Хэнээс ч айхгүйгээр болохгүй зүйлийг болохгүй байна аа гээд хэлчихдэг хүн өнөөдрийн энэ нийгэмд өдрийн од шиг ховор. Харин тэр ховор хүмүүсийг нийгэм нь ад шоо үзэх нь элбэг. Хэлэх гэснээ хэнээс ч айлгүй хэлчихдэг нэгэн өмгөөлөгч удирдлагууддаа ад шоо үзэгдэн ажлаасаа халагдаад байгаа бөгөөд эзгүй хойгуур нь ажлаас нь халсан удирдлагуудынхаа хууль бус үйлдлийг нь эсэргүүцэн шүүхэд хандаад байгаа юм байна. Ингээд Хууль зүйн туслалцааны төвийн Дархан-Уул аймаг дахь салбарт Ахлах өмгөөлөгчөөр ажиллаж байсан Р.Лхамсүрэнтэй уулзаж ярилцсан юм.

-Та удирдлагуудаа шүүмжилсэнээс болж ажлаасаа хууль бусаар халагдаж, Хууль зүйн сайд Д.Дорлигжавт хүртэл хандсан байсан. Яг юу болсон талаар тодруулахгүй юу?

-Би хуульч, өмгөөлөгчөөр нийт 36 жил ажиллаж байна. 2009 оноос эрүүл мэндийн байдлаас болж, Дархан-Уул аймагт суурьших болсон.  Ингээд суугуул аймагтаа өмгөөлөгч хийх болсон юм.  2013 онд төлбөрийн чадваргүй яллагдагчидад хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай хууль гарсаныг та бүхэн мэдэж байгаа байх. Хууль гарсаны дараа Хууль зүйн туслалцааны төвд өмгөөлөгч ажиллуулахаар сонгон шалгаруулалт зарласан. Уг сонгон шалгаруулалтанд нь би ороод Дархан уул аймаг дахь салбарын Улсын ахлах өмгөөлөгчөөр ажиллахаар болсон юм. Удирдах төв нь Улаанбаатар хотод байдаг бөгөөд н.Отгон гэж хүн захирлаар нь ажиллдаг. Дархан-Уул аймагт тус төвийн салбар хоёр өмгөөлөгчийн орон тоотой. Гэвч өмгөөлөгчид цалинг нь голдог, мөн төсөв мөнгө хэмнэх зорилгоор нэг өмгөөлөгч л ажиллуулдаг. Жил гаруй ажиллахад чамлахааргүй амжилттай ажилласан гэж боддог юм. Энэ хугацаанд 50 гаруй хүнийг өмгөөллөө. Давтан үйлдлээр 10 жилийн ял авсан М.Ганзам гэдэг хүнийг өмгөөлж ялыг нь 5 сарын баривчлан ял болгон өөрчлүүлсэн. Мөн Сум дундын 7 дугаар шүүхээс 5 жилийн ял авсан хүнийг өмгөөлж ялыг нь гурван сар баривчлан ял болгуулсан. Ч.Батзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт ирүүлсэн эрүүгийн хэрэг хэлэлцэх шүүх хуралд шүүгдэгчийн өмгөөлөгчөөр оролцож ялын зүйл ангийг өөрчлөх талаар гаргасан өмгөөлөгчийн саналыг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч Ч.Батзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99-р зүйлийн 99.1-т зааснаар 3 сар баривчлах ял оногдуулсан юм. Энэ бүх тийм ч чамлахаар амжилт гэж бодохгүй байна. Өөрийгөө магтаж байгаа юм биш. Хүн 10, 5 жил шоронд суух, 3-5 сараар баривчлуулах гэдэг бол асар ялгаатай. Бидний өмгөөллийн туслалцаанд олон хүн талархалтай хандаж байгаа.  Гэтэл 2015 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр ажлаас халагдсан тушаал гарсаныг мэдэгддэг юм байна. Энэ үеэр нь би эзгүй байсан л даа.

-Таныг ажлаас халах болсон үндэслэлээ юу гэж байх юм?

-Төлбөрийн чадваргүй хоёр иргэнд /иргэний хэрэгт/ хууль зүйн туслалцаа үзүүлсэн, Дархан сумын Засаг даргын хүсэлтээр Иргэний давж заалдах шатны шүүх хуралд хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцсон юм. Хоёр хохирогчийг шүүх хуралд өмгөөлсөн талаар тайландаа дурьдсан нь намайг ажлаас халах үндэслэл болсон юм гэнэ лээ. 2015 оны нэгдүгээр улирлын тайландаа иргэний гурван хэрэгт өмгөөлөгчөөр оролцсон гэсэн чинь л хуулиа зөрчсөн гээд ажлаас чөлөөлсөн байгаа юм.Хуулиндаа бол төлбөрийн чадавргүй яллагдагчийг өмгөөлнө гэдэг. Гэтэл би иргэний хэрэгт хохирогч өмгөөлж гэнэ. Би гайхаад байна л даа. “Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хууль” нь Монгол Улсын үндсэн хуулийг зөрчсөн.

Иргэн хууль зүйн туслалцаа авах эрхтэй гээд Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд заасан байгаа. Гэмт хэргийн улмаас хохирсон иргэд маш олон байна. Би хорих ангид хүнд зодуулсан ялтныг өмгөөлсөн. Түүнийг бид өмгөөлөхгүй хэн өмгөөлөх юм. Гэмт хэргийн улмаас хохирсон иргэд хэрэг үйлдсэн хүнээсээ бараг их болчихоод байна.  Ёс зүйгээ бодсон ч гэсэн уйлаад орж ирж байгаа хүмүүсийг “би та нарыг өмгөөлж чадахгүй” гээд сууж байж чадахгүй. 

Байнгын гэр бүлийн хүчирхийлэлд байдаг хоёр хүүхдээ дагуулаад айлаар амьдардаг эмэгтэй орж ирсэн. Би энэ хүнд хууль зүйн туслалцаа үзүүлэхгүй байж чадаагүй. Энд гэрлэлт цуцлуулах бүх бичиг баримтыг нь бүрдүүлээд шүүх хуралд нь оролцсон.

 “Сайхан суманд малын галзуу өвчин гарсан юм байна л даа. Уг өвчинд хийсэн тарилгын төсвийг  Дархан сумын нөөц фондоос гаруул гэснийг бид давж заалдаад Дархан-Уул аймгийн нөөц фондоос гаргуулах шйидвэр гаргасан гэх мэтчилэн хуулийн дагуу шийдвэр гаргуулж, хүмүүст тусалсаныхаа төлөө нэг өдөр ажлаас халагддаг юм байна.

-Хууль зүйн туслалцааны төвийн Дархан дахь салбар нь ажлын байргүй байсан гэж сонссон юм байна?

-Бид байргүй цагдаагийн байгууллагын подволд ажлаа явуулдаг байлаа. Гэрээрээ хүртэл ажлаа явуулдаг байсан. Ингээд энд нэг жил хоёр сар Улсын ахлах өмгөөлөгчөөр ажиллахдаа ажлын байртай болох шаардлагатай байсан тул Дархан  сумын Засаг даргад хандаж, 2014 оны 5 дугаар сард ажлын байр гаргуулж авсан. Бид ажлын байраа баяр ёслолын байдалтай нээж, зурагтын сувгуудаар сурталчилсан нь манайхаас хууль зүйн туслалцаа авахаар ирэх хүмүүсийн тоо олширч олны  талархал хүлээх болсон.

Магадгүй миний удирдлагаа шүүмжилдэг байсан нь дургүйг нь хүргэж, холдуулах шалтгаан болсон байх. 

Надтай утсаар ярьж, яагаад хууль бусаар хүмүүст өмгөөлөл үзүүлсэн юм гэж асуусан. Тэгэхээр нь “Дарханд хоёр өмгөлөөгчийн орон тоо бий. Ганцаараа бүтэн жил ажиллалаа. Нэг өмгөөлөгч та нар өгсөнгүй. Туслах гээд нэг хүн өгсөн. Тэр нь хийгээд байх ажил байхгүй. Улиралын эцэст нэг тайлан маягт гаргуулж, явуулдаг. Өөр юу ч хийдэггүй. Өдөржин зүгээр суудаг. Та нар үргүй зардал их гаргадаг. Туслахуудад улирал бүр 200-300 мянган төгрөгийг сайн ажилласны урамшуулал өгдөг. Өмгөөлөгч гэсэн цалингаа авч байна. Том аймагт ганцаараа ажиллаж байгаа гэж бодоод урамшуулал өглөө гэж бодоход туслахууд юу ч хийхгүй байж, комьютерээр төврүү мэдээ тайлан явуулж, миний орсон хэргүүдийг үддэг. Өөр ажил байхгүй. Хуульчийн гэрчилгээ байхгүй болохоор мөрдөн байцаалт, шүүхийн ажиллагаанд орохгүй, бичиг цаасны ажилтай хүмүүс. Тэгээд л үргэлж шагнал өгдөг.  Юу хийсэн гэж шагнаж байгаа юм. Өнөөдөр Монголын эдийн засаг хүнд байхад үргүй зардал хэтэрч байна. Энэ асуудлыг сайдад орж хэлнэ шүү” гэсэн.  

Сум дундын 7 дугаар шүүх дээр асуулга хийсэн байгаа юм. Р.Лхамсүрэн өмгөөлөгч хэдэн хэрэгт орсон, хүмүүсээс мөнгө төгрөг авсан уу” гэж. Мэдээж хэрэг давж заалдаад хэрэг нь өөрчлөгдөж шийдвэрлэгдсэн ганц нэг өмгөөлөгч миний эсрэг л бичнэ. Туслах шүүгч нартай ширүүн харьцдаг гэсэн байгаа юм. Ихэнх нь миний талд хариулт өгсөн байна лээ. Тэгсэн надад танай шүүхээс хүртэл бичиг ирсэн гэж хэлсэн. 

Үргүй зардал гаргаж байгаа асуудлаар энд нэг зүйл хэлэхэд 2015 онд 14 оныхоо ажлыг дүгнэж байгаа нь гээд Монголика гээд амралтанд өдөржин, шөнөжин архиддаг юм байна. Тэнд бол асар их хэмжээний зардал гарсан. Хаанаас энэ зардлыг гаргаж байгааюм гэж асуухад олон хүний дүргуй хүрсэн. Зайлуул нягтлан нь ам алдсан л даа.

Дарханд гэлтгүй бусад аймгуудад цалинг нь голоод нэг өмгөөлөгч л ажилладаг юм байна.Өмгөөлөгчийн орон тоо хэмнэсэн мөнгөөр л нэг өдөр архидалт зохион байгуулсан байгаа юм. Хэрвээ тэгж л мөнгө хэмнэж байгаа бол тэр мөнгө улсад орох ёстой. Түүнээс бус хэсэг бүлэг хүмүүс цэнгээд өнгөрөх нь утгагүй. Энэ асуудал дээр би дуугүй өнгөрч чадаагүй, илүү үгэлсэнээс болж ад шоо үзэгдсэн.  

Төсвийн зарцуулалтанд хяналт тавьдаг ямар байгууллага байдаг юм бол гэдэг их сонин санагдаж байна. Төрийн үйлчилгээний байгууллагад өгсөн төсвийг яаж үргүй зарж байна вэ гэдэгт АУДИТ оруулмаар юм

-Та сайдад хандсан шүү дээ. Асуудалд хууль зүйн сайд хэрхэн хандсан бэ?

-36 жил өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа нэг ч сахилгын арга хэмжээ авахуулж байгаагүй. Нас өндөр болохоор ядарсан зүдэрсэн хүмүүст туслая гэж бодоод хууль зүйн туслалцаа үзүүлэх төвийн Дархан дахь салбарт ажиллах болсон. Энэ хугацаанд нэлээд амжилттай ажилласан. Өвчтэй байх хугацаанд минь хөдөлмөрийн хууль зөрчин ажлаас халж болохгүй шүү дээ гэж сайдад хандсан. Сайд н.Цэнгэлмаа гэж хүнд өргөдлийг цохож өгсөн байна лээ. Тэр хүн нь ирж, шалгаагүй байж, таньд хариу өгнө гэж байгаа юм. Олон жил ажилласан бие муу намайг харж үзэх арга байна уу. Шударга бусаар ажлаас халагдлаа  гэж хандсан юм. Түүнээс сайдаас нэг хариу аваад ч ялаа, байсан ч ялаа.

Хууль зүйн туслалцаа үзүүлэх төвд залуу өмгөөлөгчид цалинг нь голоод ажилладаггүй гэж ойлгож болох уу?

-Жилийн ажил дүгнэхээр цуглахад залуу өмгөөлөгчид харагдана лээ. Улсын ахлах өмгөөлөгч гэхэд би 640 авдаг. Туслахууд  300-400 авдаг. Дархан-Уул аймаг 120 мянга хүн амтай, их том аймаг. Энд ядуурал, ажилгүйдэл  маш их байна. Нэг хүний мөрдөн байцаалтад гурван удаа сууж байна. Дараа нь шүүх хурал давж заалдвал гурван шатны шүүх хуралд сууна. Маш их ачаалалтай ажилладаг. Настай хүн гэхэд өдөр шөнөгүй гүйж байна би. Би настай хүн гээд нэг ч удаа шүүх хурал хойшлуулж үзээгүй. Ингээд ажилласан ажлын үр дүн гарсан. Миний ажлыг ард түмэн үнэлж байгаа.

 -Таны оронд одоо өмгөөлөгч томилогдсон уу?

-Нэг ч удаа хүн өмгөөлж үзээгүй Баярмаа гэж хүнийг томилсон. Тэгсэн нөгөө хүмүүс маань надаар өмгөөлүүлнэ. Баярмаа өмгөөлөгчөөр өмгөөлүүлэхгүй гээд болдоггүй. Тиймээс би 4 дүгээр сард ажлаас халагдсан ч гэсэн үргэлжүүлээд хандсан хүмүүсээ өмгөөлөөд цалингүй ажлаа хийгээд л явж байна. Олон түмэн тусламж хүсээд хандаад байхад яах ч арга алга.  

Шинээр томилогдсон өмгөлөөгч нь ядарсан хүмүүсийг өмгөөлж чадахгүй л дээ. Намайг ингэж хэллээ гээд гомдол гаргадаг л юм байгаа биз. Өмгөөлөгч болтол нэлээд хэдэн жил зарцуулна. Би 30 гаруй жил өмгөөлөгч хийсэн ч гэсэн төгс төгөлдөр болоогүй л байна.

-Таныг ажиглаад байхад хэлий гэснээ шууд хэлчихдэг бололтой юм. Өнөөдрийн энэ нийгэмд хэлэх гэснээ шударга хэлдэг хүн ад үзэгдэх болсон юм шиг ээ?

-Би нийгэмд шударга ёс тогтоосой гэж хүсдэг. Хүний эрхийг дээдлээсэй. Нийгэмд ажилгүйдэл, ядуурал их байна. Иргэдийг ажилтай, орлоготой болгоосой. Хүмүүсийн аж амьдрал дээшилвэл нийгэмд гэмт хэрэг автоматаар буурна. Түүнээс биш ямар ч нам гараад ажилгүйдэл, ядуурал буурахгүй гэдэг нь нэгэнт тодорхой болчихлоо. Ард түмний амьдралыг дээшлүүлэх дорвитой арга хэмжээ аваасай гэж хүсэх юм.

Амьдрал дээр харахад шударга бус явдал их байна. Намайг ажлаас халлаа гэж би өөрийгөө өмгөөлж байгаа юм биш. Олонд танигдсан жүжигчин гэхчээр би бол олонд танигдсан хуульч, өмгөөлөгч хүн шүү дээ. Ажлаа бодохгйү байна. Лхамсүрэнгээр хүн өмгөөлүүлсэн үр дүнтэй байх уу, Баярмаагаар өмгөөлүүлсэн нь үр дүнтэй байх уу. Ийм сохор. Лхамсүрэнгээс салж л байвал хэн ч байсан яахав. Үүний цаана хэн хохирч байна. Ард түмэн л хохирч байна!

-Цаг зав гарган ярилцсан таньд баярлалаа

Н.Чинзориг