-“РИО ТИНТО БА БУСАД НЬ” АМ.ДОЛЛАРЫН ХАНШИД ХЭРХЭН НӨЛӨӨЛЖ БАЙНА ВЭ-

 

Гадаадын хөрөнгө оруулалттай, дэлхийн томоохон хөрөнгийн биржүүд дээр хувьцаагаа арилждаг ком­паниудын хувьцааны ханш буурсаар байна. Энэ нь ам.дол­ларын ханшийн өсөл­төд хамгийн хүчтэй нөлөөллийг үзүүлсээр байгаа юм. Тухайлбал “Рио Тинто” компанийн хувьд Монголд хамгийн чухал хамааралтай. Тиймээс ч Turquoise Hill Resources-ийн ханшийг нүд салгалгүй ширтэцгээж байна. Өчигдрийн байдлаар “Рио Тинто”-ийн ханш 0,09 хувиар буурч хаалтын ханш нь 2,19 канад доллар байв. Сүүлийн үед Оюутолгойн ордын олборлолт эхэлсэн сайн мэдээтэй байгаа ч баяжмалаа экспортлохын өмнө Засгийн газартай тохиролцоонд хүрч чадахгүй байгаа тухайгаа сөрөг мэдээллийг түрүүлж цацсан нь үүнд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй. Мөн “Mongolian Mining Corporation”-ий нэгж хувьцааны ханш 0,02 хувиар буурчээ. “Mongolian Mining Corporation”-ий хувьд одоогоос нэг жилийн өмнө нэгж хувьцаа нь 3,15 хонконг долларт хүрээд байсан ханшаа уналтын хамгийн доод цэг хэмээн зарлаж байсан. Тэгвэл энэ удаад 1.61 хонконг долларт хүрээд байна. Тэд өмнө нь хувьцааны ханшид дэлхийн эдийн засгийн хямрал ялангуяа Хятадын эдийн засгийн өсөлтийн удаашрал, нүүрсний худалдан авалт буурсан зэрэг нөхцөл байдлыг нөлөөлсөн хэмээн тайлбарлаж байсан. Үүний дараа УИХ-аас баталсан Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг голлон буруутгаж эхэлсэн.

Ямартай ч энэ хуулийг өмнөх парламент яаран батлахдаа алдсан, оносон алин болохыг энэ өдрүүдэд шүүн хэлэлцэж байна. Хэдийгээр УИХ “Улс орныхоо тусгаар тогтнол, нийтлэг эрх ашгийн төлөө” гэсэн тайлбартайгаар баталсан энэ хуулиа эргэн харах хэрэгтэй болсон бололтой. Өнөөдрийн нөхцөл байдлаас харахад асуудал зөвхөн Оюутолгойтой холбоотой юу. Эсвэл зөвхөн дээрх хуулиас шалтгаалан гадаадын хөрөнгө оруулалттай бүх компанид хямрал үүсээд байна уу гэдэг нь нэгэнт ойлгомжтой болчихоод байна. Иймд “Рио Тинто”-ийн зүгээс “Зэсийн баяжмалаа экспортлох гэтэл Монголын Засгийн газар, УИХ саад болоод байна” гэсэн ташаа мэдэгдлээ засах нь зүйтэй болов уу.

 

“АСПАЙР МАЙНИНГ”-ИЙН ХУВЬЦАА 0,003 ХУВИАР ӨСӨВ

 

Австралийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй “Аспайр майнинг лимитед” компанийн хувьцааны ханш өчигдрийн байдлаар 0,003 хувиар өсөж хаалтын ханш нь 0,0610 австрали доллар байна. Тус компани нь манай улсад коксжих нүүрсний хайгуул, олборлолтын төсөл хэрэгжүүлдэг. “Аспайр майнинг” өнгөрсөн оны сүүлчээр Хөвсгөл аймаг дахь Овоотын ордод коксжих нүүрсний ашиглалтын тусгай зөвшөөрлийг авсан. Энэ нь 178 сая тонн сайн чанарын нүүрсний нөөцтэй бөгөөд цаашид нэмэгдэх боломжтой гэж компанийн зүгээс үздэг юм билээ. Оны өмнө тус компани Овоотын ордыг эхний ээлжинд 30 жил ашиглах зөвшөөрлөө авсны дараа хувьцааных нь ханш өссөөр байсан. Нөгөөтэйгүүр “Аспайр Майнинг”-ийн лоббигоор Эрдэнэт, Мөрөн, Увсын чиглэлд төмөр зам тавих төсөлд Оросын талын ашиг сонирхол өндөр байгааг нуух аргагүй юм. Харин одоо энэхүү лобби бүлэг “задрах” тийшээ хандаж буй гэлцэх нь бий. Тэгээд ч шинэчлэлийн Засгийн газарт тус лобби бүлгийн хэтэрхий улайрсан, улстөрчидтэй сүлбэлдэн бизнесийн дэмжлэг авдаг байдлыг эсэргүүцдэг хэсэг бас бий. Ямартай ч гадаадын хөрөнгө оруулагчид Монголын хууль, тогтоомжуудын тогтворгүй байдлаас эмээж буй нь хамгийн том жишээ нь “Аспайр майнинг” яах аргагүй мөн гэж хэлж болно.

 

“САУС ГОБИ РЕСУРСЕС”-ИЙН ХАНШ БУУРСААР БАЙНА

 

Өмнөговь аймгийн нутагт “Овоот толгой” коксжих нүүрсний талбайд хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулдаг “Саусгоби ресурсес” компанийн хувьцааны ханш өчигдрийн байдлаар 0,09 хувиар буурчээ. Тус компанийн хяналтын 56 хувийг Хятадын “Чалко” компани худалдан авахаар өнгөрсөн онд хэлцэл хийгдэж байсан ч УИХ-аас гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хуулийг баталснаар тасалдаад байсан. Үүнээс хойш Ашигт малтмалын газраас тус компанийн эзэмшиж буй лицензүүдийг хүчингүй болгох зэрэг үйл ажиллагаа явуулснаар хувьцааных нь ханш тасралтгүй буурч байсан билээ. Хамгийн сүүлд тус компанийн хуулийн зөвлөх Сара Армстронгийг Монголын хилээр гарахыг хориглож, шалгаж эхэлсэн нь хувьцааных нь ханшид мөн л сөргөөр нөлөөлж байсан юм. Уг нь “Саус Гоби сэндс”-ийн захирлаар монгол залууг томилсноор нөхцөл байдал сайжирна гэсэн хүлээлт буй.

 

У.Оргилмаа