Ачигч машин хууль бус үйлчилгээ явуулдаг уу
2015/05/17
Нийслэлийн нутаг дэвсгэрт жолоочийн замын хөдөлгөөнд оролцоход саад учруулж, зөвшөөрөлгүй газар буюу автозамын нэгдүгээр эгнээнд тээврийн хэрэгслээ тавьсан жолоочийн автомашины дугуйг түгжих, ачиж зөөвөрлөх ажилтай холбогдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас нийслэлийн удирдлагууд болон нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд захиргааны хариуцлага тооцож, торгох арга хэмжээ авсан талаар мэдээлэл өгсөн.
Энэ талаар нийслэлийн ИТХ-ын Зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.АЛТАНСОЁМБО “Анх Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 98 дугаар тогтоолоор батлагдсан “Зориулалтын дугуй түгжигч ашиглах” журам болон Нийслэлийн Засаг даргын 2013 оны “Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, хураамж авах” тухай А/769 дүгээр захирамжуудыг хууль бус шийдвэр хэмээн Захиргааны хэргийн анхан шатны 20 шүүхэд ШӨХТГ-ын нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн шалгах шаардлагагүй гэж үзсэнийг тус газар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхийн тогтоол нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлд заасны дагуу эцсийн шийдвэр болсон байна. Гэтэл ШӨХТГ-аас дээрх журмыг хэлэлцэн батлах үед НИТХ-ын Тэргүүлэгч байсан төлөөлөгч нарт Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэж торгууль оногдуулсан асуудал нь ойлгомжгүй байна. Нийслэлийн иргэдийг төлөөлөн сонгогдож гарч ирсэн төлөөлөгч нийтийн эрх ашгийн төлөө санал өгөхийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын байцаагч хязгаарлах нь Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг үл тоосон үйлдэл төдийгүй Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга нь төрийн жинхэнэ албан хаагч хэр нь Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн бусад арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцох зэрэг Төрийн жинхэнэ албан хаагчид хориглох зүйл, мөн хуулиар хүлээсэн үүрэг, өргөсөн тангаргаа зөрчсөн явдал болж байна” хэмээсэн.
Мөн НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 98 дугаар тогтоолоор батлагдсан “Зориулалтын дугуй түгжигч ашиглах” журмыг хэлэлцэж батлах үед төслийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хүргүүлж санал, дүгнэлтийг 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 7/557 дугаар албан бичгээр хүлээн авч байсан бөгөөд тус газраас эдгээр журам нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай болон Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн зүйл заалтууд зөрчигдөөгүй тухай албан ёсны хариуг ирүүлсэн байдаг байна.
Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т Зөрчил гаргасан этгээдийг уг зөрчил гарсан өдрөөс, зөрчил үргэлжилсэн буюу давтан үйлдсэн тохиолдолд сүүлийн зөрчил гарсан өдрөөс хойш З сарын дотор захиргааны хариуцлагад татаж болно гэж заасан байдаг.
Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4.4-т заасны дагуу зөрчлийг хянан шалгах ажиллагааг явуулж болохгүй гэж хуульчилсан байдаг тул уг шийтгэврийн хуудас нь өөрөө хүчин төгөлдөр бус учраас хүлээн зөвшөөрөх шаардлагагүй гэнэ.
Г.Мягмарсүх
Зочин · 2015/05/18
ЗАХИРГААНЫ ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХЭДЭН ХУВИЙН КОМПАНИ САХИУЛДАГ ГЭХЭЭР БАС Л ОЙГОМЖГҮЙ
Зочин · 2015/05/18
ТОРГОВОЛ ТӨР ТОРГОДОГ БАЙМААР, ХУВИЙН БАЙГУУЛЛАГА ТОРГООД ӨӨРСДӨӨ МӨНГИЙГ НЬ АВААД БАЙНА ГЭХЭД САНААНД БУУХГҮЙ Л БАЙГАА ЮМ ДАА. ЯДАЖ ЗАМЫН САНД ОРДОГ БАЙВАЛ ЗҮГЭЭР ЮМ ДАА.