Автобус бүлгийнхэнд гомдоллох шалтгаан байхгүй
2015/05/27
Дэлхийн аль ч улсад байхгүй хамгийн муу үйлчилгээтэй нийтийн тээврийн компаниудын 700 орчим ажилтан энэ долоо хоногийн эхний өдрөөс “завсарлага” авлаа. Жолооч, тасалбар түгээгчдийн хувьд ийнхүү сүүлийн хоёр сарын хугацаанд хоёр дахь удаагаа сайн дураараа ажлаа орхиж буй нь энэ.
Цалингаа чамласан тэдний “ачаар” 890 гаруй автобус өдөртөө үйлчилдэг их хот маань нийтийн тээврийн 100 гаруйхан том оврын хөсөгтэй үлдэв. Уг нь “цагийн сайханд” нийтийн тээврийн салбарт 25 аж, ахуйн нэгж үйлчилгээ үзүүлж байлаа. Тэгвэл тэдний энэ удаагийн сүрдүүлэг үнэхээр гэнэтийнх байлаа. Учир нь тэд өмнө нь ажил хаях, нийслэлийн иргэдийн тэн хагасыг хөл дүүжлэх унаагүй болгох тухай огт ам нээгээгүй.
Мөн амралтын өдрийг биш ажлын өдрийг зориуд онцолсон зэргээс харахад нийтээр нь хорлох гэсэн бодлыг тэргүүн эгнээнд тавьжээ гэдэг нь ойлгомжтой байгаа юм. Хэрэв өмнө нь энэ тухайгаа дуулгасан бол байдал өөр байх байлаа. Үгүйдээ л өнгөрсөн даваа гаригийнх шиг автобусны зогсоол дээр хүлээлт үүсэхгүй, энэ мэдээг сонссон “Микроны босс”-ууд таатай боломжийг уулга алдан тосон авах байлаа. Тэгвэл одоо нийслэлийн иргэд энэ амьдралд дасч эхэлжээ. Хотын захын айл өрхийнхөн ажил, сургуульдаа явахад хүндрэлтэй байгаа хэдий ч ганцхан өдрийн дотор аргыг нь олж дөнгөжээ. “Өндөр настай” 700 гаруй автобус агуулахдаа амарч байх зуур Улаанбаатарын автозамын урсгал мэдэгдэхүйц хэмжээгээр хурд нэмсэн байна. Маш товчхондоо нийтийн тээв рийн 700 орчим ажилтан нэг л өглөө “хорлон сүйтгэх ажиллагаа” явуулахыг санаархсан ч Улаан- баатарын амьдрал урдын адил үргэлжилсэн хэвээр. Авдаг цалин даа сэтгэл хангалуун бус байгаа тэд ажилдаа хэзээ орох нь одоо хүртэл тодорхойгүй байгаа. Учир нь тэдний цалинг нэмэх эсэхийг зөвхөн хотын дарга мэддэг. Тиймээс Э.Бат-Үүл даргаас хариу ирүүлтэл гөжих магадлалтай. Түүнчлэн “Сандрахдаа хотын дарга санасан хэмжээнд нь хүртэл цалин өгнө” гэсэн тооцоог цээжиндээ хийсэн ч байж мэдэх. Гэвч нөхцөл байдал тэдний төсөөллөөс тэс өөр ирээдүйг зааж байна.
Нийтийн тээврийн салбар үүсч, хөгжөөд нэгэн жарныг үдсэн ч өнөөгийн байдал бидний хэнд ч таалагдсангүй. Хувийн хэвшил энэ салбарын 70 хувийг бүрдүүлдэг атлаа тэдэнд чөлөөт өрсөлдөөн явуулах боломж байдаггүй. Цөөн үгээр хэлбэл, дураараа үнэ тогтоох оролдлого хийх хориотой. Үүнээс гадна ашигтай шугамаа булаалдах, техникийн шинэчлэл хийх, манай улсад орж ирээд 10 гаруй жил болсон “хөгшин” хөсөгнөөсөө салах гэх мэт боломж одоо хүртэл бүрдсэнгүй. Тэгвэл төрийн зүгээс ухаалаг төхөөрөмжийг нэвтрүүлэхээс эхлээд замын ачааллыг бууруулах, иргэдийг нийтийн тээвэрт татах гэх мэт олон арга хэмжээг авах ёстой тухай хэлэлцсэн хэвээр. Энэ бүхний нөгөө талд жирийн иргэдийн эрүүл ахуйн байдал, амьд явах эрх хүртэл зөрчигдсөн дүр зурагт ч өөрчлөлт орсонгүй. Үүнийг салбарын мэргэжилтнүүд, хотын удирдлагууд хүн булаалдаж, хурд хэтрүүлсэн ний тийн тээврийнхэнтэй холбон тайл барладаг. Харин автобусны жолооч, тасалбар түгээгчид “Цалин нэмчихвэл аюулгүй бай дал даа анхаарна” гэж хариул даг. Тодруулбал, жолооч, тасалбар түгээгчид орлогоо бүрэн олж байж цалингаа бүтэн авдаг тогтолцоотой. Тэдний сарын цалин 350-450 мянган төгрөг байдаг гэнэ. Харин өдрийн орлогын төлөвлөгөөг биелүүлсэн тохиолдолд жолооч сая гаруй төгрөгийн цалин авдаг бол тасал бар түгээгчид энэ хэмжээнд дөхөж очдог байна. Харин ажлын цагаа гүйцээгээгүй, төлөвлөгөөгөө бие лүүлээгүй тохиолдолд урам шууллыг хасах тогтолцоонд шил жих нь байж болох л хувилбар. Гэтэл нийтийн тээврийг муухай харагдуулж байгаа, бүдүүлэг, хэтэрхий аюултай байдал руу түлхээд байгаа гол бурууг “Төлөвлөгөөгөө биелүүлэх” гэсэн хоёрхон үгэнд нялзаасан янзаараа байна.
Цалингаа чамлаж, цор ганц мэт аашилдаг нийтийн тээврийнхний ажил хаялтаас болж өнгөрсөн удаад улсад 300 гаруй сая төгрөгийн хохирол учирчээ. Дунджаар нэг автобус сард дөрвөн сая орчим төгрөг “олдог” гэнэ. Зөвхөн энэ үзүүлэлтээс харвал авто бусны жолооч, тасалбар түгээг чид өн гөр сөн хугацаанд хангалттай хэмжээнд “хорлон сүйтгэх ажиллагаа” явуулж байжээ. Харин энэ бүхний нөгөө талд төр төмөр нүүрээ харуулах, хувийн ком паниуд хатуу шаардлагын хариуг халах тушаалаар солих “сайхан” хувилбар бас байгаа гэдгийг мартаж боломгүй. Хатуу хан хэлэхэд тэд энэ цагт хэн ч биш болно. Зөвхөн тасалбар түгээгчээр жишээ авахад насны доод төвшин нь 35 байдаг гэнэ. Ингээд үзэхээр жолооч, тасалбар түгээгчийн дундаж насыг 40 гэж тодорхойлоход хол зөрөхгүй нь. Тэгвэл бодит байдал дээр 35- 40 настай иргэнд ажил олддог боломж манай улсын хөдөлмөрийн зах зээл дээр хэр байгааг бид сайн мэднэ. Ядахад автобусны жолооч, тасалбар түгээгчийн тусгай сургууль, бэлтгэдэг газар гэж бай даггүй тул тэдний ажлыг бие саруул, ухаан эрүүл хэн бүхэн хийж дөнгөнө гэсэн үг. Тэгээд ч өнгөрсөн сарын байдлаар улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 33.8 мянга байгаа гэсэн тооцоог Үндэсний статистикийн хорооноос гаргажээ. Ийм байхад уг нь тэд чамлахаар чанга атга гэдэг үгэнд итгэх ёстой ч байж мэдэх л юм.
Дэлхийн хаана ч тээврийн салбар гэдэг нийгмийн захиалгат үйлчилгээ байсаар ирсэн. Мөн үүний зэрэгцээ тус салбараас ашиг олдоггүй гэдгийг хол ойрын улс орны хотуудын жишээ баталдаг. Харин манай улсын энэ салбарын томчууд дэлхийн олон орны туршлагыг ярьдаг атлаа “Ашиг олдог салбар биш” гэдэг дөрөвхөн үгтэй эвлэрч чадалгүй өдийг хүрэв. Тиймдээ ч хувийн хэвшлийн компаниуд хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай иргэдийг ихэнхдээ нүд үзүүрлэж, зарим тохиолдолд дур мэдэн мөнгө нэхдэгийг бид мэднэ. Тэр ч бүү хэл нийтийн тээврийн компаниуд “Үнэгүй зорчдог иргэдээс болж, алдагдал хүлээж байгаа” тухай гомдлыг олон жил тасралтгүй ярьсаар байгаа. “Худал үгийг мянга хэлэхээр үнэн болдог” үлгэрээр үүнд нь ч иргэд итгэсэн байдалтай аж төрөх болжээ. Гэвч алдагдалтай энэ салбараас өнгөрсөн хугацаанд ямар ч компани өөрийн хүсэлтээр гарч яваагүй нь сонин үзэгдэл болж байна.
Маш товчхондоо төр анхаардаггүй энэ салбарт яагаад заавал алдагдал хүлээдэг байж, “зүтгэсээр” байдаг юм бол? Бас л хариулт хайж үзэх ёстой л асуулт. Өнгөрсөн оны тоон мэдээллийг авч үзвэл 113 мянган оюутан, 117 мянган өндөр насан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, дөрвөн мянган цагдаагийн албан хаагч нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих эрхтэй байна. Үүний хариуд улсаас нийтийн тээврийн үйлчилгээ эрхэл дэг 20 гаруй компанид 57 тэрбум төгрөгийн нөхөн олговор өгдөг билээ. Тиймээс энэ нь “Төрөөс бидэнд анхаарал хандуулдаггүй” гэж ярьдаг тус салбарын олон хүний эсрэг барих хамгийн том бодит баримт болж байна. Харин нийтийн тээврийн үйлчилгээний соёл, эрүүл аюулгүй орчин зэргийг төрийн бодлого гэж ойлгодог ядмагхан сэтгэлгээнээсээ Автобус “бүлгийнхэн” салах цаг хэдийнэ иржээ.