Батаа хүү лааны гэрэл бараадан хичээлээ хийх зуур дөрвөн настай дүү нь гэгээг халхлан, түүний харандааг булаацалдан сахилгагүйтнэ. Нөгөө ихэр нь аяга угааж, хог шүүрдэн ээждээ гэрийн ажилд нь тус болно. Хоёр настай эмэгтэй дүү нь үүрэглэн, ээжийнхээ мээмнээс зүүгдэнэ.

Ээж нь хүүхдээ хөхүүлэх, хоолоо бэлдэх зэрэгцэх. Дөрвөн ханатай гэрийн тооноор тусах лааны бүдэгхэн гэрлийг тодруулах мэт хоолны уур савсана. Бат хүүг өглөө хичээлдээ явахаас өмнө ээж нь эртлэн босч, хүүгээ дааруулахгүйн тулд галаа түлж, халуун хоол, цайгаа дээжлэн барьж хүүгээ хичээлд нь явуулна. Гурван багыгаа харж гэртээ үлдэх Батын ээж хүүгийнхээ сургуульд өмсдөг хувцас хунарыг угаах зуураа ийн бодно. “Ядаж тог цахилгаанд холбогдож гэрэлтэй болчихвол муу хүүд маань амар юм даа. Хажуу айл маань гэрэлтэй болчихлоо. Над шиг арвын хувингаар ус зөөж, гараараа хувцас угаахгүй юм. Манайх гэдэг айл хэзээ ийм нэг амар “тансаг” хэрэглээг эдлэх юм бол. Ажил хиймээр байвч энэ гурван хүүхдийг яах вэ. Цоожлоод явж болохгүй. Цэцэрлэгт бүртгүүлэх гэтэл хөөцөлдөж чадахгүй юм” хэмээн амьдралынхаа тухай эрэгцүүлэн бодож суутал хамар хашааны эмэгтэй түүнд “Хүүхдийн мөнгө” олгож байгаа, танай хүүхдүүд ч авч болох юм байна гэсэн баяртай мэдээг дуулгажээ.

Дөрвөн хүүхдийн ээж, өрх толгойлсон эмэгтэй гээд түүний амьдралын нөхцөл хүүхдийн мөнгө авах “болзлыг” бүрэн биелүүлжээ. /Заавал өрх толгойлсон, олон хүүхэдтэй өрхийн хүүхдүүдэд олгодог юм биш шүү. 0-18 хүртлэх насны бүх хүүхдэд олгодог/. Ажил төрөл эрхэлдэггүй, өрх толгойлсон эмэгтэйд дөрвөн хүүхдийн 20 мянган төгрөг гэдэг бол амьдралд нь мөн ч их нэмэртэй байх нь мэдээжийн хэрэг. Ах дүү, хамаатан садныхаа тус дэмээр хоол хүнсээ болгоод байдаг тэрээр бага хүүхдийнхээ нэр дээр хадгаламж нээлгээд, хүүхдийн мөнгөө сар бүр авч хийсээр овоо хэдийг хуримтлуулжээ. Ингээд хурааж хуримтлуулсан мөнгөө нэг өдөр авч, тог цахилгаанаа залгуулж, өнөөх мөрөөдөл болсон угаалгын машинаа ч авчихаж. Хүүгээ хичээлд нь халуун хоол, ундтай явуулахын тулд цахилгаан тогоо, шарх шүүгээ зэрэг ахуйн хэрэгцээний цахилгаан бараа ч авчээ. Сар бүр олгодог хүүхдийн мөнгөө авч хоёр ихэр хүүхэддээ малгай ороолт, бага охиндоо бойтог, сургуульд явдаг хүүдээ хичээлийн хэрэгсэл зэргийг нь авч амьхандаа л хүүхдийн мөнгийг хүүхдэд нь зарцуулж, амьдралаа болгож суутал Хүний хөгжил сангаас олгодог хүүхдийн мөнгийг өрхийн амьжиргааны судалгааны 20 бүлэгт хамруулан 1-17–р бүлгийн заалтыг хангасан хүүхдүүдэд олгохоор болов.

Монгол Улс 0-18 хүртэлх насны хүүхдүүддээ 2012 оноос хойш 240 тэрбум төгрөг зарцуулсан байна. Үр хүүхдээ өлсгөж, ядраахгүйн тулд эцэг эхчүүдийн амьдралд энэ мөнгө их л дэм болсон нь ойлгомжтой. Тэгвэл хүүхэд бүрт олгодог энэ мөнгийг 2016 оноос зарим айл өрхийн хүүхдүүдэд олгохгүй байхаар хуульд өөрчлөлт ороод буй. Улсын эдийн засаг хүндрэлтэй байгаа ийм үед төсвийг хэмнэх үүднээс өнгөрсөн сарын 13-нд УИХ-аас тогтоол гаргаж, ямар айл өрхийн хүүхдүүдэд мөнгө олгохыг зааж өгсөн.

Уг өөрчлөлтөөр бол өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааны 1-17-р бүлэгт багтах айл өрхийн хүүхдүүд л тэтгэмжийн мөнгийг үргэлжлүүлэн олгохоор шийдвэрлэсэн. 2013 онд явуулсан өрхийн амьжиргааны судалгаагаар “Өрх гэрийн эзэн, эзэгтэй хоёул ажилтай, цалин хөлсний хэмжээ нь сард сая төгрөгт хүрсэн бол, тухайн айл унаа машинтай байсан бол сар тутам олгох хүүхдийн мөнгөний босго давахгүй, тэрчлэн LED телевиз, автомат угаалгын машин, богино долгионы зуухтай, өөрийн гэсэн байртай айлуудыг амьжиргаа сайтайд тооцно” гэж ойлгогдохоор үр дүн нь гарсан байх юм.

Эндээс үзвэл нэн ядуу амьдралтай айлын хүүхдүүд л төрөөс олгож буй мөнгийг авахаар болоод байгаа юм. Гэвч хүүхэд төрөхдөө өөрйин амьдрал, ээж аав, эх орон, эд хөрөнгөө сонгож төрдөггүй шүү дээ. УИХ –аас баталсан энэхүү тогтоол нь Үндэс хуулийн

гэсэн заалтыг зөрчиж байгаа юм.

Энэ заалтыг зөрчиж байгаа тухай иргэд ч ийн ярьж байна. Чингэлтэй дүүргийн 17 –р хорооны оршин суугчид нь хүүхдийн мөнгөний өөрчлөлтийн талаар асууж лавлаж, дахин бүртгүүлэхээр хорооныхоо гадна дугаарлан зогссон байлаа. Тус хорооны иргэн Б “Манайх 0-18 насны гурван хүүхэдтэй. Том охин маань наймдугаар анги. Дараагийнх нь дөрөвдүгээр ангид сурдаг. Сарын өмнө эхнэр минь нярайлсан. Зүв зүгээр олгож байсан тэтгэмжээ ингээд өөрчлөөд, хүүхдүүдийг ялгаварлан гадуурхах нь буруу юм. Тэдэнд ямар буруу байв гэж. 2013 онд авч байсан нэг судалгаагаанд хамрагдсан бол хүүхдийн мөнгөө авч болмоор юм шиг байна” хэмээн ярьсан юм.

17 дугаар хорооны халамжийн мэргэжилтнээс энэ талаар тодруулга авах гэсэн боловч “Завгүй байна. Иргэд бүртгүүлэхээр дараалан зогссон байгааг хараад юу бичих чинь ойлгомжтой юм биш үү” гэсэн хариулт өглөө. Эцэг эхчүүд гэрийн хаяг, регистрийн дугаараа хэлж, өрхийн бүртгэлээ тулгаж, өмнөх бүртгэлд хамрагдаагүй бол дахин бүртгүүлэхээр болж, өргөдөл бичиж, бичиг баримтуудаа хувилуулж байлаа.

17 дугаар хорооны хувьд асуудал ид өрнөж байгаа бол түүнээс холгүй орших 18 дугаар хорооны хувьд ч байдал ялгаагүй байна. Тус хороо 10 мянган иргэн, 2400 өрхтэй. Тус хорооны нийт хүн амын 30 орчим хувийг 0-18 хүртэлх насны хүүхэд эзэлдэг.

18-р хорооны 2400 гаруй өрхөөс шинэ журмын дагуу 600 гаруй гэр бүл хүүхдийн мөнгө авах боломжгүй болж байгаа аж. Гэтэл тэдгээр айлууд хувьдаа автомашингүй бөгөөд олон давхар байшингүй. “Амьдрал хэцүү байна гээд хүүхдийнхээ хувцсыг гараараа угаагаад, хуучин хар зурагтаа үзээд амьдрах байсан юм байх даа. Цаг үе өөрчлөгдөөд байхад хүүхдэд олгодог мөнгөө амьдралынх нь хэв маяг, хөрөнгө чинээгээр нь ялгаварлан олгож хэрхэвч болохгүй” гэдгийг хороон Засаг дарга Ё.Отгонбаяр ярьж байна.

Хотын төвөөс алслагдсан гэр хорооллын хүүхдүүдэд хүүхдийн мөнгө авах нь бүү хэл тоглоомын талбайд тоглох, сургууль, цэцэрлэгт хамрагдах боломж ч тун тааруу байдаг гэж иргэд ярих. Үүнийг нь хашаандаа шороогоор, цасаар тоглох дөрвөн настай жаалууд батлах мэт. Чингэлтэй дүүргийн дээрх хороод хотын төвөөс алслагдсан, уулын мухарт шахам байрлах юм. Хүүхэддээ хувцас, хоол ундыг нь залгуулдаг “амин зуулга”-аасаа хасагдахгүйн тулд эцэг эхчүүд ар араасаа цувран хорооны халамжийн мэргэжилтэнтэй уулзахаар дараалан зогссон нь эрх биш нэгийг бодогдуулам. Тэдний сэтгэлд миний хүүхдийн мөнгийг битгий хасаач гэсэн битүүхэн горьдлого төрөх. Энэ мэтээр нийслэл хот, аймаг сумдуудын баг, хороо, хэсгүүдэд хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудлууд хөвөрсөөр байна. Нийслэлийн төвийн дүүргийн нэг болох Сүхбаатар дүүргийн 4-р хороонд ч бас адилхан байна “LED телевизор, угаалгын автомат машин, суудлын машин, гурван өрөө орон сууцтай байна гээд төрөөс хүүхэд бүрт олгох ёстой мөнгийг амьдралын түвшинг нь харж, ялгаж олгох нь буруу. Баян айлд төрсөн хүүхдийн хохь, ядуу айлд төрснийх нь олз гэх мэтээр харьцах нь ёс зүйд нийцэхгүй. Хүүхдийн мөнгөөрөө аж амьдралаа залгуулдаг өч төчнөөн л айл байна. Арай гайгүйчүүд нь хүүхдийн мөнгөө авалгүй нэр дээр нь хадгаламж нээлгээд ирээдүйн санхүүгийн асуудлыг нь шийдчихэж байна. Энэ мөнгө дээр доргүй хэрэгтэй л байна” хэмээн Сүхбаатар дүүргийн Дөрөвдүгээр хорооны иргэн С.Мандахбаяр гэх эмэгтэй учирлаж байна.

Тус дүүргийн зургадугаар хороогоор ортол өргөдөл бичээд дараалан зогссон иргэд угтлаа. Халамжийн мэргэжилтэн нь дээрээс ямар ч гэсэн хүүхдийн мөнгө авах хүсэлтэй иргэдийг дахин бүртгэлд хамруулж, өргөдлийг нь хүлээж ав гэсэн чиглэл ирсэн. Эхний ээлжинд 20 гаруй өргөдлийг хүлээж авсан одоо энэ хүмүүсийн өргөдөл нэмэгдэнэ. Иргэд өөрсдөө ирж 2013 оны бүртгэлд хамрагдсан эсэхээ тулгаж, уулзаад байна. Өргөдөл өгч, дахин бүртгүүлэх нь нэмэгдэх хандлагатай байна. Яг хэдэн хүүхэд мөнгө авах, бас хэд нь хасагдах нь тодорхойгүй байгаа тул нарийн мэдээлэл өгөх боломжгүй гэв. Зах хороод, төвийн хороод ч гэлтгүй бүгд л ачаалалтай байна. Учир нь хүүхдийн мөнгө олгох шинэчилсэн журам нь ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхлэх тул он гарахаас өмнө асуудлаа шийдүүлэхээр иргэд ийнхүү урт дараалал үүсгэн дугаарлан зогссон байх юм.

Хүүхдийн мөнгийг олгохын тулд иргэдээ амьдралынх нь түвшингээр ангилж, XX зууны амьдралд нь буцаан шилжүүлж байгаа төрийн бодлогыг яалтай. Толгой хоргоддог гэртээ гэрэл гэгээгүй, орчин үеэ дагасан угаалгын машин, хөргөгч, шарх шүүгээ, хавтгай зурагтгүй, тэр бүү хэл ухаалаг утасгүй байж л сая нэг юм хүүхдийн гэх тодотголтой 20,000 төгрөгийг авах аж.

Нийт хүүхдүүдийн 80 гаруй хувь нь ирэх онд 144 тэрбум төгрөгийг хувааж авна. Харин хүүхдийн мөнгө авахын тулд дэнгийн гэрэлд олноороо шавж, харанхуй бүдүүлэг амьдрах ёстой. Угаалгын машин зэрэг ахуйн хэрэгцээний цахилгаан бараагаа хог дээр хаях “шаардлага” үүсээд байна.

Ийм нөхцөлөөр хүүхдүүдийг ялгаварлаж байна. Нэг зүйлийг хатуухан хэлэхэд хүүхдийн мөнгө авахын тулд бүгд “гудманд гарч, гуйлга гуйх юм уу эсвэл ядуу амьдралд шилжих ёстой” болоод байна. Баян айлд төрсөн хүүхдийн буруу юу? Тэднээс мөнгө харамлаж байгаа төрийн буруу юу? Үүнийг бодох хэрэгтэй.

newscom.mn