Шинэчлэн найруулсан Нэмэгд­ сэн өртгийн албан татвар /НӨАТ/ -ын тухай хууль энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Энэхүү хуулиар иргэн төлсөн НӨАТынхаа 20 буюу нийт зарлагын хоёр хувийг тухайн жилдээ буцаан авах, сугалаанд оролцох боломж бүрдсэн юм.

Энэ нь манай улсын татварын системийн томоохон өөрчлөлтүүдийн нэг болоод байна. Өөрөөр хэлбэл, иргэд үйлчлүүлж буй худалдааны төв, аж ахуйн нэгж, байгууллагад шаардлага тавьснаар баримт авч, түүнийгээ цахим систем буюу www.ebarimt.mn сайт руу орж бүртгүүлнэ. Ингэснээр мөн аж ахуйн нэгжийн орлого ил болж байгаа юм.

 

Энэ талаар сурвалжлахаар Сонгино- хайрхан дүүрэгт байрлах “Сансар” худалдааны төвийг зорилоо. “Сансар” болон “Миний зах”-ын сүлжээгээр иргэд олноор үйлчлүүлдэг билээ. Тус газрууд сугалаанд оролцох найман орон бүхий кодтой баримтаар үйлчлэхгүй байв. Үүнд иргэд бухимдалтай байгаагаа хэлсэн. Сонгинохайрхан дүүргийн XXI хорооллын иргэн Ц.Жавзмаа “НӨАТ-ын хууль энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Гэтэл шинэ сар гараад гурван өдөр өнгөрч байхад хуулийн дагуу эрхээ эдэлж чадаагүй л явна. Гэртээ амарч байгаа учраас хоол хүнсээ цуглуулаад овоо хэдэн төгрөгийн худалдан авалт хийлээ. Үүнийхээ хоёр хувийг авбал нэлээн хэдэн төгрөг болно. Даанч “Сансар” худалдааны төвд шинэ программ суулгаагүй байна. Ямар ч л байсан иргэнийхээ хувьд шаардлага тавилаа. Цаг алдалгүй тэр сугалаанд оролцох баримтаа гаргаж өгвөл сайн байна” гэв. Энэ талаар тус худалдааны төвийн ажилтнаас тодруулахад, “Санхүүгийн программд өөрчлөлт оруулж дуусаагүй байгаа. Удахгүй шинэ баримтаар иргэдэд үйлчлэх болно” гэсэн юм.

 

 

БАРИМТЫГ ХААНААС АВАХ ТАЛААР МЭДЭЭЛЭЛГҮЙ БАЙНА

 

Гэр хороололд орших найман нэрийн хүнсний дэлгүүрийн худалдагчаас үйлч- лүүлэгчдээ баримт өгч байгаа эсэхийг асуухад “Манайх дэлгүүрээ ажиллуулаад 10 гаруй жил болж байна. Байнгын үйлчлүүлэгч ихтэй. Өдөрт дунджаар хоёр сая төгрөгийн орлого ордог. НӨАТ-ын хоёр хувийг эргүүлэн олгохтой холбоотой сугалаа явуулж, 1000 төгрөгөөс дээш худалдан авалт хийсэн үйлчлүүлэгчдээ баримт өгөх ёстой гэдгийг мэдэж байна. Гэхдээ тэр баримтыг хаанаас яаж авч эргээд үйлчлүүлэгчдээ өгөх талаар ямар ч мэдээлэлгүй байна” гэж байв. Мөн тус дүүргийн иргэн Ц.Бэхбат “Би өнөөдөр Таван шард байрлах “Магнай трэйд” компанийн ШТС-аас 45 мянган төгрөгөөр шатахуун авсан юм. Гэтэл надад ТЕГ-аас батлагдсан маягтын дагуу биш, өөрсдийн баримтыг өгсөн. Миний хувьд уг шатахуун түгээхстанцын салбар нь ажилтай ойр учраас байнга үйлчлүүлдэг. Долоо хоногт 100 гаруй мянган төгрөгийн шатахуун худалдан авдаг. Тэгэхээр жилээр тооцоход багадаа л гэхэд 3-4 сая төгрөгийн худалдан авалт хийдэг гэсэн үг. Тиймээс энэ салбарт шинэ баримтыг яаралтай суурилуулж өгөхийг хүсье” гэсэн юм.

 

Манай сурвалжлах багийнхан үргэлж- лүүлэн Баянзүрх дүүрэгт орших “Баянзүрх” худалдааны төвийг зорилоо. Учир нь, тус худалдааны төвөөр үйлчлүүлснээр албан баримт авах боломжтой болсон гэх мэдээлэл цацагдсан юм. “Баянзүрх” худалдааны төв баярын өдрүүдэд амарч өчигдрөөс ажиллаж эхлэв. Худалдагчдаас баримт өгч байгаа эсэхийг асуухад ямар ч мэдээлэлгүй байлаа. Харин зохион байгуулагчаас нь тодруулах гэсэн боловч ажилдаа ирээгүй байсан юм. Тиймээс тэндээс гарч тус дүүрэгт орших “Офицер зах”-д очлоо. Энэ захын худалдагчид ихэд бухимдалтай байв.

 

 

БАРИМТ ХЭВЛЭХ ТӨХӨӨРӨМЖ 1.2-1.5 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ

 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу худалдаа эрхлэгч хуулийн этгээд нь татварын нэгдсэн системд холбогдсон байх, стандартын шаардлага хангасан кассын машин, хэвлэх төхөөрөмж, хэв- лэлийн хор, тасалбарын цаас, терминал машин хэрэглэхийг үүрэг болгожээ. Энэ талаар тус захын худалдагч “Уг нь энэ хуулийг дэмжиж байлаа. Гэтэл хууль хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор биднийг хүнд дарамтад орууллаа. Учир нь, баримт хэвлэх төхөөрөмжийг худалдаа эрхлэгч бүр худалдан авах шаардлагатай болсон. Энэ төхөөрөмжийг хэрвээ авахгүй бол бидний ажлын байрыг хаана гэсэн. Төхөөрөмж нь 1.2-1.5 сая төгрөгийн үнэтэй юм билээ. Зөвхөн баяр ёслолын үеэр арай ядан “шархаа нөхөх” гэж зүдэрч яваа бидний хувьд түүнийг нь авна гэдэг маш хүндрэлтэй байна” хэмээв.

 

Худалдаа үйлчилгээний газрууд төхөөрөмжтэй болсноор үйлчлүүлэгч эхлээд худалдагчаас код авна. Дараа нь баримт хэвлэх төхөөрөмжид кодыг оруулна. Ингэснээр худалдан авалтын баримтыг хэвлэх юм. Хамгийн гол нь үйлчлүүлэгч та авсан баримтынхаа кодыг e.barimt.mn сайт руу орж баталгаажуулах ёстой аж.

 

Г.Ариунбат: ЭХНИЙ СУГАЛААНЫ ТОХИРЛЫГ ЭНЭ САРЫН 17-НД ЗОХИОН БАЙГУУЛНА

 

НӨАТ-ын урамшууллын системийн төслийн Бизнес хамтын ажиллагааны албаны захирал Г.Ариунбатаас дараах зүйлийг тодрууллаа.

 

-Шинэчлэн баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан иргэдээс ямар асуулт түлхүү ирж байна вэ?

 

-Өнгөрсөн оны долдугаар сарын 9-ний өдөр УИХ-аар баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэллээ. Иргэд хамгийн түрүүнд www.ebarimt.mn сайт руу орж бүртгүүлэх юм. Бүх зааварчилгаа цахим хуудас дээр байгаа. Зааврын дагуу та тасалбарын дугаарыг оруулсны дараа системд бүртгэгдээд хоёр хувиа авна. Мөн QR кодтой хэсгийг асууж байна. Бүх аж ахуйн нэгж QR кодтой баримтыг өгөх үүрэгтэй. Энэ нь татварын албан ёсны баталгаажуулалт болно.

 

-Зарим байгууллага сугалаатай баримт олгохгүй байна. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?

 

-Татварын 1800-1288 дугаарын утсанд хэрэглэгчдээс гомдол маш ихээр ирсээр байна. Одоогоор “Сансар” сүлжээ дэлгүүр, “Хүрмэн” эмийн сан, “Замбала” дэлгүүр, “Магнай трэйд” ШТС, “Миний дэлгүүр”, “Pizza Hut”, “Orange” супермаркет, “Хүнсний IV” дэлгүүр зэрэг зарим газар иргэдэд сугалаатай баримт олгохгүй байна гэсэн гомдлыг бүртгэсэн. Гомдлын дагуу ажлын өдрөөс эхлэн хуулийн хүрээнд татварын байцаагч нар арга хэмжээ авч эхэлнэ. Одоогоор “Миний дэлгүүр”-ийн холболт дуусч байна. “Алтан жолоо” группийн хувьд оны өмнө туршилт хийсэн. Он гарсаар хуулийн дагуу хэвийн ажиллах ёстой байсан. Гэтэл иргэдээс тэднийхийг “Сугалааны кодтой баримтаар үйлчлэхгүй байна” гэсэн гомдлыг манайд ирүүлсэн.

 

-Одоогоор хэчнээн аж ахуйн нэгж уг системд холбогдоод байна вэ?

 

-НӨАТ-ын суутгал төлөгч 30 мянган ААН, иргэн байдаг. Одоогоор 3500 орчим аж, ахуйн нэгж холбогдсон. Бүгд холбогдох ёстой. Зах, худалдааны төвд лангуугаар бизнес хийдэг иргэдийг бүртгэлжүүлэх ажлыг энэ сарын 15- ныг хүртэл хийнэ. Сугалааны тухайд сард 2-3 удаа явуулах ба нэг сугалаагаар гурван удаа оролцох боломжтой. Эхний сугалааны тохирлыг энэ сарын 17-нд зохион байгуулна.

 

-ААН-үүд системд хэрхэн бүртгүүлэх талаар мэдээлэл өгнө үү?

 

-ААН-үүд төлбөрийн баримт буюу НӨАТ- ын хоёр хувийн урамшуулал авах эрхтэй, сугалаатай баримтыг хэрхэн хэвлэх талаар их асууж байна. Тухайн ААН, байгууллага баримт хэвлэдэг кассын машин ашигладаг бол тус машиндаа ТЕГ-аас гаргасан нэмэлт программыг суулгаад л албан ёсны төлбөрийн баримт хэвлэх боломжтой болно. Хэрвээ кассын машин хэрэглэдэггүй бол бизнесийн зарчмаараа кассын машин нийлүүлэгч компаниудаас худалдаж аваад ашиглах учиртай. Хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан өнгөрсөн оны долдугаар сард “Баянзүрх” худалдааны төвд баримт хэвлэх машиныг туршилтаар ажиллуулсан. Тухайн үед лангуу түрээслэгчид бидэнд “Яг хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойш үүнийг ашиглая” гэж байсан. Маргааш /өнөөдөр/ тус худалдааны төвд очиж машинаа байршуулан ажиллуулж эхэлнэ.

 

- Системийн аюулгүй байдлыг хэрхэн хангасан бэ?

 

-Ямар нэгэн доголдол гарах эсэхийг урьдчилан харж шаардлагатай өөрчлөлтийг үндэсний Дата төвийн мэргэжилтнүүдтэй хамтран шийдээд явах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Систем нь Монгол Улсын онцгой обьект буюу үндэсний Дата төвд байрлаж байгаа учраас мэдээллийг алдах, гаднын халдлагад өртөх зэрэг эрсдэлээс хамгаалсан. Түүнчлэн гэнэтийн, байгалийн хүчин зүйл боллоо гэхэд мэдээллийг хадгалж авч үлдэх зорилгоор өдөр бүр мэдээллийг нөөцөлж авах тогтолцоог нэвтрүүлж, давхар хадгалж байна.

 

Иргэн таны үйлчлүүлдэг байгууллага сугалаанд оролцох эрх бүхий найман оронтой кодтой шинэ баримтыг хэвлэж өгөхгүй бол татварын албаны 1800-1288 дугаарын утсанд албан ёсоор мэдэгдэнэ үү. Ингэснээр татварын алба тэрхүү салбарыг цахим системд холбогдож, тусгай кассын машин тавихыг шаардах юм. Иймд та бүхэн худалдан авалт хийхдээ хуулийн дагуу кассын шинэчилсэн баримт өгч байгаа эсэхийг хянаж, шаардах боломжтой. Хэрэв НӨАТ- ын цахим системд бүртгүүлэх шинэчилсэн кассын баримт хэвлэж өгөхгүй бол тухайн байгууллагаар үйлчлүүлэхээс татгалзах хэрэгтэй. Иймд үйлчлүүлэхээсээ өмнө шинэ кассын баримт өгч байгаа эсэхийг сайтар лавлаарай. Нийтдээ 30 орчим мянган байгууллага цахим баримтыг хэвлэж өгөх үүргийг хуулиар хүлээж байгаа гэнэ. Баримт өгөөгүй байгууллагуудыг шалгаж, 10 хоногийн хугацаат үүрэг өгөх аж. Хэрэв сануулга авсан байгууллагууд 10 хоногийн дараа гэхэд цахим баримт хэвлэж өгөх ажлыг хэрэгжүүлээгүй тохиолдолд орлогын хоёр хувьтай тэнцэх төгрөгөөр торгуулах юм байна.

 

Ц.ЗАЯА