Жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-ний өдрийг монголчууд үндэсний тусгаар тогтнолоо сэргээсэн баярын өдөр гэж 2011 оноос сэргээн тэмдэглэж ирсэн.

Энэ шийдвэрийг Монгол Улсын Их хурал 2001 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр гаргасан байдаг. Их, бага, цөөхөн хүрээнд гэдэг нь хамаагүй, ямартай ч энэ өдрийг тэмдэглэдэг болсон нь том дэвшил гэж түүхчид үздэг юм.

1911 оныг хүртэл буюу хоёр зууны турш Эзэн Чингисийн талыг нь эзэлж явсан дэлхийн газрын зураг дээрээс Монгол гэсэн нэртэй улс алга болчихсон байсан. Тэгвэл эргэн сэргэж, дэлхийн газрын зурагт орж ирсэн өдөр нь 1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу арванхоёрдугаар сарын 29.

Монголчууд энэ өдрийг эртнээс үндэсний баяр болгон тэмдэглэж ирсэн.

-Шинэ тулгар Монгол улсын Засгийн газрыг таван яамтайгаар байгуулав-

 

Өдгөөгөөс 104 жилийн өмнө энэ өдөр Монголчууд Манж гүрнээс салж, бие даан тусгаар тогтнож, төр улсаа сэргээн тунхаглаж буйгаа дэлхий дахинд албан ёсоор зарлан, VIII Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжилсөн юм. Түүний гарт нь тусгаар улсын хэрэг шийдэх эрдэнийн хаш тамгыг бариулж. Олноо өргөгдсөн Монгол улсын эзэн, шашин төрийг хослон баригч, нарангэрэлт Богд хааны зарлиг” бичгийг олноо сонордуулжээ.

Мөн өдөр шашин төрийг хослон барьсан хааны зарлигаар шинэ тулгар Монгол улсын Засгийн газрыг таван яамтайгаар байгуулж, Монголын тусгаар тогтнолын төлөө идэвхтэй хүчин зүтгэгчдийг төрийн удирдах том албан тушаалд томилж, зэрэг хэргэм шагнасан зарлигийг олонд түгээв.

Энэ өдөр,

-Хүрээний да лам Цэрэнчимэдэд чин сүжигт цол, гурван давхар магнаг дэвсгэр түшлэг ширээ, улбар шар жолоо ногоон тэрэг, чин вангийн пүнлүүг хөрөнгөнөөс гаргуулахгүй болгон шадар сайд, дотоод яамны хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдын тушаалд.

-Цэцэн хан аймгийн засаг хошууны бэйс Гомбосүрэнд үе улиран эрдэнэ далай цол, төрийн жүн ван, улбар шар жолоо шагнаж, шадар сайд, бүгд захирах сайд, цэргийн хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны тэргүүн сайдын тушаалд.

-Түшээт хан аймгийн засаг улсын түшээ гүн Чагдаржавт үе улиран түшээт цол, төрийн жүн ван, улбар шар жолоо шагнаж шагдар сайд бүгдийг захирах сайд, сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдын тушаалд. Түшээт хан аймгийн гүнгийн зэрэг, засаг тэргүүн зэрэг тайж Намсрайд үе улиран эрдэнэ цол төрийн жун ван, улбар шар жолоо шагнаж, шадар сайд бүгд захирах сайд шүүн таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдын тушаалд.

-Тулгар төр байгуулах хэрэгт онц хүчин зүтгэж явсан Түшээт хан аймгийн засаг хошой чин ван Ханддоржид үе улиран эрдэнэ дайчин цол, хааны ямба давхар пүнлүү, шар хэргэм, улбар шар жолоо, нэгэн үед ногоон жууз шагнаж шадар сайд, бүгдийг захирах сайд, гадаадын хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдаар тохоон томилж байжээ.

-Халхын сайн ноён хаан Намнансүрэнг шашин төрийг хослон баригч наран гэрэлт хаан өргөмжлөх тунхаг бичгийг баруун өвдөг дээрээ сөгдөн сонсгоход оролцогсод баруун өвдөг дээрээ сөгдөн мөргөжээ.

-Аливаа улс үндэстний тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөө бол хамгийн үнэт зүйлийн нэг-

 

Ийнхүү Монгол улс тусгаар тогтнолоо сэргээж, анхны Засгийн газраа байгуулан, дэлхийн газрын зурагт эргэн багтсаныг бахдан тэмдэглэхийн учир утгыг Түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхан "Аливаа улс үндэстний тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөө бол хамгийн үнэт зүйлийн нэг юм. Бид тусгаар улс учраас Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, үндэсний компани гэж бий гээд л омогшдог шүү дээ. Нөгөө талаас үзвэл, бидний урд хөрш олон сая хүн амтай Хятад гэж том гүрэн байна. Энэ бол Манж Чин гүрний эрхшээлд байсан гүрэн. Тэгвэл Манжийн эрхшээлд байсан улс үндэстэн дотроос тусгаар тогтнолоо олж гарсан цорын ганц субъект нь Монгол Улс. Бусад нь өнөөг хүртэл тэр том гүрний хяналтад байна. Энэ талаас нь харвал, 1.5 сая шоо метр газар нутагтай, гурван сая орчим хүн амтай Монголын гал голомтыг өөрийнх нь нутагт сэргээсэн явдал бол Монгол үндэстний баялаг түүх, үндэстний өөрийн гал голомтыг авч үлдсэн онцгой чухал үйл явдал, тэмдэглэлт өдөр юм. Харин нэг зүйлийг хэлэх нь зүйтэй гэж бодож байна.

Тэр бол бид түүхээсээ холдсон явдал. Магадгүй холдуулсан ч байж болох юм. Тухайлбал, Монголчууд наана гэхэд 200, цаашилбал 300 жил түүхээсээ холдсон. Тэгвэл Богд хаан галыг нь тасалчхаагүй 1911 онд сэргээсэн. 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр ард иргэд Монгол дээл, хувцсаа өмсч, уламжлалт соёлын зүйлүүдээ бүх талаа шингээсэн байх, төрийн түшмэлийн хувцас бүгд пүүз, соёмботой байх, хэрэглэж байгаа тамга тэмдэгт нь гадны үсэг хэрэглэхгүй байх ёстой гэж зарлиг буулгасан" хэмээн тайлбарласан юм.