Эргэлтийн нөөц усан сан барьж байна

Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл ашиглалтанд орсонтой холбогдуулан эргэлтийн ус нөөцлөх 10 000м3 багтаамжтай хоёр усан сан барьж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн жилд боловсруулах хүдрийн хэмжээ 35 сая тоннд хүрэхэд эргэлтийн усны зарцуулалт 266 мянган м3/хоног болж өснө. Ийм хэмжээний эргэлтийн усыг одоогийн усан сангаар дамжуулан хэрэглэх үед техникийн саатлаар эргэлтийн усны станц зогсвол 10 минут хүрэхгүй хугацаанд Баяжуулах фабрик усгүй болох эрсдэлтэй. Харин эргэлтийн усны энэхүү нөөц усан сан баригдсанаар хугацааг 2 цаг илүү болгох, цахилгааны үнийн 3-н шатлалт тарифыг хэрэглэн эдийн засгийн хэмнэлт гаргах боломжтой болно. Усан сангийн байгууламж нь 8 баллын газар хөдлөлт, РН-8 шүлтлэг усанд тэсвэртэй, Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийг эргэлтийн усаар хангах техникийн шийдэлтэй, илүүдэл усыг зайлуулах, усан санг суллах схемтэй, ашиглалтын хугацаа 40 жилээс багагүй байхаар баригдах аж. Мөн эргэлтийн усны насосны станцаас нөөц усан сан хүртэлх 6,2 км урт, 1020 мм-ийн диаметртэй хоолойг газарт угсрах ажил эхэлжээ. Одоогоор дээрх бүтээн байгуулалтууд 10 хувийн гүйцэтгэлтэй, газар шорооны ажил үргэлжилж байна. Эргэлтийн нөөц усан сан, хоолойг 2015 онд багтаан ашиглалтанд оруулна.

М.Одгэрэл

- See more at: http://www.erdenettoday.mn/index.php/production/item/622-2015-09-07-01-58-13#sthash.xIXWy25B.dpuf