Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын хүн ам 2.78 саяд хүрч, нийслэлийн хүн ам 3-4 дахин нэмэгдэж, гэр хороололд амьдарч буй өрхийн тоо 184.000 болж өссөн билээ.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хүн амын 60 гаруй хувийг гэр хорооллынхон эзэлж байдаг.

Ийнхүү тэд цэвэр ус, ариун цэвэр, эрүүл ахуй, зам харилцаа нийтийн тээвэр, унаа зэрэг орчин үеийн нийтийн аж ахуйн дэд бүтцийн үйлчилгээ сул, сургууль, эмнэлэг, цэцэрлэг зэрэг нийгмийн дэд бүтэц дутмаг хүндхэн орчинд  амьдарч байна. Эдгээрээс гадна гэр хорооллын айл өрхөд тулгамдсан нэн тэргүүний асуудал бол нийтийн халуун усны газар дутмаг байгаа явдал юм. 

Энэ оны байдлаар нийслэлийн эрүүл мэндийн газраас гэр хорооллын иргэдийн ундны ус болон нийтийн халуун усны хүрэлцээ, эрүүл ахуйн талаар судалгаа хийсэн байна. Энэхүү судалгааны дүнгээс үзвэл, гэр хороолын иргэдийн 54 хувь нь нийтийн халуун усны газарт очиж усанд ордог гэсэн бол 18 хувь нь халуун устай орон сууцны айлд очиж усанд ордог гэжээ. Харин судалгаанд хамрагдсан иргэдийн 12 хувь нь 7-14 хоногт тогтмол усанд ордог хэмээн хариулжээ.

Дээрх судалгаанаас үзвэл, гэр хороололд нийтийн халуун усны газар шинээр барьж байгуулах шаардлага зүй ёсоор бий болсон нь харагдаж байна. Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн 41 хувьд нь нийтийн халуун усны газар дутагдалтай байгаа нь хангалтгүй үзүүлэлт гэж болно. Тэрчлэн судалгаанд хамрагдсан нийт айл өрхийн 81 хувь нь долоогоос дээш хоногт усанд ордог байна. Мэдээж ийм нөхцөлд  хувийн ариун цэвэр сахилт хангалттай байж чадахгүй.  

Тиймээс нэн даруй гэр хороолол дахь нийтийн халуун усны газруудын тоог нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор бий болжээ гэж үзэж болох юм.  Энэ байдалд төр засгийн зүгээс бодлогын хувьд дэмжин, тэднийг хөнгөлөлттэй зээлд хамруулах, холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран нийтийн халуун усны үйлчилгээ эрхлэгч нарт сургалт зохион байгуулах шаардлагатайг ч  албаныхан хэлж байгаа юм. Үүнийг ярих, хэлэх  биш бодит ажил болгох шаардлагатай. 

Учир нь гэр хороололд нийтийн халуун усны үйлчилгээ явуулж байгаа газруудын цөөнгүй хувь нь чанар, стандарт, ариун цэвэр талаасаа шаардлага хангахгүй, шалгалтад бүдэрчээ. Стандартчилал, хэмжил зүйн газрын бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын хэлтэс бусад холбогдох газартай хамтран нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа халуун усны газруудад шалгалт хийжээ. Уг шалгалтанд нийслэлийн 6 дүүргийн нийтийн халуун усны 124 газар хамрагдах байснаас 31 газар ажиллаагүй болон засвартай гэсэн шалтгаанаар үнэлгээнд хамрагдаагүй аж.

Уг шалгалтын үр дүнд дараах дүгэлтийг гаргасан байна. Үйлчилгээний газруудын нийтлэг ололттой тал нь үйлчилгээний үнийн жагсаалтыг үйлчлүүлэгчдэд ил тод харагдахуйц газарт байрлуулсан, үйлчилгээний газрын гадна хаяг, цагийн хуваарьтай, үйлчлүүлэгчдэд ариун цэврийн бараагаар үйлчилж, үйлчилгээний өрөөний ариутгал, хортон шавьжийн устгалыг мэргэжлийн байгууллагын хяналтан дор гүйцэтгэж хэвшжээ.

Харин шалгалтын явцад хэд хэдэн зөрчлүүд илэрсэн байна.

Нийтлэг зөрчил нь үйлчлүүлэгчдэд зориулсан үйлчилгээний журам байхгүй, хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нэмэлт шүршүүрээр тоноглосон өрөөгүй байсан нь шалгалтын явцад илэрчээ. Мөн галын аюулгүй байдлын шаардлагыг хангасан тухай дүгнэлтийг зохих байгууллагаас гаргуулаагүй, агааржуулалт хангалтгүй гэх мэт дутагдлууд илэрсэн байна. Эдгээр зөрчил дутагдлаа нэн даруй засч, залруулах шаардлагтайг мэргэжлийн хүмүүс хэлж байна.

 Б.Хорол