Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэг үзэгч түмэнд хүрч эхэлснээр багагүй хугацаа өнгөрөөд байна. Дөрвөн жилийн өмнө байна уу даа, уг нэвтрүүлэг телевизийн олон сувгаар зэрэг цацагдан анхны зочноор “МСS”-ийн Ж.Оджаргал оролцож байсан санагдана. Дараахан нь төрийн шагналт нэрт нийтлэлч Баабар оролцож байв. Үе үеийн Ерөнхийлөгчид (Багабандиас бусад нь)-өөс аваад Монголын төр нийгмийн нэртэй зүтгэлтнүүд, урлаг соёл, шинжлэхухаан, спортын алдартнууд зочны хойморт нь уригдсаар ирсэн юм. Ард түмний бахархал болсон нэртэй төртэй эрхмүүдийг урьж, туулж өнгөрүүлсэн он жилүүдийнх нь бахдам түүх замналыг ярилцан олонд хүргэж эхэлснээрээ тухайн нэвтрүүлэг Монголын телевизийн урлагт нэгэн дэвшил байлаа. Ялангуяа нэвтрүүлгийн зураг авалт, дуу дүрсний өнгө, өвөрмөц шийдэл зэрэг нь мэргэжлийн өндөр түвшинд хийгдэж буй нь мэдрэгддэг. Энэ бол техникийн талын зүйл юм.

Харин нэвтрүүлгийн гол амин сүнс нь болох хөтлөгчид нь сэтгүүл зүйн боловсрол эзэмшээгүй, мэргэжлийн бус хүмүүс учир сэтгүүл зүйн үндсэн мөн чанарыг машид бүдүүлгээр зөрчих болсон. Сэтгүүл зүйд хэн нэгнийг гутаан доромжлох, өөрөөс нь зөвшөөрөл авалгүйгээр хэн нэгнийг нэр устай нь олонд зарлан таагүй дурсамж дурдатгалыг нь сөхөх, үхсэн хүнийг сайн муугаар хэлэх, бүдүүлэг үг хэллэг хэрэглэх зэрэг нь байж болохгүй зүйл. Бүдүүлэг үг хэллэгтэй гоо зүйн шаардлага хангаагүй сонины нийтлэл, телевизийн нэвтрүүлэг сэтгүүл зүйн хөгжлийг арагш нь улдан чангаадаг. Энэ нь ард түмэн, үзэгч, уншигч олноо дорд үзэн басан доромжилж буйн илрэл юм. Гэтэл “Монгол тулгатны” хэмээн тодотгож, монгол үндэстэн угсаатны бахархал болсон эрхмүүдийг өргөмжлөн цоллож буй, цаанаа ихээхэн утга агуулгатай гэх уг нэвтрүүлэг Монголын сэтгүүл зүйг гутааж, үнэт зүйлийг нь тас цавчин, олон түмнийг доромжлох боллоо. Бөөр бөгс ярьж садар самууныг илт сурталчлан, оролцсон зочдоо нус нулимстай нь зууралдуулж орхино гэдэг сэтгүүл зүйн хамгийн ядарсан арга юм. “Зуун эрхэм”-д уригдсан, ард түмний бахархал болсон хүмүүс маань бараг л ихэнх нь нус нулимстайгаа холилдсон. Ардын зохиолч, хөтлөгч бүсгүй хоёр хоймортоо урьсан зочноо яаж ийж байгаад, янз бүрийн асуултаар ухаж төнхсөөр уйлуулаад авдаг.

Нус нулимстайгаа холилдсон нөхдийг хэн хүнгүй мэднэ. Уйлж байгаа өрөвдөлтэй дүр зураг нь телевизийн олон сувгаар зэрэг зэрэг цацагдаж, интернэтэд тавигдчихсан байж л байна. Аливаад шазуур зууж, сэтгэлийн хөдөлгөөнөө барагтай бол ил гаргаад байдаггүй “Женко” Баттулга гэнэт аавыгаа яриад уйлаад унасан. Нэгэн цагт Японы сумогийн дэвжээг эзэгнэж эр бяраараа гайхагдаж явсан Асашёорюү Дагвадорж аварга “Энэ маань яачихсан амьтан юм бэ дээ” гэж захын хүн өрөвдөхөөр енгэнэтэл эхэр татан уйлсан. Зууны манлай дуурийн дуучин Хорлоогийн Уртнасан нэвтрүүлгийн туршид асгартал уйлсан. Нэг юм хэлээд л уйлаад байдаг. Тийм хүний яриаг нь үзэж сонсон бишрэх биш өмнөөс нь бүр сэтгэл өвдчихөж байгаа юм. Гүррагчаа баатар, Баянаа аварга гээд “Зуун эрхэм”-д уйлаагүй хүн ховор. Хүний нулимс барж телевизийн, нэвтрүүлэг, бизнес хийнэ гэдэг аливаад ухаалаг ханддаг өөрийн гэх бодолтой хүмүүст тийм ч таатай санагдахгүй нь лавтай. “Лхагвасүрэн, Анужин хоёрын энэ нэвтрүүлэг чинь ямар учиртай юм бэ дээ. Оролцсон бүхэн нь л орилж бархираад байх юм” гэсэн яриа нэг хэсэгтээ л газар авсан.

Сэтгүүлчид урьсан зочдоо ихэд хүндэтгэн ярилцдаг. Тиймийн учир бөгс бөөр асууж, олон түмний бахархал болсон эрхмүүдийг шороотой хутгахыг бодохгүй, мөн уйлуулж нус нулимстай холино гэж үгүй. Ярилцаж буй зочдоо хүндэтгэн тэр эрхэм хэн бэ гэдгийг түмэн олонд нээж, дотоод сэтгэлийг нь дэлгэн харуулдаг болохоос урьсан зочиндоо татагдах юм уу, дурласан мэтээр харагдах, эсвэл зочноосоо илүүтэйгээр өөрийгөө товойлгох зүйл сэтгүүл зүйд байдаггүй. "Зуун эрхэм"-ийн хоёр хөтлөгчийн бүсгүй нь оролцсон зочдодоо дурлачихсан юм уу гэж бодогдохоор байдаг.

Харин одоо Лхагвасүрэн, Анужин хоёрын зочдоо уйлуулах нь арай аядаад бөгс бөөр ярих нь хэрээс хэтэрлээ. Нэртэй төртэй, олон түмэнд хүндлэгдсэн ахмадууд бөгс бөөр секс яриад, алдар цуутай хүмүүсийн архи дарс, авгай хүүхэнтэй орооцолдсон дурсамжуудыг хошуу амаа холбож байгаад, дундаа данхтай цай тавьчихаад хов ярьдаг чавганц нар шиг суух нь ямар муухай юм бэ. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн шагналт сонгодог урлагийн гол төлөөлөгч гэгддэг Б.Жамъяндагвын “зуун эрхэм”-д орсон нэвтрүүлэг сүүлд цацагдлаа. Ээ гэгээ минь, түүнийг үзэх юм биш. Гэргий хүүхэдтэйгээ, ижий аавтайгаа бүр чиг үзэх юм биш. Лхагвасүрэн, Жамъяндагва хоёрын өмнөөс ямар их ичиж, нүүрээ хийх газаргүй болсон гэж бодно. Монголын ард түмнийг арай ч ингэж доромжилж болохгүй байх аа. “Шар сэмжлээд үхсэн хүний эрхтэн нь булшаа цоолоод гозойчихсон байсан” гэж Лхагвасүрэн хэнэг ч үгүй хэлж байх юм. Хариуд нь Жамъяндагва “Шар сэмжлээд дараа нь бор өвдөглөнө гэж байдаг юм гэсэн. Шар сэмжлэнэ гэдэг тухайн хүний бэлгийн амьдрал аманд нь орчихсныг хэлж байгаа. Бор өвдөглөнө гэдэг нь наяас дээш насны явдал. Тэр үедээ дахиад ажлаа эхэлдэг юм гэсэн” гээд тууж өгч байна.

Энэ нэвтрүүлгийг Жамъяндагвын үр хүүхэд, ач зээ нь үзээд юу гэж бодсон бол. “Миний аав, миний өвөө их сайхан ярьж байна шүү" гэж лав бодоогүй л байх. Ингэж үр хүүхэд ач зээ нараа хамт олон, найз нөхдийнхөө өмнө нүүр хийх газаргүй болгох хэрэг байв уу. Лхагвасүрэн “Бааст гуай дахиад эхэлчихсэн, оргил үедээ яваа юм байна” гэж хэлнэ лээ. Ардын хувьсгалтай нас чацуу ардын уран зохиолч Бааст гуайг одоо ид хүүхэн “гөвж” байгаа гэж хэлэх нь ямар учиртай юм бол. Тоглоом шоглоомоор хэлж байгаа байх л даа. Гэхдээ л тэр хүнийг доромжлоод байгаа юм уу, магтан мандуулах гээд байгаа юм уу, огтоос ойлгомжгүй.

Насны өндөрлөгт гарсан Лоохууз гуай мөн л “Монгол тулгатны зуун эрхэм”-д оролцохдоо хоёр нүд нь сүрхий жартайж ирээд “Секс амьдрал таарах таарахгүй, нэгэндээ гологдоно гэж байдаг. Сексийн харилцаа тохироогүй бол тэр амьдрал нь амьдрал биш. Нууц эрхтний нууц ажил гэж бий” хэмээн ярих нь үнэндээ зохимжгүй сонсогдсон. “Тийм замнал туулсан, ийм насны хүн ингэж ярих гэж дээ” хэмээн эрхгүй бодогдсон. Бусад хүмүүст ямар санагдсаныг мэдэхгүй юм. Б.Лхагвасүрэн найрагч өндөр настай эрэгтэй, эмэгтэй нь хамаагүй бүгдээс нь хайр дурлалын тухай, бэлхүүснээс доодох сэдвийн тухай л ярих гэх юм. “Би ганцхан үнэн юм хэлье. Нэг эмээр дууссан эр, нэг эрээр дууссан эм гэж байдаггүй” гэж ирээд л тухайн хүний нууцыг яриулах гэнэ. Амбасэлмаа гуайг яаж зовоосон билээ. Идэр залуухан насандаа ханиасаа хагацсан түүнийг бараг “хэн хэний өвөр дамжсан бэ” гэж асуух нь холгүй юм болсон. Орос хэлний Галсантай шувтан хүүхэн ярьсан. “Хүнд ярих юм, ярихгүй юм гэж бас байдаг” гэж хуучин цагийн хөгшид хэлдэг. Лхагвасүрэнгийн хэлснээр ямар ч журамтай бүсгүй нөхрөөсөө өөр хүнтэй нөхцдөг байх нь. Гэвч амьдрал дээр хар нялхаараа ханьтайгаа учраад насан туршдаа үнэнч яваа тохиолдол зөндөө бий. Ингэж хамаагүй ард түмнээ доромжилж болохгүй. Мэргэжлийн бус хүмүүс сэтгүүл зүйг ингэж гутаадаг. Хүн үзэж харахын эцэсгүй болгодог. Ард түмэнд хүрч байгаа, олон түмэн үзнэ гэдгийг огт бодож тунгаадаггүй. Юуны тухай ч хамаагүй дэмий донгосч болно гээд итгэчихсэн. Хариуцлага хүлээнэ гэх ойлголт байхгүй учир сэтгүүл зүйгээр тоглочихож байгаа юм.

Лхагвасүрэн хөгжмийн зохиолч Мөрдорж агсны тухай дурсахдаа гэргийгээ “Далайцэцэг п...” гэж дууддаг байсныг нь хэлсэн. Олон жил телевизийн нэвтрүүлэг хөтөлсөн, мэргэжлиин сэтгүүлчид хэн нэгний тухай дурсахдаа хэзээ ч ийм бүдүүлэг үг хэлэхгүй. Гэргийгээ п... гэж дууддаг байсныг “Мөрдорж гуай ч хэнэггүй хүн байсан. Эхнэрээ хамаа замбараагүй дуудна, хэвлэлийн бус үг хэлнэ” гэж ядахдаа цайруулна. Дагвын Лувсаншарав гуайг бурхан болохоос нь өмнө хөрөг нэвтрүүлэг хийж үлдээсэн, нь чухал. Гэвч бас л бөөр бөгсний сэдэв уг нэвтрүүлгийн гол шугам тэнхлэг болсон нь харамсалтай. Гончигсумлаа гуайг 200 хүүхэн үзсэн гэдгийг Жамъяндагва хэлээд авна лээ. “Аавыгаа, өвөөгөө агуу том хөгжмийн зохиолч хүний хайлан” гэж бахархан дээдэлж явдаг үр хүүхдэд нь тэр яриа сайхан сонсогдохгүй нь мэдээж. Эр эмийн харилцаа, хайр дурлалын тухай ярьж бололгүй яахав. Хүний амьдрал, хүний явдал хойно. Гэхдээ юм хэмжээтэй байх хэрэгтэй.

“Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэг ийм байдлаар цааш үргэлжлэх юм бол телевизийн урлаг, сэтгүүл зүй мөхөх аюул нүүрлэлээ.

Сэтгүүлчид урьсан зочдоо ихэд хүндэтгэн ярилцдаг. Тиймийн учир бөгс бөөр асууж, олон түмний бахархал болсон эрхмүүдийг шороотой хутгахыг бодохгүй, мөн уйлуулж нус нулимстай холино гэж үгүй. Ярилцаж буй зочдоо хүндэтгэн тэр эрхэм хэн бэ гэдгийг түмэн олонд нээж, дотоод сэтгэлийг нь дэлгэн харуулдаг болохоос урьсан зочиндоо татагдах юм уу, дурласан мэтээр харагдах, эсвэл зочноосоо илүүтэйгээр өөрийгөө товойлгох зүйл сэтгүүл зүйд байдаггүй. “Зуун эрхэм”-ийн хоёр хөтлөгчийн бүсгүй нь оролцсон зочдодоо дурлачихсан юм уу гэж бодогдохоор байдаг. Сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, олимпийн аварга Н.Түвшинбаяр, “Женко” Баттулга, У.Хүрэлсүх гээд оролцсон зочидтойгоо найланхайтаж ирээд ярих нь үзэгчдэд эвгүй сэтгэгдэл төрүүлдэг юм. Лхагвасүрэн бол өөрийгөө товойлгох гэнэ, нэвтрүүлгийн дундуур гэнэт өөрийгөө яриад унана. Бусад үед бол буруу хараад суучихна.

Энэ нэвтрүүлгээс гадна дуучин Сэрчмаагийн бас нэг нэвтрүүлэг бий. Нямбаяр гэж залуутай хамт хөтөлдөг. Тэр нэвтрүүлгийг үзсэн хүн Сэрчмааг эрүүл байгаа даа гэж бодоход хүрдэг. Оролцогч юу л ярина Сэрчмаа ангайтал инээнэ. Бараг үг хэлээгүй байхад нь дээшээ хараад инээж байдаг. Харин эрэгтэй хөтлөгч нь юм асуувал гар хуруугаараа оролдоод суучихна. Мөн жүжигчин И.Одончимэгийн хөтөлдөг нэг нэвтрүүлэг бас бий. Оролцогч нь юу л ярина Одончимэг том том дусал нулимс унагаж, мэлмэртэл уйлна. Бас л “энэ чинь зүгээр биз дээ” гэж бодохоор. Одончимэг бол авьяаслаг сайн жүжигчин. Түүнтэй маргах хүн байхгүй. Харин телевизийн нэвтрүүлэг хөтөлж, сэтгүүл зүйн хүн болно гэхэд арай хэтэрсэн асуудал болно. Эдгээр нөхөд мэргэжлийн сэтгүүл зүйг гутаагаад дууслаа. Эл бүгдээс харахад хэн дуртай нь сэтгүүлчийн ажил эрхэлж болдог, юу ч хамаагүй донгосч болдог гэх ойлголт нийгэмд бий болжээ. Үүнээс улбаалан сэтгүүл зүйн нэр хүнд их унаж байна. Мэргэжлийн сэтгүүл зүй гэдэг асар тусдаа зүйл байдаг. Өөрийн гэсэн хууль, дүрэмтэй, ёс зүйтэй. Сэтгүүлч хүн ямар ч үед сэтгэлийн хөдөлгөөнгүй байх ёстой. Мөн хувийн ямар нэгэн амбиц гаргах ёсгүй. Ухаандаа, нэвтрүүлгийн явцад зочиндоо дурлаж байгаа мэт байдал гаргах, эсвэл ярилцагчтайгаа ам уралдан бусдыг муулах, нөгөө хүнийхээ ярианд автаж орилж чарлах эрх байхгүй.

Телевизийн урлаг, сэтгүүл зүйн олон жилийн дархлааг мэргэжлийн бус хүмүүсийн хөтлөн явуулж буй нэвтрүүлгүүд ийнхүү алдагдуулж, гоо зүйн үнэт зүйл хийгээд ёс зүйг бүдүүлгээр зөрчиж байна. Эцэст нь хэлэхэд, “Монгол тулгатны зуун эрхэм”-ийн төслийн удирдагчид мэргэжлийн сэтгүүлчдээр нэвтрүүлгээ хөтлүүлэх юм уу, эсвэл бөгс бөөр ярьдаг ёс зүйгүй бүдүүлэг асуудалд нь хяналт тавихыг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын телевизүүдийн холбооноос шаардах цаг нь иржээ.

 

Г.БАЯР