Наран ургах Дорнод нутгаас Монгол эхэлдэг
2015/09/29
Монголчууд төдийгүй дорно дахины ард түмэн наран ургах зүгийг билэгшээх нь бий. Бидний хэсэг нөхөд эх орныхоо наран ургах зүгийг зорьж, хүлгийн жолоо залсан юм.
Хааяахан сэвэлзэх салхи өвсний толгой найгуулан, мөдхөн хур хайрлаж мэдэхээр үүлс нүүх завсар үе, үе үүлэн чөлөөний нар шарж, Дорнодын их талд амар амгалан цогцолжээ. Машины цонхоор олон цаг байгалийн зураглал ширтэн явсан хүмүүст энэ нутгийн өвсний гарц хийгээд малын тарга тэвээрэг сайн байгаа нь шууд л ажиглагдаж байв. Бидний замд хадлан хадаж, хадсан өвсөө тээвэрлэн яваа хэд хэдэн малчин тааралдсан. Өвлийг өнтэй давах бэлтгэлээ малчид хэдийнэ базааж эхэлжээ.
Дорнод аймгийн тухайд тал хээр болон ойт хээр хосолсон 123.5 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай, хойд талаараа ОХУ-ын Өвөр байгалийн хязгаар, зүүн талаараа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр, Хянган аймагтай хиллэж, баруун урд, баруун талаараа Сүхбаатар, Хэнтий аймагтай хиллэдэг зүүн бүсийн тулгуур төв юм.
Байгалийн дурсгалт газар арвинтай энэ нутагт хүний хөдөлмөрөөр бүтсэн бүтээн байгуулалт ч их аж. Тус аймагт Мэнэн, Тамсаг, Матадын уудам тал, Буурь нуур, Хөх нуур зэрэг томоохон нуур цөөрөм, Халх-Нөмрөгийн, Дорнод Монголын, Монгол Дагуурын дархан цаазат, Угтам, Тосон-Хулстайн байгалийн нөөц газар, Онон-Балжийн байгалийн дурсгалт газар бий. Ухаа, гүвээ бүхий тал нутаг зонхилох ч X-XI зууны Киданы үеийн Хэрлэн бар хотын туурь, Хэрмэн зам, XI зууны үед хүний гараар бүтээгдсэн Утай таван уул, Их бурхант, Хүн чулууд, Угтамын хийдийн тууриудаас гадна 1939 оны ялалтын хөшөө зэрэг түүхийн дурсгалт газар арвинтай юм.
Эдүгээ ч Чойбалсан хотод бүтээн байгуулалт ид өрнөж байна. Тус аймаг 1980-аад онд хөгжүүлсэн үндсэн дэд бүтцийн бааз суурийг давуу байдлаа болгон бүтээн байгуулалтын их ажлыг үргэлжлүүлсээр байгаа аж.
Аймгийн төвийн авто замын шинэчлэл, шинэ усан сан төсөл, “Найрамдал” парк, тал нутгийн ахан, дүүсийн цогцолбор, Бөртэ-Үжиний цэцэрлэгт хүрээлэн, Мод үржүүлгийн газар гээд хүний нүд баясгаж, сэтгэл сэргээх их бүтээн байгуулалт тус хотод хийгджээ. Эдгээрийг хийж бүтээхийн тулд эхлээд сайн төлөвлөж, аймгийнхаа хэмжээнд баримтлах бодлогыг боловсруулсан нь үр дүнгээ өгсөн талаар нутгийн удирдлагууд ярьж байлаа. Бүтээн байгуулалтыг дагаад иргэдийн ая тухтай амьдрах орчин, цаашлаад чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх боломж бүрдсэн байна.
Чойбалсан хотын төвд “Найрамдал” парк гэх том хаягтай орчин үеийн сонгодог дизайн бүхий хаалга бий. Энэ газар залуус чөлөөт цагаа өнгөрүүлж, эцэг, эхчүүд хүүхдээ салхилуулж, хөгшид нарлах дуртай гэнэ. Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх зардал болон ССАЖЯ-ны нийт 450 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар өнгөрсөн жил энэ бүтээн байгуулалтыг хийсэн аж. Нийт 2000 мкв орчим талбайтай эл паркад сандал байрлуулж, шөнийн гэрэлтүүлгийг шийдэж өгсөн нь ч мөн нутгийн иргэддээ ая тухтай орчин нөхцөлд амарч, зугаалах боломжийг олгосон гэж залуус ярьж байв.
Цаашлаад Чойбалсан хотын төвөөс энэ хаалгаар дамжин Хэрлэн голын эрэг хүртэл тохижуулахаар төлөвлөжээ. Дорнод аймаг, Хөлөнбуйр хотын хамтын ажиллагааны хүрээнд Чойбалсан хотын “Найрамдал” парк цэцэрлэгт хүрээлэнд Хөлөнбуйр гудамжийг байгуулахаар хоёр хотын удирдлага гэрээ байгуулсан байна. Энэ хүрээнд Хөлөнбуйр хотоос 2 сая юанийн хөрөнгө гаргаж, 412 метр урттай, 12 метр өргөнтэй зам барьж буй юм. Тодруулбал, энэ замын 10 метр нь явган хүнийх, 2 метр нь дугуйн зам аж. Зам барих энэхүү ажлыг орон нутгийн өмчит хоёр компани гүйцэтгэж, одоо дуусах шатандаа оржээ.
Хэрлэн гол хүртэл тохижуулах энэ гудамжинд “Ээж ээ”, “Зураач” зэрэг хөшөө барьж, гэрэлтүүлэг тавих юм байна. Түүнчлэн “Найрамдал” паркийн үүдний хэсэг болон Хэрлэн гол хүртэлх замын голын хэсэг даланд 12 метр өргөнтэй гүүр барьж, 2016 онд хүлээлгэн өгснөөр Чойбалсан хотын “Найрамдал” парк бүрэн хэмжээгээр ашиглалтад орох юм.
Дорнод аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Х.Энх-Отгон “Дорнод аймаг хүүхэд залуус, ард иргэдийнхээ амрах,чөлөөт цагаа өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэн, парк, нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулахад ихээхэн анхаарч байна. Аливаа бүтээн байгуулалтыг цогцоор нь төлөвлөж байж аль, аль талдаа хөрөнгө мөнгө, цаг хугацааг хэмнэдэг” гэдгийг тодотгосон.
Дорнод аймаг 75 гаруй мянган хүн амтай. Хүн амын 50-иас илүү хувь нь аймгийнхаа төвд оршин суудаг юм билээ. Судалгаагаар гурван өрх тутмын нэг нь авто машинтай аж. Ийм учир аймгийн ИТХ-аас Дорнод аймгийн авто замын талаар баримтлах бодлогыг баталж түүнийхээ дагуу авто замаа шинэчлэх, шинээр барих, өргөтгөх ажлыг шат дараатай хийж эхэлсэн байна. 2014 онд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Чойбалсан хот доторх авто замын сүлжээг сайжруулах зорилгоор “Зангиат”, “Ялалт” хороолол, “Эр хүний овоо” гэсэн гурван чиглэлд авто зам шинээр тавьж, 15 туслах замыг өргөтгөх шинэчилж, 18 орон сууцны гадна талд авто зогсоол шинээр барьж, заримыг нь шинэчлэн засварлажээ. Энэ жил аймгийн зүгээс босоо тэнхлэгийн замуудаа шинэчлэх ажлыг хийхээр төлөвлөж авто замын зураг төслийг боловсруулан ажлаа эхлүүлсэн байна. Чойбалсан хотын босоо тэнхлэгийн замыг урьдчилсан байдлаар 18 чиглэлд, хотоос гадна нэг чиглэлд хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, ДБЭХС ТӨХК-ийн баруун талын 0.5 км авто зам, Худалдаачдын гудамжны 0.7 км авто зам, Читийн гудамжны 0.5 км авто зам, Баянтүмэний гудамжны 460 метр авто зам, “Хэрлэн” зочид буудлын зүүн талын 220 метр авто зам, Хянганы гудамжны 450 метр авто зам, Үйлчилгээний төвийн баруун авто зам, таксины зогсоолын 250 метр авто зам, Бөмбөгдөлтийн хөшөөний зүүн талын 310 метр авто зам, Хуучин төвийн баруун талын 300 метр авто зам, Ивээл хороолол СМУ-н гол замыг Худалдааны гудамжтай холбох 375 метр авто зам, Агийн гудамжны замаас 10-р цэцэрлэг, орон сууцны 1, 3-р байр хүртэлх 220 метр авто зам зэрэг байршилд хийхээр судалгаа зураг төсөв гаргаж зарим замын ажил дуусах шатандаа ороод байгаа юм билээ.
Зочин · 2015/09/29
goe sxn tal nutag owog deedes mine xaluun ami bvleen tsusaara 70 aadxan jiliin omno xamgaalj awj vldsn um xarin odoo 70n jiliin daraa tednii mine xaluun ami bvleen tsusaa ursgan xamgalsn gazar elbegdorj burmaa 2iin garaar xari nutagd shiljdiin bjde minii mongol naran mandax ter zvges xaraal idsen ene 2 noxor solongosuud niiled erliiljvvlj gazar nutagvi bolgon svirvvlx alxam tawigdaj bnada ix ezen xaanii mine talbaid mongolin bish solongos xujaagiin tug mandax odor oirtojde ternees omno vxex umsan