Н.Лүндэндорж: Шүүхийн шинэчлэлийг зогсоох хүсэлтэй хүч байгаа
2015/05/28
Шүүхийн шинэчлэл, шүүгчдийн мэргэшлийн байдал зэрэг цаг үеийн асуудлын ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржтой ярилцлаа.
-ШЕЗ шинэ хуулийн дагуу ажиллаад 2 жил болж байна. Энэ хугацааны үр дүн хэрхэн харагдаж байна?
-Сүүлийн хоёр жилийн хугацаанд бидний гол хүрсэн үр дүн бол Монгол Улсын шүүхийг нээлттэй болгосон явдал. Үнэхээрийн нээлттэй болсон үгүй олон нийт үнэлж, цэгнэнэ. Бид олон улсын байгууллагуудтай харьцуулж Монгол Улсын шүүх нээлттэй болсон уу, үгүй юу гэдэг дээр өөрийн гэсэн үнэлэлт, дүгнэлттэй байгаа. Ер нь дэлхий дахинд шүүх нээлттэй болно гэдэгт тодорхой стандарт шалгуур байдаг. Энэ шалгуураар харахаар Монголын шүүх нээлттэй болсон гэж хэлэх бүрэн үндэслэлтэй гэж хэлж болно.
-Шүүхийн шийдвэр нээлттэй болсон улс Ардчилсан улс орнуудад хэр байдаг бол?
-Их байдаг. Тухайлбал АНУ, ХБНГУ, Европын улс орнуудыг харьцуулж судалсан. Гэтэл бүх шүүхийнхээ шийдвэрийг манайх шиг нээлттэй ил тод болгосон улс орон цөөхөн байдаг юм байна.
Манай улсын хувьд шүүх хуралдааны үйл явц нээлттэй болсон. Өмнө нь судлаач, сэтгүүлчдээс эхлээд иргэд шүүх хуралд төдийлөн оролцож чаддаггүй байсан. Тиймээс хаалттай хаалганы цаанах шүүх хуралдаан гэх шүүмжлэлийг ч дагуулж байлаа. Одоо энэ шүүмжлэл бидний хувьд түүх болоод үлдчихлээ.
Шүүх хуралдааны гадна нийтэд зориулсан хэсэг гаргаад тэнд дэлгэц байрлуулж шүүх хуралдааныг бүхэлд нь ажиглах бололцоог Монгол Улсын хэмжээнд хот хөдөөгүй хэрэгжүүллээ.
Мөн Монгол Улсад шүүх хуралдаан явуулж байгаа 90 гаруй танхимыг бид дуу дүрс бичлэгийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглож бичлэг хийж байгаа. Шүүх хуралдааныг сонирхосон хүн тухайн шүүх хурлын бичлэгийг сэргээж үзэх боломжтой. Энэ бол шүүх нээлттэй байгаа гэдгийн тод илрэл болж байна. Энэ мэтээр харахад Монголын шүүх нээлттэй болчихсон байна. Үүний үр дүнд олон нийтийн хяналтыг тогтоосон. Шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангана гэдэг хэдхэн шүүх захиргааны байгууллагын үүрэг биш. Гэтэл олон нийтийн оролцоотой хяналтыг бэхжүүлснээр жинхэнэ хараат бус шүүхийг хэрэгжүүлж байгаа юм.
Нээлттэй байдал олон нийтийн хардаж сэрдэхийг зогсоож, үнэн зөвийг олж тунгаах гол түлхүүр байдаг.
-Тэгэхээр олон нийтийн итгэлийг дээшлүүлэхийн тулд гол зорилго оршсон гэж ойлгож болох нь ээ?
-Шүүгчийн хараат бус байдал гэж айхтар зүйл бий. Үүнтэй холбоотой гомдол санал хэр ирдэг вэ?
-Яг энэ талаар Хүний эрхийн үндэсний комиссоос миний нэр дээр албан бичиг ирүүлсэн байна лээ. Тухайн албан бичигт “хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүгчийн хараат бус байдалд халдсан мэдээ, мэдээллүүд их гараад байна. Үүнтэй ШЕЗ сайн ажиллахгүй байна. Шүүгчийнхээ хараат бус байдлыг хангаж ажиллахгүй байгаа талаар анхаарч ажиллах хэрэгтэй байна” гэсэн байсан. ХЭҮК-оос ямар судалгааг үндэслэж энэ бичгийг ирүүлснийг мэдэхгүй байна. Гэхдээ миний хувьд хэвлэл мэдээллийн хэрэгсэл шүүгчийн хараат бус байдалд халдах нь ноцтой хэмжээнд хүрсэн гэж үзэх байгаа юм.
-Шүүхийн эдийн засгийн хараат бус байдал шинэчлэлийн хүрээнд хэр ахицтай болсон бэ?
-Гайгүй хэмжээнд хангагдаж, төлөвшиж эхэлсэн гэдгийг дуулгахад таатай байна. Сүүлийн 20 жил манай шүүхийн төсөв улсын төсөвт эзлэх хувь 0.3-0.4 хувьтай байсан. Энэ бол асар бага хувь хэмжээ. Ийм эдийн засагтай шүүхийг ямар ч томруулдаг шилээр харсан шүүх засаглал эдийн засгийн хараат бус болчихжээ гэх үндэслэлгүй байсан. Шүүхийн багц хууль хэрэгжиж эхэлснээс хойш манай шүүхийн төсвийн улсын төсөвт эзлэх хувь 0.8 хувьд хүрсэн. Өөрөөр хэлбэл, 1 хувьд хүрэх дөхсөн гэж хэлж болно. Энэ бол шүүхийн засаглалынхаа эдийн засгийн баталгааг хангасан өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад бага тоо. Гэхдээ Монголынхоо хуучин түвшинтэй харьцуулахад нэг дахин нэмэгдсэн нь Монголын хувьд том амжилт юм.
Энэ бол шүүхийн шинэтгэлийн чухал үр дүн.
-Ер нь Шүүхийн эдийн засгийн хараат байдал хангагдсан улс орнуудад ямархуу байдаг вэ?
-Шүүхийн эдийн засаг хараат бус улс орнуудад улсын төсөвт эзлэх жин хамгийн ихдээ 5 хувь хүртэлх байдаг. Хамгийн доод тал нь 2-5 хүртэлх хэмжээнд Шүүх засаглалийн төсөв батлагдаж байвал хэвийн гэж үздэг дүн шинжилгээ судлаачдын дунд байдаг. Цаашдаа Монголд эдийн засаг сайжраад хямралаас гараад ирвэл Монгол Улсын шүүхийн төсөв нэг өнгөрөөд хоёр луу орох бололцоо байгаа. 0,80 хувь гэдэг зөвхөн урсгал зардал юм. Сүүлийн хоёр жил шүүхийн хөрөнгө оруулалт дээр дандаа 0 дүнтэй төсөв батлагдаж байгаа шүү дээ. Хөрөнгө оруулалтаараа мөнгө тавиад ирвэл шүүхийн төсөв улсын төсөвт эзлэх жин дээрх хэлснээр нэг өнгөрөөд хоёр луу дөхөх бололцоотой юм.
-Шүүгчийн цалинг нэмсэн байдлыг хоёр талаар харж байна гэж хэлж болно. Үүн дээр ямар байр суурьтай байн?
-Шүүхийн шинэчлэлээр хийгдсэн нэг ажил бол шүүгчийн цалинг нэмэгдүүлэн олгодог болсон явдал. Монгол Улсын төрийн албан хаагчдыг аваад үзэхэд хамгийн өндөр цалинтай алба хаагч шүүгчид байна. Шүүгчид өнөөдөр зээл хөөцөлдөж гүйхээ больчихлоо. Хүн хоолонд урихад очихоо больчихлоо. Төр засаг өндөр хэмжээний цалин олгож буй учир хариуцлагатай ажиллах ёстой юм байна, чанартай шийдвэр гаргах ёстой юм байна гэдэг ийм итгэл сэтгэл шүүгчдэд бий болсон байна.Хамгийн гол нь шүүгчийн албан тушаал шүүгчид үнэ цэнэтэй болчихлоо. Энэ бол шүүгч хариуцлагатай, хараат бус ажиллах нөхцлийг бий болгож чадаж буй юм.
-Шүүгчийн нөлөөллийн мэдүүлэг бичдэг болсон нь эерэг үр дагавар авчраад байгаа гэж харагдаж байна?
-Нөлөөллийн мэдүүлэг гэж чухал хөшүүрэг орж ирсэн. Шүүгч хүн хэрэг авангуутаа нөлөөллийн мэдүүлэг бичдэг. Түүнээс хойш шүүгчтэй харьцахдаа хүмүүс болгоомжилдог боллоо. Ялангуяа албан тушаалтан, өмгөөлөгчид, мөнгөтэй хүмүүс. Хэрвээ нөлөөлсөн гэсэн нь нотлогдвол шүүгчийн ёсзүйн байдлын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу тэр хүнийг шүүхийн журмаар болон бусад хуульд заасан ямар ч процетурыг тооцохгүй огцруулна гэсэн хүчтэй заалт ороод ирсэн учраас энэ бол шүүгч рүү халдаж болохгүй гэсэн эмзэглэл болгоомжлолыг хүмүүсийн дунд бий болчихлоо. Шүүгч нар үүнийг сайн ойлгож ашиглаад эхэлчихлээ. Энэхүү хүчин зүйлүүдээс шалтгаалж шүүгчийн хараат бус байдал өмнөхөөсөө дээшилчихлээ гэж харж байгаа.
-Шүүхийн шинэчлэлээр дагнасан шүүх байгуулсан. Тэгвэл энэ шүүх, шүүгч мэргэших чухал алхам болсон мэт?
-Захын шүүгч нэгэн дуугаар “Бид нар өмнө нь иргэний хэрэг шийдчихдэг. Эрүүгийн хэрэг шийдчихдэг өөрсдийгөө нэг л униварсал шүүгч гэж бодож явдаг байсан. Энэ бол дэндүү андуурал байсан байна. Хэрэг маргааныг дангаар нь шийдээд эхлэхээр ямар урамтай байдаг юм. Бид өөрсдөө хөгжиж өөрчлөгдөж, шийдвэрийн чанарт ахиц гарч байна” гэж хэлнэ.
Шүүх, шүүгч мэргэшинэ гэдэг шүүхээр хэрэг маргаанаа шийдүүлж шүүхээс үйлчилгээ авч байгаа хүмүүсийн л эрх сайн хамгаалагдаж байгаа гэсэн үг.
-Цаашид ШЕЗ-өөс бодлогын хэмжээнд авч хэрэгжүүлэх, гол анхааралдаа авч хэрэгжүүлэх ямар төлөвлөгөө байгаа вэ?
-Шүүгчийн хариуцлагыг дээшлүүлнэ гэдэг бидний хамрын үзүүр дээр тулсан асуудал боллоо. Хүн төрөлхтөн 200 жил шүүгчдийн хараат бус байдлыг ярьж ирсэн юм гэнэ лээ. Тэгэхдээ эдийн засаг, улс төр, эрхзүйн хараат бус гээд шүүгчийг яавал ая тухтай байлгах талаас нь хүн төрөлхтөн 200 жил ярихдаа шүүгчийн хараат бус байдлыг мартсан байсан гэж судлаачид баталдаг. Шүүгчийн хариуцлагыг дээшлүүлэх асуудлыг Монголын биш, дэлхий нийтийн өмнө тулгарсан асуудал гэж дэлхий нийтийн эрдэмтэд бичдэг. Тийм учраас Монголын шүүх эрх мэдлийн өмнө шүүгчийн хариуцлагыг яаж дээшлүүлэх вэ гэдэг асуудал дээр Шүүхийн захиргааны байгууллагын хувьд бид онцгой анхаарал хандуулна. Бид нар энэ чиглэлээр бодлогын судалгаа хийлгэж байгаа. Шүүгчийн хариуцлагыг нэмэгдүүлэх тал дээр дэлхийн улс орнууд ямар эрхзүйн зохицуулалт, механизм хэрэглэж байгааг судлуулж байгаа.
-Шүүгчдийг мэргэшүүлэх асуудал дээр?
-Шүүгчдийг мэргэшүүлэх, тэдний мэргэжлийн хөгжлийг дэмжих, давтан сургах асуудал шүүхийн захиргааны байгууллагын мөнхийн асуудал байхаас өөр арга байхгүй. Ер нь шүүхийн шинэтгэлийн сүүл мушгих хамгийн том зүйл нь эл хүний нөөцийн шинэтгэл байна гэдэгт бид санал нэгдээд байгаа. Монгол Улсад шүүгч, хуульчийн мэргэшсэн сургалт явуулж ирсэн түүхийг судалж үзэхэд эрхзүйн сургалт явж байдаг. Энэ чиглэлийн хүрээг бид өргөтгөнө. Төрөл бүрийн салбарын нарийн ухааны талаар шүүгч тодорхой төсөөлөлтэй байх ёстой. Ялангуай захиргааны хэргийн шүүгчдийг авч үзэхэд татварын мэдлэг дутуу байдаг. Эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн суурь ойлголт байхгүй хүн тэр асуудлыг шийдвэрлэхэд маш их бэрхшээл тулгардаг. Тиймээс бид салбарын дундын мэдлэг гэж сургалтын шинэ хөтөлбөрийг боловсруулж байгаа.
Үүнээс гадна шүүгч хүнд хамгийн их төлөвшсөн байх зүйл хүний эрхийн мэдрэмж. Хүнийг буруутгаж яллахаасаа илүү хаана, хэний эрх зөрчигдсөн байгаа дээр хамгийн түрүүнд анхаарлаа хандуулдаг, тэр өнцгөөс асуудал руу эхэлж ханддаг байх бидний хувьд тулгамдсан асуудал байгаа. Хуулийн сургуульд хичээл заахдаа ч хүнийг яллахдаа биш, хүний эрх зөрчигдөж байгаагаас эхэлж заах хэрэгтэй.
-Шүүхийн захиргааг шүүхээс бие даалгаж тусдаа байгуулчихсан. Одоо эдгээр алба хаагчдыг мэргэшүүлэх явдал чухал биш үү?
-Энэ яахын аргагүй тулгамдаж байгаа зүйл. Тухайлбал, ХБНГУ-д шүүхийн захиргаагаа бэхжүүлэхийн тулд тусгай сургуулиудтай байдаг. Тэр сургууль төгссөн хүн л шүүхийн захиргаанд ажилладаг. Шүүхийн захиргаанд ажиллаж байгаа хүн нь шүүгч болно гэж дамжин өнгөрөх базз маягаар шүүхийн захиргаагаа хардаггүй. Бид тэгж л насаараа ажиллана гэдэг итгэл үнэмшилтэй байдаг.
Тэр сургуулийн сурагчтай уулзаж байхад “Би шүүхийн захиргааны чадварлаг мэргэшсэн алба хаагч болно” гэж хэлдэг. Гэтэл Монголын шүүх захиргааны байгууллагад ажиллаж байгаа залуусаас чиний ирээдүйн зорилго юу вэ гэвэл “Шүүгч болно” гэж нэгэн дуугаар хэлдэг. Тэгэхээр тэд шүүхийн захиргааг шүүгч болгох нэг гишгүүр болгож ашиглаж байгаа болохоос биш тэндээ мэргэшээд тогтвортой ажиллана гэх сэтгэл байхгүй. Чемодан, хоноцын сэтгэлгээтэй. Ийм л арми ажиллаж байгаа учраас үүнийг өөрчлиж жинхэнэ мэргэшсэн тогтвортой ажиллах захиргааг бүрдүүлэхгүйгээр цаашид бат суурьтай байж чадахгүй гэх дүгнэлтэд бид хүрсэн. Цаашдаа үүнийг бүрдүүлэх тал дээр ажиллана.
-Энэ бүхнээс ажиглахад шинэчлэлийн ололтоо батжуулж, бэхжүүлэх чухал байх?
-21-р зууны эхний 10 жилд ардчиллын хямрал гээч зүйл дэлхий даяар бий болсон. Ардчилсан улс орнууд хүртэл ардчиллаас ухарч байна гэж судлаачид бичиж байна. Энэ нь ардчилалынхаа ололтыг тэр улс орон бэхжүүлж чадаагүйтэй холбоотой.
-Шүүх нээлттэй болсон ч, шүүгч тайлан бичих асуудал учир дутагдалтай байна. Тухайлбал, сэтгүүлчид тухайн хэрэг хэрхэн шийдэгдсэнийг олж мэдэж чадахаас өөрөөр ямар учраас, ямар үндэслэлээр шийдвэрлэгдэж байгааг төдийлөн мэдэж чаддаггүй шүү дээ?
-Шүүхийн шинэтгэлийн маш чухал асуудал энэ. Үүнийг 25 жил ярьж байна гэхэд болно. Олон улсын байгууллагуудын сан, төслүүдээс авсан бүх сургалтууд үүнд чиглэсэн гэж хэлж болно. Шүүгч шийдвэрийнхээ үндэслэлийг бичиж чадах чадамж. Монголын шүүгчдийн хувьд хамгийн том асуудал энэ байгаа. Энэ бол социалист сэтгэлгээний эмгэгтэй холбоотой. Социализмын үеэс шүүхийн шийдвэр хуулийг тайлбарлан хэрэглээд, энэ хүнд би яагаад ийм хэмжээний ял өгч байгаагаа тайлбарлан бичдэг уламжлал байгаагүй. Тиймээс шүүхийн шийдвэрийн үндэслэлийг бичиж сургах гэж 20 жил гадаадын бүх төсөл хөтөлбөрүүдийг ашигласан. Үүний үр дүн тааруу байгаа. Энэ нь шүүгчдийн чадвар мэдлэгээс гадна хэргийн ачаалал ихтэй байгаатай холбоотой. Жишээлбэл, дүүргийн нэг шүүгчийн гар дээр 70-80 хэргийн материал байна. Юун шүүхийн шийдвэрийн үндэслэлийг 10-20 хуудас бичих. Нөгөө хуулийн хугацаандаа шахагдаад тэрнээсээ хурдхан салаад хоёр тийшээ болгох болчихоод байгаа юм.
Энэ асуудал тулгараад байгаа учир УИХ-аас шүүгчдийн тоог 277 шүүгчдээр нэмсэн. 277 шүүгчдээс бид 63-ийг нь шүүх бүрэлдэхүүнд нийлүүлчихээд байна. Дараагийн долоо хоногт 24 шүүгчийн нэр дэвшүүлэх асуудлыг тавина. Ингээд энэ онд ахиад 45 шүүгч нийлээд 100 гаруй шүүгч нийлүүлэх гээд байгаа нь ачааллыг нь буруулах гээд байгаатай холбоотой.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл гэдэгт хууль зүйн факт, болсон үйл явдлаа, түүнийг зохицуулсан эрхзүйн хэмжээтэй харьцуулаад дүгнээд бичдэг. Хуулиа тайлбарлаад явчихна.
Д.Ундрах
Зочин · 2015/05/28
ooroo aluurchin bj busdiig yaj shuudeg uym be
Зочин · 2015/05/28
aluurchin nobsh bsan tsagt shuuh shinchlegdehuu ehleed ooriigoo ****uul nobshiin aluurchin
Зочин · 2015/05/28
алуурч шүүх шинэчлэх гэнээ жинхэн дампуурал солиорол