Иргэдийн төлсөн татварын мөнгөнөөс хэдэн тэрбумаар нь зарж байж Сэлбэ голын урсацыг сайжруулах ажил хийгдээд явж байгаа. Гэтэл S.Outlet's хэмээх бэлэн хувцасны дэлгүүрийнхэн голын урсац дотор дур мэдэж шороо асган тэгшлээд, таван давхар барилга бариад эхэллээ.

Энэ талаар бид удаа дараалан сурвалжлага бэлтгэж, холбогдох мэргэжилтнүүдээс нь тодруулга авсан. /Б.Сайнбаяр: "S.Outlet's-ынхан дур мэдэж Сэлбэ гол дотор далан босгосон", Я.Болдбаатар: "Хэд хэдэн удаа шаардлаг хүргүүлсэн ч сүүлдээ утсаа авахгүй алга болсон"/ Тэгвэл энэ удаад S.Outlet's дэлгүүрийн өргөтгөлийн ажлыг хариуцан явуулж байгаа талбайн инженер Д.Эрдэнэбатаас тодруулга авлаа.


- Сэлбэ гол дотор шороо асгаж, барилгын ажил эхлүүллээ гэх гомдол иргэдийн зүгээс тасралтгүй ирж байна. Тэгвэл энэ таван давхар барилгын зөвшөөрөл хэдийд олгогдсон юм бэ?

- Иргэн Д.Батзоригийн нэр дээр 2014 оны нэгдүгээр сарын 2-нд 42*18, 32*15-ийн харьцаатай таван давхар нэг барилга, зоорийн нэг давхартай 16 давхар үйлчилгээний барилгын зөвшөөрөл, архитектор төлөвлөлтийн даалгавар нь гарсан юм.

Одоо Сэлбэ голын баруун эрэг дээр таван давхар барилгын ажил явагдаж байна. Уг барилгын ажил дуусмагц дэлгүүр маань тийш нүүгээд, S.Outlet's-ийн суурин дээр 16 давхар барилгын ажил эхэлнэ.

- Барилгын зөвшөөрөл өнгөрсөн онд гарсан гэж байна. Хэний зөвшөөрлөөр гарсан юм бол оо?

- Нийслэлийн архитектор төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж гэдэг хүний зөвшөөрлөөр гарсан. Энэ зөвшөөрлийг зүгээр авчихгүй. Н.Нацагдорж гуай өөрөө үзнэ, танилцана, олон шат дарааллаар явж байж олгогдоно.

- Барилгын гүйцэтгэгч нь?

- "Ананд-Тавер" компани гүйцэтгэгчээр нь ажиллаж байгаа.

- НМХГ, “Туул голын сав газрын захиргаа” дээр очиж уулзсан. Тэгтэл S.Outlet's дэлгүүрийг хариуцсан С.Сайн ХХК-ийн эзнийг нэрлэж мэдэхгүй байсан. Энэ дэлгүүрийн жинхэнэ эзэн гэж ямар хүн байна?

- Барилгын зураг төсөл бүх юм иргэн Д.Батзоригийн нэрээр явж байгаа. Манайх бол гүйцэтгэгч компани. Д.Батзориг гэж энэ хүн хуулийнхаа дагуу авч өгөх ёстой бичиг баримтуудаа авч өгөөд л, барилгынхаа үйл ажиллагааг явуулж байгаа.

- Энэ барилгыг шалгасан төрийн байгууллагууд бичиг баримтаа авчирч үзүүл гэх шаардлагыг танайд удаа дараа хүргүүлсэн гэсэн. Яагаад бичиг баримтаа холбогдох албаны хүмүүст үзүүлэхгүй байна вэ?

- Уулзаад, бүгдэд нь тайлбарлаад, барилгын бичиг баримтаа канондоод өгсөн. S.Outlet's дэлгүүрийн менежер н.Нямдорж ч бас давхар уулзаад явж байгаа.

- Усны онцгой хамгаалалтын бүс дотор барилга байгууламж барьж болохгүй. Зайлшгүй барих тохиолдолд зөвхөн сайдын гарын үсгээр зөвшөөрөл олгогдоно гэсэн хууль байдаг. Тэгэхээр энэ зөвшөөрлийг яаж авсан бэ гэдэг сонин байна?

- Зөвшөөрөл гэдэг бол барилга барих хамгийн анхан шатны төлөвлөлтийн даалгавар шүү дээ. Тийм учраас өнгөрсөн онд Улаанбаатар хотын ерөнхий архитектор Н.Нацагдоржоор баталгаажуулаад, схем зургийг нь хийлгүүлсэн. Тэр хүн "Энэ газар дээр барилга байгууламж барь аа"  гээд өгсөн шүү дээ.

- Тэгвэл Нийслэлийн ерөнхий архитекторын газрын дарга хуулиа зөрчөөд, зөвшөөрөл олгосон гэсэн үг үү?

- Мэдэхгүй.

- Усны сав газрын ойролцоо барилга байгууламж барьлаа гэхэд дараа нь нуралт цууралт үүсэх асуудал гардаг уу? Эхнээсээ баригдсан барилгууд цуураад эхэллээ.

- Геологийн компаниар хөрснийхөө шинжилгээг хийлгээд, даацаа тодорхойлуулаад, зураг төсвөө хянуулаад бүх юмаа жин тан болгосон хойноо захиалагч компани маань энэ ажлыг бидэнд өгсөн.

- Түүнээс гадна танайх барилгын ажлаа эхлүүлснээс хойш Сэлбэ голын хөвөө рүү шороо асгаж, цаашлуулж далан босгосон гэх гомдол их ирсэн. Яагаад барилгын ажил хийж байгаа нэрээр гол руу шороо асгаж, даланг нь цаашлуулж шинээр босгосон юм бэ?

- Хуучин шороо хог байсан хэсгийг нь цэвэрлэж янзлаад л эгц бетонон далан босгосон шүү дээ. Цаашлуулсан юм байхгүй.

- Гэтэл холбогдох албаных нь хүмүүс цаашлуулж босгосон. Голын гольдрол өөрчилсөн, анх ямар байсан тэр хэвэнд нь оруулахыг үүрэгдсэн гээд байдаг?

- Манай хүн НМХГ, “Туул голын сав газрын захиргаа” гээд төрийн байгууллагуудтай уулзаад явж байгаа. Бид үнэндээ иргэнийхээ үүргийг биелүүлээд л "Иргэн хүн өмч хөрөнгөө хамгаалах ёстой" гэсэн хуулиа дагаад л, өдий, төдий хөрөнгө өөрсдөөсөө гаргаад явж байна.

- Цааш нь босгосон далан дээрээ тэгшлээд автомашины зогсоол барина гэх зураг төслөө албаны хүмүүст үзүүлсэн байсан. Аль нь үнэн юм бэ? Автозогсоол барих гээд байна уу, ногоон байгууламж барих гээд байна уу?

- Анхны зураг төсөл нь тэгж гарсан. Сүүлд шинэчилсэн зургаар налуу шороотой хэсэгт мод, ногоон байгууламж байгуулж, голынхаа савыг дагуулаад мод тарья гэж байгаа юм.

- Гэтэл Сэлбэ гол чинь Нийслэлийн өмч хөрөнгө. Төрийн өмчид дураараа халдвал зохих хуулийн дагуу хариуцлага хүлээнэ гэсэн байдаг. Зөвшөөрөл олгогдоогүй байхад ингэж хана босгож болж байгаа юм уу?

- Даланг нь буулгаагүй шүү дээ. Хуучин шороо асгачихсан байсныг нь өнгө үзэмжтэй, арай дээр болгоё гээд.

Түрүүнд чиний асуугаад байсан 100 метрээс цаашаа, маашаа гээд, үнэндээ Улаанбаатар хотод энэ дүрэм зөрчигдчихлөө. Хаа сайгүй ийм байна. Та нар намайг голын сав руу оруулж барилга байгууламж барьлаа гээд л байна. Хийгээд өгсөн бичиг баримт, зөвшөөрлийнх нь дагуу ажлаа явуулж байна шүү дээ.

За ах нь яг үнэнээ хэлье. Би бас ажлыг нь хийж байгаа хүний хувьд, захиалагч компаниа хамгаалаад байна шүү дээ. Өдий төдий хөрөнгөөр байшин сав босч байна. Голын эрэг дээр барьж байгаа болохоор нэг л өдөр хамаг юмаа үерт урсгаад явахыг бодохгүй. Тэгэхээр тодорхой хэмжээгээр үерийн усыг хамгаалах гэж бетон хана босгосон.

- Та усны тухай хуулийг мэддэг хэрнээ яагаад хуулиа зөрчсөн юм бэ?

- Уул нь барилгын норм дүрмээр байдаг юм. Сүүлийн үед шинэчилсэн норм дүрэм батлагдлаа гээд л байна. Гэхдээ энэ хууль өнөөдөр бодит байдал дээр хэрэгжихгүй байгаа.

Бид ногоон байгууламж барих гэж байна гээд улсаас мөнгө төгрөг нэхээд байгаа биш, хийж байгаа нэгнээ дэмжээд өгвөл уг нь их хэрэгтэй байгаа юм. Өөрсдийнхөө боломж бололцоогоор хөрөнгө мөнгөө гаргаад тодорхой хэмжээний ногоон байгууламж бариад, голын савыг цэвэрлээд, арчлаад байж байя гэдэг л юм яриад байна.

Тэгж байхад заавал хууль дүрэм зөрчсөн, таныг яллана шийтгэнэ, торгоно гэсэн хууль байж болмооргүй байна. Амьдралд нийцсэн хууль л хэрэгтэй байна ш дээ. 

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу