Аав гэдэг үг сүүлийн үед хар бараан өнгөөр дүрслэгдэх боллоо. Бяцхан үрс төрсөн эцгийнхээ гарт амиа алдсан харамсалтай хэргүүд ар араасаа гарсан нь эцэг, аав хүмүүсийн талаарх нийгмийн ойлголтыг сүүдрээр будаж байгаа нь нууц биш билээ.

Тэгвэл энэ л цаг үед аав хүн ямар байх ёстой, ганцаараа байсан ч үр хүүхдээ хүний зэрэгт хүртэл өсгөх үүргээ хэрхэн үнэ цэнэтэйгээр биелүүлэх учиртайн үнэнийг өгүүлсэн "Аав" киноны зохиолч М.Энхдалайтай ярилцлаа.

Хөөрхий тэр охиныг бодохоор уйлчих гээд хэцүү юм даа

"Өрх толгойлсон эцэг хүний хувьд зарим нь аавынхаа үүргийг гүйцэтгэх гэж чадан ядан явж байхад зарим нь үр хүүхдээ энэрэх сэтгэлгүй яваад нь гэмшиж, тэр хүний өмнөөс ичиж байна."

-Хамгийн сүүлд та “Ерөнхийлөгчийн туслах” кино хийснийг санаж байна. Саяхан “Аав” киноны зохиолыг бичсэн. Олон хүний сэтгэлийн уг дахь уянгыг хөглөсөн энэ бүтээлийг үзээд нулимстай хоцорсноо ч нуух юун. Тиймээс энэ зохиолыг бичих болсон түүхээс тань ярилцлагаа эхэлье?

-Энэ зохиолыг бичих санаа одоогоос10 жилийн өмнө төрсөн юм. Тэгэхэд би дөнгөж Д.Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургуулийн 1-р курсийн оюутан байлаа. Тэр үед тохиолдсон зүйлээс сэдэвлэн энэ зохиол ургасан юм даа. Түүнээс хойш яг 10 жилийн дараа буюу 2014 оны зун зохиолоо бичиж байхдаа гол дүрд нь Драмын театрын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Ц.Цэрэнболдыг толуулна гэж анхнаасаа бодчихсон байсан. Ингээд Ц.Цэрэнболд жүжигчинд зохиолоо уншуулахаар өгсөн юм. Харин тэр зохиолыг маань уншчихаад жүжигчин Г.Эрдэнэбилэгт дамжуулсан байна лээ. Тэгэхэд Г.Эрдэнэбилэг ах миний зохиолыг уншингуутаа уран бүтээлч хүний хувиар “шатаж” “Би энэ бүтээлийг хийе” гэдэг санал тавьсан. Нэг үгээр бол энэ киноны найруулагч нь Г.Эрдэнэбилэг, зохиолч нь М.Энхдалай юм. 

 

Г.Эрдэнэбилэг ах бид хоёр цаанаасаа сонин содон тохиолоор танилцсан хүмүүс учраас би билэгшээж, бүтээлээ хийлгэхээр зөвшөөрсөн. Энэ үед Эби ах маань үрийнхээ зулайг үнэрлэх гэж байсан нь таарсан нь тохиолдлын хэрэг биш юм шиг санагддаг. 

 

-Ийм сайхан ярилцлаганы дундуур гунигтай, харамсалтай түүх сөхөх гэж байгааг минь уучлаарай. Киноны нээлт өнгөрсөн сарын 6-нд болсон. Гэтэл үүнээс өмнөхөн дөрвөн настай бяцхан охин аавынхаа гарт амиа алдаж, нийгэм тэр чигтээ нулимстай байсан шүү дээ?

-Тийм ээ. Үнэхээр харамсалтай зүйл байсан. Үнэнээ хэлэхэд, би уйлсан. Би чинь их уйланхай хүн. Ер нь эрэгтэй, эмэгтэйгүй олон хүн уйлсан байх. Хөөрхий тэр охиныг одоо бодохоор уйлчих гээд дотор их хэцүү. Хүмүүсийн сэтгэл тийм хүнд байхад кино маань нээлтээ хийсэн нь цагаа олсон ч юм шиг санагддаг. Олон хүний сэтгэлийг жаахан ч гэсэн дэвтээсэн байх гэж найддаг юм. 

Өрх толгойлсон эцэг хүний хувьд зарим нь аавынхаа үүргийг гүйцэтгэх гэж чадан ядан явж байхад зарим нь үр хүүхдээ энэрэх сэтгэлгүй яваад нь гэмшиж, тэр хүний өмнөөс ичиж байна. Би өөрөө тийм мундаг сайн аав биш л дээ. Кинонд өгүүлдэг шиг сайн аав болох юм сан гэж мөрөөддөг учраас л тэр зохиолоо бичсэн юм. 

 

 

-Хүүтэйгээ хамт амьдардаг гэдгээр тань мэдэх юм. Гэхдээ хүүгийн тань талаар сайн мэдэхгүй л дээ. Манай уншигчидтай хүүгийнхээ тухай хуваалцаач?

-Миний хүү 10 настай. 5-р ангийн сурагч. Одоогоос 10 жилийн өмнө “Аав” кинонд өгүүлсэн шиг үйл явдал миний амьдралд тохиолдсон. Тэр үед учраа мэдэхгүй хүүхэд нэг охинтой үерхээд хүүхэдтэй болчихсон. Яг ийм үед хүнд ямар бодол төрдөг вэ, хүүхэдтэй болж байгаа хүүхэд ямар байдалд ордгийн бүх зовлонг нь би туулсан. “Энэ хүүхэд амьдралд чинь гай болно” гэсэн хүмүүсийн үг үнэн юм шиг санагдах үе ч байсныг бодохоор сэтгэл өвддөг юм. Тухайн үед хүүхдээ ээж аавдаа ч хэлэлгүй нууж л явлаа. Тэгсэн ч гэсэн тэр хэцүү үед надад туслаж дэмжсэн Сарангуа гэдэг эгч бий. Сарангуа эгчдээ би маш их баярлаж талархаж явдаг. “Аав” киногоор зүйрлэвэл хүүхдийг нь гараас гартал өсгөж өгдөг Мөөм ээжийн дүр юм даа. Мөөм ээжийн дүрийг би Сарангуа эгчийнхээ дүрээр төлөөлүүлэн гаргасан юм. 

 

 

Хүүгээ тэнд орхичихсон бол өнөөдөр харамсаад барахгүй байсан биз

 

“Хүүхэдтэй хүн” гэдэг тодотгол бол өнөөдрийн нийгэмд жаахан доогуур байр суурь эзлээд байх шиг. Би энэ хүмүүсийг өмөөрнө. Яагаад гэвэл хүүхэд гэдэг чинь тоглоом биш шүү дээ. Тэд бүхэл бүтэн  хүнийг бий болгочихоод байхад тоглоом, шоглоом шиг ярьж, бүр “бонус” гэж хочилдогт би эсрэг байр суурьтай байдаг.

 

-Хүүхэдтэй хүнийг хүмүүс өөр өөр нүдээр хардаг юм шиг ээ. Зарим нь цэрвэдэг бол зарим нь улам ойртох гэж оролддог ч юм шиг. Ер нь та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

-Ер нь өмнө нь хүүхэдтэй гэхээр зарим хүн зайгаа барьдаг. Би энэ бүхнийг тоохоо больсон. “За за, эмэгтэй хүмүүс ийм л байдаг юм байна” гэсэн бодолтой болчихсон байсан. Харин одоо бол хүү минь гараас гарчихлаа. Тиймээс юманд өөрөөр хандана. 

Ямар ч байсан “Хүүхэдтэй хүн” гэдэг тодотгол бол өнөөдрийн нийгэмд жаахан доогуур байр суурь эзлээд байх шиг. Би энэ хүмүүсийг өмөөрнө. Яагаад гэвэл хүүхэд гэдэг чинь тоглоом биш шүү дээ. Тэд бүхэл бүтэн хүнийг бий болгочихоод байхад тоглоом, шоглоом шиг ярьж, бүр “бонус” гэж хочилдогт би эсрэг байр суурьтай байдаг. Бүхэл бүтэн хүүхдийг “бонус” гэж яаж болдог юм бэ. Надад ч гэсэн нэг хүн “Ганц бие, тэгэхдээ бонустай” гэж хэлж байсан. Тухайн үедээ хүмүүст инээдтэй сонсогдох ч тухайн эзэндээ ямар онцгүй хүрч байгаа бол гэдгийг ойлгох ёстой шүү дээ. 

 

-Ярилцлагын эхэнд гарсан Сарангуа гэдэг сайхан сэтгэлтэй хүн таны хүүг гараас гартал нь өсгөж өгсөн гэлээ. Тэр ачтай хүний тухай ярьвал?

-Хүүхэдтэй болоход би 19-тэй, тэр охин маань 17-той байсан юм байна. Тэр охины маань ээж охиноо гадаадад ажиллуулахаар шийдчихсэн байсан. Би тэр хүнийг хүүхдийнхээ төлөө л явж байгаа эх хүн гэж ойлгож байлаа. Гэтэл хүүхдийнхээ хүүхдийг огт бодоогүй байсан юм билээ. Одоо уран бүтээлч хүний нүдээр харахад тэр эмэгтэй охиныхоо анхны хүүхдийг орхиод гадаадад ажиллаж, амьдарна гэдэг юу гэсэн үг вэ. Тэгэхэд нь би "Эгч ээ, хүүхдийг минь надад л өгчих. Ээж аавд минь битгий хэлээрэй" гэж гэрийнхнээсээ айсан хэрнээ л тэр хүнээс зөндөө гуйж явсан. Хариуд нь тэр хүн "Энэ хүүхдийг нэг бол ээж аавд чинь эсвэл хариуцлагатай хүнд үрчлүүлнэ, нэг бол асрамжийн газар өгнө" гэсэн саналыг надад тавьж байсан юм. Гэтэл би хүүхдээ өөрөө өсгөмөөр байгаа ч ээж аавдаа хэлмээргүй болоод салаа замын уулзварт ирчихээд байлаа. Ийм л хүнд үед Сарангуа эгч маань надтай ямар хувь тохиолоор тааралдсан юм. Тэр хүнд би үргэлж талархаж явдаг. 

 

-Эргээд бодоход тэр үед аавын үүргээсээ татгалзаад, хүүхдээ орхичихсон бол ямар байх бол гэж эргэцүүлэх үе бий юу?

-Үнэндээ би анхнаасаа л хүүхдээ "Минийх биш" энэ тэр гэж татгалзаагүй. Хүүхдээ орхиод явчихсан бол өнөөдөр харамсаад барахгүй байх байсан л гэж бодогддог юм. Харин ч анхнаасаа л чиний хүүхэд гээд хэлэхэд нь өөрөө өсгөе, надад өгчих гэж зөндөө гуйсан. Гэвч надад өгөлгүй өөрөөр минь тэврүүлж аваачаад хүний хүнд  өгүүлчихсэн. Харин миний хүүг өөрийн хүүхэд шигээ л хайрлаж, миний дааж давшгүй ачааг нуруун дээрээ үүрч, намайг их сургуулиа төгстөл хүүг минь хайрлаж энэрч явсан ачтай буянтай тэр эгчдээ би насан туршдаа баярлаж явах болно оо. Дэлгэрэнгүй нэгд нэгэнгүй ярьчихаар уйлчих гээд бас хэцүү юм. 

 

 

Миний хүү аавынхаа түшиг тулгуур, итгэл найдвар

 

 

Тэр тусмаа хүүхэдтэй болж үзээгүй хүн шууд хүнтэй суугаад хүний хүүхдийг хайрлана гэдэг ховор. Мэдээж, хоёр биедээ хайртай бол хүүхдэд ямар ч бэрхшээл үүсэхгүй. Гэхдээ л мянга хайртай байгаад хүний хүүхдийг хайрлана гэж байдаггүйг олон жишээнээс харсан.

 

-Ээж ааваасаа хүүхдээ нуух амаргүй байсан биз дээ. Ер нь тэр хөөрхөн нялх амьтныг заавал нуух хэрэг байсан юм уу?

-Би хүүхдээ ээж ааваасаа бараг 5-6 жил нуусан юм. Хөдөөнөөс аав ээж хоёр орж ирэх болохоор нь хүүгээ найз нөхдийндөө аваачаад нуучихдаг байсан. Гэртээ хүүхдийн гэсэн бүх юмаа нуучихдаг байсан. Гэрт аав ээж ирэнгүүт нь хүүхдийн жижиг сойз байж таарвал нь элдвээр хэлж аргалчихдаг байсан. 

Нэг өдөр аав хөдөөнөөс ирээд. Би орцны жижүүр л юм байх гэж бодоод "Хэн бэ" гэсэн чинь л "Аав нь байна" гэдэг байгаа. Эхний 30-40 минут аав манай хүүг анзаараагүй. Найз нөхдийнх нь хүүхэд юм байна гэж бодсон юм шиг байгаа юм. Тэгээд сүүлдээ анзаараад асуухаар нь би "Таны ач шүү дээ" гээд пал хийтэл үнэнээ хэлчихсэн чинь аав итгэдэггүй. Аав нэлээн ажиглаж суугаад сүүлдээ учрыг ойлгоод ээжид утастаж хэлсэн дээ. 

 

-Одоо хүү чинь зөндөө том болжээ.

-Тийм ээ. Миний хүү аавынхаа түшиг тулгуур, итгэл найдвар. Би ажил ихтэй гадуур явж байхад байнга залгана. "Хоол хийчихсэн шүү, би унтлаа шүү" гээд л. Надад санаа тавьдаг ганц хүн дээ. Гэртээ хоолоо хийдэг ганц хүн нь бас миний хүү шүү дээ. 

 

-Хүү нь ямар ямар хоол хийдэг вэ?

-Гоймонтой шөл, будаатай хуурга, цуйван гээд амархан хоолуудыг хийчихнэ ээ. Анхандаа хоолоо хуурахдаа түлчихдэг байсан юм. Тийм болохоор бид хоёр "Нарантуул"-аас түлэгддэггүй ширмэн тогоо, гаструль авсан юм. Тэгэхэд хүү маань "Өө ашгүй, түлэгддэггүй савтай боллоо" гээд зөндөө баярласан шүү. 

 

-Хүү нь юу хийх дуртай вэ. Дандаа таныг хүлээгээд гэртээ ганцаараа суудаггүй байлгүй дээ?

-Хүү минь ихэвчлэн байрныхаа гадаа хөл бөмбөг тоглох дуртай. Бид хоёр "Ливерпүүл" багийг дэмждэг, улаан фанатууд нь. Баг нь хожигдчихоор сэтгэлээр унаад байдаг юм. Сая гэхэд л танд ярилцлага өгөх гээд гарахад гадаа тоглоод л үлдлээ, хүү минь. Би хөргөгчнөөс мах гаргаад орхисон. Тоглож орж ирээд хоолоо хийх байх. Би орой очоод хоолоо иднэ дээ. 

 

-Зарим хүнийг харж байхад бага насны хүүхэдтэй ганц бие хүмүүс хүнтэй суух гэж яарах хэрэггүй юм шиг санагддаг. Та энэ асуудалд ямар байр суурьтай байдаг вэ?

-Би үүнтэй санал нийлдэг. Сайн хүн олон байгаа л даа. Тэгэхдээ хүний чанар муудчихаад байгаа цөвүүн цаг шүү дээ. Хүн хүний хүүхдийг өөрийн хүүхэд шигээ хайрлаж чадахгүй шүү дээ. Тэр тусмаа хүүхэдтэй болж үзээгүй хүн шууд хүнтэй суугаад хүний хүүхдийг хайрлана гэдэг ховор. Мэдээж, хоёр биедээ хайртай бол хүүхдэд ямар ч бэрхшээл үүсэхгүй. Гэхдээ л мянга хайртай байгаад хүний хүүхдийг хайрлана гэж байдаггүйг олон жишээнээс харсан. Би ч өөрөө болгох гэж нэг удаа оролдож үзээд больсон. 

 

 

"Ээжтэй болох яасан бэ, аав аа" гэж асуусан 

 

5-р ангийн хүүхэд онц сурч байна гэдэг мундаг үзүүлэлт биз дээ. 6-р ангидаа ч гэсэн энэ амжилтаа алдахгүй байвал үнэхээр сайн байна. 

 

-Ингэхэд, ээжтэй болно, бүл нэмнэ гэж та хоёр ярилцдаг уу?

-10-аад хоногийн өмнө дан хийтэл асууж байна лээ. "Ээжтэй болох яасан бэ, аав аа" гэхэд нь "Тэгж байгаад болно доо" гэж хариулсан даа. "Цаг нь болохоор болно доо, чи өөрөө дүүтэй болбол баярлах уу" гэхээр мэдээж баярлана л гэдэг юм. 

 

-Хамгийн сүүлд хүүдээ ямар бэлэг өгсөн бэ?

-Төрсөн өдрөөр нь л амттан бэлэглэсэн юм байна. Манай хүү амттанд их дуртай. Харин хүү минь надад бараг л өдөр бүр бэлэг барьдаг. Онц дүн аваад л. 5-р ангийн хүүхэд онц сурч байна гэдэг мундаг үзүүлэлт биз дээ. 6-р ангидаа ч гэсэн энэ амжилтаа алдахгүй байвал үнэхээр сайн байна. 

 

-Та хүүдээ ямар үг хэлэх дуртай вэ?

-Би хүүдээ тусгайлан захидаг зүйл бол найз нөхөддөө болохгүй юмыг нь хэлж байж чи жинхэнэ найз болно шүү гэдэг. Бас эмэгтэй хүмүүстэй зөөлөн харьцах ёстой, хэзээ ч эмэгтэй хүнд гар хүрч болохгүй. Тэгж байгаа хүн харвал өмөөрч яваарай гэж захидаг юм.Өдөр бүр хэлдэг зүйл минь гэвэл “Шүдээ орой бүр угааж ариун цэврээ сахиснаараа мундаг эр хүн болох эхлэлээ тавьж байгаа юм шүү, миний хүү” гэдэг юм. Эр хүн гэхээр л сайн хөлбөмбөг тоглодог, сайн зодолддог гэсэн үг биш шүү дээ. 

Гэхдээ л хоёр эр хүн байгаа юм болохоор заримдаа гэр орон замбараагүй болчих үе бий. Хурааж хурааж байгаад нэг өдөр нэг сайн цэвэрлэгээ хийдэг юм. Хаврын дулаан энэ цагт бид хоёр гэртээ их цэвэрлэгээ хийх болчихоод л байна. Зун болохоор бид хоёр тагтаа цагаан өнгөөр буддаг, тэр ажилдаа ч их дуртай. 

 

-Та хоёрын амьдрал их баян, аз жаргалаар дүүрэн санагдлаа. Энэ сэдэвтээ түүний ээжийн тухай асуухгүй өнгөрч болохгүй нь. Хүү тань ээжийгээ асуудаг уу?

-Үгүй. Ёстой асуудаггүй. Юмны наад цаадахыг дөнгөж гадарлаж эхэлж байгаа энэ цагаахан насан дээрээ тэр тухай асуухгүй байхад заавал хүчлээд ч яахав гэж боддог юм. "Аав" киноны трейлэрийг үзээд ер нь юу болсон талаар ойлгочихоод байх шиг санагддаг. 

Би Сарангуа эгчээс хүүгээ авах яг тэр үед ээж нь гэнэт над руу залгасан юм. Кино шиг юм болсон л доо. "Би Солонгосоос өчигдөр ирлээ. Өнөөдрийг хүртэл  хүү минь чам дээр байгаа гэж бодож байсан. Гэтэл үнэн учрыг ээжээс өчигдөр л сонслоо. Тэгээд шууд ирлээ" гэсэн. Солонгост хүний хийж болох бүх л ажлыг хийж үзсэн талаар нь сонсоод "Гадаадад нэг нь ажил хийж байхад би энд, харин хүүхэд маань сайн хүний гар дээр өсч байж. Ингээд л гурвуулаа гурван талд байж шүү дээ" гэж бодохоор л уйлчих гээд байсан. Хэдийгээр тэр их өөрчлөгдсөн байсан ч би түүнийг нэг л зүйлээр зөвтгөж байсан. Юу гэхээр, 17-хон настайдаа надтай үерхэж, үрийг минь төрүүлж өгсөн цагаахан охин шүү дээ гэдгээр нь л бодож байлаа. Одоо ба түүнээс цааш энэ хүн сайхан амьдрах ёстой гэж бодоод "Элэг бүтэн амьдрах уу" гэж санаанд оромгүй санал тавьж байлаа. Тэр хүн үүнийг уг нь их гоёор хүлээж авсан хэр нь өөрөө усанд хаясан чулуу шиг алга болчихсон. Тэрнээс хойш өнөөдрийг хүртэл хүүтэйгээ сайхан л байна. 

 

 

Хүүхдээ сайн мэдлэг, ухаан, хайр, мэдрэмжээр цэнэглээд авбал л сайн аав гэдэгт дөхөж очих болов уу

"Аав" кинонд гардаг шиг залуу оюутан аавууд ч бай та бүхэн үүргээ сайн гүйцэтгээрэй. "Аав" кинонд гардаг шиг алдаа битгий гаргаарай гэж захья. Намайг үнэндээ аз түшсэн юм шүү дээ.

 

-Хүүтэйгээ хамт амьдралаа босгож яваа сайн аавуудын нэгээхэн төлөөлөл нь та. Тиймээс хөгжилтэй сайхан дурсамжууд зөндөө биз дээ?

-Хүү бид хоёр хэчнээн ч удаа туулай тэжээв дээ. Амьтан хайрлах хайр мэдрүүлье гэж бодсон юм. Туулайг нь өгөхдөө зүгээр ч нэг өгөөгүй ээ. "Тагтан дээр гараад хөх тэнгэрээс туулайтай болъё гэж гуй. 10-аас дээш удаа гуйгаарай, тэгвэл өглөө дэрэн доор чинь хоёр туулай байна шүү" гээд хэлчихсэн. Тэгсэн манай хүн шөнөжин гуйчихсан. Ядраад унтчихсан хойгуур нь би өглөө амьтны дэлгүүрээс туулайн хоёр зулзага авчраад дэрэн доор нь хийчихсэн. Тэгэхэд хүү минь "Үнэн байна" гээд бөөн баяр болсон доо. Тэр явдлаас хойш 4-5 сарын дараа хоёр туулай нь том боллоо. Нэг өдөр би "Ерөнхийлөгчийн туслах" киноны зурганд явчихаад орой ороод иртэл хүү "Нэг туулай нь нөгөөгийнхөө ард гараад хурдан хурдан зодоод байна" гээд сандарчихсан сууж байдаг байгаа. Хүүхдийн хажууд балай балай юм үзүүлэх нь гэж бодоод би "Тэгвэл чи одоо дахиад гуй. Энэ хоёр туулайг жижигхэн болгоод өг гэж залбир" гэсэн. Тэгсэн нөгөөх маань "Хөх тэнгэр минь, хөх тэнгэр минь хоёр туулайг минь жижигхэн болгоод буцаагаад өгөөч" гэж шөнөжин гуйсан даа. Би өглөө нь амьтны дэлгүүр орж яг адилхан өнгөтэй хоёр зулзагаар сольж өгсөн. Даанч харамсалтай нь, нэг нь тагтан дээрээс уначихсан. Тэгээд л дахиад "Дахин төрүүлж өгөөч гэж гуй" гээд дахиад зулзага авчирч өгч байлаа.  

 

-Эр хүн хичээвэл хамгийн сайн аав байж, үр хүүхдийнхээ төлөө дэлхийг ч нүүлгэх тэнхээтэй байдгийн утга учрыг цаг гарган хуваалцсан танд баярлалаа.  Ярилцлагынхаа төгсгөлд аав хүн ямар байх ёстой талаар асуумаар байна?

-Бид хоёрт илүү дутуу юу ч байхгүй, хүү маань онц сураад  л, би байрныхаа лизингийг төлөөд л, яг л Монголын эгэл жирийн нэгэн айл. Бид байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байдаг. 

 

Цуглуулсан мөнгө хэзээ ч бидний үр хүүхдүүдэд ирээдүйн баталгаа болж чадахгүй. Харин толгойг нь сайн мэдлэг, ухаан, хайр, мэдрэмжээр цэнэглээд авбал л сайн аав гэдэгт дөхөж очих болов уу.

Тэгээд ч аав хүн гэдэг үр хүүхэддээ зөв үлгэр дууриал үзүүлдэг байх хэрэгтэй. Аав бүхэн хүүхдийнхээ хувьд баатар нь. Хүүдээ аав бүхэн муу талын баатар байж болохгүй. 

 

Нийт аав нарт хандаж хэлэхэд, "Аав" кинонд гардаг шиг залуу оюутан аавууд ч бай та бүхэн үүргээ сайн гүйцэтгээрэй. "Аав" кинонд гардаг шиг алдаа битгий гаргаарай гэж захья. Намайг үнэндээ аз түшсэн юм шүү дээ. Муу хүн таараад хүүхдийг минь тэр чигт аваад явчихсан бол би өнөөдөр хүүтэйгээ хамт байхгүй. Одоо хүртэл харамсаад л суух байсан байх даа. Хүний амьдралын хамгийн нандин үнэ цэнэтэй зүйл бол элэг бүтэн  гэр бүл юм шүү, залуус аа. 

 

М.Энхдалайгийн пэйж хуудсанд зочлоорой.  

 

http://www.facebook.com/NairuulagchEnkhdalai?fref=ts&__mref=message_bubble

mongoljingoo.mn