Төсвийн хэмнэлт нэрийдлээр ирэх оноос зарим өрхийн хүүхдэд сар бүр олгогддог хүүхдийн мөнгө болох 20 мянган төгрөгийг олгохгүй байхаар болсон. Ирэх оноос хүүхдийн мөнгийг зөвхөн Монгол Улсын өрхийн нэгдсэн сангийн 1-17 бүлэгт багтсан айл өрхийн хүүхдэд олгохоор болсон.

Энэ талаар Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын Хүн амын хөгжил, нийгмийн халамж үйлчилгээний газрын дарга М.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

-Өрхийн амьжиргааны түвшинг хэрхэн яаж тодорхойлон гаргасан юм бэ?

-Уг судалгаанд тухайн өрх хэдэн төгрөгийн орлого олдог талаар огт асуугаагүй. Учир нь гэвэл Монгол Улсад орлогоор нь амьжиргааг нь үнэлэх боломжгүй. Худалдаа үйлчилгээний салбарт болон хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн орлогыг тодорхойлж чадахгүй. Дээрээс нь хувийн компаниуд татварын орлогоо 100 хувь мэдүүлэхгүй байгаагаас далд эдийн засгаар орлого олж байна. Судалгаанд тухайн хүн хөдөлмөр эрхэлдэг эсэх, боловсролын түвшин, хашаа байшин болон орон сууцны зээлд хамрагдсан зэргийг асуусан.

Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааг яг тухайн өрхөд амьжиргаанд нь нөлөөлхүйцээр өөрчлөлт авчирдаг тэр үзүүлтийг сонгож аван Үндэсний статистикийн хорооны дарга, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар аргачлалыг баталсан. Аргачлал нь гурван үзүүлттэй дотроо 50 гаруй асуулттай, асуулт дотроо 100 гаруй дэд үзүүлэлттэй судалгааг 2013 онд авсан.

-Дээрх судалгааг Монгол Улсын бүх айл өрхөөс авсан уу?

-Засгийн газраас анх энэ судалгааг авах хоёр зорилго тавьсан. Нэгдүгээрт Монгол Улсын нийт өрх хүн амын амьжиргааны нь ямархуу байгаа. Хоёрдугаар энэ асуулга нь өөрөө ядуу хүнд амьдралтай иргэдийг илрүүлхэд илүү чиглэсэн ийм аргачлал. Энэ аргачлаар иргэд болон айл өрх халамжинд хамрагдаж байгаа юм.

Энэ онд 246 тэрбум төгрөгийг хүүхдүүдэд олгосон байгаа. 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хүүхдийн мөнгөний олголт зорилтод чиглэл рүү чиглэнэ. Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн 1-17 бүлгийн хүүхдүүд хүүхдийн мөнгө авах эрх нь үүсэж байгаа юм. 18-20 бүлэгт багтсан өрхийн хүүхдүүдэд дээрх мөнгө олгогдохгүй байхаар УИХ тогтоол гарсан.

-Иргэдийн дунд тоос сорогч, лед зурагттай, угаалгын машин, автомашин бол хүүхдийн мөнгө олгогдохгүй гэсэн яриа гарах болсон. Энэ үнэн юм болов уу?

-Энэ бол тухайн өрхийн орлогыг бид нар асуугаагүй учраас тухайн өрхөд байгаа орлуулж болохуйц өөр юу байна тэрийг энэ аргачлалд тусгасан. Тухайн өрх богино долгионы зуух, лед телевизтэй мөртлөө зээлтэй учраас авах ёстой гэж үзэх иргэд байна. Өр зээлтэй байх нь тухайн хүний асуудал шүү дээ. Зээлтэй байна гээд амьжиргааны бүлгийн түвшин өндөр байлаа гэхэд хүүхдийн мөнгө өгсөнгүй автомашин, өртэй хүнийг дэмжсэнгүй гэж хандаж болохгүй. 18-20 бүлэгт багтсанаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол тухайн өрх өргөдөл өгч судалгаанд дахин хамрагдах боломжтой. Тухайн айл өрх 2013 оноос амьжиргаа нь доошилсон байж болно. Судалгаагаар 18-20 бүлэг нь өөрчлөгдөхгүй бол хүүхдийн мөнгөнд хамрагдах боломжгүй. Ер нь иргэдийн хувьд өргөдөл гомдлоо өгөөд шийдвэрлүүлэх боломж нээлттэй.

-1-17 бүлэгт хэдэн хүүхэд хамрагдаж байгаа вэ?

-Нийгмийн халамж ерөнхий газрын мэдээллийн санд өнөөдрийн байдлаар 700 гаруй мянган хүүхэд байна. Улсын хэмжээнд 2016 оны хүүхдийн мөнгөнд 144 тэрбум төгрөг баталсан нь 2015 оны төсвөөс 40 хувиар буурсан дүн юм. Гэхдээ хүний хөгжил сангаас орлого орж ирэх юм бол тодорхой хэмжээний төсвийн тодотголоор мөнгө нэмэх боломжтой гэж Засгийн газраас үзсэн. Ингээд үзвэл хүүхдүүдийн 88 хувь нь хүүхдийн мөнгөө авна гэсэн тооцоог гаргасан. Харин үлдсэн 100 гаруй мянган хүүхэд амьжиргааны түвшин өндөр тул авахгүй байх. 1-17 бүлэгт хамрагдаж байгаа өрхийн хүүхдүүдэд ямар нэгэн чирэгдэл учруулахгүй олгоно. Харин 2013 оны судалгаанаас хойш тухайн өрхөд хүүхэд төрсөн бол шууд программ дээр нь бүртгэж аваад мөнгийг нь олгох юм.

-Зарим талаар хүүхдүүдийг баян ядуугаар ялгавран гадуурхлаа гэж үзэж байгаа?

-Энэ дээр хүүхдийн эрх зөрчигдөх, ялгаврах асуудал байхгүй. Хүнд амьдралтай өрхүүдийн хувьд хүүхдийн мөнгөөр амьдарч байгаа шүү дээ. Зарим өрхийн хувьд хүүхдэд нь 20 мянган төгрөг өгөхгүй байлаа гээд хүүхдийнх нь эрхийг зөрчиж байгаа асуудал байхгүй.

-Дээрх судалгаанд хамрагдаагүй айл өрхүүд яах ёстой вэ?

-Үнэхээр амьдрал нь хүнд хэцүү айл өрхүүд заавал хэддүгээр бүлэгт хамрагдсанаа харах гээд хэрэггүй шууд мөнгө нь орох юм. Ер нь боломжийн амьдралтай гэсэн өрхүүд хэддүгээр бүлэгт хамрагдсанаа харж болно. Ирэх сарын 20-ноос хүүхдийн мөнгө ороогүй бол судалдаанд хамрагдаагүй нэг бол 18 дээш бүлэгт байгаа юм байна гэж ойлгож болно. Тэгэхээр иргэдийн хувьд ирэх сарын 20-ноос хойш хүүхдийн мөнгө нь ороогүй бол дахин судалгаанд хамрагдах эрх нь нээлттэй.

2013 оны судалгааны үеэр тухайн айл өрх эзэнгүй, судалгаа өгөхөөс татгалзсан, шилжилт хөдөлгөөнөөс болоод судалгаанд хамрагдаж чадаагүй өрхүүд байгаа бол сум, хорооны нийгмийн ажилтанд Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдах хүсэлтээ өгнө. Үүний дараа хэлтэс дээрээ жагсаалт үүсгэн судалгаа хийх хувиараа гаргаад айлуудад заавал очиж судалгаа авдаг. Уг судалгаанд хөдлөнгийн хүний нөлөө байхгүй. Программ дээр мэдээллийг нь шивж оруулсны дараа программ өөрөө бодоод гаргадаг. Түүнчлэн уг судалгааг утсаар авсан гэх гомдол иргэдээс ирж байгаа. Хэзээ ч хэн ч энэ судалгааг утсаар аваагүй. Заавал тухайн өрх дээр очиж газар нь дээр нь үнэлгээг авдаг юм.

Т.Буянаа