20150907_181827Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийг тойрсон маргаан тасрахгүй байна. Бүтээн байгуулалтын энэ ажилд оролцож буй зарим компаниуд их хэмжээний хохирол амсахад хүрчээ.

Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “Жанжины цэцэрлэг” орчмын 16.8 га талбай дахь 240 гаруй айл өрхийн итгэлийг хүлээж, “Жанжин хороолол”-ын зураг төслөө хийсэн “Их хөгжлийн барилгажилт” корпорацийн ажил хоёр жил гацаж байна. Гацсан гол шалтаг, шалтгаан нь хотын удирдлагын хэдхэн хүний далд хуйвалдаантай холбоотой гэдгийг тэндэхийн оршин суугчид хэлж байгаа аж.

“Их хөгжлийн барилгажилт” корпораци тэндэхийн гэр хорооллын айлуудтай дахин төлөвлөлтийн ажил эхлэхээс өмнө ойлголцолд хүрч, бүх төрлийн үйлчилгээ төвлөрсөн орчин цагийн гоёмсог хотхон барьж байгуулахаар болсон байв. Газрын үнэлгээ, шинэ орон сууцны хийц загвар, нэг айлд оногдох сууцны ашигтай талбай, тэндээ зарим иргэд нь ажил орлоготой амьдрах боломж нөхцлийг хангах зэрэг олон талын тохиролцоо хийжээ. Өөрөөр хэлбэл, айл бүр санал нэгдэж, “Их хөгжлийн барилгажилт” корпорацийг дэмжин, өөрсдийн төлөөлөл болох “Жанжины бүлэг”-т нэгдэж, иргэд гарынхаа үсгийг зурж батлгаажуулсан байв. Удалгүй хотын захиргаанаас дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлэхэд “Их хөгжлийн барилгажилт” корпорациас хотын захиргаанд хандан зураг төслөө танилцуулж, “Жанжины бүлэг”, “Амгалан” иргэдийн бүлэг “Их хөгжлийн барилгажилт” корпорацтай хамтрах саналаа илэрхийлжээ.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тус компанийг дэмжих нь зүйн хэрэг байлаа. Учир нь иргэдийн бараг 100 хувийн дэмжлэгтэйн дээр 16.8 га-гийн хаана нь ямар барилга байгууламж, зам талбай, цэцэрлэг, үйлчилгээний төв барихыг айл өрхүүдийн санал, санаачлагаар зураг төсөлдөө тусгаж, ажлаа эхлэхэд бэлэн болчихсон байв. Гэвч гүйх нохойд гүйхгүй нохой саад хийнэ гэгч болов.

“Их хөгжлийн барилгажилт” корпораци нь 10 гаруй жил барилгын салбарт үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа бөгөөд “Жи Би Си Зэт” ХХК, “Эм Ти Жи Эй” ХХК, “Мана Баганат консалтинг” компаниудын нэгдэл юм. Зуун хувь дотоодын хөрөнгө оруулалттай энэ корпорациас өөр аж ахуйн нэгжийг тэрхүү 16.8 га-д оршин суугаа 240 айл өрх дэмжээгүй. Гэтэл 2014 оны 11 дүгээр сард нээлттэй сонгон шалгаруулалтаар “Их хөгжлийн барилгажилт” корпорацийг сонгон шалгаруулах комиссынхон нь зохиомлоор “унагаж” орхив. Зохиомлоор гэсний учир гэвэл хотын захирагчийн орлогч С.Очирбатаар ахлуулсан сонгон шалгаруулах ажлын хэсэг үндэслэлгүйгээр шийдвэрлэсэн байв. Энэ нь “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журам”-ын 1.2 болон Хот байгуулалтын тухай хуулийн 4.1-д зааснаар “…иргэд олон нийтийн оролцоог хангаж, нийтийн эрх ашгийг эрхэмлэнэ…” гэснийг зөрчиж, иргэдийн эрх ашгийг хөндсөн явуургүй үйлдэл болжээ. Төсөл хэрэгжүүлэгч нь газар, үл хөдлөх өмч хөрөнгө өмлөгчдийн 75-аас доошгүй хувийн зөвшөөрөлтэй байх журамтай. Тэгвэл “Их хөгжлийн барилгажилт” корпораци нийт иргэдийнхээ 97 хувийн саналыг авсан боловч тийнхүү дарга нарын шахаасаар “тэнсэнгүй” гэсэн хариу авсан нь тун сонин.

Эндэхийн сонгон шалгаруулалтанд “Их хөгжлийн барилгажилт” корпорациас гадна хорь гаруй компанийн нэгдэл гэх “ДТК” компани, “Ийст таун”, “Баярс констракшн” компаниуд оролцсон гэдэг. Эндээс сонгон шалгаруулах ажлын хэсгийн ахлагч, хотын захирагчийн хот байгуулалт, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч С.Очирбатын хувьд “ДТК” компанийг ямар ч аргаар хамаагүй шалгаруулах сонирхолтой байсан болов уу гэсэн хардлага иргэдийн дунд одоо хүчтэй яригдаж байна. Гэвч “Жанжин цэцэрлэг” орчмын айлууд “ДТК”-г анхнаасаа дэмжээгүй. “Ийст таун”, “Баярс” констракшн ч мөн иргэдэд таалагдсангүй. “Ийст таун” нь тэрхүү “Жанжин цэцэрлэг”-ийн хажуу талд хаяа нийлэн ажиллахаар болж, сүүлдээ бөөн хэл аманд өртөөд байгаа хотын захирагч Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн “Гранд лайн” компанийн гүйцэтгэх захирал Мөнхжин гэгчийн үүсгэн байгуулсан компани юм байна. Туркийн хөрөнгө оруулалттай “Гранд лайн”-ыг Туркийн тал арбитрийн шүүх дээр ялж, тус компанид оруулсан их хэмжээний мөнгөө буцааж татахаар болоод байгаа юм. Гэрээний үүргээ биелүүлээгүй тул Б.Чулуудай ийнхүү хариуцлага үүрч буй нь энэ. Түүний компани “Жанжин хороолол”-ын хажуугийн талбайн дахин төлөвлөлтийн ажилд шалгарсан ч ажлаа бүрэн эхлүүлж чадсангүй. Иргэд тус компанийн санал болгосон өндөр үнэ ханшид сүрдэж, зарим хэсэг нь гурвалсан гэрээнээс татгалзахыг хүсч байна.

Харин “Их хөгжлийн барилгажилт” корпорацийн ажлыг дундаас нь сонгон шалгаруулалтанд тэнцээгүй “ДТК” компани шүүрч авах, үүнийг нь дээрээс зохицуулах гээд байгаа нь гайхалтай. “ДТК” нь төслийн ажлын сургаар нэг л өглөө гэнэт цоо шинээр байгуулагдсан компани байлаа. Хэрвээ “Их хөгжлийн барилгажилт” корпораци өнгөрсөн оны дундуур ажлаа эхэлсэн бол нийт зургаан блок барилга байгууламжийнхаа эхний хэсгийг өдийд ашиглалтанд өгөх дөхчихсөн байх байжээ.

20150907_181922

Ер нь иргэдийн оролцоо, идэвх санаачлага, итгэлийг цөөн хэдхэн эрх мэдэлтэн боймлоод байвал гэр хорооллын дахин төлөвлөлт, барилгажилт гэж ярих хэрэггүй юм. “Их хөгжлийн барилгажилт” корпорацийн санал болгосон Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Зүүн Жанжины 2 дугаар хэсгийн 22-24 дүгээр гудамж, 8 дугаар хэсгийн 11-16 дугаар гудамжийг хамарсан 225 нэгж талбар дахь айл өрхүүд буюу “Жанжины бүлэг” иргэний хяналт-оролцооны чиг үүрэгтэй төрийн бус байгууллагынхан болон “Амгалан” иргэдийн бүлэг тус корпорацийг дэмжин, хамтарч ажиллах болсон нөхцөл шалтгаанаа дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

  1. Дахин төлөвлөлт хийх талбай дээр орон сууц, цэцэрлэг, сургууль, үйлдвэрлэл, үйлчилгээний төв зэрэг объектууд иж бүрнээр баригдах учир иргэдийн сонирхолд ихээхэн нийцсэн.
  2. Төсөл хэрэгжүүлэхээр хүсэлт гаргасан “Их хөгжлийн барилгажилт” корпораци нь иргэдийн газар, үл хөдлөх хөрөнгийг авахдаа дэмжигдэхүйц, уян хатан төсөл ирүүлсэн байна. Жишээ нь: 0.07 га газрыг 120 метр квадрат орон сууцаар солих, иргэдийн газар дээрх үл хөдлөх хөрөнгийг үнэлж худалдан авах санал тавьсан.
  3. Төслөөр баригдах “Жанжин хороолол” нь цахилгаан, дулааны найдвартай эх үүсвэртэй, төмөр зам, метро, автозамын сүлжээтэй ойр, амрах зугаалах цэцэрлэгтэй төдийгүй Дулмалин хийд, Жанжины гэрийн буурь зэрэг түүх соёлын дурсгалт газруудтай, нийслэлд ховорхон ая тухтай цогц хороолол болохоор төлөвлөгдсөн.
  4. Иргэдийн төлөөлөл, бүлгийн гишүүд тус корпорацийн ажлын туршлага, хүний нөөц, санхүүгийн чадвар, хүчин чадал зэрэгтэй удаа дараа биечлэн танилцаж, гаднын хөрөнгө оруулагчтай нь уулзаж, итгэл хүлээлгэх боломжтой гэж үзсэн гэжээ.

Нэгэнт иргэд ингэж шийдсэн болохоор хөндлөнгөөс, эсвэл сонгон шалгаруулах нэрийн дор “ДТК” мэтийн хуйвалдааны лоббигоор яаж ч хүч түрэх гээд нэмэргүй л дээ. Иргэдийн саналыг авч чадаагүй “ДТК” нь шүүхээр заргалдаж арваадхан хоногийн дотор өөрсдийн талд шийдвэр гаргуулсан ч иргэд татгалзаж байна. Үүнд “бухимдсан” хотын зарим дарга нар “Яагаад энэ компанийг дэмжихгүй байгаа юм. Дахиад сонгон шалгаруулалт явуулбал яасан юм бэ” хэмээн аргаа барж сууна. Харин түрүүнд нь иргэдийн санал дээр унасан “ДТК”-г иргэд дахиж дэмжих боломжгүй гэдгийг “Жанжины бүлэг”-ийнхэн тов тодорхой хэлж байна. Гэвч “Их хөгжлийн барилгажилт” корпорацийн ажил гацсан хэвээрээ…Хэзээ ажил эхлэхийг бүү мэд. Гэр хорооллын дахин төлөвлөлт, барилгажилтын байдал Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд иймэрхүү л байна, хотын захирагчаа. “Жанжин хороолол”-ыг гацаасан нөхдөд хариуцлага тооцох уу?

20150907_181415                                               “Их хөгжлийн барилгажилт” корпорацийг дэмжсэн иргэдийн гарын үсэг

Үргэлжлэл бий.

О.Ононцэцэг 

http://manaiklub.com