/Тэмдэглэл/

 

Өглөө эрт ажилд яаран явахдаа гар өргөж хөлсний тэрэгт суув. Настай хүн жолоо барьж явна. Залуучууд унтаж, настан нойр сэрүүн болдог болохоор эрт боссон нь ингээд ажилд хэдийнэ ирлүүлчихсэн шинэ өглөөг тосч явна гэж бодов. Зүүн тийш явахад үүр гэгээрч байгаа нь тод мэдэгдэж орчны байдал сайн үзэгдэнэ. Цаг эргэжээ.

 

-Та юм анзаарав уу. Ямар эрт үүр гэгээрч байна аа. Ес эхлээд хоёр хонож байна шүү дээ гэж намайг асуухад жолооч хөгшин яаралгүй айвуу тайван зам харж явах зуур "12 дугаар сарын 22 гэдэг чинь Европ тоолол дэлхийн нийтлэг цаг хугацаа. Манайхан эндээс Ес эхэллээ гэж тоолдог. Хот газрынхан аргагүй ээ.

Эртээд хэд хоногийн өмнө гэнэт айхтар цочир хүйтэрч хоёр, гурав хоносон доо. Тэгэхэд Ес эхэлсэн шүү дээ. Малчид мэдэж байгаа. Энэ жил хавар эрт болно. Цагаан сар ч эрт байгаа. Аргын тооллын Ес эхлээд хэд хоносон байх аа хүүхээ" гэв. Би хариу хэлсэнгүй хэсэг бодож нээрэн л тийм байх даа гэж дуугүй байдлаар хэлснийг нь зөвшөөрөв. Хотын бид дэлхийн цаг баримталж нийтлэг хугацаанд юм бүхнээ тооцон амьдарч байгаа. Хот сууринд Есүсийн мэндэлсэн зул сарын 25-ны мэнд хүргээд янз бүр л юм болж байна. Эрх чөлөө ардчилсан үзэл санаа дээдэлсэн нийгэмд жил ирэх тусам энэ байдал улам л нэмэгдэж байна. Тэгээд бодлоо. Бүр 1984 оны өдий хэрд билүү нам засгийн "Үнэн" сонины дөрөвдүгээр нүүрт Б.Ринчен гуайн "Шинэ жил хаанаас ирдэг вэ" гэсэн багахан өгүүлэл гарсан байсныг уншиж билээ. Бараг мартагдаж. Хойно байхдаа багш нарын зааж байсныг санаж байна. Католик шашинтнууд 12 дугаар сарын 25-нд одоогийн Израйлаас өмнө зүгт элсэн цөлийн Назарет хотоос холгүй Есүс төрсөн гэж энэ өдрийг ёсолдог.

 

Гэтэл Үнэн алдартны шашныхан нэгдүгээр сарын 7-нд Есүс мэндэлсэн гэдэг. Орос зүүн Европын цөөхөн газар нэгдүгээр сард ийнхүү шинэ жилээ тэмдэглэнэ. Зөвлөлтийн дарангуйлагч их удирдагч Иосиф Сталин 1946 онд католикуудын Санта Клаус өвгөнийг оросчилж "Дед мороз" болгон шинэ жилийг ажил хөдөлмөрөө дүгнэх нэгэн утга учиртай баяр болгон өөрчилсөн билээ. Нэг иймэрхүү чухал зүйлийг өвгөн эрдэмтэн тухайн цагт зөвшөөрөх хэмжээнд нь бичиж нийтэлж байжээ. Шинэ жилийг Монголд ажил хөдөлмөрөө дүгнэх Европ тооллын шинэ жилээ угтах баяр болон тэмдэглэж ирсээр манай нийгмийн амьдралын салшгүй соёл болгон хэвшүүлсэн. Одоо ч тийм байгаа. Харин ардчилсан нийгэм бэхжиж үзэл санааны эрх чөлөө бодитой болсноор хүмүүс үзэл бодлоороо л шашин шүтэх эрхээ сайхнаар эдэлж байгаа байх. Католик, Үнэн алдартны шашныхан сүмд явж дуу дуулж ёс журмыг нь сахиж байгаа нь Монголын нийгэмд шинэ үзэгдэл хэдий ч бас удчихжээ. Гэтэл нэг сарын дараа Монголын цагаан сар болно. Билгийн тооллоор шинэ жилээ угтана. Дээл хувцсаа өмсөж, хадаг бэлгээ бариад өглөөний ургах нарыг ёслон угтана. Бид ийнхүү жилд хоёр удаа улс орноороо шинэ жил угтан баярладаг "хувь" тохиолтой гайхалтай улс үндэстэн юм аа гэхэд заримдаа "сонин" бодол төрнө. Одоо айл бүрийн ёолкон дээр гялтаганасан таван хошуу зоолттой байгаа байх. Тэр нь Ефлимей хотын урд Есүс мэндэлсэн ариун газрыг зааж гийсэн хурц одны бэлгэдэл байдаг. Уг нь найман талтай дүрсэлдэг байсныг хожим тав болгосон.

 

Яг нэг сарын дараа өргөн уудам нутгийн хаа сайгүй айл бүрийн хойморт өрх бүр хийморийн бурханаа залж, сүүтэй цайгаа самарч, таваг идээгээ засаад шинэ жилээ бас угтана. Энэ бол эзэн Чингисийн үеэс ёсчилсон төрт ёсны гүн хүндэтгэлтэй сайхан баяр. Хавар ирнэ. Цаг дэлгэрнэ. Тал нутгийн Монгол түмэн бидний үнэхээр өгөөмөр сайхан сэтгэл, эрэмгий зоригт байдал, сониуч хүртэмхий нь хэдэн мянган жил байсаар байгаа нь бас өвөрмөц онцлог. Хаа газар явж юм, юм үзэж, сонин сайхан бүхнийг хүртсээр ирсэн нь тал нутгийн нүүдэлчин бидний давтагдашгүй чанар. Энд тэндхийн баяр, ёс заншлыг хүний өөрийн гэхгүй сайхан цагаан сэтгэлээр тэмдэглээд л, ёслоод явна. Үнэхээр нэгэн бодлын даяарчлалыг утгаар нь авч явсан гайхалтай ард түмэн ч юм уу даа. Азтай улс аа. Дархлаа сайтай учир юунд ч уусан үгүй бололгүй бүгдийг аз жаргалтай хүртээд л байж байдаг ховор бөгөөд хосгүй ч улс юм уу ...

 

Соёлын Гавьяат Зүтгэлтэн, сэтгүүлч Г.Золжаргал