Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвийн дэд дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Юуны өмнө танай хамт олонд шинэ оны мэнд хүргэе. Байгууллагаа танилцуулаад ярилцлагаа эхлүүлэх үү?

-Баярлалаа. Танай хамт олонд ч бас шинэ оны мэнд хүргэе. Хэдийгээр шинэ оны баярын өдрүүд тохиосон ч ард иргэдийнхээ эрүүл мэнд, амар тайван амьдралын төлөө өргөсөн тангараа биелүүлсээр манай цагдаа нар баярлаж ч амжсангүй. Энэ бол бидний ажил, бидний үүрэг байлаа. Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төв цагдаагийн байгууллагын тухай хуулийн хүрээнд Ерөнхий газрын даргын тушаалаар хоёр жилийн өмнө байгуулагдсан.

-Ямар төрлийн үйл ажиллагаа явуулдаг юм бэ?

-Замын цагдаагийн газраас олгодог байсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх, тусгай дуут, гэрлэн дохиот хэрэгсэл ашиглах зөвшөөрөл, нийгмийн хэв журам хамгаалах газраас олгодог байсан галт зэвсэг хэл дамнуулан гаргах, тэсэрч дэлбэрэх бодисын зөвшөөрөл зэргийг нэг дороос шууд хүлээн авах боломжийг иргэдэд олгодог. Нэг үгээр хэлбэл нэг цэгийн төвлөрсөн үйлчилгээ үзүүлдэг тусгай зөвшөөрлийн газар. Мөн өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн хэрэгжсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хуулийн биелэлтийг хангах үүднээс жолоочийн мэргэжлийн шалгалт авах, үнэмлэх олгох, тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болсныг сэргээх, жолоочийн зөрчлийн онооны бүртгэлийг мөн манай байгууллага хариуцаж байна.

-Жолоочийн зөрчлийн онооны дүнгээр эрхээ хасуулсан жолооч нар эрхээ сэргээлгэх боломжтой юу?

- Энэ оноос хэрэгжиж эхэлсэн Жолоочийн зөрчлийн онооны шинэ журмын хүрээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод эрхээ хасуулсан бол зургаа, зөрчлийн оноо нь дуусаад эрхээ хасуулсан жолооч нар хоёр цагийн сургалтад хамрагдаад, тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх шалгалт өгнө.

-Шалгалтыг хаана, хэзээ өгч жолочийнхоо эрхийг сэргээлгэх вэ?

-Эрх сэргээх шалгалтыг “Хатан-Эрдэнэ” ТББ-тай хамтран “ТЭГШ ЗАМ” төслийн хүрээнд цахим сургалт, шалгалтын танхим байгуулж цахим хэлбэрээр авч эхэлсэн. Энэ бол Монгол улсад анх удаа нэвтэрсэн онцлог, үр дүнтэй сайн ажил болсон. Лицензийн төвийн дэргэд 40 компьютер бүхий тусгай танхимыг байгуулан анхны шалгатыг авч, төвийнхөө нээлтийг хийсэн. Шалгалтад хамрагдсан хүмүүсийн үзүүлсэн үнэлгээ хангалттай гэж үзсэн учраас эрх сэргээх шалгалтыг үүнээс хойш цахим хэлбэрээр авахаар болсон. Туршилтын анхны шалгалтад “Улаан Ямаат” жолооны сургуулийн төгсөгч нар мөн хамрагдсан. Ингэснээр цаашид авто сургуулиудын шалгалтыг цахимаар авах боломжийг нээж өгсөн. Мөн түүнийгээ хөгжүүлж жолооны сургуулиудын төгсөлтийн шалгалтыг хүртэл онлайн, цахим хэлбэрээр авдаг болъё гэсэн зорилгын дагуу судалгаа, туршилт хийж байгаа. Манайд бүртгэлтэй жолооны сургуулиудад ч хичээлээ энэ жишгээр заадаг, шалгалтаа авдаг байх боломжийг эрэлхийлж байна.

-Монголд анх удаа цахим хэлбэрээр жолооны шалгалт авдаг боллоо. Энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд хэдий хэр хугацаа зарцуулав?

-Дэлхийд бол ийм жишиг тогтоод удсан л даа. Мэдээж үүнийг бий болгох гэж тодорхой хэмжээний төсөв мөнгө, цаг хугацаа шаардагдсан. Бид олон улсаас туршлага судалсан. ЦЕГ, болон манай байгууллагын зүгээс ажлын хэсэг гарч нэлээд удаан ярилцаж, зөвшилцсөний үндсэн дээр үүнийг Монголын хөрсөнд амжилттай суулгалаа Олон улсын жишигт нийцсэн эрх сэргээх цахим шалгалтыг туршилтын хичээлд хамрагдсан хүмүүс бүгд амжилттай өгч, хангалттай дүн авсан. Цааш нь хөгжүүлж жолооны шалгалт авахад ашигладаг тест бөглөх аргаас татгалзаж, аль болох хүний хүчин зүйлээс технологийн дэвшилд хандахаар зорьж байна.

-Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэдэг хэдэн авто сургууль байдаг вэ. Жилд хичнээн жолооч бэлтгэгдэн гаргадаг юм бэ?

-Хот хөдөө нийлсэн 329 авто сургууль манайд бүртгэлтэй байдаг. Үүнээс нийслэлд 163 байна. Жилд дунджаар 15000 жолооч шинээр төгсдөг. Тэдний 60 орчим хувь нь мэргэжлийн жолооч болдог. Шинэ болон олон жилийн өмнө бэлтгэгдсэн жолооч нар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, зам тээврийн осол гаргах зэргээр жолоочийн зөрчлийн оноогоо дуусгасан тохиолдолд эрхийг нь хааж, дахин сэргээдэг.

-Жолооны үнэмлэхээ хаяж гээсэн, үрэгдүүлсэн болон хугацаа нь дууссан бол шууд танай байгууллагад хандаад авч болох уу?

-2006 оноос өмнө нь олгож байсан тээврийн хэрэгсэл жолоодох шар үнэмлэхийг хүчингүйд тооцож манайхаас сэргээж олгож байгаа. Хаяж гээсэн үрэгдүүлсэн тохиолдолд 21 хоногийн дотор шийдвэрлэж олгоно. 21 хоног гэдэг нь магадгүй урт хугацаа болов ч хөдөө орон нутагт амьдардаг жолооч нартаа хандсан бодлого юм. Утас сүлжээ барьдаггүй газар амьдардаг хүмүүс суурин газраа ирнэ, захиална тэгсээр байтал таарна. Харин бидний зүгээс захиалга авсан бол ажлын долоо хоногт шийдвэрлэнэ.

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хууль болон жолоочийн зөрчлийн онооны журам, мөн эрх сэргээх цахим шалгалтын талаар иргэдийн мэдлэг тун бага. Гэтэл эрхээ сэргээлгэх гэсэн жолооч олон байдаг. Үүнийг хэрхэн зохицуулж, мэдээллийг яаж олон нийтэд түгээж байна вэ?

-Замын хөдөлгөөний шинэ хуулиар жолооч, зорчигч, явган зорчигчдын эрх үүрэг, хариуцлагыг нэлээд сайн заагласан учир иргэд болон замын хөдөлгөөнд тээврийн хэрэгсэл жолоодон оролцогчид энэ хуулийн талаар сүүлийн үед мэдлэг мэдээлэлтэй болоод байна. Гэхдээ цахим хэлбэрээр болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр хуулийн мэдлэг тун бага олгож байгаа учраас ЦЕГ болон Лицензийн төвийн вэб хуудас болон олон нийтийн сүлжээнд фэйсбүүк хаягаар, төрийн үйлчилгээний цахим машинаас мэдээлэл авах бүрэн боломжтой. Мөн манайтай харилцах 70006996, 70003693 утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

З.Батхуяг

http://www.newscom.mn