Ерөнхий боловсролын сургуулийн I-V ангийн сурагчдын дунд 2006 оноос “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Эцэг, эхчүүд ч ам сайтай байв.

“Хүүхэд хичээлдээ явах дуртай байна. Хичээл таслалт багасч байна” гээд л эерэг мэдээлэл гарч байсан. Энэ хөтөлбөрт Засгийн газраас жилд дунджаар 20 гаруй тэрбум төсөвлөдөг юм байна. Өөрөөр хэлбэл, өдөрт нэг хүүхдэд 600 төгрөгөөр бодож үдийн цай уулгах хөтөлбөр л дөө. “Талх чихэр”, “Өгөөж” зэрэг үндэсний үйлдвэрлэгчид сурагчдын үдийн цайнд боорцог, сүү, тараг нийлүүлдэг. Өнгөрсөн жилээс дээрх хөтөлбөрийг “Үдийн хоол” болгохоор зарим сургуульд туршиж үзсэн ч эхнээсээ хүүхдүүд хоолны хордлогод орж, хэл ам дагуулснаар энэ яриа намжсан. Тэгвэл гялгар ууттай хоёр ширхэг боорцог, чангаанзны шүүс гэх “цай”-гаар сурагчид ундаалж байна. Сургуулийн цайны газрын тогооч чангаанзны шүүс гэх ундааг ихээхэн хариуцлагагүй бэлтгэдэг талаар бага ангийн багш нар ярьж, сурагчид ууж чадахгүй байгаа талаар гомдоллож байна. Тухайлбал, өмнөх өдөр нь буцалгасан шүүсний өтгө дээр маргааш нь дахин ус нэмж буцалгаад сурагчдын “цай” бэлэн болдог гэнэ. Иймэрхүү нэр төдийхөн, чанаргүй хүнсний бүтээгдэхүүн сурагчдад өгч “Үдийн цай” гэх нэр зүүж байхаар больсон нь дээр гэж эцэг, эхчүүд халаглаж, эсвэл хяналт тавих хэрэгтэйг өгүүлж байгаа юм. Зарим сургуульд боорцог, сүү, тараг нийлүүлж байхад нөгөө нь цай ч үгүй, тал “Янзага” жигнэмэг тараагаад л болж байна. Ер нь “Үдийн цай”-нд нэгдсэн стандарт алга. Засгийн газраас олгож байгаа 600 төгрөгт тааруулаад нэгэн жигд, тэжээллэг хүнсний бүтээгдэхүүнээр “цайлбал” дургүйцэх хүн үгүй биз. Ингэж стандарт тогтоохгүй бол “Үдийн цай”-ны төсвөөс хумслагчид цөөнгүй байна.

 

Б.Дэлгэр