Монгол Улсын Засгийн газраас ард иргэддээ найман хувийн хүүтэй орон сууцны зээл олгоод эхэлчихсэнийг хэн хүнгүй мэдэж байгаа. Уг шийдвэрийг л сүүлийн хэдэн жил битүүхэн хүлээн, шинээр төвхнөсөн засаг бүрээс ца­райч­лан горьдож  байсан иргэд хэдийнэ ажлаа эхэлж, байраа сонгон банкнаас зээ­л­ээ авчихсан санаа амар суугаа.

"Ингэж л нэг байртай болдог юм байжээ" гээд олон айл өрх аз жаргал, баяр хөөрт умбаж байгаа нь мэ­дээж ээ. Энэхүү найман хувийн хүүтэй орон сууцны зээлд хэнбугай ч хамрагдах бүрэн эрхтэй юм. Иргэн та гэргийтэйгээ нийлээд сардаа нэг сая төгрөгийн цалин авдаг бол тэгээд л болох нь тэр. Үндсэндээ танай өрхийн сарын орлого нэг сая төгрөг байхад л та зээлд хамрагдан аль чиг арилжааны банкинд сонгосон байрныхаа үнийн дүнгийн гучин хувийг тушаа­на. Тэгээд л ямар ч төвөг саадгүй байрандаа ороход бэлэн болж байгаа хэрэг. Ийм л боломжийг шинэчлэлийн Засгийн газар бий болгочих­лоо. Үүнийгээ Монголын эдийн засагт хийж буй ре­форм хэмээн зарласан. Тийм ч байх. Зээлийн бэлтгэлийг эртнээс базаасан юм билээ. Тухайлбал, оны эхэнд най­ман зуун тэрбум төгрөгийг зээлийн эх үүсвэр болгохоор шийдвэрлэсэн байдаг. Тэрхүү мөнгөнөөс таван зуун тэр­бумыг нь энэ жил иргэдийн зээлд гаргаж байгаа гэх ал­бан мэдээ ч байна. 

Мөн уг хөнгөлөлттэй зээл­тэй холбогдуулж орон сууцны үнэ өсөх, хөөрөг­дөлтөд автах зэргийг нарийн тооцоолжээ. Энэ нь Барилга, хот бай­гуу­лал­тын сайд болон Мон­голбанкны ерөн­хийлөгчийн хэв­лэлд өгсөн ярилцлагаас тодорхой хараг­даж байгаа. Ц.Баяр­сайхан сайд "Орон сууцны үнийг бууруулахын тулд барилгын материалын үнийг тогтвортой байлгах нь чухал. Тиймээс барилгын материа­лын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Монгол­банктай хамтран тодорхой санхүү­жилт хийсэн. Импор­тын татвар дээр ч бодлого барим­талсан. Ба­рил­гын компа­ниуд­тай удаа дараа уулзаж үнийн түвшинг судалсан" гэсэн байна лээ. 

Улаанбаатар хотын гэр хороололд утаа майн дунд түлээ нүүрстэйгээ зууралдан аж төрсөөр ирсэн иргэд, шинээр гэр бүл зохиож буй залуучууд гээд орон байртай болохыг мөрөөдсөн бүхэнд найман хувийн зээл үнэндээ мөрөөдлийнх нь биелэл болж байгаа. Өнөөдөр нийслэл хотод аж төрж буй нийт иргэдийн дал орчим хувь буюу 316 мянган өрх айл гэр хороололд аж төрдөг гэсэн судалгаа бий. Тэрхүү дундаж амьдралтай иргэдэд энэ удаагийн зээл  амьдралынх нь нэг хэсгийн чухал баталгаа гэж хэлж болох юм. "Иргэд орон сууцтай болсноор дундаж давхаргын амьдралд төдий­гүй нийт эдийн засагт эргэлдэх мөнгөний гучаас дөч хүртэлх хувь нь зүгээр нэг дэлгүүрийн лангуунд бус нийг­мийн даатгалын санд төвлө­рөх"-ийг эдийн засагчид хэдийнэ тооцжээ. Энэ нь үнийн өсөлтийг хямгадах, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг нэг түвшинд хадгалах сайн тал­тай нь дамжиггүй. Эдийн зас­гийн өсөлт талаасаа ч, ир­гэ­дийн ахуй амьдралд үзүүлж буй хөрөнгө оруулалт  талаа­саа ч найман хувийн зээл ашигтай гэдэг нь хэнд ч ойл­гомж­той. Захын хороол­лын зарим иргэд "Манай гэр бүл орон байртай болно гэдэг ёстой үлгэр байлгүй" гээд хувь заяатайгаа эвлэр­чихсэн то­хойн хэмжээний тортой нүүрс нэг гартаа бариад, нөгөө гартаа сур­гууль, цэцэрлэгийн хүүхдээ хөтөлчихсөн идэр есийн жавар тачигнасан орой гэр рүүгээ алхдаг. Тэгээд явж явж иртэл мөсөн хонгил болсон гэрт нь балга ус ч байхгүй, худаг нь аль хэдийнэ хаалгаа барьчих­­сан байх нь хяс­лан­тай. Ийм л дүр зураг байдаггүй билүү. Тэгвэл танд халуун дулаан сууцанд амар амга­лан аж төрөх боломж хэдий­нэ бүрджээ.    

Харин энэхүү зээл болоод иргэдэд очиж буй орон сууцны цаана нэг юм байгаа. Түүнийг олон түмэн цаг үр­гэлж санах учиртай. Тэр нь юу вэ гэвэл иргэн таныг амьд­рал­даа хариуцлагатай хандахыг найман хувийн хүүтэй зээл насан туршид чинь шаардах болно. Ерөөс монголчуудыг урьдын адил урсгалаараа, байгаа байхгүй нь мэдэг­дэхгүй, идэвх санаачилгагүй амьдрахыг зөвшөөрөхгүй ээ. Иргэн та зээлд хамрагдаад, орон байрандаа ороод л авах юм бол маргаашаас нь эхлээд амьдралд туйлын хариуц­лагатай хандах учиртай шүү. Цаг хугацааны болоод ажил амьдралын үнэ цэнийг мэдэрч эхэлж байгаа нь тэр. 

Хуучин цагт ажилласан ч адилхан, ажиллаагүй ч адилхан амьдраад болоод л байдаг байв. Аливаа албан байгууллагын босго алхаад удаа ч үгүй даргатайгаа хэрэлдээд хаалга үүдийг нь тас саваад гарах энүүхэнд. Тэгээд зогсохгүй ажлаасаа халагдсаны найр гэж хийдэг байсныг нь яана. Хэдэн найз нараа гэртээ ёс юм шиг дуудаад л. Ширээн дээгүүр архи дарс сөгнөчихсөн, жаахан халамцахаараа "тэр муу хулгайч намайг халдаг хэн юм" гээд л аархан явсан үе байдаг л байх. Одоо бол байдал эсрэгээрээ болсон шүү нөхөд минь. Хэнэггүй толгойлж, тэнэглэж байгаад ажлаасаа халагдвал юун найр наадам болох босгосон амьдрал чинь, босгоор нь алхсан орон байр чинь үгүй болно. 

Хөөгдсөндөө шаралхаж үгийн муугаар хэлээд байсан дарга чинь өөрийн тань зээл авч, орон байртай болгосон банк руу ганцхан удаа утас цохиод л бүх зүйл гүйцээ. Мэдээж "Тэр овогтой тэр ма­най компаниар цалингийн баталгаа гаргуулж  танай банкнаас зээл авсан байх аа. Тэгвэл наад нөхөр чинь ма­найд одоо ямар ч хамаа­рал­гүй болсон шүү" гээд мэдэг­дэнэ биз дээ. Ингээд банк зээлээ татаж, тухайн орон сууцны компани байраа буцаана. Таны гучин хувийн урьдчилгаа болгож өгсөн мөнгө ч тэгээд арилна. Тал хувийг нь эргүүлж авч чадвал их юм. Ийм жишээ дурдсан нь амьдралд хариуцлагатай хандахыг хэлээд байгаа юм аа. Үнэн л гэвэл энэ.

Амьдралд хариуцлагатай хандана гэдэг үүрэгт ажлаа чин сэтгэлээсээ сайтар хийхээс л эхэлдэг. Хэрвээ тэгж чадваас танд туурга тусгаар улс орондоо хүн шиг сэтгэл хангалуун амьдрах ирээдүй гарт чинь байна. Навсархай гэрийн чинь үүдэнд, модон орны чинь өмнө дэлгээтэй байж л байна.

Хөдөөх сумын төв дээр залуучууд гудамж метрлэн алхсан шигээ хий дэмий тэнүүчилдэг. Юу хийж байна даа гэхүйд "Ажилгүй ээ, гэхдээ болоод л байна даа" хэмээн хээв нэг хариулаад архайж зогсдог. Тэгвэл Монгол Улсын иргэн бүрт ажилгүй байна гэх ойлголт, тийм амьдрал энэ цаг мөчөөс эхлээд таслагдаж байна. Хот, хөдөө амьдаараа гандан архи ууж, хог түүж, алхайж хэвтэн, ажил амьд­ралгүйгээ гайхаж суугаа хэн бүхэн одооноос эхлэн хаана ч хамаагүй ажиллаж, гэргий­гээ аль нэг газар зохих түвш­ний ажилтай болгож нийлээд сардаа нэг сая ба түүнээс дээш төгрөгийн цалин авах юм бол танд бусдын адил сайхан амьдрах  боломж нээгдсэн шүү. Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг даган монголчуудын ажил­даа үнэнч байх, амьдралд хариуцлагатай хандах зэрэг урьд өмнө байгаагүй шинэ үзэгдэл бий боллоо. Залхаг заваан, ажил хэрэгч бус, ха­риуц­лага гэдгийг огтхон ч ухамсарлаж байгаагүй нүүд­лийн сэтгэхүйтэй бидний мон­голчуудын аж төрөх хэв маяг ийнхүү эрс өөрчлөгдөх нь тэр ээ. 

Дэлхийн жишиг болсон улс гүрнүүдийн амьдралын хэв маяг, арга барилд Монгол Улс мань нэгдэж буйд залуу хүний хувьд баяртай байна. Бид бүхэн өнөөдрөөс эхлээд орон сууцныхаа зээлийг заа­сан хугацаанд нь төлөхийн тулд урсгалаараа, урьдын­хаа­раа амьдрахаа болино. Ажилдаа зүтгэхийн хэрэр амьдралын үнэ цэнийг нь мэдэрнэ. Ажилгүй байна гэ­дэг, бор дарсанд толгойгоо мэдүүлэн сумын төвийн гу­дамж хэрсэн шигээ амьдарна гэдэг ямар ч хүсэл мөрөө­дөлгүй, итгэл үнэмшилгүй, баяр баясгалангүй явдал шүү дээ. Далавчаа тасдуулсан шувуу шиг л болж байгаа гэсэн үг. Ард түмний ийм л ахуй амьдралыг өөрчилж эхэлснийг миний бие шинэ үзэгдэл гээд байна л даа. Энэхүү найман хувийн хүүтэй зээлийг яг амьдрал дээр өргөн утгаар нь аваад үзвэл зөвхөн үзэгдэл төдий бус бид бүхний амьдралд ч, өнөөгийн нийгэмд ч цаашлаад хүмүү­сийн сэтгэл зүйд хувьсгал хийж байгаа хэрэг юм. Жин­хэнээсээ ажилчин Монголыг бий болгож байна шүү дээ.

Эл бүгдийг өгүүлсний учир миний бие өнөөгийн Засгийн газарт тал засаж, найман хувийн хүүтэй зээлийг нь магтан мандуулж байгаа юм биш шүү. Ерөөсөө л болж буй үйл явдал, асуудлын мөн чанар ийм байгаа билээ. Амьдралд хичнээн хайртай, аливаад хичнээн санаа­чил­гатай ч дэмжиж туслаад өгөх хүнгүй, хий дэмий л дороо эргэцээд байсан иргэдэд найман хувийн хүүтэй зээл ирээдүйнх нь үүд хаалгыг нь нээж итгэлийн гэрэл асаагаад өглөө. Түүнийхээ хэрээр амьдралд хариуц­лагатай хандахыг шаардаад эхэллээ. Хэрвээ та амьдралдаа хариуц­лагагүй хандсаар  байх юм бол авах байр чинь мөрөөдөл хэвээр үлдэх нь байна шүү гэдгийг л сануулъя даа.

Н.ГАНТУЛГА