Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 108 мянган иргэн байдаг гэсэн судалгаа байна. Энэ нь гуравхан сая хүн амтай манай улсын хувьд 30 хүн тутмын нэг нь хөгжлийн бэрхшээлтэй гэсэн үг. Тэдний нэг нь бүхэл бүтэн 18 жил гэртээ “бүгсэн”, хэний ч тусламж авч чадаагүй Т.Нямбат хүү юм. Т.Нямбат хүү О.Сумъяадорж өвөөтэйгөө амьдардаг.

Өвөөгийнх нь ярьснаар ээж нь 1997 онд хүүгээ төрүүлэхээр эмнэлэгт очоод ус нь гараад хоёр хоножээ. Эмч нар хийсвэр хийж хүүг төрүүлэхдээ толгойг нь угзарснаас мөн ээжийнхээ гэдсэнд салиагаа залгиж, харвалт өгснөөс болж насаараа өрөөл татанхай, суумгай болсон байна. Хүүгийн оюун ухаан эрүүл ч тодорхой үг хэлж, үйлдэл хийж чаддаггүй. Баруун гар, зүүн хөл нь мэдээгүй. Зүүн гараараа мах төдийхөн зүйлийг бариад идэх л “чадалтай”. Бага байхад нь өвөө нь тэврээд хүндрүүлдэг байсан бол одоо өсч, томроод даагдахгүй болжээ. Тэдэнд туслах хэн нэгэн байхгүй учир О.Сумъяадорж гуай арга ядахдаа орон дээр нь хүндрүүлдэг гэж байна.

Т.Нямбат үе мөчний эм байнга уудаг аж. Гэтэл өвөө нь сүүлийн хоёр сард гэнэт таргалж, зүрх нь хүчтэй өвдөх болжээ. Тэрээр толгой, даралтын эмээр амьдардагаа ярилаа. Өвөө, хүү хоёрын эм тарианы мөнгө сардаа 400-500 мянган төгрөг гардаг ажээ. Гэтэл тэдний нийт “орлого” хүүгийн халамжийн 126 мянга, О.Сумъяадорж гуайн тэтгэврийн 230 мянга, асаргааны 56 мянга нийлээд 412 мянган төгрөг. Өөр орлогогүй, тэргэнцэртэй хүү, тэтгэврийн өвгөн хоёрт энэ мөнгө нь зөвхөн эмчилгээний л зардал. Гэтэл тэдний хоол хүнс, өвлийн түлээ, нүүрс гээд төсөвлөгдөөгүй зардлууд мундахгүй.
Одоо өвөө хүү хоёр 30 гаруй жилийн өмнө барьсан жижигхэн байшинд өдөр, хоногийг өнгөрөөж байна

Монгол Улсад эмзэг бүлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хаягласан олон төсөл хөтөлбөр бий. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх, нийгэмшүүлэх нэртэй нь ч олон. Гэхдээ тэдгээр “авралууд” бүгд О.Сумъяадорж гуайн хаалганд тулаад буцсаар байгаа нь харамсалтай. Өнгөрсөн хугацаанд хотын захад амьдардаг Т.Нямбат хүүг эрүүл болгох, хөгжүүлэх, нийгэмшүүлэх талаар нэг ч үйлдэл хийгдээгүйг өвөө нь хэлж байсан. Уг нь Т.Нямбат хүү нүд хөмсөг болсон, тэргэнцэр дээр суудаг ч биерхүү. Өдөрт зурагттай найзлаад өнжихөөс гадна бөхөд тун ч дуртай бололтой. Хэлж ярьж чадахгүй ч жүдо, чөлөөт бөхийн тэмцээн гарахаар баяр хөөр болон үздэг гэсэн. Магадгүй Т.Нямбат хүү эрүүл байсан бол бөх болох байсан биз. Гэхдээ түүний ирээдүй “дуусаагүй” гэдэгт өвөө нь итгэж явдаг юм билээ