“Шил авъя” гэдэг үгтэй хамт гээгдсэн шилнүүдийг яах вэ?
2015/08/28
Хог дээр хэвтэж байдаг архи, пивоны шил “Хоёрдогч түүхий эд авах цэг”-т очиж, тэндээсээ бага ч гэсэн эдийн засгийн эргэлтэд ордог байсан үе өнгөрчээ.
Шуудай үүрсэн нэгэн “Шил авъя, шил авъя” хэмээн гэр хорооллын гудамжаар хашгиран явж, хүүхдүүд гэртээ байгаа томчуудын хоосолсон ганц нэг гож юмны шилийг аваачиж өгөөд ширхэгийн чихэр, бохь авчихсан гүйж явдаг сан. Гэтэл өнөөдөр “шил авъя” гэдэг үг монгол хэлний сангаас хасагдсан мэт хэрэглэхээ больж. Шуудай үүрсэн нэгэн орон сууц, гудамжны хогийн цэгээр чимээгүйхэн явж харагдах ч, тааралдсан шил болгоныг авахгүй байгаа нь бас анзаарагдана. Харин ундааны хуванцар савыг бол том, жижиг, өнгөтэй өнгөгүй, таглаатай, таглаагүй гэж ялгалгүй түүх аж. Ингээд архи, пивоны шил хог болоод үлдчихэж байна. Байгальд шингэдэггүй, дахин эргэлтэд ордоггүй энэ хог өдөр, сар, жилээр нэмэгдсээр л...
ОРОН НУТГИЙН ЗАМД “СОГТУУГИЙН ОВОО” НЭРТЭЙ ШИЛЭН ОВООЛГО ОЛШИРЧЭЭ
Сүүлийн жилүүдэд хаягдал шилнүүд хотоос хаяа тэлж, орон нутаг явах замын хажуугаарх чулуун овоонуудад базаахгүй чимэг нэмэгдсээр байна. Нэг үгээр хэлбэл, овоонууд архи, пивоны шилэн чимэгтэй болчихож. Зарим газар дан архи, пивоны шилээр босгосон согтуугийн овоонууд ч байх. Бага байхад аав, ээж ахмад настнуудын “Овоон дээр амтай сав, шил, лонх тавьдаггүй, салхи үлээж муу ёр” гэхчлэн захиж ирсэн сургааль өдгөө ул болж.Хөдөө, орон нутгийн зам даган “бэлчсэн” архи, пивоны шил, нэг үгээр хэлбэл тийнхүү тараасан хогоо хумиж яагаад болдоггүй юм бол. Архи үйлдвэрлэгчдийн нийгмийн хариуцлага гэх гоё уриа хаачив. Нэг хэсэг нийгмийг хөөрхөн бужигнуулж асан хаягдал шилний бизнес ямар учраас хумигдав, янз бүрийн шийдлээр ашиглаж болохгүй юу гэсэн асуултад хариу нэхэж, саяхны нэг өдөр нийслэлийн дөрвөн зүгт бяцхан сурвалжлага хийсэн юм.Нийслэлээс баруун, зүүн аймгууд руу зорчих замд хаягдал шил ямар байгааг сонирхлоо. Хотоос 200 км-ээс цааш архины шилнүүд үргэлжилдэг юм байна. Баруун, зүүн чиглэлийн замд адилхан ийм л дүр төрх угтана. Өөрөөр хэлбэл, хотоос гарч 200 км яваад архидалт эхэлдэг гэж ч хэлж болохоор. Бидний замд Хэнтий аймгийн замд тааралдсан “Фургон” автомашинаас буусан найман хүний тав нь согтуу байсан. Бас болоогүй ээ, архины шилний зураг авч байсан бидэн рүү агсрах янзтай. Нэг нь уусан ундааныхаа савыг шидтэл хамт явсан эмэгтэй аваад машиндаа хийчихсэн атлаа пивоныхоо лаазыг авсангүй. Дөхөж очоод “Адилхан хог биз дээ аваач” гэвэл “Сүү хийх гэж байгаа юм” гээд жишим ч үгүй машиныхаа хаалгыг хаачихав. Хөдөөгийнхөн сүү, айраг хийж болдог болохоор орон нутгийн замд ундааны сав, пивоны 1-1.5 литрийн савнууд тэр болгон харагддаггүй. Сүү хийсэн сав хаа нэг газар очоод айлын гал руу ороод алга болдог гэлцэнэ. Төв аймаг, Эрдэнэсант, Лүн сум орох чиглэлийн зам архины шил бүү хэл, ундаа, усны сав ч харагдахгүй, хамгийн цэвэрхэн нь байв. Замд таарсан хүнээс энэ талаар сонирхоход “Авто зам, засвар ашиглалтын /“АЗЗА”/ компани зам дагуух газрыг цэвэрлэж, хоёрдогч түүхий эдийг хот руу аваачиж тушаадаг болохоор цэвэрхэн байдаг юм” гэв . Төв аймгаас цааш баруун чиглэлийн замуудад бол уусан архи, пивоныхоо шилийг овоон дээр овоолсон нь цөөнгүй. Пивоны төмөр лааз ч арвин байна лээ. Үүний дараа нийслэлээс холгүй оршдог амралтын газрууд орчим байдал ямар байгааг сонирхоход хөдөө орон нутгийн замаас ч долоон дор дүр төрх угтав. Ногоон байгалийг бохирлож, гутааж, өөрсдийгөө болоод амрагч, аялагчдыг доромжилсон үйлдлүүд, голын зах, модны хаяа бараадан бөөнөөрөө архидан согтуурч байгаа явдал амралтын газрын ойр орчимд наад захын үзэгдэл болж. Бидний очсон Мойлтын тохойд машин, машинаар хүмүүс очиж, эцэст нь уусан архины шил, идсэн хоолныхоо үлдэгдлийг цэвэрлэлгүй машиндаа суугаад явчихаж байх юм.
ҮЙЛДВЭРЛЭГЧИД БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ШИЛИЙГ ЭРГҮҮЛЖ АВАХАА БАРАГ БОЛЬСОН
Шил дагасан сурвалжлагын явцад бид гурван уутанд архи, пивоны шил түүж ирсэн юм. Тэр дотор “Ерөөл” 0.75-ийн шил 10, “Сархад” 0.75-ийнх 13, “Улаанбаатар” 0.5 архиных 20, “Хараа” 0.75-ийнх 17, “Vivo” 0.75-ийн шил 8, “Чингис”/хар/ 0.75-ын шил 11, “Чингис”/шар” 0.5 шил 14, “Стандарт” 0.5-ийн шил 18, “Арвай” 0.5 архины шил 7, “Боргио” пивоны шил 13, “Сэрүүн” 9, “Сэнгүр” 6, “Соёолж” пивоны шил 5-ыг тус, тус түүсэн. Шампанск, “Алтай” дарсны шил нийт 10-ыг авчирсан. Зарим нь шуудайд багтаагүй. АПУ компанийн үйлдвэрлэдэг “Экс” архины шил хамгийн олон таарсан ч дандаа хагархай байв. Ингээд бид “Хүчит шонхор” хүнсний захын хажууханд байрладаг “Хоёрдогч түүхий эдийн цэг”-т шилээ тушаалаа.
“Ерөөл” 0.75 шил 10 ш х 50 төгрөг
“Сархад” 0.75 шил 10 ш х 30 төгрөг
“Улаанбаатар” 0.5 шил 20 ш х 50 төгрөг
“Хараа” 0.75 шил 17 ш х 50 төгрөг
“Vivo” 0.75 шил 8 ш х 30 төгрөг
Хар “Чингис” 0.75 шил 11 ш х 30 төгрөг
Шар “Чингис” 0.5 шил 14 х 100 төгрөг
“Стандарт” 0.5 шил 18 ш х 30 төгрөг
“Арвай” 0.5 шил 7 ш х 30 төгрөг
“Боргио” пивоны шил 13 ш х 30 төгрөг
“Сэрүү” пивоны шил 9 ш х 20 төгрөг,
“Сэнгүр”, “Соёолж” нийт 11 ш х 20 төгрөг
Шампанскийн 6 шил х 20 төгрөг, нийт 6280 төгрөг болов. Ер нь бол манай улсад зам дагуу дэд бүтэц муутай, тэрийг дагаад ямар ч менежмент байдаггүй учраас хотоос гараад шил авдаг цэг алга. Ганц нэг замын цайны газар орчим “Хоёрдогч түүхий эд авна” гэсэн зар байсан ч зориод очиход шил авахаа болиод удаж байна гэж байв. Яагаад гэдэг асуултад дотоодын үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ шилийг эргүүлж авахаа бараг больсон гэв. Иймээс доторхийг нь уугаад гаднах савыг нь хаядаг болчихож. Байгальд шингэдэггүй архи, пивоны шил хэмээх энэ хогийг дотоодын үйлдвэрлэгчид маань ийнхүү газар сайгүй тарааж байгаа ажээ. “Шил авъя” гэж хашгирдаг хүмүүс, шил авдаг цэг аль аль нь цөөрсөн нь ч ийм учиртай аж.
А.Амарсанаа: ШИЛНИЙ БИЗНЕСТ ТӨР АНХААРААСАЙ
“Хүчит шонхор” хүнсний захын хажууд “Хоёрдогч түүхий эдийн цэг” ажиллуулдаг Чингэлтэй дүүргийн иргэн А.Амарсанаатай шилний бизнесийн талаар цөөн хором ярилцав.
-Шил авдаг цэгүүд яагаад цөөрсөн юм бол?
-2000 оны эхээр 1000 гаруй цэг байдаг байлаа. Одоо 500 хүрэхтэй үгүйтэй болсон. Дотоодын үйлдвэрүүд архи, пивоны шилээ импортоор авдаг. Эргүүлээд гар дээрээс авах нь цөөрсөн. Цөөн хэдэн төрлийн архи, пивоны шилийг л буцааж авдаг.-Хүмүүс ямар үйлдвэрийн шилийг авчирч тушааж байна?
-Голдуу хувийн үйлдвэрийн архины шилийг тушаадаг. Бас АПУ-ийн пивоны шил эргэлт сайтай байдаг.
-Шилээ цэвэрлэж тушаадаг байх. Хаана өгдөг юм бэ?
-Бид шил цэвэрлэдэг хувийн цехтэй, “100 айл”-д байдаг юм. Тэндээ хувийн үйлдвэрүүдийн архины шилний бөглөө, логог авч цэвэрлээд 1000-2000 ширхэг болохоор нь тухайн үйлдвэрт нь өгдөг. Харин АПУ бол авдраа авчраад өгчихдөг, дүүрэхээр нь ирж авдаг.
-Та бүхэн архины шилийг 30-50 төгрөгөөр авдаг юм байна. Үйлдвэрт буцааж тушаахдаа хэдэн төгрөгөөр өгдөг вэ?
-Хувийн үйлдвэрүүд бол бидний иргэдээс авдаг үнэ дээр 10 төгрөг л нэмж боддог. АПУ, Спирт бал бурам компани 10-20 төгрөг нэмж тооцдог.
-Ашиг байна уу?
-Нэгдүгээрт, улсдаа тустай хөдөлмөр юм. Хоёрдугаарт, олны олноос бага ч гэхгүй ашиг олоод амьдралаа болгоод л байдаг. Ер нь улс маань бодлогоор энэ асуудалд анхаараасай. Авдаггүй шилнүүд гадуур хог болж, байгальд шингэхгүй учраас дээр дээрээсээ улам л нэмэгдээд байгаа шүү дээ. Эх орондоо шил үйлдвэрлэдэг үйлдвэртэй бол ийм байхгүй л байх.
МОНГОЛДОО ШИЛНИЙ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛ....
Архи, пиво үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ шилийг заримыг эргүүлж авдаг, заримыг дахин ашиглах боломжгүй учраас авдаггүй юм байна. “Жем интернэшнл”-ийн марктенгийн менежер, борлуулалтын албанаас бүтээгдэхүүнийхээ шилийг эргүүлж авдаг, эсэхийг асуухад “Цөөхөн нэр, төрлийн бүтээгдэхүүний шилийг буцааж авдаг. Манайх шил, лонхоо Герман, Хятад, Итал улсаас импортоор авдаг. Дотоодын аль ч компанийн хувьд пивоны бор өнгийн шилийг бүгд эргүүлж авч ашиглаж байгаа” гэв. Гэтэл тэрхүү бор өнгийн шил нь гар дээрээс авахад, түүхий эдийн цэгт тушаахад 20 төгрөг л байдаг юм байна.Манай улсын хэмжээнд Налайхын шил лонхны үйлдвэр гэж байгаад ундаа, тараг, сүү, архины шил үйлдвэрлэж байсан цаг саяхан. Ардчилал, зах зээл, хувьчлал нэрийн дор алга болгочихсон. Өнөөдөр дотоодын үйлдвэрлэгчид гадаадын аль нэг улс орноос шил, лонхоо импортоор оруулж ирдэг болсон. Эргүүлээд авдаггүй, байгальд шингэдэггүй хог хаягдал ийм замаар нэмэгдсээр байна.Архи, пивоны шилийг эргүүлж авахгүй байлаа гэхэд ямар нэгэн байдлаар түүхий эд болгон ашигладаг газар байдаг, эсэхийг лавлаж шилэн хийц, шил үйлдвэрлэлийн цөөнгүй компанийн үүдийг татав. Орон сууцны цонх, шилэн фасад, шилэн хийцүүдийг хийж байгаа “Шилэн хийц”, Макс шил”, “Шилмэл шил” зэрэг 10 гаруй компани Монголд байна. Түүхий эд болох шилийг бүгд гаднаас импортоор авдаг. Зөвхөн хийц, цонх, хаалга, хаалт үйлдвэрлэлийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг ажээ. Цонхны шил үйлдвэрлэдэггүй юм гэхэд ядаж л өмнө нь ажиллаж болоод байсан, эх орны хэрэгцээ шаардлагыг биелүүлж явсан Налайхын шил, лонхны үйлдвэрийг эргээд сэргээх сэн. Ядаж л пиво, архиныхаа шилийг толгой өвдөхгүй хийчих боломж, тэр зэргийн түүхий эд нь бий дээ, Монголд.