Өнгөрсөн оны арав, арваннэгдүгээр сарын байдлаар 270 иргэн “харлажээ”

Автобусны арын суудалд тухалсан хижээл насны эмэгтэй хэн нэгнийг БНСУ руу явуулах тухай утсаар ярина. Тэрбээр “Одоо их амар болчихоод байна. Гурван сарын виз даруулчихвал ажил хийгээд хэдэн төгрөгтэй болоод ирнэ. Цаагуур чинь хямрал гээд Монголд ажилд авах газар олдохгүй байна. Авах нь байтугай цомхтгож байгаа л гэх юм. Ажилгүй хэвтэж байснаас явсан нь дээр шүү дээ. Боломж олдвол дүүтэй нь хоёуланг нь явуулчих юмсан” хэмээн учирлах аж. Түүний адил олон хүн гадагшаа, тэр дундаа БНСУ руу хэн нэгнийгээ явуулахыг илүүд үздэг болжээ. Уг нь 2004-2005 оныг бодвол сүүлийн жилүүдэд БНСУ руу явах урсгал бага ч гэсэн татраад байв. Харин өнгөрсөн жилээс эрс нэмэгдсэн байна.

Ангийн маань залуу уул уурхайн нэгэн компанид жолоочоор ажилладаг байлаа. Ажилгүй болоод таван сар болжээ. Гэхдээ гурван сарын визээр БНСУ руу яваад ажил хийж, чамгүй хэдэн төгрөгтэй болоод ирснээ сонирхуулсан. Солонгос хэлтэй бол бүр ч илүү өндөр цалинтай ажил олддог юм байна. Харин хэлгүй хүмүүст арай татуу өгдөг хэмээн ярилаа. Уул уурхайн салбарын зогсонги байдал, эдийн засгийн хүндрэл олон Монголыг БНСУ руу ийн “дүрвэхэд” хүргэж байна. Ажилгүйдлийн түвшин энэ оны эцсийн байдлаар 6.3 хувьд хүрчээ.

Харамсалтай нь, манай иргэд визийн хугацаагаа хэтрүүлэх явдал гарсаар байна

“Энержи ресурс” компани л гэхэд долдугаар сараас хойш сул зогсолт хийж буй бөгөөд 200 ажилтнаа БНСУ руу яв гэж хэлээд ажлаас нь халах шийдвэр гаргасан. Энэ талаар Үйлдвэрчний эвлэлийнхэн нь өнгөрсөн сард хэвлэлийн хурал хийх үеэрээ ярьж байв. Улмаар тус компанийн 40-60 ажилтан гурван сарын виз гаргуулж, БНСУ-д ажиллахаар явсан мэдээ бий. Харин ийн явсан ажилчдын хөдөлмөрийн гэрээг шууд цуцлан, нийгмийн даатгалын төлөлтийг зогсоосон байна. Компанийнхаа уг шийдвэрийг сонссон ажилчид эх орондоо ирж, асуудлаа цэгцлэх гэсэн боловч энд зээл аваад явчихсан тул арга буюу тэндээ үлдэхээс өөр гарцгүй болжээ. Одоо Солонгост ажил бага олддог улирал нь эхэлсэн тул наашаа ч үгүй, цаашаа ч үгүй гацсан тухай Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчид ярьсан юм.

Нэг байгууллагын олон ажилчин виз хүссэн нь Элчин сайдын яамныхны анхаарлыг татав. Улмаар өнгөрсөн аравдугаар сараас БНСУ “Энержи ресурс” компанийн ажилчдад виз олгохоо зогсоожээ. Тэрчлэн нэг компанийн ажилчид яагаад ийм олноороо виз мэдүүлж буй талаар тус компанид асуулга хүргүүлсэн байна. Зөвхөн “Энержи ресурс”-ээр тогтохгүй. “Эрдэнэс Таван толгой” компани ч хүнд байдалтай байгаа аж. Тус компани 200 гаруй ажилчнаа Хятадын хөрөнгө оруулалттай нэгэн компани руу шилжүүлэхээр болжээ. Уул уурхайн компанийнхны энэ байдал олон хүнийг гадагшаа явахад нөлөөлж буйг холбогдох мэргэжлийн хүмүүс ч хэлж байсан.

Гурван сарын визтэй явсан хүмүүс “харлаж”, Консулын газрынхныг сандаргаж байгаа бололтой. Манай улс дахь БНСУ-ын Элчин сайдын яамныхан Гадаад хэргийн яамны Консулын газрынханд визний нөхцөлөө чангатгах талаар хэд хэдэн удаа албан бичиг ирүүлжээ. Монголчууд аяллын визээр яваад ажил хийдэг, визийн хугацаа хэтрүүлдэг гээд олон зөрчил гаргаж буйг албан бичигт дурдаад, цаашид энэ хэвээр байвал визний нөхцөлөө чангатгах хүсэлтэй байгаагаа ч илэрхийлсэн байна. Тус улс руу эмчилгээнд явах гэсэн иргэдэд БНСУ-ын Элчин сайдын яамныхан цааргалалгүй виз гаргаж өгдөг аж. Харин иргэд олноор “харласнаас” болоод зарим иргэний эмчилгээний виз ч гарахаа байжээ. Монгол дахь БНСУ-ын Элчин сайд манай улсын иргэдэд аль болох зөөлөн ханддаг гэдгийг Консулын газрынхан хэлж байсан юм.

Б.Гандолгор

Засгийн газрын мэдээ