"Хамтын тэтгэврийн тухай" хуулийн төслийг яриад нэлээдгүй хугацааг ардаа үдсэн билээ. Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн гол санаа нь олон жил хамт амьдарсан гэр бүлийн нэг нь нас барсан тохиолдолд гэр бүлийн гишүүнд нь тэтгэврийнх нь тодорхой хувь хэмжээг олгоход чиглэж байгаа юм. Уг хуулийг 2017 оноос эхэлж мөрдөнө. Мөн хуулийг таван жил хойш ухраан хэрэглэхээр заасан. Таван жил хойш ухраан хэрэглэсэн нөхцөлд 15 орчим тэрбум төгрөг шаардлагатай бол гурван жил хойш ухраан мөрдсөн нөхцөлд 9.8 тэрбум төгрөг шаардаж байгаа юм. Дээр нь энэ хууль хэрэгжиж эхэлснээр жилд 21 тэрбум төгрөг шаардлагатай гэнэ. Хамтын тэтгэврийг эрэгтэй 60 насанд хүрсэн, эмэгтэй 55 насанд хүрсэн тохиолдолд авах юм.

"Хамтын тэтгэврийн тухай" хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалган, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалган, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлсэн юм. Ингээд гишүүдийн байр суурийг хүргэе.

Ажлын ахлагч, УИХ-ын гишүүн А.Бакей: Хамтын тэтгэврийг 15 ба түүнээс дээш жил амьдрахдаа гэрлэлтээ батлуулаагүй бол, гэрлэлтээ бүртгүүлсэн боловч хамт амьдардаггүй бол олгохгүй юм. Гэр бүлээ бүртгүүлчихээд, огт хамт амьдардаггүй хүмүүс цөөнгүй байдаг тул хамтын тэтгэвэр өгөхгүй байх юм. Мөн гэр бүлийн гишүүдийн насны зөрүү 20-иос дээш байвал хамтын тэтгэвэр олгохгүй гэдэг заалтыг хасах нь зүйтэй.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Тэтгэвэр авагчдыг их л олон удаа цонхны цаанаас чихэр долоолголоо. Анх 2004 онд ийм юм хөдөөгүүр яригдаж эхэлсэн, өнөөдөр 2015 он. Хууль батлагдах юм байна, хэдэн оноос хэрэгжих юм бэ. Баян болохоороо өгөх юм гэж яриад хэрэг байна уу. Өгөх гэж байгаа бол шууд өгөх хэрэгтэй.

2016 оны төсвийн хуулийг хэлэлцэх үеэр ахмадуудын тэтгэврийг нэмчихээч гэж их ярьсан. Мөнгө байхгүй, боломжгүй гэсэн. Гурван жилийн хугацаанд Засгийн газар ахмад настнуудын тэтгэврийг дунджаар 20 мянган төгрөгөөр л нэмсэн. Энэнээс цааш яагаад нэмдэггүй юм бэ гэхээр “Мөнгө байхгүй, хямрал болчихсон” гэдэг. Хууль гаргуулчихсан шүү, ирээдүйд өгнө гэж хэлэхээр л хууль батлах юм биз дээ. Боломж байсан юм бол 2016 оны төсөвт хөрөнгийг нь суулгахгүй яасан юм. Хямрал болно, бүр хэцүүднэ гэж байгаад цалинг 10 хувь хасахаар болсон. Амьд сэрүүн байгаа хөгшчүүлийнхээ тэтгэврийг нэмчих л хэрэгтэй байгаа юм. Гоё нэртэй хууль, бодлого батлаад байдаг. Нэрийн данс гацсан, өөрөө сонголт хийхээр болсон. Тэтгэврийн сан хоосрох гээд байна, сан улам бүр мөнгөгүй болсон гээд яриад зарим зүйлийн шалгуурыг өндөрсгөсөн. Тэтгэврийн зөрүү арилсан гээд хоёр удаа зарласан, зөрүү нь холдоод л явсан. Ийм бодлогын юмнуудаа эхэлж шийдэхгүйгээр гоё нэртэй хууль батлаад явах нь буруу. Баян болохыг хүлээсээр байгаад бурхан болох юм биз дээ. Бидний байгаа байдал, хурд, бүхнийг хямрал руу түлхэж байгаа байдал ийм болж таарч байна. Жигд тэтгэврээ нэмээд л өгчих хэрэгтэй байна.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Хууль нийгэмд их хүлээлт үүсгэж байна. Хууль батлагдах байх. Тодотгол хийнэ гэсэн үг үү. Улсын төсөвт хэр их ачаалал ирэх вэ” гэсэн асуудлыг тодруулав. Түүний асуултад УИХ-ын гишүүн А.Бакей, “Ирэх оны төсөв батлагдсан тул 2017 оны 1 дүгээр сарын 1-нээс хууль хэрэгжихээр тусгасан. Улсын төсөвт хэр ачаалал ирэхийг бас тооцсон. Улсын хэмжээнд 240 гаруй мянган тэтгэвэр авагч байдаг. Эдгээрээс зэрэг тэтгэвэр авагч байх магадлалтай хувийн жин 40 орчим хувь байна. Тэдгээр эхнэр нөхөр хоёрын аль нэг нь нас барах магадлал 4 хувь буюу улсын хэмжээнд 4000 хүн байна гэж гарсан. Үлдэж буй 4000 хүнд хамтын тэтгэвэр олгоё гэвэл жилд 3,1 тэрбум төгрөг шаардлагатай.Хуулийн буцаан хэрэглэхээр болж байгаа. Хэрэв 5 жилээр буцаан хэрэглэвэл шаардагдах мөнгөний хэмжээ нэмэгдэнэ. Мөн нас барсан хүний тэтгэврийн хэдэн хувийг эхнэр нөхөрт нь олгох вэ гэдгийг ярилцаад 20 хувиас доошгүй байна гэж тогтсон. Энэ бол үлдэж байгаа хүнд 20 хувиар тэтгэврийг нь нэмж байгаатай адил юм.

Ийнхүү УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын долоон гишүүний өргөн мэдүүлсэн" Хамтын тэтгэврийн тухай" хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. С.Эрдэнэ энэ хууль батлагдвал тэтгэвэр авч байгаа иргэдийн нийгмийн баталгаа болно гэдэгт итгэлтэй байна. Ахмад настны нийгмийн хамгаалал, тэдний амьдралд учирч байгаа аливаа эрсдэлээс хамгаалах нь энэ хуулийн зорилго хэмээн харж буй аж.

 

Х.Даваа