Автобусанд суухдаа цахим карт ашиглах системийн нээлт өчигдөр Чингисийн талбайд болсон. Гэвч хэвлэл мэдээллээр сурталчлаад байсан шиг нээлтээ хийгээд л иргэн бүр автобусанд карт барьж орохгүй бололтой. “Шар хад-III, IV хороолол” чиглэлийн автобусанд урд хаалгаар нь суух гэтэл жолооч нь “Хойгуур ор” хэмээн дохиж байна.

Тус автобусны кондуктор “Өглөө (өчигдөр) ажил дээгүүр дарга нар ирээд явсан. Ирэх долоо хоногийн лхагва гариг хүртэл бэлэн мөнгө хураана гэж байна билээ. Хэрвээ кондуктор бэлэн мөнгө хураахгүй болчихвол биднээс тасалбаруудыг авах ёстой шүү дээ” гэсээр билет тасалсан юм. Мөн “Хэвлэл мэдээллээр сурталчилгаа их явсан бололтой. Хүмүүс өнөөдөр (өчигдөр) урд хаалгаар суух гэсэн тохиолдол их байлаа. Ялангуяа ахмадууд их идэвхтэй байна” гэж ярив. Үнэхээр ч төв талбайн урдаас Кино үйлдвэрийн автобусны буудал хүрэх хооронд зогсоол бүр дээр л урд хаалгаар орох гэсэн тохиолдол гарч байв.

Ерөнхийдөө автобус төлбөрийн карттай болсноор кондукторууд бэлэн мөнгөтэй харьцах явдал арилж, хянагч, зохицуулагчийн үүрэг гүйцэтгэх аж. Автобуснуудын урд хаалган дээр карт уншуулах төхөөрөмжөөс гадна мөнгө авах хайрцаг тавьчихаж. Энэ ажил хэрэгжиж эхлэхээр картгүй хүмүүс тэр бэлэн мөнгөний хайрцганд мөнгөө хийх юм байна. Тунгалаг, хуванцар материалтай, сонгуулийн хайрцаг шиг дээрээ мөнгө хийх зураасан зайтай аж. Тиймээс хэрэв картгүй иргэд автобусанд сууж байгаа тохиолдолд мөнгөө тааруулж хийхгүй л бол хариултгүй гэсэн үг. Хайрцаг нь суурин дээрээ бэхэлсэн хоёр, хайрцгийг онгойлгох нэг нууц цоожтой юм байна. Автобус баазынхны тайлбарлаж байгаагаар орой ажил тарахад компанийн хариуцсан хүмүүс мөнгийг хайрцагтай нь авч явах гэнэ. Ингэснээр кондуктор, жолооч хоёр мөнгө хумсалж хувааж авдаг гэсэн хардлага арилах аж. Автобусны жолооч, кондукторуудын ярьж буйгаар бол энэ шинэчлэлд хувийн компаниуд тийм ч таатай хандахгүй байгаа бололтой. Тэд “Хүмүүс картаа тусгайлсан цэгүүдэд цэнэглүүлээд автобусанд мөнгө тушаадаггүй болно. Улсын мэдлийн автобуснууд ч яахав талоноор түлшээ өдөр бүр авдаг. Харин хувийн хэвшлийнхэн өдөр өдрийнхөө орлогоор түлшээ базаадаг болохоор асуудал үүснэ гэж үзэж байгаа юм билээ” гэлцсэн юм.

Сэлгэн суултын хөнгөлөлт шийдэгдээгүй байгаа аж

Чингисийн талбайд урт автобус болон шугамд явж буй автобуснуудыг сонирхуулж байв. Энхтайваны өргөн чөлөөгөөр 20 ширхэг урт автобус ирэх сарын 15-наас зорчих аж. Урт автобуснуудын шал нь замаас 30 см өргөгдсөн нь хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй иргэд үйлчлүүлэх боломжийг хангах үүднээс гэнэ. 40 гаруй суудалтай, таван хаалгатай аж. Цахим карт нэвтэрснээр иргэд уг автобусны урд хоёр хаалгаар нь сууж арын гурван хаалгаар нь буух ёстой гэнэ. Нэгэнт л төв зам дагуу их багтаамжтай автобус явуулж эхэлж байгаа тул Энхтайваны өргөн чөлөөгөөр өнгөрдөг давхардсан чиглэлүүдийг ирэх сард цэгцлэх юм байна. Тодруулбал, Толгойт-Халдварт, Баянхошуу-Халдварт, Зүүнсалаа-Халдварт зэрэг төв замаар зорчдог урт рейстэй чиглэлүүд бий. Тухайлбал Толгойт гэхэд л Таван шарын хавьцаанаас буцдаг байх жишээтэйгээр цэгцэлж рейсийн зайг ойртуулах аж. Ингэхээр өмнө нь Толгойтоос XIII хороолол ороход нэг л суудаг байсан бол хоёр дамжих нөхцөл бүрдээд байгаа.

Тиймээс төлбөрийг хэрхэн хөнгөлөх талаар холбогдох байгууллагууд олон санал хэлэлцэж байгаа аж. Нийслэлийн Нийтийн тээврийн газрынхан хэрэв сэлгэн суулт нь 20 минут дотор бол дараагийн суулт нь үнэгүй байх хувилбар гаргажээ. Харин Улаанбаатар смарт картынхан эхний суулт үнэтэй, дараагийнх нь хөнгөлөлттэй, гурав дахь нь үнэгүй байх гэсэн хувилбар санал болгосон гэнэ.

Хөнгөлөлттэй зорчдог иргэдэд энэ жил лимит тавихгүй гэнэ

Хөнгөлөлттэй үнээр зорчдог хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, оюутан, цагдаагийн албан хаагч зэрэг хүмүүс сар бүр хэдэн төгрөгөнд тааруулж автобусанд суух бол гэсэн асуулт хамгийн ихээр тавьж байв. Харин нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Ч.Энхбат “Улсаас хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настнууд өдөрт хоёр, сэлгэн суулт нь 40 хувь, оюутан бол өдөрт хоёр, сэлгэн суулт нь 30 хувь гэж тооцож автобус компаниудад нөхөн төлбөр олгодог. Нарийн тогтооход хэцүү л дээ. Тиймээс энэ жилдээ хөнгөлөлттэй зорчдог иргэдийг тэдэн төгрөгөөр сууна гэдгийг нарийн батлаагүй байна. Харин ирэх жилээс нэг хөнгөлөлттэй картаар өндөр настан өдөрт хэд суусан байна гэдгийг тооцож дундажлана. Ингээд тодорхой лимит тогтоох байх” гэсэн юм.

Түүнчлэн нийтийн тээврийн хөнгөлөлтийг санхүүжүүлэх үүрэг нь нийслэлийн мэдэлд ирсэн тул зөвхөн нийслэлийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настнууд хөнгөлөлттэй зорчих эрхтэй аж. Хөдөө орон нутгаас ирсэн хүмүүс мөнгө төлөх юм байна.

Ж.БАЯРСАЙХАН