Шинэ онтой зэрэгцэн нэлээдгүй хэдэн хуулийг шинэчилж, нэмэлт өөрчлөлт орж нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн билээ. Тэгвэл эдгээр хуулийн нэг нь НӨАТ.

Өдгөө хэрэгжиж эхлээд 10 гаруй хонож байгаа ч бар кодтой тасалбар буюу билл олгохгүй байна. Томоохон сүлжээ дэлгүүр, ресторануудад тэрхүү шинээр тавих ёстой кассын машин нь байхгүй нь улмаас үйлчлүүлэгчдээ сугалаанд оролцох эрх бүхий тасалбараа өгөхгүй байна. Хэд хэдэн газраар үйлчлүүлж, худалдан авалт хийхдээ өнөөх сугалаанд оролцох тасалбараа авч чадсангүй ээ. Ингээд жижиг дэлгүүр буюу гэр хороололд, байрны гадаа байрлалтай хүнсний дэлгүүр ороход мөн л мөнөхөө тасалбарыг өгсөнгүй. Мэдээж кассын машин аваагүй гэх тайлбарыг сонсов.

100 саяын сугалаанд оролцож азаа үзэх ч лөөлэй боллоо. Кассын машингүй байсан ч НӨАТ-тай болон сугалаатай баримт олгож байгаа ч газар тун ховор. Ер нь энэхүү НӨАТ зөв ч гэлээ нөгөө талдаа эрсдэл дагуулж болох талтай.

Тодруулбал, жижиг худалдаа эрхлэгчдийг шахаж унах том сүлжээ дэлгүүрүүдээ монополи болгож бизнесийг нь улам өргөжүүлэх зорилготой юм болов уу гэсэн хар төрснийг нуугаад яахав. Нэгэн баримтыг дурдахад, төмөр замд байрлалтай найман нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг настангууд "Бид хоёр одоо тэр кассын машиныг нь авч чадахгүй. Гэтэл хүмүүс нэхээд байх юм. Тэр баримтаа авч сугалаанд оролцоно. Интернэт ч орж мэдэхгүй бид хоёр тэрнийх нь учрыг ч олохгүй байна. Ингээд худалдан авагчид өөдөөс бар кодтой цаас нэхээд байвал энэ дэлгүүрийн юм зарагдахгүй болох бололтой. Зарим нь ч юм нэхэхгүй юм аа аваад л гарч байна" гэж учирлаж байв.

Жижиг дэлгүүр ажиллуулж хоногийн хоолоо залгуулж амьдралаа авч яваа олон айл өрх бий. Тэд тэрхүү кассын машин гээчийг нь авч чадахгүй. Мөн хувь хүн болон аж ахуйн нэгжүүдийн явуулж байгаа үйл ажиллагааны орлого 50 сая төгрөг хүрсэн бол заавал татварын албанд бүртгүүлэн суутган төлөгчөөр бүртгүүлэх юм. Харин борлуултын орлого нь 10 сая төгрөгт хүрсэн бол сайн дураараа бүртгүүлж болно. Иймд тухайн иргэн аж ахуйн нэгжийн орлого 50 сая төгрөгт хүрэхгүй бол НӨАТ-аас чөлөөлөгдөж байгаа бөгөөд иргэдэд НӨАТ падаан өгөхгүй юм. Гэхдээ заавал сугалаатай баримт олгоно. Энэхүү шаардлагыг нь биелүүлэх газар нь томоохон сүлжээ дэлгүүр, их дэлгүүрүүд.

Иргэд НӨАТ шингээгүй дэлгүүрээс худалдан авалтаа хийж болох сонголттой ч өнөөх сугалаа гэдэгт нь оролцож азаа үзэх гээд жижиг худалдаа эрхлэгчдийг тоохгүй байна. Гэтэл бар кодтой билл өгч байгаа дэлгүүрийнх нь бараа, бүтээгдэхүүний үнэ 30 хувь нэмэгдчихлээ.

Эдийн засаг А.Цолмонтуяа "Бизнес эрхлэгчид хоорондоо үнээрээ өрсөлдөнө. Тэгээд үнэтэй зарж байгаа нөхдүүд нь шахагдан гарч, хямд борлуулж байгаад нь акт тавина. Ингэхээр хуулиар бизнес эрхлэгчдийн замыг хааж, шахан гаргаж байгаа юм. Энэ бол Монгол улсад хэрэггүй хууль" хууль гэж байсныг нэхэн сануулья.

Нэг талх жижиг дэлгүүр НӨАТ ороогүйгээр 1000 төгрөгөөр зарагдаж байхад, НӨАТ оруулсан үнээр 1100 төгрөгөөр худалдаж авах юм байна. Ингэхээр жижиг бизнес эрхлэгчдэд хүндрэл учирна. Нэг ёсондоо НӨАТ төлөгч бизнесмэн 1100 төгрөгөөр иргэдэд худалддаг. Иймд иргэд яг адилхан талхыг хямд зарж байгаа газраас сонгож, төлсөн төлбөрийнхөө хоёр хувийг буцаан авч, мөнгө хожих сугалаанд оролцохыг илүүд үзэх нь ойлгомжтой. Үүнээс үүдэн жижиг бизнес эрхлэгчдийг орлогогүй болно. Орлогогүй болсон тухайн жижиг дэлгүүр, цайны газрууд арчигдаж орлоггүй монгол айл нэмэгдэх нь тодорхой.

Дээр нь нэмж хэлэхэд кассын машин шахаа явж байгааг ч үгүйсгэх аргагүй. Амьдрах гэж хулгай хийлгүй, амьдралаа залгуулж яваа жижиг бизнес эрхлэгчдийг хөрснөөс арчих нь хэнд ашигтай вэ. Орлоготой, ажилчидтай Монголын төлөө хэмээн урилж байсан лоозон нь зөвхөн сонгуулийн үед хэрэглэдэг ид шидийн үг үү эрх баригчид аа.

 

Х.Даваа