ХБНГУ-ын Мөрдөх албаны ажилтнууд Монголд ирсэн гэх ч хаана, ямар ажлаар, юу хийж яваа нь нууц байна. Нутаг нэгтнүүдээ залилж, 13 сая евро луйвардсан Максимлян Лёонхард Клойбер гэгч иргэнээ хайж яваа юм байх.

Тэр герман эр арваад жилийн өмнө Герман улсынхаа хилээр хуурамч бичиг баримт ашиглан зугтсан бөгөөд Европ, Азийн орнуудаар дамжин амьдарсаар хамгийн сүүлд Монголд доктор Байэр Сандерс гэдэг нэрээр орж ирээд, буцаж гараагүй байгаа юм гэнэ. Ийм л хардлага сэрдлэг тээсээр Германы мөрдөгчид Монголд ирсэн бололтой. Тус улс өөрсдийн хууль цаазын дагуу сэжигтэй иргэнээ эрж хайж сураглалгүй яахав. Харин тэр иргэнтэй холбоотой байж магадгүй хэмээн Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын хэлтсийн даргаа саатуулаад байгаа нь нэг л учир битүүлэг санагдаад байгаа юм. Энэ ч яахав. Хууль хяналтынхны хийх ёстой ажил, гүйцэтгэх ёстой үүрэг. Максимлян Лёонхард Клойбер гэгч герман эр Монголд байгаа төдийгүй, манай төр засгийн томчуудын амьдардаг “Royal Castle”-д тансаг зэрэглэлийн пентхауст амьдарч байжээ. Энэ хотхоны байр нэг м.кв нь 3000-3500 ам.доллараар зарагддаг гэдэг ч тийм ч амар олддоггүй. Гадаад, дотоодынхон хөлсөлж суух болбол сарын 5000-6000 ам.доллараар түрээслэгддэг, давхартаа хоёр айл амьдрах зориулалтаар баригдсан ч давхраар нь худалдаад авчихсан шинэ цагийн баян монголчууд ихэнх нь гэдэг юм билээ. Үүдэндээ хоёроос гурван жижүүр, харуул манаатай, хаалттай энэ бүсэд гадны хүн ороход тийм ч хялбархан биш. Хотхоны хэн нэгнийд зочин очвол харуул очсон айлын үүдэнд хүргэж өгөөд буцах жишээтэй. Гэрээсээ цахилгаан шатаа дуудчихна, саун, фитнесс, бассейн нь зөвхөн хотхоны оршин суугчдад үйлчилнэ гээд энэ хотхон энгийн амьдралаас “дэндүү тасархай”. Ийм хотхонд манай төр засгийн томчуудтай хаяа хатган харийн нэг муу доншуур луйварчин амьдарч байсан гэж бодохоор аймаар ч юм шиг. Мөнгө бүхнийг шийддэг гэдэг. Мөнгөтэй л бол хэнбугай ч “Royal Castle” мэтэд амьдарч, Төрийн ордон мэтэд “оффис”-лох эрх чөлөө зөвхөн манай Монголд л байдаг байх.

Германы мөрдөх ажилтнуудын эрэн сурвалжилж яваа Макс гэх герман эр өдгөө 57 настай, Германаас гадна хэд хэдэн улс дамнан хөрөнгө оруулагчдыг залилж, хамгийн сүүлд оргон зугтахдаа 18 сая евротой болсон байсан талаар тус улсын хэвлэлүүд бичиж байна. Хөрөнгө оруулагчдын мөнгөнөөс 18 хувийг нь хувийн дансандаа шилжүүлчихээд зугтчихсан зайтай эр гэж байгаа. Энэ нь түүний үйлдсэн залилан луйвруудын зөвхөн ганцхан удаагийн тохиолдол нь гэнэ билээ. Энэ зууны зартай луйварчин эр байх нь. Түүнтэй “Royal Castle”-д хамтран амьдарч байсан гэх 50 орчим насны Ё.Гантуяа гэдэг эмэгтэйг Германы шүүхийнхэн бас л эрэн сурвалжилж эхэлсэн гэх мэдээлэл тархлаа. Яаж яваад монгол эмэгтэйтэй танилцаж, нэг гэрт хамтран амьдарч байсныг нь мэдэхгүй. Герман эрчүүд монгол эмэгтэйчүүдийн ажилсаг мөртлөө илэн далангүй, юугаа ч нуудаггүй занд нь дуртай байдаг гэсэн яриа байдаг. Үнэндээ ямар ч гэмгүй монгол эмэгтэйг энэ герман эр хөлдөө чирч байгаа бол яана. Аль эсвэл хамтарч луйвар хийж байсан уу гэдэг нууц хэвээр байна. Германы шүүхээс Максыг эрэн сурвалжилж эхэлсний дараа тэр хоёр Швейцарьт мэс засал хийлгэн, нэр зүсээ өөрчилж, Европын орнуудаар тэнүүчилж сураггүй болцгоосон гэж үзэж байжээ. Германы шүүх 2009 онд Интерполд хандан Макс Клойберийг эрэн сурвалжлуулсан ч баригдахгүй байсаар хамгийн сүүлд Монголд хувийн онгоцоороо ирсэн сураг чимээ сонссон аж.  Харин Ё.Гантуяа гэгч эмэгтэй Монголд байхгүй, Хонконг, Токио, Макаод байж болзошгүй гэсэн мэдээлэл л үлдсэн байна. Харин герман эр Монголд орогнож байгаа гэнэ. Германы шүүх Ё.Гантуяа, Максимлян Лёонхард Клойбер нарыг барьж өгсөн хүнд 20, 20 мянган еврогийн шагнал амлаад байна гэх.

Луйварчин герман эрийн хамтран амьдрагч Ё.Гантуяагийн тухайд тодорхой мэдээлэл байхгүй бөгөөд албан бус эх сурвалжийн мэдээлснээр жил гаруйн өмнө “Royal Castle”-ийн СӨХ-ны даргаар Гантуяа гэдэг эмэгтэй ажиллаж, тус хотхонд орж гарах гадна дотны хүмүүст зөвшөөрөл өгч байсан гэх мэдээлэл байна. Харин Монгол Улсын хэмжээнд Ё овогтой Гантуяа гэдэг нэртэй эмэгтэй 16 байдаг гэнэ. 

 

Б.Оюунгэрэл