Бидний эргэн тойронд  гэмт хэргийн гаралт, гэр бүл салалт гэх зэрэг арилдаггүй толбо байсаар л байна. Энэ бүхэн нь үргэлж хүний сэтгэлзүйтэй холбоотой байдаг бөгөөд эдгээр асуудлаас гарахад бидэнд зөвлөгөө өгөх сэтгэлийг эмчлэх эмч дутмаг байгаа явдал нь энэ бүхнийг гааруулж байгаа юм. Өнөөдрийн байдлаар манай улсад тодорхой зөвлөгөө өгч байгаа 200 гаруй сэтгэл судлаач байгаа гэсэн тооцоо байдаг байна. Сүүлийн 10 гаруй жилийн дотор 120 гаруй хүн сэтгэлзүйч мэргэжлээр их, дээд сургууль төгссөн байна. Энэ бүхнийг өнөөгийн нөхцөл дэх хүмүүсийн сэтгэл зүйтэй харьцуулахад үнэхээр хангалтгүй үзүүлэлт болж байгаа юм. Төрийн байгууллагуудын дотроос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Дотоодын цэргийн анги  зэрэг газарт 20-40 орчим сэтгэлзүйч л ажилладаг байна. 

 

ОРОСЫН ОНЦГОЙ 800 ГАРУЙ СЭТГЭЛЗҮЙЧТЭЙ

Гэтэл гадаадын орнууд тэр дундаа баруун европын орон болох Герман, Чех, Швейцарь зэрэгт сэтгэлзүйч мэргэжил нь топ 10 мэргэжлийн нэгд багтаж байна. Улмаар албан байгууллага, айл өрх бүр хувийн сэтгэлзүйчтэй хамтран ажилладаг бөгөөд энэ нь тухайн улсын хүний хөгжилд дээд зэргээр нөлөөлж, хөдөлгөх хүч нь болдог аж. Тухайлбал, ОХУ-ын Онц байдлын яамны харьяа бүс нутгийн салбарт л гэхэд 800 гаруй сэтгэлзүйч ажилладаг бөгөөд тэд ямар нэгэн гамшигт осолд өртсөн хүмүүст сэтгэлзүйн тусламж үзүүлэхээс гадна өөрийн онц байдлын харьяа байгууллынхаа ажилчдад сэтгэл зүйн тестээр үйлчлэх зэргээр онош тавин шаардлагатай арга хэмжээнүүдийг цаг тухайд нь  авдаг аж. Тиймээс манай улсад дээрх орнуудын туршлагаас суралцаж, Онцгой байдлын албанд тусгайлан бэлтгэгдсэн мэргэж­лийн сэтгэлзүйчдийг бэлтгэн ажиллуулах, томоохон хэмжээний гамшиг осол дээр ажилласан аврагч, гал сөнөөгчид болон бие бүрэлдэхүүний ядаргаа, сэтгэл зүйн дарамтыг арилгах зорилгоор нөхөн сэргээх төв байгуулах хэрэгтэй гэдгийг албаны хүмүүс хэлсээр байгаа юм. Манай улсад өөрсдийн санаачилгаар тогтвортой үйл ажиллагаа явуулдаг сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлдэг байгууллага гарын таван хуруунд багтахуйц л байдаг байна. Үүнээс дурьдвал “Сэтгэлийн учиг”, “Монгол өрх”, “Сэтгэл заслын холбоо”, “Сэтгэлийн өнгө” зэрэг төрийн  бус  байгууллагууд байдаг аж. Хэдий­гээр төрийн бус байгууллага нь байдаг ч төрийн нэгдсэн бодлого байхгүйгээс дээрх байгууллагууд өөр өөрсдийн хэмжээнд тааруулж, үйлчилгээний үнэ хөлсийг тогтоож иргэдэд үйлчилгээ үзүүлдэг талаар сэтгэлзүйн үндэсний  төвийн сэтгэл судлаач Н.Должин хэлж байсан юм. Тэрбээр “Сэтгэлзүйчид мэргэжлээрээ бус бизнесийн байгууллагын хүний нөөц, сургалтын алба зэрэг өөр салбарт ажилладаг. Энэ нь сэтгэлзүйчдийг төр засгаас анхаарч ажилладаггүй болон энэ салбар орхигдсоны тод жишээ. Нэгдүгээр сард Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Хуульд төрийн байгууллагад сэтгэл судлаач ажиллана гэсэн заалт байдаг боловч сэтгэл судлаач хүн юу хийх, хариуцлага, үүрэг нь байдаггүй. Манай төрд сэтгэлзүйч хэрэгтэй гэсэн ойлголт байдаг. Гэвч юу хийх талаар тодорхой бодлого байхгүй. Сэтгэлзүйчдийн хувьд судалгааны түвшин хаана байна. Бид хүмүүст сургалт судалгаа явлуулаад хаана хүрсэн бэ гэдэг нь огт харагдахгүй байна” гэж хэлж байсан юм. Нөгөөтэйгүүр хүмүүсийн сэтгэл зүйн хувьд дасан зохицоход хүнд байдаг гэнэ. Учир нь өдөр тутмын үйл явц, цалингийн асуудал, уур бухимдал олон зүйл гарч ирнэ. Ийнхүү хүмүүсийн сэтгэлзүйд анхаарал хандуулахад төр өөрөө тогтворгүй байна.

 

БӨӨ, УДГАНУУД  СЭТГЭЛЗҮЙЧ БОЛЖЭЭ

 

Сэтгэлзүйчтэй байна гэдэг ажил хөдөлмөрийн болоод хувийн амжилтаа сайжруулах, өөрийгөө нээх гээд олон талын ач холбогдолтой байдаг тухай сэтгэлзүйчдийн судалгаа ч байдаг  байна. Сүүлийн үед сэтгэлзүйчдийг бөө мөргөлчид орлодог гэсэн мэдээллүүд гарах болсон. Бөө мөргөлийг сэтгэлзүйтэй холбон судалж буй “Сэтгэлийн түлхүүр” төрийн бус байгууллагын сэтгэлзүйч, магистр Х.Алимаа “Бөө мөргөлчид монголчуудын сэтгэл заслын 30 хувийг нь хийж байгаа гэсэн судалгааны дүн гарсан. Сэтгэлзүйн шинжлэх ухааны нэг хэсэг болон сэтгэл заслын нэг хэлбэрийг бөө удганууд ашиглаж байна. Өнөөдөр Монголд бөө моодонд орж байгаа нь монголчуудад сэтгэл засал хийлгэх шаардлага байгааг харуулж байгаа” гэж ярьсан байдаг. Энэ мэтчилэн сэтгэлзүйчдийн үүргийг нийгэмд нэмэгдүүлэх төрийн цогц, нэгдсэн бодлого байхгүйгээс хэн нь хэн бэ гэдэг нийгэм дэх зүй тогтол алдагдахад хүрч байна гэхэд хилсдэхгүй байх.  “Гэр бүлийн хүслэнт төв”-ийн зөвлөх багш, эзотерикч У.Эрия “Төр засгийн зүгээс хүний хөгжлийн болон гэр бүлийн талаарх асуудлыг цухас дурьдаад өнгөрдөг. Энэ жилээс Нийгмийн халамжийн газар, Хүүхдийн төлөө газраас сэтгэлзүйчдийн асуудлыг шийднэ гэж байгаа боловч тэдний үгийг сонсохгүй байна. Гэр бүлийн хуульд хүртэл маш том өөрчлөлтийг хиймээр байгаа юм. Хүүхдийн эрхийг хамгаалж байгаа, эхийн эрхийг хамгаалж байгаа, аавын эрхийг хамгаалах асуудал дээр тодорхой багууд ажиллаж үүнд тодорхой зорилготой ажлыг явуулмаар байна. Өнөөдөр салалт боллоо гэхэд эх, хүүхэд ямар ч баталгаагүй болоод үлддэг. Тйимээс энэ салалтын асуудлыг хэн нэг нь хариуцдаг. Засгийн газарт хариуцлагыг нь үүрүүлдэг баймаар байгаа юм” хэмээсэн. Саяхан Үндэсний статистикийн хорооноос Монголын хүн амын тоо 2.9 саяд хүрсэн гэх мэдээллийг өгсөн. Мөн манай улсын хүн амын хэтийн тооцооллоор Монгол Улсын хүн ам 2017 онд гурван сая болох тооцололтой байгаа. Ийнхүү жил ирэх тусам хүн амын тоо өсөхийн хэрээр хүн амын бодлого үгүйлэгдэж тэр дундаа хүний сэтгэлзүйг эмчлэх асуудал нэн түрүүнд тавигдахад хүрээд байна. 

 

Т.Болорцэцэг