Иргэд НӨАТ-ынхаа 20 хувийг буцаан авна

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн оны долдугаар сард баталсан. Хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Хуульд зааснаар бараа, үйлчилгээг борлуулахгүй, аж ахуйн үйл ажиллагааны бус, зөвхөн өөртөө хэрэглэх зориулалтаар худалдан авч, импортоор оруулсан хувь хүнийг албан татвар төлөгч гэнэ. Харин үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 саяас дээш хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий этгээдийг албан татвар суутган төлөгч гэж буй.

Одоо мөрдөж байгаа хуулиар НӨАТ-ын босго 10 сая төгрөг байгаа. Шинэ хуулиар энэ босгыг 50 сая төгрөг болгон нэмэгдүүлснээр сайн дураар бүртгүүлэгчид нэмэгдэнэ гэж үзжээ.Албан татвар суутган төлөгч нь арав хоногийн дотор татварын албанд бүртгүүлж, гэрчилгээ авах ёстой. НӨАТ төлөгч бүрийн мэдээлэл нэгдсэн хэрэглэгчийн системд бүртгэгдэнэ. Тухайлбал, албан татвар төлөгч хэрэглэгчийн системд бүртгэдсэн төлбөрийн баримтын мэдээллийг гурав хоногийн дотор борлуулалтын нэгдсэн системд илгээх үүрэг хүлээнэ.

НӨАТ-ын шинэ хуульд албан татварыг буцаан олгох тухай заалт орсон. Албан татвар төлөгч нь тухайн жилийн худалдан авалтад төлсөн татварынхаа 20 хүртэл хувийг буцаан авах боломжтой. Энэ нь барааны үнийн дүнгийн хоёр хувь гэсэн үг. Мөн сугалааны тохирлоор татварын буцаан олголт авахыг зохицуулжээ.

НӨАТ төлөгч аж ахуйн нэгжээр үйлчлүүлсэн бол худалдан авалт хийсэн баримтаа цуглуулах ёстой. арай. Гэхдээ үйлчилгээний төвүүдийн ихэнх нь хуучин кассын машинаараа үйлчилж байна. Энэ долоо хоногоос шинэ кассын машин ашиглаж, худалдан авалтын баримтыг шинэ загвараар хэвлэх аж. Бараа, үйлчилгээ авсан баримтаа цуглуулж ebarimt.mn цахим хуудаст бүртгүүлээд ирэх жил буцаан олголтоо авах боломжтой. Татварын буцаан олголтоо цахим картаараа ч авч болох аж. Мөн сугалаанд оролцох боломжтой юм.

Таны үйлчлүүлж байгаа аж ахуйн нэгж НӨАТ-ын баримтын тасалбар олгоогүй, олгохоос татгалзсан, үнийн дүнгээс зөрүүтэй дүнгээр олгосон бол торгууль төлөхийг Татварын ерөнхий хуулиар зохицуулжээ. НӨАТ-аа буцаан авахын тулд иргэд татварын сайтад банкны дансаа бүртгүүлэх шаардлагатай. Мөн худалдан авалт хийх бүртээ гүйлгээний баримтаа бүртгүүлж, хадгалснаар төлсөн нийт НӨАТ-ын 20 хувь дансанд тань жилийн эцэст орох юм.

Цэцэрлэггүй үлдсэн багачууд хүүхэд харах үйлчилгээнд хамрагдана

Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдэд суурь хүмүүжил олгох зорилготойгоор эл хуулийг баталсан. Нэг хүүхэд харагчид ногдох хүүхдийн тоо тав хүртэл байх, хүүхэд харах нэг байранд байрлах хүүхдийн дээд хязгаар 15 хүртэл байх, хүүхдэд аливаа хэлбэрийн зодуур, дарамт үзүүлэхгүй, хүүхдэд өдөрт 60 минутаас дээш хугацаагаар цахим хэрэгсэл ашиглуулах, зурагт үзүүлэхийг хориглоно. Хүүхэд харагч нь тусгай сургалтанд хамрагдсан байх хэрэгтэй.

Манай улсад 2-5 насны 266 мянган хүүхэд буйгаас цэцэрлэг, сургуульд хамрагдаж чадахгүй байгаа 59 мянган багачууд бий гэх судалгааг холбогдох газраас гаргажээ. Хүүхэд харах үйлчилгээнд хамруулснаар 15-30 мянган иргэн ажлын байртай болох аж. Энэ үйлчилгээнд хамрагдах нэг хүүхдийн сарын хоолны зардалд 36 300 төгрөг, хувьсах зардалд 70 500 төгрөгийн зардал олгохоор ирэх оны улсын төсөвт 10.8 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Нягтлан бодогчдын эрхийг хугацаагүй олгож эхэлнэ

Аж ахуйн нэгж, байгууллагуудын нягтлан бодох бүртгэл хөтлөх болох санхүүгийн тайлангийн үйл ажиллагаа олон улсын стандартад нийцэх юм.

Уг хууль батлагдсанаар нягтлан бодогчийн эрхийг хугацаагүй олгохоор болж байгаа юм. Аудитын тусгай зөвшөөрөл авсан 120 орчим компани 2016 оноос эхлэн шинээр тусгай зөвшөөрөл авах, зөвшөөрлийг сунгах, тавигдах дүрмийн нөхцөл, шаардлагыг нэг ижил болгожээ.

Татвар суутгагчаар бүртгүүлсэн тохиолдолд тусгай зөвшөөрөл олгоно

Тусгай зөвшөөрөл олгох шат дамжлагыг багасган найман төрлийн баримт бичгийг 3-4 болгосон.

Хориглосон газарт байршаагүй, харьяалах татварын албанд хотын албан татвар суутгагчаар бүртгүүлж, суутгасан татварыг хугацаанд нь төлсөн байна. Өөрийн обьектын баталгаажсан эдэлбэр газраас гадна дүүргээс хариуцуулсан нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж, явган хүний замын хог, цас мөсийг тогтмол цэвэрлэж, хальтиргаа гулгаа үүсгэхгүй, орчныг бохирдолгүй байлгаж тусгай зөвшөөрөл хүссэн бичиг баримтыг бүрдүүлж, өргөдлийн маягтыг үнэн зөв бөглөнө.

Нийтийн зориулалттай орон сууцны үндсэн хийц, бүтээцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарлах, өргөтгөл хийх, 40 дцб-аас их хэмжээний дуу чимээ гаргахыг хориглоно. Түүнчлэн холбогдох хууль тогтоомж, стандартын шаардлагыг зөрчсөн, өөр ажлын байранд шилжүүлсэн, бусдад ашиглуулсан, түрээсэлсэн, худалдсан тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох юм.

100 сая төгрөгөөс дээш хадгаламжтай бол хүүгийн орлогод татвар ногдуулна

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулиар Хадгаламжтай иргэдэд татвар ногдуулахаар болов. "Мөнгөн хадгаламжийн нийт хэмжээ нь 100 сая төгрөгөөс дээш нэг жил ба түүнээс бага хугацаатай болон хугацаагүй хадгаламжийн хүүгийн орлогоос бусад Монгол Улсын иргэний мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогыг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд чөлөөлнө” гэж заасан. Энэ хуулийн хэрэгжилттэй холбогдуулан уг хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т заасан хүүгийн орлогод 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс албан татвар ногдуулж эхлэх юм.

Төрийн байгууллага нийтийн сонсгол зохион байгуулж иргэдийн оролцоог хангана

Нийтийн сонсголын тухай хуульТөрийн байгууллага, албан тушаалтан хуульд заасан асуудлаар иргэдийн оролцоог хангана.

Нийтийн сонсголын тухай хууль нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Уг хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2014 оны зургадугаар сарын 8-нд УИХ-д өргөн мэдүүлснийг 2015 оны долдугаар сарын 8-нд УИХ баталсан. Төрийн шийдвэр боловсруулах, хэлэлцэх, батлах, хэрэгжилтийг хянах бүхий л үйл ажиллагаанд иргэд оролцож, үзэл бодлоо илэрхийлэх, шийдвэрт саналаа тусгах боломжийг уг хуулиар бүрдүүлжээ.

Нийтийн сонсголын тухай хууль нь 5 бүлэг 26 зүйлтэй. Хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актыг тогтоох, төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих. Түүнчлэн хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилтийг үнэлэх, нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар шийдвэр гаргахын өмнө төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд, мэргэжлийн шинжээчээс санал сонсох, мэдээлэл авах зорилгоор нийтийн сонсголын үйл ажиллагааг зохион байгуулахаар заажээ. Ингэхдээ Нийтийн сонсголын тухай хуулиар хууль тогтоомжийн төсөл, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны, захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн, орон нутгийн сонсгол гэсэн үндсэн 6 төрлийн сонсгол явуулж төрийг удирдах хэрэгт иргэдийн оролцоог хангахаар тусгасан байна. Тухайлбал, хууль санаачлагч нь хүний эрх, эрх чөлөө, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарлахтай холбоотой болон нийтийн ашиг сонирхолтой шууд хамааралтай нийгэм, эдийн засаг болон байгаль орчны асуудлыг шийдвэрлэхэд хууль тогтоомжийн төслийн сонсголыг явуулах аж.

Хууль тогтоомжийн төслийн сонсгол явуулах асуудлыг тухайн Байнгын хорооны нийт гишүүдийн гуравны нэгээс доошгүйн саналаар шийдвэрлэнэ. Харин иргэн хуулийн этгээд уг сонсголыг явуулах хүсэлтийг тухайн асуудал эрхэлсэн Байнгын болон дэд хороонд хандан гаргах боломжтой.

Хууль тогтоомжийн хэрэгжилтийн мониторинг үнэлгээ хийх эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор УИХ, нутгийн өөрөө удирдах байгууллага ерөнхий хяналтын сонсголыг явуулах аж. УИХ төсвийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, төсвийн сахилга батыг дээшлүүлэх, төсвийн орлого, зарлага, төсвөөс санхүүжүүлсэн болон хөрөнгө оруулсан үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтыг хянах зорилгоор улсын нэгдсэн төсвийн биелэлт, зарцуулалттай холбоотой асуудлаар Төрийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулан төсвийн хяналтын сонсгол зохион байгуулах эрхтэй.

Түүнчлэн Улсын Их Хурал өөрийн бүрэн эрхийн хүрээнд хамаарах асуудлаар албан тушаалтныг томилохдоо Улсын Их Хурлын нийт гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй гишүүдийн хүсэлтийг үндэслэн томилгооны сонсголыг явуулахаар заажээ.

Орон нутгийн сонсголыг Улсын Их Хурал, Засгийн газар нь тухайн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хүсэлт, тухайн асуудал хариуцсан байнгын хорооны шийдвэрийг үндэслэн тодорхой асуудлаар тухайн газарт очиж явуулахаар заасан байна.

Арилжааны телевизүүдийн нийт агуулгын 50 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байна

Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл Олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлж байгаа уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь, хүүхдэд зориулсан уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн 70 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байна. Тэгвэл арилжааны телевизүүдийн нийт агуулгын 50 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байна. Кино театр, үзвэрийн цэгээр сар тутам түгээх кинонд үндэсний киноны эзлэх хувь, интернет протоколд суурилсан телевиз /Ай-Пи телевиз/-ийн уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн видео санд байршсан нийт хөтөлбөрт үндэсний кино, нэвтрүүлгийн цагийн эзлэх хувь 40 хувиас доошгүй байна.

Хийн түлш, түүний сав, тоног төхөөрөмжийг НӨАТ, гаалийн албан татвараас чөлөөлнө

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль Аж ахуйн нэгж, компани нь нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль шинэчлэн батлагдсанаар ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүний жагсаалт, хийн түлш, хийн түлшний сав, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын машин, техник хэрэгсэл, тоноглолын жагсаалтыг Засгийн газар батлахаар заасан юм.

Хориглосон газарт зогссон машиныг зөөж эхэлнэ

Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам Нийслэл хотод зорчиж буй автомашинтай хүн бүр уг хуулийг дагаж мөрдөнө.

Нийслэлийн ИТХ-аас нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түгжрэл саатлыг бууруулах зорилгоор 08:00-20:00 цагийн хооронд хориглосон газарт зогсож бусдын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлж байхаар шийдвэрлэж, хориглосон газарт зогссон тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх гудамж замуудыг баталлаа. Нийслэлийн хэмжээнд нийт 163 гудамж байдгаас 77 гудамжийг энэхүү тогтоолд оруулан батлав. Мөн зориулалтын автомашинаар тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх төлбөрийг мотоцикл 30 000 төгрөг, суудлын автомашин, микробус, 3,5 тонн хүртэлх жинтэй ачааны автомашин, автобус 60 000 төг, 3,5 тонноос дээш жинтэй том оврын тээюрийн хэрэгслийг 90 000 төгрөгөөр зөөж шилжүүлдэг байхаар тогтоолоо. Түүнчлэн түр саатуулах хашаа /байр/-ны нэг хоногийн төлбөрийг мотоцикл 3000, суудлын автомашин болон 3,5 тонн хүртэлх жинтэй бүх ачааны машин 5000, 3,5 тонноос 24 тонн хүртэлх жинтэй ачааны автомашин болон дунд оврын автобус 10 000, тусгай зориулалтын том оврын тээврийн хэрэгсэл, хүнд механизми 20 000 төгрөг байхаар тус тус батлав. Тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэхдээ тухайн байршлаас 10 км-аас дотор зөөж шилжүүлэх, зөөж шилжүүлсний дараа 24 цагийн дотор тээврийн хэрэгслээ буцаан авбал түр саатуулах хашаа /байр/ -ны төлбөрөөс чөлөөлөх, түр саатуулах хашаа /байр/, түүний зогсоолын нийт талбайн хэмжээг 2000 м²-аас доошгүй байх, зориулалтын чирэгч, ачигч автомашины нийт тоог 100-аасихгүй байхаар тогтоолоо.

Зөрчлийн оноо тооцож эхэлнэ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хуульд зааснаар зөрчлийн оноог тооцох журам. Жолооч зөрчлийн ерөнхий 10 оноотой “цагаан шугамнаас” явж эхэлнэ. Улмаар жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэлд нийгэмд учирч болзошгүй хор, уршгаас шалтгаалан зөрчлийн 1-5 оноо хасна. Зөрчлийн оноо дууссан тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болох юм. Мөн хуульд заасан үндэслэлээр жолооны эрхээ хасуулбал зөрчлийн оноо хүчингүй болно гэсэн үг.

Зам тээврийн осол гаргасан жолооч таван оноо хасуулна. Жолооны үнэмлэхгүй машин баривал хоёр оноо, жолооны үнэмлэхгүй нөхөрт машинаа шилжүүлбэл машины эзэн нэг оноо хасуулна. Согтуу, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн этгээдэд машинаа бариулсан бол хоёр, ядарсан, өвчтэй үедээ машин жолоодсон, тийм хүнээр жолоо бариулсан бол нэг оноогоо алдана. Хуурамч дугаартай, улсын бүртгэлийн дугааргүй машин жолоодвол, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй, хурд хэтрүүлсэн, хориглосон газарт гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн бол хоёр оноо хасагдана. Тусгай дуут дохио зөвшөөрөлгүй ашиглавал гурав, хамгаалах бүс хэрэглээгүй, гэрлэн дохио, цагдаагийн хориглосон дохио зөрчвөл, хүн ачаа тээвэрлэх журам зөрчсөн бол нэг оноо хасагдахаар журамлажээ.

Харин зөрчлийн оноо хасагдсанаас хойш нэг жилийн хугацаанд дахин зөрчил гаргаагүй бол хамгийн сүүлд хасагдсан оноог сэргээж урамшуулах аж. Мөн зөрчил гаргалгүй хоёр жил өнгөрвөл 10 оноог бүтнээр нь өгөх юм байна. Жолооч нар зөрчлийн онооныхоо мэдээллийг сайт болон ухаалаг утсанд зориулсан программ хангамж, лавлах утас, мессэж үйлчилгээгээр дамжуулан жолооны үнэмлэхнийхээ дугаараар авах боломжтой аж.