“Монгол шуудан” ТӨХК-ийн 34 хувийг хувьчлахаар болсон. Уг 34 хувийг олон нийтэд нээлттэй арилжихаар болж өнгөрсөн сарын 28-нд зарлаад байгаа юм. Нэмж гаргах хувьцааны захиалга авах хугацаа энэ сарын 6-ны өдөр дуусна. Иймээс Монгол Улсын иргэн та “Монгол шуудан” компанийн хувьцаа эзэмшигч болох боломжтой юм. Ингээд дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.

Үнэт цаас гаргагч: Монгол Шуудан ТӨХК
Үйл ажиллагаа: Шуудангийн үйлчилгээ
Байгуулагдсан он: 1921
Ажилчдын тоо: 895
Салбарын тоо: Улаанбаатарт 40, аймагт 21, сумдад 334 салбар
Бүтээгдэхүүний нэр төрөл: 6 үндсэн үйлчилгээ, 20 орчим нэр төрлийн үйлчилгээ
Зах зээлд эзлэх хувь: Дотоодын зах зээлийн 95, улс хоорондын буухиа шуудангийн зах зээлийн 30 хувь
Нэмж гаргаж буй хувь, хэмжээ: 34 хувь
Төрд үлдэх хувь, хэмжээ: 66 хувь
Нэгжийн үнэ: 185 төгрөг
Нэмж гаргах хувьцааны тоо: 33,859,363 ширхэг
Нийт татан төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ: 6.263 тэрбум төгрөг
Энэ хөрөнгийг юунд зарцуулах вэ: Авто замын логистикийн төсөл
• Замын-Үүдэд логистикийн төв байгуулах,
• Улаанбаатар хотын шуудангийн 30 дугаар салбарт ялган боловсруулах төв байгуулах
• Ачаа тээврийн автомашин худалдан авах
• Шаардлагатай тоног төхөөрөмж, тавилга, эд хогшил худалдан авах

Монгол Улсын иргэн та “Монгол шуудан” компанийн хувьцаа эзэмшигч болох боломжтой юм

Өнгөрсөн таван жилийн хугацаанд компанийн хөрөнгийн хэмжээ жилд дунджаар 15.5 хувиар өсч 16 тэрбум 150 сая төгрөгт хүрчээ. Түүнчлэн эздийн өмчийн хэмжээ жилд дунджаар 20.5 хувиар өсч 14 тэрбумд хүрээд байна. Банкны зээлгүй учраас санхүүгийн эрсдэл маш багатай. Үүний зэрэгцээ борлуулалтын хэмжээ өнгөрсөн таван жилийн хугацаанд жилд дунджаар 15.28 хувиар өсч 11 тэрбум төгрөгт хүрсэн бол 2014 онд 738 сая төгрөгийн ашигтай ажилласан. Мөн сүүлийн таван жилийн турш тасралтгүй ашигтай ажиллаж буй нь анхаарал татаж байгаа юм.

Эндээс харвал компанийн хөрөнгийн хэмжээ тасралтгүй өсч байгаа нь үйл ажиллагааны цар хүрээ тэлсээр байгааг илтгэж байна. Нөгөө талдаа эдгээр хөрөнгийг эздийн өмчийн эх үүсвэрээр санхүүжүүлж өр төлбөр, зээлийн дарамтыг компанид үүсэхгүй байгаа нь хямралын хүнд үед компанийн санхүүгийн ачааллыг бууруулж буй таатай нөхцөл байдлыг бий болгоод байгааг хөрөнгийн захын шинжээчид онцолж байгаа юм. Харин орлогын хувьд тогтмол өсөлттэй байгаа нь шинээр бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлж зах зээлээ тэлсэнтэй холбоотой. Үүний үр дүнд компани жил бүр ашигтай ажиллаж байгаа нь компанийн санхүүгийн чадавхи сайжрах боломжийг олгож байна.

Сүүлийн таван жилийн турш тасралтгүй ашигтай ажиллаж буй нь анхаарал татаж байгаа юм.

Хямралын үед хувьцааны үнэ бодит үнэлгээнээсээ буурсан байдаг бөгөөд эргээд эдийн засаг сэргэх үед үнэ өндөр хувиар өсч эхэлдэг аж. Харамсалтай нь хүн бүрт хангалттай хэмжээний хөрөнгө оруулалт хийх боломж хямралын үед байдаггүй нь ашигтай хувьцаа худалдан авах боломжоо алдахад хүргэдэг байна.

Т.Буянаа