Тун удахгүй хуучин оноо үдэж, шинэ оноо угтана. Улирч буй 2015 онд Монгол улсад өрнөсөн үйл явдлаас онцлон уншигч танд хүргэж байна.

 

 

Бид гурван саяулаа болов: Монголчууд бүл нэмж баяр хөөр болсон түүхэн үйл явдал болсон билээ. Монголчууд гурван саяулаа болов. 2015 оны нэгдүгээр сарын 24-нд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нэгдсэн эмнэлэгт төрсөн иргэн Э.Хатанболд, Г.Аззаяа нарын Х.Монголжин охин Монгол Улсын гурван сая дахь иргэнээр тодрон бүртгэгдсэн юм. Энэ өдрийг бид бүхэн чих тавин хүлээж суусан.

Нэгдүгээр сарын 24-нд Х.Монголжин охинтой зэрэг төрсөн хүүхдүүд гурван сая дахь иргэний "үе чацуутан" гэсэн тодотголтой гэрчилгээ гардуулж, баяр хүргэв. Гурван сая дахь иргэний аав, ээж нь охиндоо Сэлэнгэ хэмээх нэр өгөх гэж буйгаа дуулгахад Монгол Улсын Ерөнхийлөгч Монголжин хэмээн өөрчлөх санал тавьсан юм.

Олон залуус гэртээ харив: Анхны ардчилсан сонгууль, Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурал 2015 оны аравдугаар сарын 29-нд Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталсан билээ. Энэ хуулийн хүрээнд нийт 3,000 гаруй ялтан хамрагдаж, 1,700 нь ялаас бүрэн чөлөөлөгдөв.

Харин Ерөнхийлөгчийн хоригийн дагуу авлига, албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан болон залилангийн хэргийг өршөөлд хамруулаагүй. Өмнө нь Өршөөл үзүүлэх тухай хууль 2009 онд буюу зургаан жилийн өмнө батлагдаж байв.

Азид болж байгаагүй хэрэг гарав: Тавантолгойн ажилчдын эрх ашгийг хамгаалагч “Эв санааны нэгдэл” ҮЭ-ийн хорооны дарга С.Эрдэнэ хэвлэлийн бага хурал хийж өөрийгөө шатаах оролдлого хийв. Тэрбээр МоАХ-ны анхдагч партизануудын нэг юм. Мөн “Энержи ресурс” компанийн 200 гаруй ажилчин ажлаас нь халах шийдвэрээ эргэн татсан.

6.1 их наяд төгрөгийн орлого ил болов: Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталсан. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухайн хуулийн хүрээнд энэ сарын 18-ны байдлаар 6.1 их наяд төгрөгийн орлого ил болсон юм. Тодруулбал, 224 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэр шинээр бүртгэгдсэн бөгөөд ААНОАТ-аар 3.7 их наяд, ХАОАТ-аар 2.2 их наяд, үл хөдлөх хөрөнгөөр 224 тэрбум ил болжээ. Харин Улсын бүртгэлийн ерөнхий газарт 72 тэрбум төгрөгийн эд хөрөнгө бүртгэгдсэн. Үүний 24.3тэрбум нь шинээр бүртгэгдсэнээс 53.9 тэрбум нь шилжсэн эд хөрөнгө байсан аж.

Ирвэс хамгаалах сангийн байгаль хамгаалагч учир битүүлгээр амиа алдав: Ирвэс хамгаалах сангийн биологич, байгаль хамгаалагч Л учир битүүлгээр амиа алдсан хэрэг юм. Тэрбээр арваннэгдүгээр сарын 5-нд машинаа гражид нь тавих гэж гараад зургаан хоногийн дараа Хөвсгөл далайгаас амиа алдсан байдалтай олдсон.

Энэ хэрэг олон сэжиг таамаг араасаа дагуулсаар байгаа юм. Учир нь тэрээр байгаль орчин , уул уурхайн салбар хоорондын зөрчил болсон Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Тост уул, Тосон бумбын нурууг хамгаалахаар тэмцэж байсан тэрээр өмнө нь дөрвөн ч удаа халдлагад өртөж байсан тухай түүний ар гэрийнхэн, ойр дотныхон нь мэдэгдсэн юм. Одоогоор хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа. Хэргийг хурдан шалгаж илрүүлэхийг УИХ дарга сануулсан, үүнтэй холбоотойгоор ЦЕГ-ын комиссар Р.Чингис ч мөн саяхнаас тушаал гаргаж, Өмнөговь, Хөвсгөл аймгуудад шалгалтын ажиллагааг явуулж байгаа юм. Харин энэ хэрэг гарч олон нийтийн анхааралд орсноос хойш УУЯ-аас ирвэс хамгаалагч Л-ийн хамгаалахаар тэмцэж байсан Тост уул, Тосон бумбын нурууг нөөцөд авах шийдвэр гаргасан юм.

Дуурийн дуучид Дэлхийг донсолгов: 2015 оны долоодугаар сард ОХУ-ын Москва, Санкт-Петербург хотноо явагдсан П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн XV наадмаас Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар тэргүүн байр эзэлсэн юм.

Тус уралдаанд манай орноос таван дуучин оролцсон бөгөөд нийт 39 орны 500 гаруй авьяастан өрсөлдсөн.

Энэхүү наадамд түрүүлсэн уран бүтээлчдийг Буриадын Засгийн газраас шагнахаар болж дуучин Г.Ариунбаатар, түүний багш Буриадын ардын жүжигчин Дарима Линховоин нарт Буриад улсын төрийн шагнал хүртээв.

 

УДБЭТ-ын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Э.Амартүвшин Их Британийн BBC агентлагаас зохион байгуулсан "Cardiff Singer of the World" наадмын шилдэг тавд шалгарч, үзэгчдийн нэрэмжит шагнал хүртсэн Монголчуудыг омогшуулж, мөн л дэлхийг донсолгосон үйл явдал болов.

Анх удаа Нийслэлийн даншиг болов: Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан 100 жилийн өмнө Их хүрээнд тэмдэглэдэг байсан Даншиг наадмыг сэргээн Монголын бурхан шашны сүм хийдүүд нийслэл Улаанбаатар хотын ЗДТГ-тай хамтран 2015 оны наймдугаар сарын 8, 9-нд “Хүй долоон” худагт тэмдэглэв. Энэ наадмаар хүрээ цам гарч, 1000 лам нийслэлчүүдийн төлөө ном уншиж, бат оршил өргөсөн юм.

Даншиг наадамд улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва түрүүлж Даншигийн арслан цол хүртэв. Энэхүү Даншигийг зохион байгуулсан нь наанаа уламжлалт баяр наадмыг сэргээсэн мэт санагдаж болох боловч үнэн хэрэгтээ төрийн өндөр албан тушаалд байгаа зарим нэг хүн өөрсдийнхөө үр хүүхдүүдээс Х Богдын хойд дүрийг тодруулахаар улайран хөөцөлдөж байгаатай шууд холбоотой гэж учир мэдэх зарим эх сурвалжууд хэлж байгаа юм. Тэд XIV Далай ламыг элдвээр эргүүлдэж, элч төлөөлөгчдийг байн байн илгээж, өөрсдийн үр садаа X Богдоор тодруулахаар идэвхийлэн хөөцөлдөж буй мэдээлэл байна. Энэ нь цаашид өөрсдөө албан тушаалаасаа мултарсан ч үр хүүхдээрээ дамжуулан эрх мэдлийг гартаа байлгах гэсэн далд санааны илрэл гэнэ.