Нэгдүгээр ангийн хүүхэдтэй ээж бүхэнд зориулав
2015/09/12
Хэзээ ч бусад хүүхэдтэй харьцуулан зэмлээрэй. Бяцхан зүрх нь амархан гомдож, сурах итгэл хүсэл нь мохчихно. Авсан дүнг нь битгий гоочлоорой. “Ээж аавдаа хайртай хүүхэд л онц авдаг юм”, “Онц авахгүй бол сургуульд сураад яадаг юм” гэж дурсахын ч хэрэггүй.
Хичээл эхлээд нэгэн долоо хоног шувтарч, 2 дахь долоо хоног шилээ даран өртөөлж явна. Саяхан л хүүхдээ хаана өгөх вэ? яаж зөөж авч байх билээ? Хажуугийн сургууль байтугай хаа холын сургууль нь ч олдохгүй хэцүүдлээ гэх зэргээр халаглаж байсан эцэг эхчүүдийн бухимдал хэсэгтээ намдаж, зургаан настнуудаа хөтөлсөн ээжүүд харин хүүхдээ хэрхэн сайн сургах вэ хэмээн өөр хоорондоо ярилцаж, өөртөө бас хатуухан оноолт үүрэг өгч яваа нь гарцаагүй.
Нэгэн ээж хүүгийнхээ даалгаврыг хийлгэж байж л дээ. “авав” гэдэг үгийг хүүхэд нь уншиж чадахгүй болохоор нь ээж хэрдээ ойртуулж дөхүүлэх санаатай “ав –ав- гэж үеэр салган хэлсэн чинь хүүхэд нь ээжийгээ нохойг дуурайн дуугарч байна хэмээн санаад “нохой” гэж хэлээд бөөн инээдэм болсон явдал байдаг. Бага насны хүүхэд үсэглэн уншихдаа “но-ног-ногоо” гэж зөв уншсан хэрнээ огцом түргэн “өвс” гэж автоматаар ижил төстэй үгээр нь унших явдал ч байдаг юм билээ. Өнгөрсөн жил дүүгийнхээ хүүхдийг дэргэдээ 4 сар байлгаж ихэнхдээ гэрийн даалгаврыг нь хийлгэж байсан болохоор амьдралд байдаг, бас байж болох хар ухааны хэдэн зүйлийг ээжүүд мэдүүштэй санагдсанаа хуваалцъя. Түүнээс би сурган хүмүүжүүүлэгч, туршалага мэдлэгтэй нэгэн ч ч бас биш билээ.
-Зургаан настнууд “БИ” гэдэг өвчнөөр өвдсөн байдаг. Яг л гурван настнууд адил. Тэд “би чадна” гэж байнга хэлэх дуртай. Тиймээс энэ ойворгон хэрнээ тэмүүлэлт чанарыг нь ашиглаад урмаар ташуурдаад байгаарай. Тэд амархан эцэж ядардаг болохоор гагцхүү урмын үг л урагш нь ахиулна. “Пээ энэ чинь одоо чи бичээ бэ. Үгүй ээ мөн сайхан бичиж. Одоо энийг нь жаахан ингэчихвэл бүр ч янзын сайхан болох нь байна...” гээд урмын үг хаа мундах билээ дээ.
-Тэднийг ухааруулах гэвэл амар бүтэхгүй. Нас нь биш. Харц нь ойлгож байгаа мэт харагдавч хандлага үйлдэл нь хүлээж авдаггүй юм билээ. Загнаж зэмлэвэл бүр явахгүй. “Аав аа...” гээд чанга орилж, зурлага бичсэн дэвтрээ нулимсаар будахвий. Оронд нь багахан заль л хэрэгтэй. “за одоо энийгээ л хийчих. Тэгээд 2-лаа завсарлангаа сайхан жигнэмэг идэнгээ хүүхэлдэйгээ үзнэ. Дараа нь миний хүү ч ёстой гоё бичдэгээ ч нэг харуулна даа тиймээ. Чадна аа...” гээд л нэг юмыг дуусуут нэг адал явдал бүхий зүйлээр урамшуулан, хийж байгаагаас нь түр холдуулж, эргээд татан оруулахдаа мөн л зоригжуулан, их амархан гэж ойлгуулаад байвал тэр маань сэтгэлээрээ ядрахгүй шүү
-Хөлийг нь улаар нь шалан дээр бүтэн тавиулж, нурууг нь цэх суулгахад анхаармаар юм билээ. Анхнаасаа буруу суувал зуршил болчихно. Энэ нь эрүүл мэнд гоо сайханд нь ямар сайн байхав. Хүүхэд өлмийгөөрөө суух, эсвэл нэг хөлөө нугалж сандал дээр тавиад хөл дээрээ суух, ширээгээ тэгнэж хэвтэн алдан байж бичих гээд элдэвлэнэ ээ. Энэ бүхнийг эхнээс нь хичээнгүй хэлж өгөөд засаад байх хэрэгтэй.
-Эхлээд үсэг бичих, зурлага зурах, тоо бодох гээд хүндэвтэр даалгаврыг нь хийлгээрэй. Байнга дэргэд нь манаж сургалгүй, “За ээж нь ажлаа амжуулж байя. Хүүдээ сайхан хоол хийж байя. Хүү нь харин ёстой сайхан хийчихээд хоолоо иднэ байх даа..., ээ аавдаа ч мөн сайхан бичсэн дэвтэр харуулах байх даа.. гэх мэтээр өдөөн урамшуулж, хариуцлагыг нь үүрүүлэн үлдээж сургах нь хожим амар. Тэгэхгүй бол хүүхэд заавал дэргэдээ хүн байлгаж хичээл хийх гээд сурчихдаг
-Үлгэр тогтоож ярих, шүлэг цээжлэх даалгаврыг амархан хийлгэе гэвэл түлхүүр үг болон дүрс хамгийн чухал. Үлгэрийнхээ үйл явцын дагуу хөөрхөн зурагт тэмдэглэгээ цаасан дээр хийгээд түүнийг нь харуулаад яриулж сургаарай. Жишээ нь: “Ойн цоорхойд нэгэн байшинд баавгай амьдарч байжээ. Өвлийн хүйтэн болж ичээндээ ороогүй баавгай өлсөн анд явж гэнэ” гэхэд жижигхэн дөрвөлжин дүрс ард нь цасан ширхэг зураад түүнийгээ харуулж үлгэрийг ярьж өгөхөд хүүхэд түлхүүр тэмдэглэгээг хараад дурвалуин дүрсийг байшин, цасан ширхэгийг өвлийн хүйтэн хэмээн шууд тусган түвэггүй ярьж сурна. Тйим түлхүүр үг, болон тэмдэглэгээг цээжлэх тогтоох үед бүх насныхан, тэр байтугай томчууд хэрэглэхэд, илтгэл тавихад хүртэл тун хэрэг болдог.
-Ном, үлгэр уншиж өгөхдөө зүгээр л хүүрнэж уншилгүй яг л жүжигчин шиг дүрийн ялгааг гарган, дуу хоолойгоо янз бүр болгож, маш сонирхолтой уншиж өгвөл хүүхэд сэтгэл хөдлөлийг илүү мэдрэхээс гадна тухайн агуулгыг амархан ойлгож, өөрөө бас жүжиглэн илэрхийлэх урлагт далд суралцдаг давуу талтай.
-Хэзээ ч бусад хүүхэдтэй харьцуулан зэмлээрэй. Бяцхан зүрх нь амархан гомдож, сурах итгэл хүсэл нь мохчихно
-Авсан дүнг нь битгий гоочлоорой. “ Ээж аавдаа хайртай хүүхэд л онц авдаг юм”, “Онц авахгүй бол сургуульд сураад яадаг юм” гэж дурсахын ч хэрэггүй. “За яахав, 2-лаа ахиж ийм дүн авахгүй ээ.харж л байгаарай. Миний хүү мэрийгээд чадах юм чинь...” гэх нь хамаагүй дээр. Хэдийгээр тэр зургаахан настай ч бидний таахын аргагүй нэгэн ертөнц. Басаж, чамлаж, адалж болохгүй тэр сэтгэлийг итгэл урам л цэнэглэж чадна.
Эх сурвалж: www.mongoljingoo.mn
Зочин · 2016/01/25
bayrlalaa
eej · 2015/10/30
Тиймээ үнэн шүү , их сайхан бичиж баярлалаа
Зочин · 2015/09/24
Гоё зөвлөгөө байна.баярлалаа.
Хорлоо Жамсран · 2015/09/13
Энэ бүх 1-р ангийн хүүхэдтэй хүмүүст маш хэрэгтэй зүйл байна.