хорт хавдар...
2013/07/21
- Манай улсад ганц байх хавдар судлалын төв өнөөдөр ачааллаа дийлэхээ больсон гэхэ хилсдэхгүй билээ. Үүний баримт болгон нэгэн уншигч манайд дараах захидлыг ирүүлжээ-
Наадмын маргааш 15-ны өдөр ээлжит шарлагаа хийлгэхээр эхнэр бид хоёр өглөө 7 цагт босч, цайгаа чанаж уугаад 8 цагаас хорин минут өнгөрч байхын үед гэрээс гарцгаалаа. Хотын хөдөлгөөн өдийдөө арай сийрэг байх тул хороололоос гарч, зуун айлаар чигээрээ сансар өөд өгсч, зүүн дөрвөн замаар уруудан хавдарын эмнэлэгт хүрэхэд ердөө хорин минут зарцуулжээ. Нэг дэх өдөр бүр тус эмнэлэгийн ачаалал дээд цэгтээ хүрдэгийг өнгөрсөн хагас жил гарангын хугацаанд тасралтгүй явцгаасны хувьд эхнэр бид хоёр юун эс андах билээ. Төв хаалга орчим, хүлээн авахын гаднах талбай машинаар пиг.
Биднийг “туяа”-ны тасгийн зүг ойртож явтал эхнэртэй хамт хэвтэж арай түрүүхэн шарлагандаа орсон эрээн даавуун халат өмссөн, үс нь хими хорондоо мулзарч унаад арай ургаж амжаагүй учраас толгойндоо даавуун алчуур зангидсан жижигхэн толгойтой, намхан туранхай хижээл насны эмэгтэй таарав. Тэд хамтдаа зэрэгцэн урт коридор даган хүмүүстэй зөрөн алхахад, би араас нь чимээгүйхэн дагалаа. Гэтэл эхнэр маань
-Одоо яанаа хэмээн уулга алдах нь тэр.
Үүнийг сонсоод... Бас л гэдэг үг миний толгойд зурсхийн орж ирсэн бөгөөд эхнэр яг энэ үед туяа эмчилгээний тасгийн онгорхой хаалгаар түрүүлэн орж явахдаа дэлгээстэй хаалгыг мөргөн сандчин байгаа харагдав. Ижилхэн толгойндоо алчуур зангидсан хижээл насны эмэгтэйчүүд голдуу туяа эмчилгээний аппарат бүхий коридор дахь урт буйдан дээр эгнэн сууцгаажээ. Тэдний сэтгэл санаа ямар байдгийг би амьхандаа төсөөлж чадаж байгаа ч, яг тэдний хэмжээнд очиж сэтгэлээр унахгүй нь лав шүү дээ, тиймээс би энэ эмнэлэгээр орж ирэх бүртээ, ялангуяа нэг дэх өдрийн эмнэлэгийн коридороор зөрөх аргагүй олон хүмүүсийн царайг харах бүртээ сэтгэл донсолж, хорт хавдар өвчинд нэрвэгдсэн хүн шиг хөмсөгөө атируулдаг билээ. Би “туяа” эмчилгээний аппарат бүхий өрөөний хөндлөн коридорын зүүн гар талын мухарын хоёр түшлэгтэй сандалын нэгэн дээр, нэг хөгшин эрийн дэргэд очиж зэрэгцэн суув. Энд “Г” хэлбэрийн түшлэгтэй таван хүн суухаар сандал тавьж, булангын хойд өнцөгт нь хавтгай дэлгэцтэй телевиз толгойн тушаа газарт байрлуулжээ. Одоогоор тус телевиз асаагүй бөгөөд асаалттай байсан ч түүнийг харах манатай, өвчинтөнгүүд болон тэднийг дагаж яваа мань мэтийн хүмүүсийн харц зөвхөн “туяа” эмчилгээний аппарат бүхий өрөөний хаалттай хаалга руу ширтэж, бүгд бодол болон байх шиг чимээ багатай хүлээцгээнэ. Өргөн цайвар ногоон урт буйдан дээр сууцгаасан өвчтөнгүүд хоорондоо эвдэрсэн аппаратын тухай хүүрнэлдэх агаад тэдний дунд очиж суусан эхнэр маань ч бас нэгэн адил ямар нэгэн зүйл ам булаалдан суух аж. Тэр яриан дундуураа над руу нэг хяламхийн хараад үл мэдэг мөрөө хавчиж, уруулаа цорвойлгов. Энэ нь өнөөх аппарат эвдэрсэнийг амьхандаа надад ойлгуулж буй харамсалтай мэдээ, гэвч би аль хэдийн бүгдийг мэдчихээд, тэдний л ижил, мөн миний дэргэд суугаа хөгшинтэйгээ хамт яваа настай эрийн адил хөмсөгөө зангидан бодлого болчихсон сууж байгаа билээ. Эхнэрийгээ харахад нь зүгээр л өөдөөс нь мэлийлээ. Дараа нь уртаар санаа алдаад дэргэд суугаа жар орчим насны эр рүү аживал тэр ч бас санаа алдаад чигээр харан сууна. Чигээр гэдэг нь “туяа” эмчилгээний аппарат бүхий өрөөний хаалттай хаалга руу гэсэн үг. Эмч нар болон эмнэлэгийн халат өмссөн инженер, техникийн ажилтан, физикч, техникч нар орж гаран коридороор нааш цааш хөврөнө. Удалгүй хамгийн цаад мухарын өөд өөдөөс харсан хоёр өрөөний урд талын хойшоо харсан хаалганаас цагаан халаттай физикч бүсгүй гарч ирэн, хойшоо харсан хоёр дахь хаалганы гадна тэгш өнцөгт хэлбэрийн жижигхэн цагаан цаас наагаад эргэн өрөө рүүгээ орж харагдав. Тэр бүсгүй туяа эмчилгээний аппарат бүхий өрөөний хаалттай хаалган дээр тухайн бичгийг наагаад холдохын сацуу буйдан дээр эгнэн суусан олон өвчингүүд зэрэг шахам босч очин өнөөх бичгийг уншицгаав. Энэ бүхнийг би болон миний дэргэд суугаа настай эр бид хоёул ажиглахын хажуугаар мөн бид хоёрын нөгөө хөндлөн сандал дээр хойш харан сууцгаах нэг эрэгтэй, хоёр эмэгтэй ч бас тэдний зүг толгойгоо баруун эргүүлэн харцгаажээ.
Хавдарын эмнэлэгт дайн явагдаж байна, эхнэр бид хоёр эхний дайны талбараас арай гэж амжилттай гарч, дараагийн дайны талбарт дөнгөж ирээд, хүндхэн шарх авчихсантай адил битүүхэн шаналан байгаа юм. Энэ өвчинг ялахын тулд өшөө цаашаа ахин нэг дайны талбар биднийг хүлээж буй. Нэг бүр нь хагас саяын үнэтэй химийн тариа хийлгэнэ гэдэг өрхийн эмнэлэгт ажилладаг төсвийн багахан цалинтай сувилагч эхнэрт минь ямар хүнд гэдгийг энд хэвтэж буй бүх өвчинтөнгүүд адил амьдралтай тул мэдэж байгаа, тиймээс сар бүрийн 26 наас хойш эмнэлэгт ирдэг цөөхөн тариа эхний хэдэн өвчтөнд хийгээд дуусдаг тул түүнд амжих гэсэн өвчтөнгүүдийн хоорондын дайн Сараа эмчийн өрөөний үүдэнд явагддагийг Сараа эмч мэдээд ч, яаж ч чаддаггүй ажээ. Энэ тарианд багтах гэсэн өвчтөнгүүд дээгүүр доогуур эмнэлэгийн бүх тасгаар талын нэг тарж, мэс заслын тасагт, төлбөртэй өрөөнүүдээр хэвтэхээр өөр өөрсдийн аргыг хэрэглээд ч, хэмжээтэй тарианд олонхи нь хүрдэггүй. Эхнэр бид хоёр ч гэсэн энэ дайнд амь тэмцэн тулалдаж, харин азаар ганц удаагийн хагас сая төгрөгийгзарцуулсаныг эс тооцвол амжилттай химийн зургаан удаагийн тарианы эмчилгээнээс гарч, ийнхүү дайны дараагийн талбарт ирээд байгаа юм. Туяа эмчилгээний ганц аппарат биднийг сөхрүүлэх үгүйг мэдэхгүй ч, үүний дараагийн дайны талбар мөн ч хэцүүтэйг хоёр хоногын өмнө эхнэр бид хоёр хавдар судлалын үндэсний төвийн замын өмнөх нэг аптекээр орж, өнөөх гайхал таван жил тасралтгүй уух ёстой гормоны эмийг сураглангаа мэдэж билээ. Түмэн хүний нэрсийг жагсаан бичсэнээ бид хоёрын өөдөөс үзүүлэх аптекын бүсгүй инээд алдаад
Гормоны эм тасраад удаж байна, эмчилгээгээ эхлээгүй та хоёр ч яахав, хоёр, гурав, дөрвөн жилээр уугаад дунд нь тасарч байгаа залуухан эмэгтэйчүүд хөөрхий байна гэв. Тавин нас хүрээгүй бид хоёрыг хөгшин гэж харлаа хэмээн эмзэглэх гэхээсээ би, сүүлийн давааг яана дээ гэж бодоод тэндээс гарч явсан бол хоёр дахь даваа ч гэсэн ярвигтай ажээ. Гадаадад таньдаг хүнтэй байгаад ч нэмэргүй, учир нь ийм эмийг эмчийн хатуу хяналт доор өвчтөнгүүдэд оногдуулдаг юм гэж хэлсэн нь арга мухардуулсан үг байлаа. Үүнийг бодохгүй байхын аргагүй тул би энэ бүхнийг эргэцүүлж суухдаа яагаад ч юм дэргэд суугаа хөгшин эрийг байн байн ажиж байгаагаа өөрөө ч мэдсэнгүй. Энэ эр надаас ч илүү шаналсан харагдана. Өөрийнх нь насны ядруухан эмээ түүн дээр ирсэнээ, эрийн цаад талдаа тавьсан өөрийн цүнхийг дуугүйхэн уудлаж байгаад
Байхгүй ээ, мөдгүй гэнэ, ажиллаж эхлэхээрээ утасаар дуудна гэж тэр цаасан дээрээ бичсэн байна гэж шивнэн хэлээд эргэн буйдан дээр сууцгаах өөрийн ижил өвчтөнгүүд рүү алхлаа. Эмээг дагуулан намайг харц илгээхийг, түүний хань нь харж суужээ. Хуучивтар пиджак, костьюмтай суугаа жар орчим насны эртэй гэнэт харц тулгараад, намайг харцаа буруулвал, мань эр зовлон үзсэн эрийн дуугаар хүнгэнүүлэн, нэгэн жигдээр ийн ярив.
Ядаж эрүүл мэндийн салбарыг удирдаж байгаа хүмүүсийг ёс суртахуунаар нь нарийн шалгаж, томилж болдоггүй юм байх даа, энэ олон өвчтөнгүүдийн амь амьдрал .. гэснээ дуу нь тасрав. Би энэ үгийг сонсоод мань эрийн нүд рүү эгцлэвэл, хөөрхий эрийн нүднээс тас хар нулимс тасран өвдөгт нь уналаа. Хэн нэгэнд учиргүй гомдсондоо хоолой нь зангираагүй бол цааш нь юу гэж хэлэх байсныг би бараг тааварлав. Магадгүй бидний зовлон нэг учираас бидний нүднээс ойчих нулимс адилхан тас хар байх ажээ. Би байдгаараа хөмсөгөө зангидчихсан сууж байгаагаа ч мэдсэнгүй. Яг энэ үед “туяа” эмчилгээний аппарат эвдэрээд дөчин таван хоногын дараа буюу зургадугаар сарын дөрвөн тавнаар ажиллаж эхлэх үеэр өвчтөн үйлчлүүлэгчидээ утасаар дуудахад, хөдөөний нэгэн өвчтөн настай эмэгтэйн өмнөөс бяцхан охин утасыг авч
Ээж минь өнгөрөөд долоо хонож байна гэж шимширүүлэн хэлсэнийг бодож суув. Солиотой энэ ертөнцөд дэмийрэлгүй амьдрахсан.
Ганбаатар. О
Зочин · 2013/07/22
zovlon negt tanii bichseniig unshlaa.estoi minii ug yum shig sanagdlaa.sonsdog hun baival hen negend helmeer minii ug.tiimee bi uuriin chini ehneriin adil himiin 6 davaa davah gej 2 udaa hagas saya tugrugiin unetei tariag tariulsan.uuriinhuu tuluu yum bn geed grupiin hedee niiluulj bgaad l avsan.odoo yag ta nartai adil tyuanii emch hezee duudahiig huleegeed suuj bn.bidniig darga nar er oilgohgyu bh.uursduu bie ni chileerhvel gadaad yavchihna.ter tom emneleg duuren uvduj zovson humuus.bur argagyu neg ni nuguu taliin haalgaar hadan gerluugee odotsgooj bn.heleh ug hurehgyu niee.
Зочин · 2013/07/22
танай хамт олонд баярлалаа. уг нь энэ нийгмийн хорт хавдрын эсрэг хамтдаа байхыг та бүхнээс уриалсан ухаантай, гэтэл хамгийн гол хэсгийг нь хасчихлаар наад өгүүллэг шүү юм чинь утгаа алдчихсантай ижил, зэрэгцүүлвээс дотор эрхтэнгүй чихмэл амьтанг хүмүүс харж буйтай утга нэг. Ахин бүтнээр нь гаргаж чадахгүй аваас наад тахир дутуу гаргасан зүйлээ устгаж хайрла. Ганбаатараас