ошууч генерал Р.Гаваа агсны нэрэмжит Цэргийн холбоочдын цогцолбор тэмцээн Зэвсэгт хүчний 013 дугаар ангид зохиогдож өндөрлөлөө. Энэхүү үйл явдалд Р.Гаваа агсны гэр бүлийнхэн ирж, цэргийн ангийнханд хүндэтгэл үзүүлж, тэмцээнийг ивээн тэтгэсэн юм. Энэ удаагийн тэмцээн кибер цэрэг, газар оронд байрлал тогтоож, богино хугацаанд мэдээлэл дамжуулах, хурдач радио телеграф, цэргийн холбоочдын цогцолбор норматив гэсэн дөрвөн төрлөөр явагдсанаараа онцлог юм.

Тэмцээнд хувийн дүнгээр ахлах ахлагч Г.Буянтогтох ХХЕГ /0151/, Алтантуяа /303/, Энхтүвшин /065/ эрэгтэй төрөлд сургагч ахлагч Болдбаатар, ахлагч Удаахцэцэг, Д.Оюунтуяа нар, багийн дүнгээр дэслэгч Батдорж /065/, Сүхбаатар, Чинбат нарын дасгалжуулсан багууд тус тус эхний байрыг эзэлжээ. Мөн “Р.Гаваа агсныг хэн сайн мэдэх вэ?” уралдаант эссе бичлэгийн тэмцээнд ХХЕГ-ын 0151 дүгээр ангийн ахлагч С.Мягмарсүрэн тэргүүн байр эзэлсэн байна.

Одоогоос дөрвөн жилийн өмнө Зэвсэгт хүчний 013 дугаар ангийг хошууч генерал Рашмаагийн Гаваагийн нэрэмжит болгосон билээ.
Түүхэн үйл явдлыг тэмдэглэх, төр, нийгмийн зүтгэлтэн, гавъяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь хүндэтгэх ажлыг зохион байгуулах журам болон Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газар 78 дугаар тогтоол гаргаж, Зэвсэгт хүчний 013 дугаар ангийг төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн Рашмаагийн Гаваагийн нэрэмжит болгохоор шийдвэрлэсэн юм.


Энэ үеэр хошууч генерал Р.Гаваа агсны гэгээн дурсгалд зориулсан хүндэтгэлийн танхим, дурсгалын самбар болон бичил цэцэрлэгийн нээлт бас болж байсан билээ.

Рашмаагийн Гаваа нь 1949 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутагт төрсөн.

ЗХУ-ын /хуучнаар/ Цэргийн холбооны академи, тус академийн адъюнктур /1980/, ЗХЖШ-ын академи /1990/, АНУ-ын Тэнгисийн цэргийн их сургууль /1999/, түүний дээд дамжаагаар /2001/ дорно, өрнийн цэргийн дээд, оператив, стратегийн боловсрол эзэмшсэн.

Тэрээр Цэргийн ерөнхий дээд сургуулийн холбооны тэнхимийн дарга, Монголын Ардын Армийн Холбооны цэргийн дарга, Зэвсэгт хүчний Жанжин штабын Холбооны газрын дарга, Цэргийн нэгдсэн дээд сургуулийн болон Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Батлан хамгаалахын Тэргүүн дэд сайд, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байсан манай төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн юм

Э.Мөнх