Чамлалттай цалин, өндөр хариуцлагын цаана...
2015/08/09
Наадам дууслаа, найман сар гарлаа. Бага насны хүүхэдтэй хүн бүр хүүхдээ хэнээр харуулах, цэцэрлэгт хэрхэн бүртгүүлэх, ажлаа тайван хийх ямар боломж байгааг эрэлхийлдэг. Гэвч найман сард цэцэрлэг тойрон эргэлдэх эцэг эхчүүд дараалал үүсгэн гадаа хонон өнжиж дугаарлах үзэгдэл жил бүр давтагдсаар байна.
Үнэндээ улсын хэмжээнд 2-5 насны 228.0 мянган хүүхэд (нийт хүн амын 7.4 хувь) байгаагаас 56.0 мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа гэсэн судалгааг аль таван жилийн өмнө гаргасан байдаг. Тэдгээр хүүхдүүдийн найман хувь нь нэгээс дээш цагаар гэртээ ганцаараа үлдэж, эсвэл 10 хүртэлх насны хүүхдээр харуулж үлдээсэн байна. Осол гэмтэлд өртсөн 2-4 насны хүүхдүүдийн 60.9 хувь нь гэртээ унаж, гэмтэх, түлэгдэх байдлаар гэмтсэн байдаг бол асран харах, хараа хяналтын гадуур байгаагаас сар бүр 15 хүүхэд амиа алдаж байгаа харамсалтай баримт байна.
Тиймээс сүүлийн гурван жилийн хугацаанд ярьж хэлэлцсээр “Хүүхэд харах үйлчилгээний тухай” хуулийг энэ оны долдугаар сарын 3-нд УИХ-аас батлан гаргасан билээ. Энэхүү хууль нь есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр болсон. Гэвч хууль төрөхийн өмнө, хэрэгжиж эхлэхийн өмнө яригдаж байсан олон асуултад эцэг эхчүүд хариулт нэхэж байна.
ХЭН ЯМАР ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ВЭ?
Энэ талаар хуулинд тодорхой заасан байгаа. БСШУЯ, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам, сум дүүргүүдийн Засаг дарга нар, аймаг дүүргийн боловсролын газар, хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч, эцэг эх гээд бүгд тодорхой үүрэг, хариуцлага хүлээх ёстой. Хүүхэд харах асрах, хооллох тоглуулах, хүмүүжүүлэх, хөгжүүлэх үүрэг бүхий энэхүү үйлчилгээг 18-65 насны эрүүл саруул, сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан Монгол Улсын иргэн эрхэлж болно. Гэхдээ томчуудын хараа хяналт хайр халамж асаргаа сувилгаа хамгийн чухал бага насны хүүхдүүдээ даатган үлдээх хүмүүсийг хэрхэн сонгон шалгаруулж, хяналт тавих вэ гэдэг дээр эцэг эхчүүд санаа зовниж буй. Уг нь цэцэрлэгийн багш нарыг дөрвөн жилийн сургалтаар бэлдэж гаргадаг. Харин одоо хүүхэд харах үйлчилгээг эрхлэх хүсэлтэй хэн ч тав хоногийн сургалтад суугаад энэ ажлыг хийж болохоор байгаа нь зарим талаар дэндүү эрсдэлтэй байна. Энэ сургалтыг аймаг дүүргийн боловсролын газар хөтөлбөрийг нь боловсруулж явуулах юм байна. Өөрийн хүүхдээ хайрлаж зөв өсгөн хүмүүжүүлж чаддаггүй хүмүүс хүний хүүхдэд хэрхэн яаж хандах бол. Гэхдээ энэ асуудалд эцэг, эхчүүд хариуцлагатай хандаж хүүхдээ харуулах хүнээ сайтар судалж, сонгон харилцан тохирсон яриа хөөрөө, гэрээ хийх эрх бий.
Хүүхэд харах үйлчилгээ эрхлэхийг хүсвэл эцэг эхтэй нь тохиролцож хүсэлт гаргуулаад, саналаа аймаг, дүүрэгтээ гаргасны дагуу газар дээр нь очиж, нөхцөл байдалтай нь танилцаж аймаг, дүүргийн Засаг дарга Засгийн газраас баталсан журамд заасан шаардлагыг хангасан байвал зөвшөөрөл өгнө гэж байгаа. Харин хүүхэд байлгахад шаардлагатай орчин нөхцлийг бүрдүүлэх нь хамгийн чухал шалгуур.
660 МЯНГЫГ САРД ХҮРГЭХ БОЛОМЖ БИЙ ЮУ?
Хүүхэд харах байранд хүн амьдардаггүй байх хамгийн эхний шалгуур. Тэгэхээр хувийн юмуу хөлсний байр хэрэгтэй болно. Тэр байраа цэцэрлэгийн шаардлага хангахаар тохижуулж, хангалттай гэрэлтүүлэгтэй, агааржуулалттай, дулаан байхаас эхлээд амь нас эрүүл мэндэд нь эрсдэлгүй байх, хүмүүжил сэтгэхүй зан харилцаанд нөлөөлөхгүй байх ёстой. Амрах, тоглох, гар угаах бие засах газартай, гал тогоо нь тусдаа байх зэрэг шалгуурыг тавина. Ийм байранд 5-6 хүүхэд хараад сард улсаас 660 мянган төгрөг авч хоол, ундаа зохицуулаад өөрийгөө цалинжуулна гэхээр чанга сонсогдож байгаа юм. Өглөө, өдөр хоёр удаагийн халуун хоол, үдээс өмнө, хойно хоёр удаагийн цайны үйлчилгээ үзүүлэх ёстой. Ямар ч хүн мөнгө олж өөрийгөө гэр бүлээ тэжээх гэж ажил хийдэг.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Зочин · 2015/08/09
:like