Багадаа уншиж байсан номонд хүрээний өнчин, ядуу хүүхдүүд нэгэн орос пацаантай нийлж аваад лам банди нарыг болгож тавьдаг тухай гардаг юм. Шударга журамт ядуу хүүхдүүд өдөржин айл айлаар амандаа хийчих шийр гуйдаг атлаа айхавтар улс төрийн идэвхтэйг яана. Гэнэтхэн гарч ирсэн баян орос жаал тэднийг тэтгэн гийгүүлж, харанхуй бүдүүлэг лам банди нарын эсрэг хамтын тэмцэл өдөөнө. Тэгсэн тун удалгүй орос жаал хэдэн өдөр гэртээ бүгж юу ч юм хийж байгаад гарч ирэхдээ гохыг нь дарангуут “пас!” хийн дуугардаг гар буу бүтээчихдэг байгаа. Өнөөхөө эгэл ядуу хүүхдүүдэд өгөөд, цаадуул нь лам банди нарыг сүрдүүлж хөөгөөд, “Хоосон буугаар хорин хүн айлгана” гэгчийг үзүүлж өгнө. Гайхалтай нь зохиолын үйл явдал хот газар өрнөдөг бөгөөд өнөөгийн Улаанбаатар гэсэн мессеж аль хэдийн тэр зохиолыг унших зуур хүүхдийн толгойд ирчихсэн байх нь ойлгомжтой. Эргэн санахад жихүүцмээр мэдрэмж яагаад төрдөг вэ гэхээр хэчнээн үе иймэрхүү дэглэлттэй номоор балчир тархиа будуулсан бол оо?  

Ядуу жаалууд, лам банди, орос пацааны аль нь сайн дүр болохыг одоо яриад яах вэ. Үзэл суртлын зэвсэг болсон тийм номууд одоо хэр дунд сургуулийн номын сангуудад “Сургуулийн бага, дунд насныханд” гэсэн шүү категорид хураалгаастай байгаа нь тодорхой. 

Үүн шиг сайн, эсвэл муу дүр нь тухайн цаг үедээ мэдэгдэхгүй нөхөд Монголын улс төрөөр нил хөл нүцгэн таваргаж байгааг, тэгээд зогсохгүй өдөр бүр тань руу зангаж байгааг ойлгоход уг нь тийм ч төвөгтэй биш. Чухамдаа, Ерөнхий сайд адгийн амьтан учраас огцруулах эсвэл Монгол Улс хөгжихгүй байгаагийн улмаас улстөрчдийг тэд чичлээд байгаа бол хамаа алга. Хамгийн гол нь зэвсэг нь халаад эхлэхээрээ хойд уулын энгэрээр амьдарч буй ардууд бүгдээрээ Зайсангийнханд атаархаад шөнө нойр нь хүрдэггүй, удахгүй дайрна шахуу юм яриад байгаад сэжиг байгаа юм. Хэвлэлүүд хэдий тоомжиргүйхэн тэдний яриаг хүргэж, нийтэлж байгаа ч цаад агуулгаараа популизмын энэ энэ зэвүүн үед тэдний зэвсэг зэвтэй ч гэсэн хүн алахаар эд байж болзошгүй ээ. 

Өнөөдөр илт тунаад ирж буй энэ хүмүүс ирэх сонгуулийн бэлтгэлээ нэгэнт сонгосон “жанжин шугам”-ын дагуу хийж эхэлж байна. Хэрэвзээ тэдэнд чуулган дээр үг хэлэх боломж олдвол дэгийн дагуу тодорхой асуудал дээр асуулт, хариулт өрнүүлэх замаар шийдлээ ярилцах нь бүү хэл шуудхан л шүлсээ үсчүүлэн чичилж, “Ард түмэн”, “иргэд” “хөдөлмөрчид”, “сонгогчид маань...” гэхчлэн үгүүдэд популист шошго хадан сууж, зарим нь босож үгээ хэлцгээнэ. 

Хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй хүмүүсийн үгийг яах вэ үнэ цэнэгүй юм гэж үзэж болох ч үр нөлөө бий гэдгийг ойлгохоос аргагүй. 
Зуслангийн замд дугуй засварчин залуу зурагтаар УИХ-ын чуулганы мэдээ үзэж байна. Мань залууд харин өнөө хэд тун сайн нөлөөлжээ. Үнэхээр л Ерөнхий сайд улсаа зарж, Канадууд монголоор нил хятадуудыг тараан суурьшуулж, гадныхан монголыг цөлмөж дуусгана гэж тэр боддог бололтой.  Ийм бохир нялуун бодлоо баахан хараалаар хачирлан хажуудахдаа ярих. Хажуудах нь толгой дохиод байна. Буруутгаад яахав, гэхдээ мань залуугийн толгойд Монголын газар нутгийн 71.5 хувьд хайгуул, ашиглалт хийх хориотой гэх мэт албан ёстой ганц хоёр факт ч тогтоогдож амжаагүй байхад тэдний зэвсэг айхтар нөлөөлсөн байгаа юм шүү.

Өнгөрсөн долоо хоногт чуулганы танхимд хөдөөнөөс сонгогдсон нэг эр, “Сонгогчид маань, ард түмэн маань өглөө босоод “Төрийн сүлд минь өршөө” гэж цайгаа өргөж байгаа” гэж царайны хувиралгүй тууж байна. Уг нь энэ мэт үгийг нь шалихгүй шог мэдрэмжтэй хүн л жаахан явуулахад, адаглаад дуурайгаад дуугарахад л нийгэм даяараа инээмээр болсон байх учиртай баймаар.  Гэтэл ингээд харахад цаг үе өөрчлөгдсөн гэж бид бодож байгаа ч, үнэндээ тэр бүхэн цахим орчин дахь хэдхэн мянган хүний дунд жирэлзэн өнгөрч буй үг, өгүүлбэр, баримт тайлбарын давтамж бүхий урсгал бололтой. Хүмүүс өөрчлөгдөөгүй байна.  Эсвэл өөрчлөгдөх боломж өгөөгүй гэх үү. 

УИХ-ын гишүүд огцруулсан сайдынхаа оронд ичих ч үгүй оччихсон хоолойгоо засаад зогсож байдаг. Тогтолцооны болоод хууль эрхзүйн хэмжээний асуудалдаа ийнхүү самуурч дуусаж байхад үндсэн ажил үүрэг нь ч буруу тийшээ яваад ирж байгааг тэд өөрсдөө хүлээн зөвшөөрч байна. 

Өнөөдрийнхөөр бол УИХ  зүгээр нэг гэрээ дүгнэж, шалгадаг газар болжээ. Хуулийн хүрээнд Засгийн газартаа чиглэл, тогтоол гаргаад ажиллах ёстой энгийн зарчмыг ч сонгож зүрхлэхгүй байна. Цаашлаад Төр нь бусад улсын Төртэйгөө, компани компанитай гэрээ байгуулах ёстой байхад гадны нэг компанитай монгол сайд очиж гэрээ байгуулдаг нь ч тийм зөв зүйтэй алхам биш гэж үзэж болно.  

Бүхэлд нь харвал манай улсад нүүрлээд буй эдийн засаг, нийгэм, улс төрийн хямрал нь хууль тогтоох гүйцэтгэх засаглалын хоорондын үүрэг, хариуцлагын зааг ялгаа бүдгэрч, харилцан хяналт-тэнцэл алдагдсан, гүйцэтгэх эрх мэдэл төвлөрөөгүй, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, УИХ-ын дунд сарнисантай шууд холбоотой гэсэн дүгнэлт аль эрт гарсан. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайдад бус УИХ, тэр дундаа намын бүлэг, фракцуудын мэдэлд бүх зүйл хамаараад байгаа нь Засгийн газар танхимын зарчмаар, хариуцлагатай ажиллах боломжгүй байх үндсэн шалтгаан юм. Ийм нөхцөлд сөрөг хүчин ч олигтой төлөвшихгүй, ганцаардсан популистуудын тоглолтоор улс төр өнгөн хэсэгтээ өрнөж ирж байгаа бололтой. 

Эцэст нь, Засгийн газраа огцруулж тоглодог, улс төрөөр эдийн засгаа хэрхэн үгүйрүүлдгийг дотроос нь харж буй (хамт бүгдийг хийж буй) хижээл гишүүн саяхан өгсөн ярилцлагадаа, “Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулчихаад сайхан наадчихаад ирэх намар сонгууль хийе” гэж дуугарч байна. Болохгүй ч юм алга л даа. Удахгүй хуулийн төслөө өргөн барих сурагтай. Өөр үр дүн хүлээж байвал, хямралыг туурвигчид, Монголын популизмын түүхийг бичилцэж байгаа нөхдөөс эртхэн салмаар байна. Эсвэл салж чадахгүй ч юм болов уу?

Т.Бэх