Саяхан бид сэтгэл эмтэлсэн мэдээ сонслооэ.. Бидний дунд МОНЦАМЭ-гийнхний дотор, тэр дундаа МОНЦАМЭ-гийн гол хөдөлгүүр Дотоод мэдээний редакцийн хариуцлагатай редакторын албыг олон жил хашсан дарга, дотны ах Б.Цэрэннамжилын таалал төгссөн мэдээ сэтгэл зүрхийг минь сэртхийлгэв. Итгэхийн аргагүй үхэл гэдэг итгэлт дотно хүмүүсийг минь булаадаг хойно, бас итгэхгүй гээд ч яах билээ дээ.
Хэдхэн хоногийн өмнө Гэмтлийн эмнэлэгт хагалгаанд ороод хүнд байна гэж дуулаад эргэж очсон минь бидний сүүлчийн уулзалт байжээ. Бид Наяагаа хараад царай зүс нь гайгүй байна, нэг их өвдөж зовдоггүй бие сайтай хүн чинь  босоод ирнэ гэсэн найдвар тээгээд гарч билээ. 
 
Гэтэл...Яарсан ч юм шиг, "Яагаад вэ?" гэж асууж амжаагүй байхад л хайртай хань, үр хүүхэд, ах дүүсээ орхин оджээ. Зарим нэг сайхан хүмүүс тэнгэр рүү арай эрт зорчих гээд байдаг нь хяслан.
 
Бид Цэрэннамжил гуайгаа Нааяа гэж авгайлдаг. Хаяа нэг хошин, ёжтой үг хэлчихээд сууж байдаг дүр төрх нь бидний сэтгэл зүрхэнд тодхон байна.
 
МОНЦАМЭ-гийн Дотоод мэдээний редакцийн гал тогооноос ажлын гараагаа эхэлсэн үе үеийн сэтгүүлчид бид Наяагаасаа мэдээ бичдэг түүний "школ"-оор туршлагажиж, дадлагажиж суралцаж ажлын дөртэй болсон юм шүү.
 
Мэдээний гарчиг богино оновчтой, лид нь сонирхол татахуйц, уншигчийг татаж гижигдсэн, усгүй эмх цэгцтэй бичлэгийг бид энэ эрхэм ахаасаа л суралцсан. Эмх цэгцтэй мэдээ бичдэг шигээ яриа хөөрөө нь ч олон зүйлийг нуршдаггүй, оновчтой, ноён нуруутай зан нь залуусыг зөв замд хөтөлдөг.
 
Хөгшин, залуу ялгахгүй манай хамт олон он удаан жил ижил дасал болон "Үерхсэн" дотно нөхөд.  "Үерхэнэ" гэдэг маань ажлаас бусад цагтаа үе тэнгийн юм шиг л инээж, хөгжиж  байсныгаа хэлж байгаа хэрэг.
 
Биднийг хөмсөг зангидаж том дуугаар загнахгүй, сэтгэлд нь жаахан гологдсон үедээ "Дүүрчихсэн толгойнууд шүү" гээд л нүдний шилний дээгүүрээ сүрхий хардаг харцнаас нь бид эмээж, гэмшдэгсэн.
 
Тэрбээр МОНЦАМЭ-д цэл залуухандаа ирж ажиллаад хаашаа ч гуйвж дайвалгүй зөвхөн энэ редакцдаа 40-өөд  жил ажиллаад гавьяаны амралтаа авсан юм. Наяа маань ажилдаа хамгаас эрт ирнэ. Аливааг өөрөө үлгэрлэж биеэр харуулахаас үглэж яншаад байдаггүй зан нь биднийг өөрийн эрхгүй дагахаас өөр замгүй болгодог байж билээ.
 
Редакцдаа хамгийн ахмад нь хэрнээ нүдний хараа хурц, оюун ухаан соргог. Ямар сайндаа л бид Наяа алдааг ямар сайн олж хардаг юм бэ "ёстой шар шувуу" шиг гэж ярьдагсан. 
 
 Бэгзийн Цэрэннамжил нь МОНЦАМЭ-гээр зогсохгүй Монголын хэвлэлийн томоохон редакторын нэг байв. Тэгэхдээ бүр мэргэжлийн редактор шүү. МОНЦАМЭ-д цаасан хэлбэрийн уншилтаас цахим хэлбэрийн уншилт хүртэл хариуцлагатай редактор хийсэн хүн.
 
Түүний намтраас уншихнаа, монгол хэл уран зохиолын мэргэжилтэй, цөөнгүй жил мэргэжлээрээ багшилсан.
 
Монгол овогт Бэгзийн Цэрэннамжил ах маань Завхан аймгийн Шилүүстэй сумын Ханан хад хэмээх өвөлжөөнд 1947 оны 11 дүгээр сарын 07-нд айлын дөрөв дэх буюу отгон хүүхэд болж мэндэлжээ.
 
Шилүүстэйнхээ бага сургуульд 1956-1960 онд суралцаж байгаад 1960-1966 онд Улаанбаатар хотын 18 дугаар сургууль буюу одоогийн 75 дугаар сургуулийн 10 дугаар ангийг төгсч. Тэр үеийн шилдэг сурагчийн шигшмэл-улаан шугамаар УБДС-ийн монгол хэл, уран зохиолын ангид элсэн 1966-1970 он хүртэл суралцжээ. Багш болуутаа төрөлх Шилүүстэйнхээ 8 жилийн дунд сургуульд 1970-1976 он хүртэл багшилжээ.
 
Нэртэй нийтлэлч Б.Цэнддоо төрийн өндөр шагнал хүртэхэд энэ Наяа маан энэ тухай дурсан ярьж билээ.
 
Төр засаг түүний хөдөлмөрийг үнэлж "Алтан гадас" одон, ойн медалиудаар энгэрийг нь мялааж байв. Мөн сэтгүүл зүйн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, Радио, Телевизийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж. МОНЦАМЭ-гийн дээд шагнал "Алтан дүрмийн эзэн" болж, "Хүндэт дэвтэрт" нэрийг нь мөнхөлсөн билээ.  
 
Наяа ах таныгаа МОНЦАМЭ-гийнхан нь хэзээ ч  мартахгүй ээ. Та минь бидний сэтгэл зүрхэнд нэгээхэн байрыг эзэлсэн уул шиг нөмөртэй, хангай шиг түшигтэй дарга, ах минь билээ.
 
Мөнх хөх тэнгэрээс  та минь өглөө бүхний нартай хамт эх дэлхий, эх орон, хань, үр хүүхэд, ах дүүс, хамт олон биднийгээ мэлмийдэж амар амгалан байх болтугай.  Ум маани бад ми хум.
 
Ж.Батсайхан
 
Д.Догсмаа