харсаар” үнэр танар ч амьсгалахын аргагүй болгож байгаа аж. Мөн хажууд нь барьж буй барилгын хашаа ч нэг “жорлон” нь болсоор байгаа гэнэ.
Яагаад тэр хэсэгт ийм “жорлон” үүсчихээд байна вэ гэвэл циркийн жүжигчдийн өрөө, амьтад байсан хэсгийг “АСА цирк”-ийн удирдлагууд бусдад түрээсэлдэгтэй холбоотой. Уг нь “IT zone” компьютерийн дэлгүүр түрээсэлж байсан ч ашиггүй байснаас гарсан бололтой. Өдгөө тэнд Автотээврийн үндэсний төвийн харьяа Тээврийн хэрэгслийн бүртгэлийн газар үйл ажиллагаа явуулж байна. Тус газраар өдөртөө дор хаяж 500-гаас дээш хүн үйлчлүүлж, машиндаа улсын дугаар авах, хуучин машинаа бусдад шилжүүлэх гээд дугаарлан зогсдог, ачаалал ч ихтэй байгууллага. Циркийн урд талын төлбөртэй зогсоолд ачаалал ихтэй зарим өдөр ямар ч машин багтахгүй болж, түгжрэл үүсгэн ойр хавийнхаа замд ч нөлөөлөх нь энүүхэнд. АСА циркийн төлбөртэй зогсоолынх нь мөнгө хураагчтай уулзахад “Тээврийн хэрэгслийн бүртгэлийн газраар үйлчлүүлэхийн тулд өдөрт дунджаар 300-350 машин орж ирдэг. Ер нь ихэнх машины жолооч энэ зогсоолд зогсохгүй ойролцоох сургууль, орон сууц, үйлчилгээний газрын хажууд тавиад эзэд нь алхаад орчихдог юм” гэж ярилаа.

АСА циркийн нэг хэсгийг түрээслэн үйл ажиллагаа явуулж буй Тээврийн хэрэгслийн тоо бүртгэлийн газартай Сүхбаатар дүүргийн III хорооны 3, 3/18 дугаар байр зэрэгцэн оршино. Тэдгээр байрны оршин суугчид хөрш албан байгууллагадаа ам муутай. 3/18 байрны нэг оршин суугчтай уулзахад “Тээврийн хэрэгслийн тоо бүртгэлийн газраас блокон ханаар тусгаарласан ч явган хаалгатай болохоор тус газар руу орж гарсан хүмүүс манай байрны хашаан дотор, эсвэл хажуугийн барилгын хашаа руу “сарьчихдаг”. Бас тэгээд машинаа энэ рүү оруулаад зогсоочихдог байсан. Энэ хавиар нь ерөнхий боловсролын олон сургууль бий. Энэ байгууллагаар үйлчлүүлж буй олон машин хүүхэд хөгшдийг дайрчих гээд хэцүү л байдаг юм. Хотын төвийг “жорлон” болгох үндэс болсон энэ байгууллагыг эндээс нүүлгэвэл таарна” хэмээн бухимдаж байв.

Хажуугийн гуравдугаар байрны СӨХ-ны дарга “Урд талаасаа циркэд байрладаг цахим тоглоомын газар, ар талаасаа Тээврийн хэрэгслийн бүртгэлийн газар гэж хоёр байгууллага энэ хоёр байрны оршин суугчдад, ойролцоо байдаг ерөнхий боловсролын гурван сургуулийн сурагчдын амьдрах эрх, аюулгүй байдлыг маш ихээр зөрчиж байна. Цахим тоглоомын газар нь өдөр шөнөгүй ажиллаж, шөнөжингөө тоглосон хүүхдүүд нь үүрээр гарч ирээд энэ хавиар тойроод бие засаад зогсчихдог юм. Өдөр нь болохоор Автомашины дугаар олгодог энэ газарт нь ариун цэврийн өрөө байдаггүй юм уу, эсвэл мөнгөө нарийлаад байдаг юм уу, хашаа дагаад шээгээд зогсчихдог. Би нийслэлийн ЗДТГ-ын гомдол мэдээллийн төвд хэд хэдэн удаа хандаж, эдгээр байгууллагын талаар хэлж байсан боловч ямар ч арга хэмжээ авдаггүй. Аргаа ядаад оршин суугчид бид нэгдэж хашааны автомат удирдлагатай хаалгатай суурилуулж, оршин суугчид өөрсдөө машиндаа удирдлагатай болж орж гардаг болоод байна. Түүнээс биш энд байгаа ногоон байгууламж дээгүүр ч машинаа тавьчихдаг хэнэггүй нөхөд энэ хоёр байгууллагаар үйлчлүүлдэг юм билээ. Уг нь Автотээврийн үндэсний төвийн салбарууд “Да хүрээ” техникийн зах, Баянзүрхийн автовокзал, “Хөсөг трейд”, “Автобус-2” гээд олон л газар байдаг шүү дээ. Хотын төвд ийм газар байлгаж, түгжрэл ачааллыг нэмж байхаар хотын төвөөс гадагш гаргавал зохилтой” гэж байлаа. 

Иргэдийн хүсэлтээр Циркийн барилгад байрлаж байгаа Автотээврийн үндэсний төвийн тоо бүртгэлийн салбарыг эндээс гаргахыг зарим удирдлагууд нь хүсч байгаа ч дээд албан тушаалтнуудаас элдэв дарамт шахалт ирдэг тухай иргэд ярьж байв.

Г.РАВЖАА           /Эх сурвалж: www.ontslokh.mn/

-Амилдаггүй нэмэгдлээс илүү ажлын байр хэрэгтэй байна-

Энэ сарын 1-нээс цалин тэтгэвэр нэмэх байсан ч Засгийн газар үүргээ биелүүлэхгүй байна. Гурван талт хэлэлцээрийн үр дүн алга.

Үнийн хөөрөгдөлд иргэд хохирч байна хэмээн Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооныхон сүүлийн хэдэн өдөр үглэж байна. Өчигдөр аргаа барахдаа Засгийн газрыг шүүхэд өгнө гэж хүртэл сүрдүүлэв  . Уг нь УИХ-ын чуулганаар 2015 оны төсвийн урсгал зардлыг нэмэгдүүлэх хүрээнд төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд зориулж 90 тэрбум, тэтгэвэр нэмэхэд 13 тэрбум төгрөгийг нэмж суулгасан. МҮЭХ-ныхон энэ нэмэгдэл хаачсан бэ гэдгийг л асуугаад байгаа хэрэг.

Тэгвэл сангийн сайд Ж.Эрдэнэбат зөрүүлээд цалин тэтгэвэр нэмэх боломжгүй. Эдийн засгийн хүндрэлтэй үед  цалин нэмэхгүй гэж шулуухан хэлсэн . Харин цалин, тэтгэврийг өгч чадахгүй болсон гэдэг худлаа. Ямар боловч цалин тэтгэврээ өгөөд байхтайгаа байгаа бололтой.

УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс үнийн өсөлттэй уялдуулан цалин тэтгэвэр нэмэхгүй бол болохгүй. Ард түмэн чинь үнийн өсөлтөд дарлуулж дууслаа  хэмээн  хамтарсан ч сөрөг хүчнийхээ байр суурийг илэрхийлсээр. Эндээс харахад  цалин тэтгэвэр нэмэх гэж тусгасан 113 тэрбум төгрөг цаасан дээрх өсөлт. Энэ өсөлт бодит биеллээ олж иргэдийн халаасанд орохгүй нь тодорхой байна.

Эдийн засгийн хүндрэлтэй  хэмээн улстөрчдийн зөөлрүүлж хэлээд байгаа хямралын үед ажлын байраа олон тоогоор алдаж байгаа эгэл жирийн иргэдэд энэ хэрүүлээс илүүтэй тогтвортой, цаг хугацаанд нь цалингаа авдаг ажлын байр л чухал байна. Ажлын байртай хүн дараагийн асуудал буюу орлогоо нэмэгдүүлэхийг хүснэ. МҮЭХ, Засгийн газрын хэрүүл өртөөд байгаа 160 гаруй мянган төрийн албан хаагчаас давж бодох, сэтгэх хэрэгтэй байна. Өнөөдөр хувийн хэвшлийнхэн хямралын шуурганд уруудан цомхотгол, дампууралд өртөж байна.  Энэ салбарт ажиллах иргэд ажлын байраа хадгалж үлдэх найдвар хумигдсаар.

Ийм байхад 113 тэрбумаас илүүтэй ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэх талаар МҮЭХ, Засгийн газрын ажиллах, хэрэлдэх хэрэгтэй юм биш үү. Хямралын үед нийгмийнхээ дунд, доодд түвшнийхнээ эрсдэлгүй авч үлдэхийн төлөө ажилладаг байтал татвар авдаг болохоор дээгүүрээ ярилцаад эхэлсэн. Бас иргэдийнхээ халаасыг тэмтрэх хуучин засгийн үеийнх шиг бодлого үргэлжилсээр.  

Эх сурвалж: www.times.mn

-Орлогоосоо “давсан” зарлагатай болоход үнийн өсөлт нөлөөлжээ-

Хүн болгоны аман уншлага болсон цалингаас цалингийн хооронд амьдрах асуудалтай байна гэх үг өнөөдрийг хүртэл яригдаж байгаа.  Эдийн засаг хүндрэлд орсон энэ үед цалингаа ч авч чадахгүй байна гэх яриа хаа сайгүй яригдах болсон гэхэд болно. Ажлынхаа хөлсийг цагтаа өгдөг байгууллага хуруу дарам цөөрсөөр...

Ам.долларын ханш он гарсаар нэмэгдэж явсаар өнгөрсөн дөрөвдүгээр сарын дунд үеэс буурсаар одоогийн байдлаар нийт 50 төгрөгөөр буурсан үзүүлэлтэй байна. 

Тэгвэл өрхийн орлого нэмэгдсэн тухай судалгаа гарчээ. Энэ оны эхний улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 941.5 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс56.5 мянган төгрөг буюу 6.4 хувиар нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, ажиллаж хөдөлмөрч байгаа иргэдийн дундаж орлого 941.500 төгрөг болсон гэсэн үг. 

Харин бусад орлого 22.2 мянган төгрөг, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 16.7 мянган төгрөгрөөр буурсан байна.  Ийнхүү буурсан хэдий ч хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 46.3 мянган төгрөг буюу 66.0 хувь, тэтгэвэр, тэтгэмж, нөхөн олговрын орлого 12.4 мянган төгрөг буюу 8.9 хувь, цалин хөлсний орлого 36.7 мянган төгрөг буюу 8.1 хувиар өссөн нь нөлөөлжээ.

Тэгвэл үнийн нөлөөллийг арилган тооцоход нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлогын хэмжээ 2015 оны эхний улиралд 861.4 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 23.6 мянган төгрөгөөр буурсан байна.

Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2015 оны эхний улиралд 963.3 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 81.8 мянган төгрөг буюу 9.3 хувиар өссөн байна. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага нэмэгдэхэд хүнсний бүтээгдэхүүний зарлага 23.7 мянган төгрөг буюу 10.4 хувиар, хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 62.9 мянган төгрөгөөр буюу 10.1 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого, зарлагыг бүлэглэн авч үзвэл 2015 оны эхний улирлын байдлаар 300.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх нийт өрхийн 11.1 хувийг, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 7.9 хувийг, 300.0-900.0 мянган төгрөгний орлоготой өрх нийт өрхийн 47.8 хувийг, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 49.4 хувийг эзэлж байна. Харин 2100.0 мянган төгрөгөөс дээш орлоготой өрх нийт өрхийн 5.7 хувийг, мөн хэмжээний зарлагатай өрх 5.8 хувийг эзэлж байна гэдгийг статистикчид гаргав.

Ийнхүү орлогоосоо давсан зарлагатай иргэд цалингаас цалингийн хооронд өрнөөс өрний завсар явах нь арга ч үгүй юм уу даа. Цалин, тэтгэвэр нэмэгдлээ гэхэд хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдээд байвал орлогоо давсан зарлагатай хэвээр байна. 

 

Х.Даваа

 -Жүдо бөхийн Ази тивийн аваргаар Ц.Мөнхзаяа, Ц.Наранжаргал нар тодорлоо-

Ази тивийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн Кувейт улсад энэ сарын 13-15-ны өдрийг хүртэл үргэлжиллээ. Тэцмээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг финалд шалгарсан ч Японы бөхөд хожигдсоноор тивийн аваргаас мөнгөн медаль хүртэн шигшээ багийн тамирчдын салхийг хагалсан.

Харин эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Г.Хэрлэн барилдсан ч энэ удаа медалийн тавцанд гарах боломж бүрдсэнгүй. Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Монгол Улсын харцага Ч.Даваадорж агсны хүү Төмөрхүлэг барилдаж хүрэл медаль хүртлээ. Тэрбээр хүрэл медалийн төлөө алдарт Собировыг ялснаар медаль авах болзлоо хангасан юм. Ингэснээр тэрбээр тивийн аваргаас алт, мөнгө, хүрэл медальтан болж байгаа аж.

Тэгвэл эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Г.Одбаяр бэлтгэл сайтай байгаагаа харуулж хүндээ хүрэл медаль хүртсэн. Түүний хувьд тивийн аваргаас ийнхүү анхны медалиа авлаа. Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Д.Сумъяа эхний тойрогтоо японы бөхөд ялагдан, дагах тойргийн барилдаандаа дахин хожигдсон тул тивийн аваргыг өндөрлүүлж, Лондонгийн олимпоос шагналт тавдугаар байрт шалгарч байсан олон улсын хэмжээний мастер Ц.Мөнхзаяа эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд барилдан Ази тивийн аварга боллоо. Түүний хувьд өдгөө 28 настай бөгөөд ирэх онд болох Рио-гийн олимпод эх орноо төлөөлөн барилдах шигшээ багийн тамирчдын нэг юм.

Ийнхүү манай тамирчид тэмцээнийг амжилттай эхлүүлж эхний өдөр нэг алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн. Тэгвэл 31 орны 210 жүдоч  оролцсон уг тэмцээний  сүүлийн өдөр  -70 кг-д Ц.Наранжаргал алтан медаль авлаа. Мөн 81 кг-д О.Ууганбаатар хүрэл медалийн болзол хангалаа. 

Ингэснээр манай шигшээ баг 2 алт медаль, 2 мөнгө, 3 хүрэл медаль, хоёр 5-р байр, гурван 7-р байрт шалгарсан юм. Манай улс багийн дүнгээрээ 3-р байранд ороод байна.  Медаль хүртэж, эх орныхоо нэрийг өндөрт гаргасан тамирчиддаа баяр хүргэе!

-“Хөсөгтөн” хамтлаг аман хүзүүдлээ-

Дэлхийн хамгийн алдартай шоуны нэг Got talent шоу Азид зохион байгуулагдаж байгаа бөгөөд Asia s got talent шоу нь энэ оны гуравдугаар сарын 12-ноос AXN телевизээр Азийн 20 гаруй улс оронд зэрэг цацагдаж эхэлсэн билээ.  

Тус шоунд Азийн улс орнуудаас мянга мянга оролцогчид ирж оролцсоноос "Хөсөгтөн" хамтлаг  сая сая үзэгчид болоод эрхэм шүүгчдэд Монгол ардын урлагийн гайхамшгийг мэдрүүлж тэднийг бишрүүлээд авсан юм. “Хөсөгтөн” хамтлаг тус шоунд маш амжилттай оролцож финалийн шатанд шалгаран үлдээд байсан билээ. Финалын шатны санал асуулга өчигдөр дуусч Монгол орноо төлөөлөн оролцож буй "Хөсөгтөн" хамтлаг элэг нэгт монголчуудынхаа сэтгэлийг дэвтээж хоёрдугаар байрт шалгарчээ. 

Тэмцээний ялагч 100 000$, Sony Music Entertainment ийн гэрээ, Marina Bay Sands -д тоглолтоо хийх эрхийн эзэн болох юм. Ингээд Монголынхоо нэрийг дэлхий дахинаа дуурсгасан "Хөсөгтөн" хамтлагийн залуучууддаа баяр хүргэхийн ялдамд мянга мянган элэг нэгт Монголчууд та нараар бахархаж байгаа шүү гэдгийг илэрхийлье. Цаашдын уран бүтээлд нь  амжилтын дээдийг хүсэн ерөөе. 

 

Тоймыг бэлтгэсэн: Х.Даваа